Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 1102

 

2020            09            01                                       2020/ДШМ/1102

Г.Сод холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Баярхүү,

шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/481 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарын гаргасан давж заалдах гомдлоор Г.Сод холбогдох эрүүгийн 2002002440195 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.

................., 19......... оны ........ дугаар сарын ............-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмэг эх, эх, хүүгийн хамт Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэр 2 хд, 40 дүгээр байрны 3 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:................/,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 322 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн;

Г.С нь 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хайрхан хотхоны орчим НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 128 грамм жинтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, тус өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Мандал хотхоны хашаанд 21-21 УББ улсын дугаартай “Хонда HRV” загварын тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Г.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ................ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сод оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сын цагдан хоригдсон нэг хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 128 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /өвс мэт зүйл/ Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, эрүүгийн 2002002440195 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.С нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анхан шатны шүүхээс 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 409 дүгээр хаалттай хорих ангид хоригдож байна. Би энд хоригдсоноор маш их зүйлийг ухаарч байна. Надаас дүү болон ах хүмүүс хар тамхины хэргээс болж хоригдож байгааг би нүдээрээ харж байна. Залуучууд хар тамхи хэрэглэхээс татгалзаарай гэж уриалж байна. Анхан шатны шүүхээс надад оноосон ялыг хүлээн зөвшөөрч өөрийн гэм буруутай үйлдлээ шүүх хуралдааны үеэр хүлээж, хийсэн хэрэгтээ гэмшсэн. Миний эх Ганжаргал бие муутай, ажил эрхлэх чадваргүй ба би 70 настай эмэг эх Мөнхжаргал, 2 настай хүү Лувсангийн хамт амьдарч, тэднийгээ хамгаалан өрх гэрээ толгойлж авч явдаг. Миний хүү Лувсангийн эх нь бид нарыг хаяж явсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, дахин хэрэгт орооцолдохгүй, биеэ зөв авч явж, эмэг эх, эх, хүүхэддээ халамжтай, зөв амьдарна гэдгээ тангараглаж байна. Шүүх бүрэлдэхүүн намайг залуу байгааг минь харгалзан үзэж, миний ялыг тэнсэж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Г.Сын өмгөөлөгч Н.Намжилцогт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шинээр гаргаж өгөх 2 хуудас баримт байна. Үүнд; шүүгдэгч Г.С нь эмнэлгийн хяналтад байдаг гэх Өрхийн эмчийн тодорхойлолт, хорооны тодорхойлолт байна. Энэ баримтууд хавтас хэрэгт байхгүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Сод оногдуулсан ял шийтгэл нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохироогүй гэж үзэж байна. Шүүгдэгч Г.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас тухайн өвсийг олж аваад тэр даруйдаа цагдаагийн ажилтанд баригдсан байдаг. Уг өвснөөсөө өөрөө сонирхон нэг удаа сорж хэрэглэсэн бөгөөд хэн нэгэнд өвснөөсөө огт өгөөгүй, тийм ч санаа зорилго түүнд байгаагүй нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Энэ гэмт хэргийн улмаас хэн нэгэнд ямар нэгэн бодит хохирол, хор уршиг учраагүй. Шүүхээс шүүгдэгч Г.Сод эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнээд харин “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн”-ийг нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Шүүгдэгч Г.С нь 2 настай хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг байтал шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан шүүхийн тогтоол биелүүлэхийг хойшлуулж болох байсан ч энэ заалтыг хэрэглээгүйд гомдолтой байна. Г.С нь байгальд ургадаг өвсийг хууль бусаар олж авч, хэсэгхэн хугацаанд хадгалсан гэмт үйлдэл хийсэн. Тэр химийн аргаар боловсруулсан хар тамхийг олж авч хадгалаагүй юмаа. Монголчууд бидний “Хогийн олс” гэж нэрлэдэг энэ өвс нь химийн аргаар боловсруулан гаргаж авсан герион, кокайн, мөс, экстаси гэх мэт хар тамхинуудаас хоруу чанарын хувьд хэдэн арав дахин бага болох нь судалгаагаар нотлогдсон. Энэ ургамлыг эмийн үйлдвэрт өргөн хэрэглэж, олон эмийн найрлагад оруулж, тэдгээр эмүүдээр нь иргэдийг эмчилж байна. Манай улсын эмнэлгийн байгууллагад эмчилгээнд хэрэглэж байгаа тайвшруулах үйлчилгээтэй олон эмний найрлаганд “дельта-9 тетрагидроканнабинол” гэх бодис орсон байна. АНУ-ын 33 муж, Канад, Герман, Нидерланд, Португаль, Сингапур, Аргентин, Норвеги, Швейцарь, Израйль, Гүрж, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс зэрэг олон оронд энэ өвсийг хэрэглэхийг хуулиар зөвшөөрдөг байна. Байгальд ургадаг өвс болон синтетик/химийн/ аргаар боловсруулан гаргаж авсан хар тамхинуудын энэ ялгамжтай байдлуудыг шүүх харгалзан үзэж, ял шийтгэлийг ялгамжтай оногдуулаагүйд гомдолтой байна. Шүүгдэгч Г.Сыг нийгмээс тусгаарлан хорих ялыг биечлэн эдлүүлэх зайлшгүй шаардлага бол байгаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсвэл нөхөн төлөхөө илэрхийлж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд 5 хүртэл жилээр тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно” гэсэн бол мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсвэл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байна. Шүүгдэгчид ашигтай, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн Эрүүгийн хуулийн энэ 2 заалтын бүх шаардлагыг шүүгдэгч Г.С бүрэн хангасаар байтал шүүх энэ заалтыг хэрэглээгүйд гомдож байна. Шүүгдэгч Г.С нь “хогийн олс” гэх энэ ургамлаас хамааралтай болчихсон, түүнийг байнга хэрэглээд явдаг хүн биш болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүх сэтгэц эмгэг судлалын комиссын дүнэлтээр нотлогдож байгаа. Монгол Улсын эрүүгийн хариуцлагын гол зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Г.С нь одоо 20 настай, амьдралд дөнгөж хөл тавьж байгаа сэхээтэн залуу юм. Ёс суртахуун, зан чанар, ертөнцийг үзэх үзэл нь дөнгөж төлөвшиж яваа насандаа шоронд хоригдвол сайн хүн болж төлөвшихгүй нь лавтай. Санамсар болгоомжгүй, хэнэггүй, саваагүй зангаасаа болоод анх удаагаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж, дахин ийм алдаа дутагдал огт гаргахгүй байж чадна гэдгээ Г.С илэрхийлсээр байна. Өндөр настай эмээ болон ээж, хүүхдийнхээ хамт амьдарч, өрх толгойлж яваа энэ залууг зан үйлээ засах сургалтанд хамруулж, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоон түүнд шүүхээс нэг удаа боломж олгож, нийгмээс тусгаарлахгүй байх нь хорих ял оногдуулснаас илүү үр нөлөөтэй, хүмүүжлийн шинжтэй болох юм. Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд, Г.Сын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухааран ойлгосон байдал зэргийг харгалзан үзэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/481 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, эсхүл 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Сод ял оногдуулахгүйгээр тэнсэх, эсхүл 1 жилийн хугацаагаа хорих ял оногдуулсан шүүхийн тогтоол биелүүлэхийг мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хойшлуулан шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Прокурор Б.Баярхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хорих ялыг оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэр нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Г.С нь 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хайрхан хотхоны орчим НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 128 грамм жинтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, тус өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Мандал хотхоны хашаанд 21-21 УББ улсын дугаартай “Хонда HRV” загварын тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн нь:

