Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2019/0127

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ё.Н

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурал

Нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Мөнхийн хайр сүмийн байранд болсон иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас гарсан Тооллогын комисс байгуулах тухай 01 дүгээр тогтоол, Хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга сонгох тухай 02 дугаар тогтоол, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлыг эрэмбэлэх тухай 03 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Иргэний танхимд болсон иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан болон түүнээс гарсан тогтоолуудыг албан ёсны хуулийн дагуу хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, өмгөөлөгчийн үйл ажиллагааны зардал болох нэхэмжлэгчид учирсан хохирол[1] 1.000.000 /нэг сая төгрөг/, сар тутам олгодог урамшууллыг[2] хариуцагчаас гаргуулах;

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ё.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч Л.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ё.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хуралдан хорооны иргэдийн Нийтийн Хурлыг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хуралдан хорооны иргэдийн Нийтийн Хурлыг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 14:00 цагт хорооны Иргэний танхимд хуралдуулахаар товлон зарлаж энэ тухай тогтоол гарган баталсан юм.

Хурлын товыг Хорооны Засаг даргын ажлын албанаас зарлан мэдээлэх боломжтой бүх арга хэрэгслээр иргэдэд хүргэсэн бөгөөд хурал болох өдөр зарласан газар, товлосон цагт хорооны Иргэний танхимд тус хорооны нийт 124 иргэн хүрэлцэн ирж хуралдаа оролцсон. Энэ өдөр хорооны Иргэний танхимд зарын дагуу цугласан иргэдийн ирц хуульд заасан хэмжээнд хүрсэн тул 14 цаг 30 цагт хурлыг нээж, хэлэлцэх асуудлыг батлан хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргыг нөхөн сонгож, орон нутгийн хөгжлийн сангаар тус хороонд хийгдэх төсөл арга хэмжээг эрэмбэлэх асуудлыг баталсан юм.

Энэ хурлаас хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргад гурван хүн нэр дэвшсэнээс Н.С нэрээ татсанаар хоёр хүн үлдэж, хуульд заасны дагуу нууц санал хураалт явуулан, хуралд оролцсон иргэдийн олонхын санал авч сонгогдсон Ё.Н-г хурлын даргаар сонгон тогтоол баталсан.

Тус хорооны хурлын даргаар өмнө нь ажиллаж байсан Б.Б энэ оны 2 дугаар сард өвчний улмаас нас барсан тул хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргыг нөхөн сонгох асуудал зохимжтой өдрийг хүртэл хойшилж байгаад энэ өдрийн хуралд иргэдээс оруулсан саналын дагуу орж ирсэн юм.

Гэтэл хорооны иргэдийн Нийтийн Хурлыг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 14 цагт иргэдийн оролцооны хэлтсийн дарга асан М.Э, хорооны Иргэний танхимын зохион байгуулагч Б.Э нар Мөнхийн хайр сүмийн байранд 20 орчим хүн оролцсон иргэдийг төөрөгдүүлэн үймүүлсэн ирцгүй хурлыг зохион байгуулан Б-ийн Б-ыг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар тогтоолоор иргэдийн Нийтийн Хурлын даргаар томилсон байна.

Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт Баг, хорооны хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

Өмнөх Хурлын дарга нас барсан шалтгааны улмаас 11 дүгээр хорооны иргэдийн нийтийн Хурлын тамгыг Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Г өөр дээрээ хураан авсан байсан тул хурлын тэргүүлэгчид бид энэ өдөр баталсан тогтоол шийдвэр дээрээ тамга дарж бүрэн баталгаажуулж чадаагүй байна. Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Г албан ёсны хүчин төгөлдөр хурлаас иргэдийн олонхын санал авч сонгогдсон дарга болох Ё.Н-д биш Мөнхийн хайр гэх сүм хийдэд 20 орчим хүн оролцсон иргэдийн төөрөгдүүлэн үймүүлсэн ирцгүй хурлыг зохион байгуулан өөрсдөө даргаар сонгогдсон гэх Б.Б, М.Э нарт хорооны иргэдийн Нийтийн Хурлын тамгыг хууль бусаар шилжүүлсэн.

Энэ хуралдаанаар 2019 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлыг эрэмбэлэх асуудлыг хэлэлцэнэ гэдгээр зар нийтэд хүргэгдсэн. Тухайн өдөр иргэдийн Нийтийн Хурлын дарга нас барсан учраас иргэдийн Нийтийн Хурлын даргыг шинээр сонгох асуудал давхар хэлэлцэгдсэн.

