Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/00723

 

 

 

 

 

 

 

 

 

П.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2022/00333 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.Э-ийн хариуцагч А.Х-т холбогдуулан гаргасан үндэслэлгүй хөрөнгөжсөн болон засварын зардалд нийт 24,610,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, түрээсийн гэрээний үүрэг болон ашиглалтын зардалд нийт 10,184,039 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Талууд 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2-40 мянгат, 19/1 байранд байрлах, “Фреш” үйлчилгээний төвийн 250 м.кв талбай бүхий караоке, пабыг 1 жилийн хугацаатай, түрээсийн төлбөр нэг сарын 8,000,000 төгрөг байхаар тохиролцсон. Гэрээ баталгаажсанаар түрээслэгч тал гэрээний 6.1-т заасны дагуу эхний сарын түрээсийн төлбөр 8,000,000 төгрөг, барьцаа 8,000,000 төгрөг, нийт 16,000,000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр түрээслүүлэгч талын “Хаан банк”-ны 5107905542 тоот дансанд шилжүүлсэн. Харин хоёр дахь сарын түрээсийн төлбөрийг гэрээний 6.2-т заасны дагуу 10 дугаар сарын 27-ны өдөр бүрэн шилжүүлсэн. Гэтэл 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр улс орон даяар хатуу хөл хорио тогтоосноор түрээсийн үйл ажиллагааг үргэлжпүүлэн явуулах боломжгүй болсон. Түрээслэх явцад түрээслүүлэгчийн камер, караоке зэргийн засварын төлбөрт 610,000 төгрөг төлсөн. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байх тохиолдолд Иргэний хуулийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу талуудын хэн аль нь хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу түрээсийн төлбөрт шилжүүлсэн 16,000,000 төгрөг, барьцаа 8,000,000 төгрөг болон түрээсийн обьектод хийгдсэн засварын зардал 610,000 төгрөг, нийт 24,610,000 төгрөгийг А.Х-ээс гаргуулна гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь түрээслэхэд тухайн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхийг зохицуулсан болохоос тухайн үл хөдлөх хөрөнгийн тодорхой хэсгийг түрээслэхэд түүнийг зайлшгүй бүртгүүлэх ёстой болохыг зохицуулаагүй болно. Нэхэмжлэгч П.Э-т түрээслүүлсэн 250 м.кв талбай нь тусдаа улсын бүртгэлд бүртгүүлсэн үл хөдлөх хөрөнгө биш, үл хөдлөх хөрөнгийн нэгээхэн хэсэг болох нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнээс тодорхой харагддаг. Иймд нэхэмжлэгчтэй байгуулсан түрээсийн гэрээ нь хуулийн дагуу байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл тул тухайн маргаан бүхий талбайг түрээсэлж ашиглаж ашиг олчихоод, түрээсийн төлбөрөө буцаан авна гэсэн шаардлага гаргаж байгаа нь илтэд түрээслүүлэгчийг хохироосон хууль бус үйлдэл байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Талуудын байгуулсан түрээсийн гэрээгээр түрээсийн төлбөр нь нэг сарын 8,000,000 төгрөг, барьцааны мөнгө 8,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Энэхүү түрээсийн гэрээ хэрэгжиж байх хугацаанд дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас эдийн засгийн хувьд гэрээний талуудад аль алинд нь хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байсан тул талууд харилцан тохиролцож, 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойшхи хугацаанд түрээсийн төлбөрийг 50 хувь бууруулахаар болсон боловч түрээслэгч П.Э- нь 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэрээ цуцлах хүсэлт гаргаж, улмаар 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн талбайгаа түрээслүүлэгчид хүлээлгэн өгч, эцсийн байдлаар талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээг дуусгавар болгосон. Өөрөөр хэлбэл, түрээсийн гэрээг цуцлахтай холбоотой 30 хоногийн өмнө мэдэгдэх бөгөөд гэрээ дуусгавар болох хугацааг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дараагаас тухайн талбай болон эд хөрөнгийг хүлээлцсэнээр түрээсийн гэрээ дуусгавар болгодог, чөлөөлснөөр хүлээлцэхээр тохиролцож гэрээг дуусгавар болгосон байгаа. Гэтэл П.Э- гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлж түрээсийн байрыг хүлээлгэн өгч, түрээсийн гэрээг эцсийн байдлаар дуусгавар болгох хүртэл хугацааны түрээсийн төлбөр болох 2 сарын төлбөрийн 50 хувь болох 8,000,000 төгрөгийг түрээслэгчид төлж барагдуулах үүрэгтэй боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Мөн гэрээний дагуу төлөх ёстой хэрэглэсэн цахилгаан, дулаан, усны тооцоогоо гүйцэд төлж барагдуулаагүй, түүнчлэн эвдэж гэмтээсэн эд хөрөнгийн үнэ төлбөрийг төлж барагдуулалгүй түрээслүүлэгчийг хохироож байна. Иймд П.Э-аас 2020 оны 11 дүгээр сарын 25-наас 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрийн 50 хувь 8,000,000 төгрөг, 2020 оны 09 сарын 17-ноос 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1,022,565.40 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 931,473.70 төгрөг, хагарсан почки, эвдэрсэн хаалганы зардал 230,000 төгрөг, нийт 10,184,039.1 төгрөгийг гаргуулна гэжээ.

