Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 481

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч С.Мөнхгэрэл, шүүгдэгч  Г.С-, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б- овогт Г-ийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2002002440195 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, ам бүл 4, эмээ, эх, хүүгийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 322 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б- овогт Г-ийн С- /РД: 00000000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.С- нь 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хайрхан хотхоны орчим НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 128 грамм жинтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, тус өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Мандал хотхоны хашаанд 21-21 УББ улсын дугаартай Хонда HRV маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Г.С-: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхэд нэмж мэдүүлэг гаргахгүй, тухайн өвсийг газраас олсон, хэн нэгнээс худалдаж аваагүй. Би ээж, эмээ, хүүгийн хамт амьдардаг, ээж, эмээ хоёрыг харах эрэгтэй хүн манай гэрт байхгүй, ээж, эмээ нарыгаа маш их зовоож байгаа, гэмшиж байна, тэнсэж өгнө үү, дахиж ийм төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй, дахиж хэрэглэхгүй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Гэрч Г.Ганжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Шөнө унтахгүй шүлэг бичээд суучихдаг, өдөржин унтаад байдаг болохоор эхэндээ би мансууруулах бодис хэрэглээд байдаг юм уу гэж бодоод байхад нойрны асуудлаас болоод манаралттай яваад байсан юм байна лээ. Түүнээс яг мансууруулах бодис хэрэглэдэг эсэх талаар нь мэдэхгүй байна...” /хх-ийн 29-30/ гэсэн,

 

Гэрч Ц.Мөнхжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...21-21 УББ улсын дугаартай машин миний охин Г.Ганжаргалын эзэмшлийнх байгаа юм. Хэрэг гарсан өдөр Г.С- унтаж байгаад гарч машин угаалгана гээд гарсан...” /хх-ийн 31-32/ гэсэн,

 

Шүүгдэгч Г.С- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гэрээсээ гараад тамхи татах гээд урд талын байрны хажуугаар явган хүний замаар алхаж байхад байрны доор ягаан өнгийн гялгар ууттай зүйл хэвтэж байхаар нь онгойлгоод үзэхэд өвс шиг зүйл, цаасанд ороосон тамхи шиг зүйл байсан. Тэр ороосон зүйлийг асаагаад татах гэхэд нойтон асаж өгөхгүй байхаар нь хэд хэд сороод хаясан. Харин ууттай өвсийг машин руугаа авч яваад хатаах гээд багаж руугаа хийсэн. Гэтэл машины дугуй хагарчихсан байхаар нь би запас дугуй гаргаж ирээд солихдоо ууттай өвсөө урд талын шилэн дээр дэлгээд тавьсан. Ингээд дугуйгаа солиод дуусах гэж байхад удалгүй энгийн хувцастай хоёр цагдаа ирээд машин дотор чинь юу байна, урд талдаа юу дэлгээд тавьсан юм гэхээр нь болсон асуудлыг хэлээд шалгуулсан...” /хх-ийн 60-61/ гэсэн мэдүүлэг,

 

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн №2459 дугаартай дүгнэлтэд “...Дүгнэлт 1.2.3 Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Г.С-оос хураан авсан ургамал мэт  зүйл 2020.04.22” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн нойтон ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн  жагсаалтад багтдаг болно.

4. Шинжилгээнд ирүүлсэн “Г.С-оос хураан авсан ургамал мэт зүйл 2020.04.22” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн нойтон ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 137,6431 г, цэвэр жин нь 128 г байна...” /хх-ийн 41-43/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн №2458 дугаартай дүгнэлтэд “...Дүгнэлт 1.2.3 Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “Г.С- 2020.04.22” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно...” /хх-ийн 37-39/ гэсэн,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн №515 дугаартай дүгнэлтэд “...Дүгнэлт: 1. Г.С- нь урьд өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт, мэдээлэл үгүй байна.

2. Г.С- нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.  

3. Г.С- нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Г.С- сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. Г.С- нь сэтгэц идэвхит эм бодисоос хамааралтай гэх шинж баримтгүй байна.

6. Г.С- нь сэтгэц идэвхит эм бодисоос хамааралтай гэх шинж, баримт үгүй байна. Монгол Улсад СЭМҮТөв нь сэтгэц идэвхит эм бодисын хамаарлыг эмчлэх боломжтой.