2018 оны 05 дугаар сарын 29-нийн өдөр иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдээр 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 00 минутад Иргэний Танхимд гэж хурлын товыг баталсан байхад Мөнхийн хайр сүмийн байранд хурал хийсэн нь хүчингүй гэж үзэх үндэслэлтэй байна. Миний бие Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Иргэний танхимд болсон хурлаас нэр дэвшиж, иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон. Гэтэл Мөнхийн хайр сүмийн байрад болсон хууль бус хурлаас гарсан тогтоолууд нь тухайн хорооны иргэдийн сонгох сонгогдох эрхэд халдсан учраас хууль бус гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тухайн хорооны иргэдийн сонгох эрх болон миний сонгох, сонгогдох эрхэд халдсан гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Г, иргэний оролцооны хэлтсийн дарга асан М.Э, хорооны Иргэний танхимын зохион байгуулагч Б.Э нарын энэхүү үйлдлийг Монгол улсын Үндсэн хуульд заасан нутгийн өөрөө удирдах ёсыг үл тоомсорлосон иргэдийн сонгох, сонгогдох эрхийг санаатай зөрчсөн, хуйвалдааны шинжтэй хууль бус үйлдэл хэмээн үзэж байгаа тул шударга ёсыг тогтоож өгөхийг хүсэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.  

Хариуцагч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч Л.Т нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хуралдан хорооны иргэдийн Нийтийн Хурлыг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 14:00 цагт хорооны Иргэний танхимд багтахгүй тул томоохон заал олж хуралдуулахаар болж, мөн Ш.У тэргүүлэгч даргалахаар тогтсон.

Хорооны Иргэний танхим нь зай талбай бага тул манай өмнөх олон нийтийг хамарсан үйл ажиллагаа Мөнхийн хайр сүм гэх газар болдог байсан. Үүний дагуу 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 14 цагт хорооны иргэдийн Нийтийн Хурлыг Мөнхийн хайр сүм гэх газар хийхээр болж иргэдэд мэдээлсэн.

Тус хуралдд нийт 119 иргэн оролцож, Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд заагдсаны дагуу Б.Б миний бие нэр дэвшиж 100 хувийн саналаар тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон. Ингээд хуралдаан даргалагчаас тамга, тэмдгийг хүлээж авч, уг хурлыг үргэлжлүүлэн удирдаж Орон нутгийн хөгжлийн сан-гийн хөрөнгөөр хийх ажлыг эрэмбэлэн иргэдээр батлуулсан.

Нэхэмжлэгч Ё.Н-ийн нэхэмжлэлд дурдаад байгаа хууль бус үйл явдал болоогүй, тус хорооны Иргэний танхимд 120 хүн багтах боломжгүй Ё.Н нь өөрөө тус хороонд урьд өмнө нь амьдардаггүй байсан.

Гэрчээр асуугдсан Ш.У-ийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон н.Э нарын мэдүүлгээр Иргэний танхимд олон хүн багтахгүй жижиг танхим учраас хүн их ирэх бололцоог харж Мөнхийн хайр сүмрүү шилжүүлье гэсэн. Орон нутгийн хөгжлийн сангийн 2019 оны хэлэлцэх асуудал дээр нэмж иргэдийн Нийтийн Хурлын дарга сонгох сонгуулийн ажил хэлэлцэх болсон учраас хүн багтахгүй гэж үзээд Мөнхийн хайр сүмийн номлогчтой уулзаж энэ асуудлыг хэлэлцэхээр хурлаа хийсэн. Өмнөх Засаг даргын үед ажиллаж байсан хэсгийн төлөөлөгч нар нь шинэ Засаг даргаар томилогдсон хүнтэй ажиллахгүй гэсэн байр суурьтай байсан учраас өөрөө асуудлыг дааж авсан. Иймээс хуучин хэсгийн ахлагч нар болох 10 хүнтэй холбогдож үйл ажиллагаагаа зохион байгуулсан. Хурлын бичлэгээс харахад Иргэний танхимд болж байгаа хурлын хүмүүс Мөнхийн хайр сүмийн байранд хурал болж байгаа талаар маш сайн мэдэж байсан байна. Энэ нь гэрчээр асуугдсан н.Б нарын мэдүүлгээр нотлогдож байна. Гэтэл хурал Мөнхийн хайр сүмийн байранд болж байгааг мэдсэн атлаа өөрсдөө очиж хуралд оролцож эрх үүргээ хэрэгжүүлээгүй нь хариуцагч нарыг буруутгах үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчээс өгсөн баримтаар Иргэний танхимд болсон хурлаар 73 хүн оролцсон болох нь тогтоогдож байгаа учраас тус хурал нь хуулийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус хурал байна. Мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т зааснаар ...хурлын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх гэсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд иргэдийн Нийтийн Хурлаас олгосон нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засгийн нийгмийн амьдралын асуудлыг бие даан шийдвэрлэх эрхийн хүрээнд мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-т ...Хурлын хуралдааны дарга, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох, чөлөөлөх гэж заасан эрхээ эдэлсэн. Уг эрхийнхээ дагуу 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хурлыг Ш.У даргалсан. Мөн хурлын тэмдэглэлд ...тухайн үед Мөнхийн хайр сүмийн зав чөлөөг харгалзан үзнэ гэсэн байдлаар хэлэлцэж, Тогтоолд Иргэний танхим гэж зарласан боловч тухайн үеийн хурлын хэлэлцэх асуудал болон хүмүүсийн багтаамж, Мөнхийн хайр сүмийн зав чөлөөнөөс үүдэлтэйгээр сүмийн байранд хийсэн. Мөн нэхэмжлэгч нь хурал болж байгаа талаар мэдсэн атлаа өөрсдөө очиж оролцоогүй.