4.Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус буюу эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, анхнаасаа байгуулагдаагүйтэй адил гэрээ юм. П.Э- нь түрээсийн гэрээг 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулж, 10 сарын дундуур орж, 11 дүгээр сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаа явуулсан. Цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс үйл ажиллагааг зогсоосон ба 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэрээг цуцлах саналыг хүргүүлсэн. Гэтэл ямар нэг хариу өгөөгүй ба 02 дугаар сарын 01-ний өдрөөс шинэ түрээслэгч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байсан. Иймд нэхэмжлэгч үйл ажиллагаа явуулаагүй ба түрээсийн төлбөрийг 50 хувиар бууруулна гэж тохироогүй тул 8,000,000 төгрөгийг төлөхгүй. Цахилгаа болон ус дулааны төлбөрийг нэхэмжилсэн баримт нь П.Э-ийн төлөх ёстой төлбөрийг А.Х- төлсөн гэдэг нь тогтоогдохгүй байна. П.Э- нь бүх төрлийн урсгал зардлыг төлж байсан. Мөн ашиглаж байх хугацааны цахилгаан, дулааны зардлыг төлж байсан. 00-ийн почки хагалсан, хаалга эвдэлсэн гэдгээ нотлох баримтаар нотлоогүй, эвдэлсэн гэдгээ П.Э- хүлээн зөвшөөрсөн гэдэг нь нотлогдоогүй, эд зүйлийг хүлээлгэн өгсөн акт гэж байгаа боловч гарын үсэг зурагдаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1, 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар хариуцагч А.Х-ээс 8,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Э-т олгож, нэхэмжлэгч П.Э-аас 8,000,000 төгрөг гаргуулж, хариуцагч А.Х-т олгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 16,610,000 төгрөгийн шаардлагыг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2,184,039.1 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч П.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Х-ээс 142,950 төгрөг гаргуулж, П.Э-т олгож, хариуцагч А.Х-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177,895 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.Э-аас 142,950 төгрөг гаргуулж, А.Х-т олгуулахаар шийдвэрлэжээ.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн байдалтай маргахгүй, харин хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн байдал буюу нэхэмжлэгч П.Э-аас 8,000,000 төгрөг гаргуулахтай холбогдох хэсэгтэй маргаж байгаа болно. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тухайн обьектод үйл ажиллагаа явуулж байсан хэдий ч 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн Монгол Улсад “Ковид-19” цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор хатуу хөл хорио тогтоож, түрээсэлсэн обьектыг зориулалтын дагуу ашиглах, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Улмаар цаашид тухайн обьектыг гэрээний дагуу ашиглах боломжгүй болсон учраас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тухайн караокений менежер Э-д утсаар, түрээслүүлэгч А.Х-т 12 дугаар сарын 17-ны өдөр бичгээр мэдэгдсэн тухай баримт хэргийн материалын 24 дэх талд авагдсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч П.Э- нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 221.1 дэх хэсэгт заасны дагуу хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээг цуцлах саналаа хүргүүлсэн. Гэвч түрээслүүлэгчийн зүгээс гэрээг цуцлах саналтай холбоотойгоор ямарваа хариу мэдэгдэл зэргийг өгөлгүй байсаар хөл хорионы дэглэм ээлж дараатайгаар сулармагц боломжит хамгийн ойрын хугацаа буюу 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тухайн обьектыг хүлээлгэж өгсөн байдаг. Гэвч шүүх тухайн түрээсийн талбайг огт ашиглаагүй 2 сарын хугацааны буюу 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 2 сарын түрээсийн төлбөрийг Иргэний хуулийн 324 дүгээр зүйлийн 324.1 дэх хэсэгт заасны дагуу төлөх үүрэгтэй гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаатай шийдвэр болсон. Иргэний хуулийн 324 дүгээр зүйлд заасан зохицуулалтууд нь аливаа түрээсийн харилцаанд түрээслэгч солигдох, цаашлаад гэрээ цуцлагдах тохиолдол бус зөвхөн түрээслэгч хугацаанаас өмнө сайн дураар обьектыг хүлээлгэж өгснөөс хойш гэрээний хугацаа дуусгавар болох үеийн зурвас хугацааны /гэрээ цуцлагдсан бус гэрээний үйлчлэл хэвээр үргэлжилж байх үе/ асуудлыг зохицуулсан хэм хэмжээ юм. Энэ тохиолдолд харин түрээслэгч тал уг хугацаанд аль хэдийн гэрээг цуцлах тухай саналаа түрээслүүлэгч талд хүргүүлсэн байсан бөгөөд тухайн обьектыг түрээсийн гэрээний зориулалтын дагуу огт ашиглаж, үр шимийг нь хүртсэн зүйл байхгүй атлаа түрээсийн төлбөр төлөх нь үндэслэлгүй юм. Иймд шийдвэрээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн 8,000,000 төгрөгтэй холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: П.Э- нь 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэрээ цуцлах хүсэлт гаргасан байдаг. Гэвч П.Э- нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тухайн обьектыг хүлээлгэж өгөөгүй. 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрээ дуусгавар болсон гэж өөрсдөө үзэж нэхэмжилсэн байдаг. Гэрээ дүгнэсэн актаар ярилцаж үзэх талаар 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр П.Э-тай ярилцаж гэрээ дүгнэсэн акт гаргая гэхэд хүлээн зөвшөөрөөгүй. Цар тахал гарсантай холбогдуулж түрээсийн төлбөрийг 50 хувиар буулгасан. П.Э- нь тухайн обьектыг ашиглаж ашиг, орлого олж байсан мөртлөө цахилгаан, ус дулааны төлбөрөө одоог хүртэл төлөөгүй байгааг анхаарах нь зүйтэй бөгөөд анхан шатны шүүх зөв шийдсэн гэжээ.

