Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 102/шш2021/00026

 

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2021/00026

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Нэхэмжлэгч:...ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:...-д холбогдох

53 166 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч ..., хариуцагч байгууллагын өмгөөлөгч ..., гэрч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч ..., ... нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... нь нөхөр болох ...ын 88 12 УНН улсын дугаартай Норд бенз өөрөө буулгагч авто машиныг 2016 оны 4 дүгээр сард 10 100 000 төгрөгт алданги тооцохгүй уян хатан найдвартай гэж хэлж байсан боловч 161 хоног хараад зарсан юм билээ, 5 сард би 6 сарынхаа 565 000 төгрөгийн сунгалт болон зогсоолын мөнгийг өгсөн. 6 дугаар сарын сүүл 7, 8 дугаар сард битгий зараарай, аав минь элэгний хорт хавдартай, хагалгаанд орох шаардлагатай болсон тухайгаа бичиж, мэргэжилтэн ..., ..., ...д бичгээр болон биеэр удаа дараа очиж уулзаж байсан болно. Ингээд 9 дүгээр сарын 25-ны өдөр 2 000 000 төгрөгтэй сунгалт хийлгэхээр очиход зарчихсан гэсэн хариу хэлсэн. ...тай өдийг хүртэл очиж уулзаж байсан. Та хүлээж бай, дарга ажлаар гадагшаа явсан, таны асуудлыг шийдэж байгаа гэж хэлэхээр нь үнэмшин, цагдаа шүүх гээд яахав гэсээр өдийг хүрсэн. Энэ хугацаанд ... дугаар руу байнга залгадаг байсан. Бид тэр үед машинаараа амьдрал ахуйгаа залгадаг байсан. Одоогоор бидний амьдрал маш хүнд, нөхөр маань уушгины өвчтэй ажилгүй, эрүүл мэндийн даатгалыг төр хариуцдаг, тэтгэвэр авдаггүй, орлогогүй, гэртээ байдаг. Том хүү маань тархины хагалгаатай, ажилгүй гэрт байдаг. Хороо дүүрэгтээ амьжиргааны түвшин доогуурт бүртгэлтэй, хүнсний талонд хамрагддаг билээ. Би зүрх болон сахарын өвчтэй хүүгээ болон өөрийгөө эмчлүүлэхийн тулд тэтгэврийн зээлээ дуусгаж чадаагүй, дахиж нэмж зээл авч хүндхэн л амьдарч байна. Ингээд 9 000 000 гаруй төгрөгт машинаа алдсандаа маш их гомдолтой байгаа. Иймд энэ компаниас 35 000 000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодруулахдаа:Би Баянгол дүүргийн ...-аас ...  улсын дугаартай Норд бенз авто машиндаа 35 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа билээ.Тус ломбардад анх тавьсан өдрөөс тооцон 161 хоног гэж буруу бичсэн байна, 5 дугаар сард 565 000 төгрөг өгч, хоног сунгуулснаа хасаж тооцохыг мэдэхгүй бичсэн билээ.Хугацаа нь 6 дугаар сарын 12-ны өдрөөс 9 дүгээр сард зарсан гэж бодоход 2 сар гаруй хараад зарсныг залруулж өгнө үү гэжээ./хх-23/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахдаа: ... нь 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ...-аас 10 100 000 /арван сая нэг зуун мянган/ төгрөгийн зээлийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж, зээлийн барьцаанд ... улсын дугаартай, Норд бенз маркийн өөрөө буулгагч авто машиныг барьцаалж, автомашины өмчлөх эрхийг ...-ийн нэр дээр шилжүүлсэн. Нөхөр маань уушгины өвчтэй байсан учир авсан зээлээ төлөх боломжгүй болсон ба боломжоороо 2019 оны 5 сард 565 000 төгрөгийг төлж, төлбөр төлөх хугацаагаа сунгасан. Бидний зүгээс машиныг битгий зараарай, нөхөр болон хүүхэд маань өвчтэй учир одоогоор мөнгө төлж чадахгүй байна гэж учир байдлаа хэлсэн бөгөөд 2016 оны 9 сарын 25-ны өдөр сунгалт хийлгэх гээд очиход машиныг чинь зарчихсан гэж хэлсэн. Бидний зүгээс 10 100 000 /арван сая нэг зуун мянган/ төгрөгийн зээлийн төлбөрт 60 орчим сая төгрөгийн үнэтэй машинаа заруулсанд гомдолтой байхын сацуу бас маш ихээр хохирч байна. ... нь зөвхөн барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд барьцааны зүйл болох авто машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авч өмчлөх, захиран зарцуулах зэрэг хуулиар олгогдсон эрхгүй юм. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4-т Барьцаалан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, харин уг зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй гэж заасан бөгөөд ... нь манай ... улсын дугаартай, Норд бенз маркийн өөрөө буулгагч авто машиныг өөрийн нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлэн авч бусдад худалдсан нь хууль зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна.