Иймээс 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэл болон хурал даргалсан байдлыг харахад Мөнхийн хайр сүмийн байранд болсон хурал хууль зөрчөөгүй гэж харагдаж байна. Мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 20.1.11, 23 дугаар зүйлийн 23.2, 23.10, 25 дугаар зүйлийн 25.2, 39 дүгээр зүйлийн 29.1-т заасан тогтоолын эрхийг хангаж ажиллахыг хорооны Засаг даргад даалгасны дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд хурлыг хийсэн байна.

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д ....Анхдугаар хуралдаанаар тухайн шатны Хурлын даргыг оролцуулан аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчдийг 7-11, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчдийг 5-7, баг, хорооны Хурлын Тэргүүлэгчдийг 3-5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно гэж, 23 дугаар зүйлийн 23.6-д ...Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь, бусад хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана гэж заасны дагуу Ш.У тухайн хурлыг даргалах нь тодорхой болсон байгаа. Дээр дурдсан хуулийн заалтын дагуу хурал даргалагч тодорхой болсон, хэзээ хурал болохоо товлосон бөгөөд хаана хуралдахаа хэчнээн хэмжээний хүмүүс ирэхээс шалтгаална гэдгээ хэлэлцсэн байхад ирж оролцоогүй иргэд нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй.

Иймд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр болсон иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох хуралдаан хууль ёсны дагуу болсон тул Ё.Н-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ё.Н нь 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Мөнхийн хайр сүмийн байранд болсон иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас гарсан Тооллогын комисс байгуулах тухай 01 дүгээр тогтоол, Хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга сонгох тухай 02 дугаар тогтоол, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлыг эрэмбэлэх тухай 03 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Иргэний танхимд болсон иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан болон түүнээс гарсан тогтоолуудыг албан ёсны хуулийн дагуу хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, өмгөөлөгчийн үйл ажиллагааны зардал болох нэхэмжлэгчид учирсан хохирол 1.000.000 /нэг сая төгрөг/, сар тутам олгодог урамшууллыг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгч Ш.У, С.Э, Ц.А, З.Б нар 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хуралдаж, Иргэдийн нийтийн хурал хуралдуулах тухай 07 дугаар тогтоолыг баталжээ[3].

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 07 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн нийтийн Хурлыг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 14 цагт Иргэний танхимд хуралдуулахаар тогтож тус хурлаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх төсөл арга хэмжээний саналыг эрэмбэлэх ажлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.

Уг шийдвэрийн дагуу Иргэний танхимд хуралдах хуралдааны зарыг тус хорооны 12 хэсгийн ахлагч нар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны facebook хаягаар, хорооны зарын самбар, болон утсаар хорооны иргэдэд түгээсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт[4] болон гэрчийн мэдүүлгүүдээр[5] тогтоогдож байна.

Гэвч Сүхбаатар дүүргийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурал 11 дүгээр хорооны Иргэний танхим, болон Мөнхийн хайр сүм гэсэн 2 газар давхар хуралджээ.