.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч П.Э- нь хариуцагч А.Х-т холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн болон засварын зардалд нийт 24,610,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч түрээсийн гэрээний үүрэг болон ашиглалтын зардалд нийт 10,184,039 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3.Зохигчид 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр түрээсийн гэрээг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаатай байгуулж, уг гэрээгээр хариуцагч А.Х- нь Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, 2-40 мянгат 19/1 байрны 250 м.кв талбайг караоке, пабын зориулалтаар, нэг сарын 8,000,000 төгрөгөөр түрээслүүлэх, нэхэмжлэгч П.Э- нь түрээсийн төлбөрийг сар болгоны 25-ны дотор түрээслүүлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, түрээсийн гэрээ зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 163-167-р тал/

4.Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ гэж зөв дүгнэжээ. Гэрээний зүйл болох 250 м.кв талбай нь нийт 974 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой хэсэг байх бөгөөд энэ тохиолдолд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт зааснаар түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх хуулийн шаардлага тавигдахгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

5.Нэхэмжлэгч П.Э- нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хоёр удаагийн гүйлгээгээр нийт 16,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 8,000,000 төгрөг, нийт 24,000,000 төгрөгийг дэнчин болон түрээсийн төлбөрт төлсөн байх бөгөөд нэхэмжлэгч П.Э- нь дээрх түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэж гэрээний дагуу шилжүүлсэн 24,000,000 төгрөгийг засварын зардлын хамт нийт 24,610,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан. /хх-ийн 22-23-р тал/