 
 

Иймд ...-аас барьцаа нэрийдлээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан ... улсын дугаартай, Норд бенз маркийн өөрөө буулгагч авто машиныг бусдад худалдсанаас учирсан хохирол 35 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-35/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:...ын нэхэмжлэлтэй ...-д холбогдох хэрэгт нэхэмжлэгч талаас доорх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийн дагуу шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсний дагуу барьцааны зүйл болох ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК үнэлгээ тогтоож ирүүлсэн. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 259 дугаартай дүгнэлт тайлангаар 2010 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, 2010 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Монгол улсад орж ирсэн Beiben маркийн тээврийн хэрэгслийн өнөөгийн зах зээлийн үнэлгээг 53 166 000 төгрөг байна гэж дүгнэсэн.Иймд нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага болох 35 000 000 төгрөгийг 18 166 000 төгрөгөөр нэмэгдүүлж, хариуцагч талаас нийт 53 166 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ./хх-114/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч байгууллагыг тухайн барьцааны зүйлийг өөрийн нэр дээр шилжүүлсэн авсан гэх зүйлийг нэхэмжлэлдээ бичсэн байдаг. Тухайн үед авто тээврийн үндэсний төвөөс холбогдох баримтууд ирээгүй байсан. Барьцаанд байсан учраас тухайн үед ... нь нэр дээрээ шилжүүлэн авч зарсан байна гэх нөхцөл байдлын улмаас нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас авч үзэхэд Авто тээврийн үндэсний төвөөс ...д шилжүүлэхдээ худалдах худалдан авах гэрээг үндэслэсэн байдаг. ...-тай тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээг байгуулсан хэдий ч бодит байдалд хариуцагч байгууллагад худалдан борлуулаагүй зөвхөн зээлийн барьцаанд тавьсан байдаг. ... нь тухайн тээврийн хэрэгслийг гуравдагч этгээд рүү шилжүүлэхдээ худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн гэж байгаа нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа юм.Жинхэнэ хүсэл зорилго нь худалдах, худалдан авах гэрээ байгаагүй, тус гэрээг үндэслэж гуравдагч этгээд руу шилжүүлсэн нь ...т хохирол учруулсан юм. Тиймээс мэргэжлийн байгууллагаар тээврийн хэрэгслийн үнэлгээг гаргуулсан. Тус авто машиныг 53,000,000 төгрөгийн үнэлгээ гаргасан тул уг үнэлгээг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Талуудын үндсэн харилцаа нь зээлийн гэрээ болон барьцаа гэрээ гэдэгт маргаагүй, худалдан авах гэрээ хийсэн, гэхдээ худалдан авах гэрээний хүсэл зориг хэн алинд байгаагүй. Хэрэгт зээлдэгчид мэдэгдсэн талаарх баримт байдаггүй, зээлдэгчид мэдэгдээгүй зарсан. ... гэх хүнд худалдан борлуулсан гэж байгаа хэдий ч авто тээврийн үндэсний төвөөс авсан лавлагааг харахад ... гэх хүний нэр дээр байдаг. Худалдах худалдан авах гэрээг үндэслэж, ... рүү шилжүүлсэн байгаа юм. Хууль бусаар гуравдагч этгээдэд шилжүүлж, нэхэмжлэгч ...ыг хохироосон. Худалдан авах гэрээний дагуу хариуцагч байгууллага тус тээврийн хэрэгслийг захиран зарцуулах эрх нь нээгдсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлийг шүүх хуралдаан дээр яриад мэтгэлцэх бүрэн боломжтой тул бичгээр тодруулж өгөх шаардлагагүй гэв.