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Иргэний танхим-д болох байсан хурал Мөнхийн хайр сүмийн байранд давхар хуралдах болсон шалтгааныг хариуцагч Б.Б-аас Иргэний танхим нь багтаамж муутай бөгөөд анх тэргүүлэгчид хуралдааныг Мөнхийн хайр сүмийн заал сул байвал хийхээр шийдсэн байсан гэж тайлбарлаж байна.

2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэлээс[6] үзвэл Мөнхийн хайр сүмийн заал сул байвал хийхээр ярилцсан байна. Гэвч энэ талаар тогтоолдоо тусгаагүйн зэрэгцээ Мөнхийн хайр сүмийн байранд болно гэсэн зарыг иргэдэд өөрчилж хэлээгүй, тэр тусмаа тухайн өдөр Иргэний танхимд цугларсан иргэдийг Мөнхийн хайр сүмийн байранд хурал хийгдхээр болсныг хурлыг зохион байгуулах үүрэг бүхий этгээд болох 11 дүгээр хорооны Засаг дарга болон иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдээс мэдэгдээгүй, хурлыг хуулийн дагуу зохион байгуулаагүй бөгөөд иргэдийн сонгох, сонгогдох эрхийг ноцтойгоор зөрчжээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 07 дугаар тогтоолын 03 дугаар заалтаар Тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, иргэдэд зар тараах, хурлын заал болон шаардлагатай техник хэрэгслийн бэлэн байдлыг хангаж ажиллахыг хорооны Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн.

Үүнээс үзэхэд иргэдийн нийтийн хурлыг тогтоолд заасан газарт зохион байгуулах үүрэг Засаг даргаар ажиллаж байсан Х.Б болон тэргүүлэгч нарт байжээ. Харин Засаг даргаар томилогдсон М.Э хуучин хэсгийн ахлагч нараар иргэдийн нийтийн хурал Мөнхийн хайр сүмийн байранд болно гэсэн зарыг тараалгаж, хорооны иргэдийг хоёр хэсэг хуралдуулсан байна.

Түүнчлэн 07 дугаар тогтоолын 2 дахь заалтаар иргэдийн нийтийн хуралдаанаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх төсөл арга хэмжээний саналыг эрэмбэлэх ажлыг хэлэлцэхээр тогтсон байх боловч тус хоёр хурлын тэмдэглэлүүдээс үзэхэд хоёр хурал хоёулаа 2018 оны 05 дугаар сарын 29-ний 07 дугаар тогтоолд тусгагдаагүй асуудлаар буюу тус хорооны иргэдийн нийтийн хурлын даргыг сонгожээ.

Нэг. 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Мөнхийн хайр сүмийн байранд болсон хурлын тэмдэглэлээс[7] үзвэл хуралдааныг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны хурлын тэргүүлэгч Ш.У даргалж, тэргүүлэгч З.Б, хорооны Засаг дарга М.Э оролцож, хорооны 119 иргэнийг оролцуулан хурал хийсэн гэжээ.

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Мөнхийн хайр сүмийн байранд болсон хурлын ирцийн бүртгэлээс[8] харвал Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Рашааны 14-14 тоотоос П.Э, Э.Д, Сүүн сэлбэ 4-30 тоотоос Ч.Ч, Т.М, Б.Б, Б.Л, Б.О, Б.Э, рашаантын 16-26а тоотоос О.Л, Б.А,11 дүгээр хорооны 515-68 тоотоос Б.О, Н.Б, 507-11 тоотоос П.Э, Т.Э, Зүүн сэлбийн 4-28 тоотоос З, Н, Х.Э, З.Д, рашаантын 15-26 тоотоос В.Д, В.Н, М.Э, Ч.Ч, рашаантын 18-14 С.О, Зүүн сэлбийн 4-18 тоотоос Д.Э, рашаантын 15-50 тоотоос Ч.Э гэх мэт нэг хаягаас 2-4 хүнийг бүртгэсэн байгаа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Мөн шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээс үзвэл:

Хурлын тэргүүлэгч З.Б: Мөнхийн хайр сүмийн байранд болсон хуралд 40-50 хүн ирсэн байсан. Хоёр хурал хоёулаа хүчин төгөлдөр бус болсон гэж бодож байна. Шинэ хуучин хэсгийн ахлагч нар мэддэг хүмүүсийнхээ нэрсийг ирц дээр бичиж байгаа харагдсан,

Мөнхийн хайр сүмийн манаач Б.Д: Би Мөнхийн хайр сүмийн байранд болсон хуралд оролцоогүй цэвэрлэгээ хийж байхад 10-20 хүн ирсэн харагдаж байсан,

Хорооны иргэн Н.Э: Би Мөнхийн хайр сүмийн байранд болсон хуралд оролцоогүй, хаяг нэр нь мөн боловч гарын үсэг нь минийх биш байна гэж мэдүүлсэн байна.