5.а.Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох караоке, пабын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тодорхой хугацаанд ашигласан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, нэхэмжлэгч П.Эрдэнхуягийн төлсөн 16,000,000 төгрөгийг 2020 оны 10, 11 дүгээр сарын түрээсийн төлбөрт тооцон, нэхэмжлэлээс дэнчин 8,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна. Мөн засварын зардал гэх 610,000 төгрөгийн шаардлагаа нэхэмжлэгч баримтаар нотлоогүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

6.Түрээсийн гэрээний үүрэг болон ашиглалтын зардалд нийт 10,184,039 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

6.а.Хариуцагч А.Х- нь түрээсийн талбайг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгсөн гэх үндэслэлээр 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойшхи хугацааны түрээсийн төлбөрийг 50 хувиар тооцож, 2 сарын төлбөрт 8,000,000 төгрөг, ус, цахилгаан, дулааны төлбөр 1,954,038 төгрөг, эвдэрсэн эд зүйлийн үнэ 230,000 төгрөг нийт 10,184,039 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаардсан.

6.б.Монгол Улсад “ковид-19” цар тахал гарсантай холбоотойгоор нэхэмжлэгч П.Э- нь 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг хариуцагч А.Х-т хүргүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогджээ. /хх-1-2, 100-р тал/.

6.в.Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт “Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно” гэж заасан.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл, 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 194 дүгээр тогтоолоор 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаар тогтоолоор 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар тус тус шилжүүлсэн байна.

Иймд хуульд заасан талуудаас үл хамаарах шалтгааны улмаас гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч П.Э- нь түрээсийн зүйлийг ашиглах боломжгүй болсон буюу Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1-т зааснаар хөлслөгчийн буруугүйгээр хөлслөн авсан эд хөрөнгийг ашиглах боломжгүй болсон байх тул нэхэмжлэгч П.Э- нь ашиглаагүй хугацааны түрээсийн төлбөрийг төлөхөөс татгалзах эрхтэй.

Иймд 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлсэн өдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгч П.Э-аас гаргуулж хариуцагч А.Х-т олгож, үлдэх 5,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцнэ.

7.Ус, цахилгаан, дулааны төлбөрт 1,954,039 төгрөг гаргуулах шаардлагын тухайд цахилгаан зарцуулалтын тооцооны баримт, “Төрийн банк”-ны тооцооны нэхэмжлэх зэрэгт нэхэмжлэгч П.Э-ийн уг байрыг түрээслэх үеийн ашиглалтын зардал, уг зардлын нэхэмжлэл хариуцагчийн нэр дэр бичигдсэн байна. Ийнхүү уг шаардлага нотлогдсон байхад анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна. /хх-ийн 106-108-р тал/.

7.а.Харин эвдэрсэн эд зүйлийн үнэ гэх 230,000 төгрөгийн шаардлагаа хариуцагч нь баримтаар нотлоогүй байх тул анхан шатны шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв.

Иймд нэхэмжлэгч П.Э-аас түрээсийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг, ашиглалтын зардал 1,954,039 төгрөг, нийт 4,954,039 төгрөг гаргуулж хариуцагч А.Х-т олгож, сөрөг нэхэмжлэлээс 5,230,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2022/00333 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... П.Э-аас 8,000,000 төгрөг ...,” гэснийг “П.Э-аас 4,954,039 төгрөг” гэж, “... сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2,184,039,1 төгрөгийг ...” гэснийг “сөрөг нэхэмжлэлээс 5,230,000 төгрөгийн шаардлагыг” гэж,

2 дах заалтын “... нэхэмжлэгч П.Э-аас 142,950 төгрөг гаргуулж, А.Х-т олгосугай.” гэснийг “нэхэмжлэгч П.Э-аас 94,215 төгрөг гаргуулж хариуцагч А.Х-т олгосугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч П.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                          ШҮҮГЧИД                            Э.ЗОЛЗАЯА                                                                                                                                         Г.ДАВААДОРЖ