шүүгдэгч Г.Сын яллагдагчаар өгсөн “...2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гэрээсээ гараад тамхи татах гээд урд талын байрны хажуугаар явган хүний замаар алхаж байхад байрны доор ягаан өнгийн гялгар ууттай зүйл хэвтэж байхаар нь онгойлгоод үзэхэд өвс шиг зүйл, цаасанд ороосон тамхи шиг зүйл байсан. Тэр ороосон зүйлийг асаагаад татах гэхэд нойтон, асаж өгөхгүй байхаар нь хэд хэд сороод хаясан. Харин ууттай өвсийг машин руугаа авч яваад хатаах гээд багаж руугаа хийсэн. Гэтэл машины дугуй хагарчихсан байхаар нь би запас дугуй гаргаж ирээд солихдоо ууттай өвсөө урд талын шилэн дээр дэлгээд тавьсан. Ингээд дугуйгаа солиод дуусах гэж байхад удалгүй энгийн хувцастай хоёр цагдаа ирээд “машин дотор чинь юу байна, урд талдаа юу дэлгээд тавьсан юм” гэхээр нь болсон асуудлыг хэлээд шалгуулсан. ...” /хх 60-61/ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2458 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “Г.С 2020.04.22” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно. ...” /хх 37-39/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2459 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Г.Соос хураан авсан ургамал мэт зүйл 2020.04.22” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн нойтон ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн “Г.Соос хураан авсан ургамал мэт зүйл 2020.04.22” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн нойтон ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 137,6431 грамм, цэвэр жин нь 128 грамм байна. ...” /хх 41-43/ гэх дүгнэлтүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-7/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 21-22/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Г.Сыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Г.Сын НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 128 грамм жинтэй ургамал хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нар нь “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заажээ.

 

Шүүгдэгч Г.С нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэр бүлийн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Сод хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж үзэв.

 

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/481 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

 “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Г.Сыг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Сод мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авсугай” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.” гэсэн тус тус заалт нэмсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгдэгч Г.С нь энэ хэрэгт 48 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Г.Сыг нэн даруй суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                             О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                 ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