Дээрхээс дүгнэвэл Мөнхийн хайр сүмийн байранд болсон Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн нийтийн хурал нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 Баг, хорооны хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн 17.1.1 хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх, 23 дугаар зүйлийн 23.10 Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно, 25 дугаар зүйлийн 25.1 хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухай Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална гэж заасныг зөрчиж хуралджээ.

Иймд нэхэмжлэгч Ё.Н-ийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Мөнхийн хайр сүмийн байранд болсон иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас гарсан Тооллогын комисс байгуулах тухай 01 дүгээр тогтоол, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлыг эрэмбэлэх тухай 03 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндөөгүй байх тул хэрэгсэхгүй болгож, харин нэхэмжлэгчийн сонгох, сонгогдох эрхийг нь зөрчсөн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга сонгох тухай 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Хоёр. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 07 дугаар тогтоолын дагуу хорооны Иргэний танхимд 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хуралдсан хурлын тэмдэглэлээс[9] үзвэл хурлын тэргүүлэгч Ц.А-аар даргалуулж, хуралд 124 хүн оролцсон гэжээ.

Тус хурлын 01 дүгээр тогтоолоор Хуралдааны дэгийн журмыг батлах тухай, 02 дугаар тогтоолоор Тооллогын комисс байгуулах тухай, 03 дугаар тогтоолоор Иргэдийн нийтийн Хурлын дарга сонгох тухай, 04 дүгээр тогтоолоор Орон нутгийн хөгжлийн сангийн төсөл арга хэмжээ эрэмбэлэх тухай асуудлыг тус тус баталжээ.

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Иргэний танхим-д болсон хурлын санал өгөх хуудас тараалтын тэмдэглэлээс үзвэл 74 хүнд тараагдсан, Түүнчлэн гэрч М.Э мэдүүлэгтээ Иргэний танхим жижиг, босоогоороо 70 хүн ч багтахгүй гэж мэдүүлсэн, гэрч З.Б мэдүүлэгтээ Иргэний танхим-д болсон хуралд 20-30 хүн харагдаж байсан. Би тус хуралд оролцоогүй, тэмдэглэлд яагаад намайг оролцсон гэж бичсэнийг мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг, түүнчлэн хариуцагчийн гаргаж өгсөн CD дээрх бичлэгээс үзэхэд 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Иргэний танхим-д болсон хурлын тэмдэглэлд тусгасан 124 хүн ирээгүй, ирц бүрдээгүй байна.

Иймээс Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Иргэний танхимд болсон иргэдийн нийтийн хурал нь мөн дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Иргэний танхимд болсон иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан болон түүнээс гарсан тогтоолуудыг албан ёсны хуулийн дагуу хүчин төгөлдөр болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Гурав. Өмгөөлөгчийн үйл ажиллагааны зардал болох нэхэмжлэгчид учирсан хохирол 1.000.000 /нэг сая төгрөг/-ийг болон сар тутам олгодог урамшууллыг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7 дахь хэсэгт заасан захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохиролд хамаарахгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13 дахь хэсэгт заасан заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.1, 23 дугаар зүйлийн 23.10, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ё.Н-ийн гаргасан 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Мөнхийн хайр сүмийн байранд болсон иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас гарсан Тооллогын комисс байгуулах тухай 01 дүгээр тогтоол, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлыг эрэмбэлэх тухай 03 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэний танхимд болсон иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан болон түүнээс гарсан тогтоолуудыг албан ёсны хуулийн дагуу хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, өмгөөлөгчийн үйл ажиллагааны зардал болох нэхэмжлэгчид учирсан хохирол 1.000.000 /нэг сая төгрөг/-ийг болон сар тутам олгодог урамшууллыг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, 11 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын даргаар Б.Б-ыг сонгох тухай 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлаас гаргуулсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 84-р хуудас

[2] Хавтаст хэргийн 216-р хуудас

[3] Хавтаст хэргийн 47-р хуудас

[4] Хавтаст хэргийн 15-20-р хуудас

[5] Хавтаст хэргийн 103-139-р хуудас

[6] Хавтаст хэргийн 48-49-р хуудас

[7] Хавтаст хэргийн 44-р хуудас

[8] Хавтаст хэргийн 52-56-р хуудас

[9] Хавтаст хэргийн 48-49-р хуудас