Хариуцагч ...-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодруулж өгнө гэж хүсэлт гаргаж, шүүх хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгч талд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодруулахыг тайлбарласан боловч одоо болтол тодруулж өгөөгүй байна. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4-г үндэслэж гэрээ хийгдсэн. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр худалдах худалдан авах гэрээний асуудал яригдаж байх бөгөөд шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилж ярьж байгаа нь хариуцагчаас үүнтэй холбоотойгоор мэтгэлцэх баримт цуглуулах боломжгүй. Нэхэмжлэгчийн уг ажиллагаанаас болж, талуудын мэтгэлцэх зарчим тэгш бус явагдаж байгаа асуудал юм. Нэгдүгээрт Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4-д Барьцаалан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, харин уг зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй гэж заасныг үндэслэсэн. Хэрэгт талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ авагдсан. Талууд зээлийн харилцаа үүссэн гэдэгтээ маргадаггүй. Хариуцагч байгууллага нь тухайн тээврийн хэрэгслийг зээлийн гэрээний хугацаанд ямар нэгэн өмчилж, ашиглаж, эзэмшиж, худалдан борлуулах хэлбэрээр захиран зарцуулсан зүйл байхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ очиж уулзахад зараагүй байсан, 2 сар хүлээгээд зарсан байсан гэх зүйлийг дурдсан байдаг. Тиймээс Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4-д хамааралгүй юм. Барьцаалан зээлдүүлэх газар нь барьцааны гэрээний дагуу эд хөрөнгийг авсан тохиолдолд захиран зарцуулах эрхгүй хэдий ч тухайн зээлдэгч нь зээлийн төлбөрийг төлөөгүй удвал Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т заасны дагуу барьцааны зүйлийг худалдан борлуулах хэлбэрээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй. Зээлдэгчийг зээлийг төлөхийг удаа дараа мэдэгдэж, зээлийг төлөөгүй тохиолдол барьцааны зүйлийг худалдан борлуулах талаар 2 сарын өмнө албан ёсоор мэдэгдсэн. Мэдэгдсэнээс хойш 14 хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын дуудлага худалдаагаар оруулж, борлуулсан үүргийн дүнгээс үүргийг хангуулж, үлдсэн мөнгийг буцаан олгоно гэж заасан. Үүний дагуу хариуцагчийн зүгээс худалдан борлуулах ажиллагааг хийж 20,000,000 төгрөгөөр худалдсан. Тухайн үеийн нөхцөл байдал болон тус тээврийн хэрэгсэл доголдолтой байсны улмаас 20,000,000 төгрөгөөр худалдсан. Худалдан борлуулах ажиллагаа хууль ёсны дагуу хийгдсэн. Худалдан борлуулах ажиллагааг хууль бус гэж үзэж, худалдан борлуулсантай холбоотой ямар нэгэн гомдол санал гаргасан зүйл байхгүй. Тухайн тээврийн хэрэгслийг 20,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан талаар ... болон ... нарт мэдэгдсэн байдаг. Энэ нь ...ийн гаргасан хүсэлт, тайлбараар тогтоогдож байгаа юм. Хоёрдугаарт худалдах худалдан авах гэрээ хийгдсэн, уг гэрээний дагуу шилжүүлсэн гэх асуудлыг ярьж байна. Энэ талаар гаргасан гомдлын шаардлага байхгүй, талуудын үндсэн харилцаа нь зээлийн болон барьцааны гэрээний харилцаа юм. Гуравдугаарт хариуцагч байгууллага нь барьцааны зүйлийг 20,000,000 төгрөгөөр худалдсан, зөрүү 5,000,000 төгрөгийг өгөх талаар яригдах нь зайлшгүй, уг төлбөрийг төлөх боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг нэхэмжлэгч эсвэл, түүнийг төлөөлөгч хийх ёстой. Өмгөөлөгч хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт тайлбараа хэлэх ёстой. Тухайн тээврийн хэрэгслийг зарсан үйл баримтын талаарх баримтууд хангалттай байгаа. ...т мэдэгдсэн талаар нэхэмжлэлдээ дурдсан байна. Мөн тухайн үед мэдэгдэж байсан баримтын хуулбарыг хариуцагчийн зүгээс хэрэгт гаргаж өгсөн. Талууд зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулсантай маргаагүй. Тиймээс гэрээний үүргээ биелүүлж, зээлийг төлөх ёстой. Нэхэмжлэгч гэрээний үүргийг зөрчсөн.Хариуцагч байгууллага нь хууль зөрчөөгүй. Нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...-аас БНХАУ-д 2010 онд үйлдвэрлэгдсэн, 2010 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Монгол улсад орж ирсэн, Beiben маркийн тээврийн хэрэгслийн үнэ 53 166 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