7. Г.С-од эмнэлгийн чанартай албадлагын арга хэмээ авах шаардлагагүй байна...” /хх-ийн 45-46/ гэсэн дүгнэлтүүд,

 

-  Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 3-7/,

- Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-13/,

- Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 14-16/,

- Биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 17-18/,

- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 20/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21, 22/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 23-26/,

- Автомашины техникийн үнэлгээ /хх-ийн 48-51/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 105/,

- Шүүгдэгч Г.С-ын хувийн байдалтай холбоотой гэрч А.Энх-Учрал, Б.Рэнцэндорж нарын мэдүүлэг /хх-ийн 33-34, 35/, гадаад паспорт авсан тухай лавлагаа /хх-ийн 72/, үрчилсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 73/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 74/ иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 75/, төрөл садангийн зурагт лавлагаа /хх-ийн 76-79/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 81/, шагнал урамшууллын хуулбарууд /хх-ийн 82, 87-88/ боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 86, 89-90/, уран бүтээлийн намтар /хх-ийн 97-101/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Г.С-од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                                 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Г.С- нь 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хайрхан хотхоны орчим НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 128 грамм жинтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, тус өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Мандал хотхоны хашаанд 21-21 УББ улсын дугаартай Хонда HRV маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.С-ын “...2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гэрээсээ гараад тамхи татах гээд урд талын байрны хажуугаар явган хүний замаар алхаж байхад байрны доор ягаан өнгийн гялгар ууттай зүйл хэвтэж байхаар нь онгойлгоод үзэхэд өвс ургамал шиг зүйл, цаасанд ороосон тамхи шиг зүйл байсан. Тэр ороосон зүйлийг асаагаад татах гэхэд нойтон асаж өгөхгүй байхаар нь хэд хэд сороод хаясан. Харин ууттай өвсийг машин руугаа авч яваад хатаах гээд багаж руугаа хийсэн. Гэтэл машины дугуй хагарчихсан байхаар нь запас дугуй гаргаж ирээд солихдоо ууттай өвсөө урд талын шилэн дээр дэлгээд тавьсан...” /хх-ийн 60-61/ гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны №2459 дугаартай дүгнэлтэд “...Дүгнэлт 1.2.3 Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Г.С-оос хураан авсан ургамал мэт  зүйл 2020.04.22” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн нойтон ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта 9 тетргидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн  жагсаалтад багтдаг болно...” /хх-ийн 41-43/ гэсэн, мөн хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн №2458 дугаартай дүгнэлтэд “...Дүгнэлт 1.2.3 Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “Г.С- 2020.04.22” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно...” /хх-ийн 37-39/ гэсэн, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны №515 дугаартай дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 3-7/, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-13/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 14-16/, биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 17-18/, эдзүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21, 22/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 23-26/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Г.С-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.С- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.С- нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 322 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялаа 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр, 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрүүдэд төлж, тухайн ялыг эдэлсэн /шүүх хуралдаан дээр шинээр гаргаж өгсөн/ бөгөөд шүүгдэгч Г.С-ын өмнө ял шийтгүүлсэн байдал нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын шатанд мэдэгдээгүй, шүүхийн шатанд мэдэгдсэн, улмаар торгуулийн ялыг биелүүлсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.С- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.С- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр сэжигтнээр баривчлагдаж, 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр суллагдсан байх /хх-ийн 54-56/ тул түүний баривчлагдсан 1 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн 2002002440195 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 128 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /өвс мэт зүйл/ Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа/-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт Г.С-од холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, түүнд хуульд заасны дагуу албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү гэснийг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нийгмийн аюулын хэр хэмжээ ихтэйн дээр “сэтгэцэд нөлөөт бодис, бэлдмэл” нь хүний хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, хүний эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай байдаг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх боломжгүй гэж шүүх дүгнэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                         

1. Шүүгдэгч Б- овогт Г-ийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ийн С-ыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-од оногдуулсан нэг жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-ын цагдан хоригдсон нэг хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 128 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /өвс мэт зүйл/ Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа/-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

6. Эрүүгийн 2002002440195 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.С- нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүний цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                            Д.АЛТАНЖИГҮҮР