... нь 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ...-аас 10 100 000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн болох нь талуудын хооронд хийгдсэн барьцаат зээлийн 0200817 тоот гэрээ болон талуудын тайлбараар нотлогдож байна. /хх-10/

Зээлдэгч ... нь зээлийн барьцаанд Beiben маркийн ... улсын дугаартай, өөрөө буулгагч авто машиныг тавьж, уг тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг ...-д шилжүүлсэн тухай үйл баримтад талууд маргахгүй байна.

Хариуцагч ... нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4-т зааснаар Барьцаалан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, харин уг зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй гэж заасан байхад барьцааны зүйл болох тээврийн хэрэгслийг бусдад зарсан байх тул ... улсын дугаартай, авто машины үнэ 53 166 000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байна.

Гэтэл хариуцагч ... нь ...ын зээлийн барьцаанд тавьсан ... улсын дугаартай авто машиныг Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4-т зааснаар зээлийн гэрээний хугацаанд бусдад худалдаагүй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаар нотлогдож байна.

Зээлдэгч ... нь хариуцагч байгууллагаас 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 10 100 000 төгрөгийг, 1 сарын хугацаатай зээлж авсан, зээлийн гэрээний хугацаа нь 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр дууссан байх бөгөөд энэхүү зээлийн гэрээний хугацааг сунгасан тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

..., ... нар анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ-...9 дүгээр сарын 25-ны өдөр 2 000 000 төгрөгтэй сунгалт хийлгэхээр очиход зарчихсан гэсэн хариу хэлсэн гэж бичсэн байгаагаас үзэхэд хариуцагч байгууллага нь тухайн барьцааны хөрөнгийг 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө бусдад худалдсан болох нь тогтоогдохгүй байна.

Иймээс Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4-т зааснаар ...ын барьцаанд тавьсан хөрөнгийг хариуцагч байгууллага нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад бусдад худалдсан байна гэж үзэхгүй тул нэхэмжлэгч ...ын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нөгөө талаар шинжээч нь БНХАУ-д 2010 онд үйлдвэрлэгдсэн, Belben маркийн, ачааны зориулалттай, ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн байдалтай биечлэн танилцаагүй, зөвхөн нэхэмжлэгчийн өгсөн мэдээллийн дагуу үнэлгээг хийсэн, мөн зах зээлийн үнийн мэдээллийг нэг сайтаас авсан зэргээс үзэхэд шинжээчийн дүгнэлтэд дурдсан үнэлгээг бодитой гэж үзэх боломжгүй байна.

Хариуцагч тал нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т заасны дагуу барьцааны зүйлийг худалдан борлуулах ажиллагааг хийж уг тээврийн хэрэгслийг 20,000,000 төгрөгөөр бусдад худалдсан ба зээлийн төлбөрийг төлөөд зөрүүг нэхэмжлэгчид өгөх боломжтой гэж тайлбарлаж байх боловч авто машиныг авчихсан байгаа тул зээлийн төлбөрийг төлөхгүй гэж нэхэмжлэгч тал тайлбарласан болно.

Нэхэмжлэгч ... нь 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцохоос татгалзаж, ...ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохыг хүссэн байгааг дурдаж байна.

Нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, шинжээчийн зардлын 500 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4-т зааснаар ...-аас 53 166 000 /тавин гурван сая нэг зуун жаран зургаан мянган/ төгрөг гаргуулах тухай Тээтэнгийн Эрдэнэ-Очирын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56:1-т зааснаар ...оос 500 000 /таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН