Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00900

 

 

 

Т.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2022/00581 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Э-ын хариуцагч Т- ХХК-д холбогдуулан гаргасан 53,166,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Т.Э- нь 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Т- ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 10,100,000 төгрөгийг, нэг сарын 5 хувийн хүүтэй, 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаатай нэхэмжлэгчид зээлсэн. Уг зээлийн баталгаа болгож Т.Э- нь өөрийн өмчлөлийн 88-12 УНН улсын дугаартай, тээврийн хэрэгслийг барьцаалсан. Түүнчлэн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Т.Э- нь Т- ХХК-тай автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Т.Э- нь 88-12 УНН улсын дугаартай, тээврийн хэрэгслийг Т- ХХК-д 10,100,000 төгрөгөөр худалдсан мэтээр гэрээ байгуулсан. Уг худалдах, худалдан авах гэрээний дагуу 88-12 УНН улсын дугаартай, тээврийн хэрэгслийг Т- ХХК-ийн хамаарал бүхий этгээдэд шилжүүлж өгсөн. Зээлдэгчийн зүгээс зээлийн барьцаанд тавьсан автомашинаа буцаан авахаар очиход таны машиныг бусдад худалдсан гэсэн хариуг өгсөн. Т- ХХК нь барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4 дэх хэсэгт барьцаалан зээлдүүлэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, харин уг зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй гэж заасан. Т- ХХК нь 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Т.Э-той зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан атлаа дотоод журамд заасан гэх нэрийдлээр нэхэмжлэгчийн өмчлөлийн 88-12 УНН улсын дугаартай автомашиныг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу автомашины өмчлөх эрхийг бусдад шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байгаа бөгөөд мөн хуулийн 56.5-д энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан. Иймд Т- ХХК нь үйл ажиллагааны чиглэлээ зөрчиж, зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан атал автомашин худалдах, худалдан авах гэрээг давхар байгуулсан, уг гэрээг үндэслэн миний өмчлөлийн авто машиныг бусдад шилжүүлсэн нь Иргэний хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа тул хариуцагчаас нэхэмжлэгчид учирсан хохирол болох 53,166,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Т.Э- нь хариуцагч Т- ХХК-тай 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр нэхэмжлэгч нь 10,100,000 төгрөгийг нэг сарын 5 хувийн хүүтэй байхаар, зогсоолын төлбөр өдрийн 2,000 төгрөг байхаар тохирч зээлж авсан. Уг зээлийн барьцаанд 2010 онд үйлдвэрлэгдсэн, 88-12 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан. Нэхэмжлэгч 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нэг удаа зээлийн гэрээгээ сунгасан. Зээлдэгч нь сар болгон зээлийн хүүгээ төлөөд явбал гэрээг хэдэн ч удаа сунгах боломжтой нөхцөлөөр 1 сарын хугацаатай гэрээг байгуулсан ба нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний хугацаанд 565,000 төгрөг төлсөн. Үүнээс 505,000 төгрөг нь нэг сарын хүү, 60,000 төгрөг нь 30 хоногийн зогсоолын төлбөрт тооцогдсон. Одоо нэхэмжлэгч нь үндсэн зээл 10,100,000 төгрөг, нэг сарын хүү 505,000 төгрөг, зогсоолын төлбөр буюу машиныг борлуулах хүртэл 131 хоног хүлээгдсэн учир 262,000 төгрөг, алданги 5,050,000 төгрөг нийт 15,917,000 төгрөгийн үүргийг нэхэмжлэгч хүлээсэн хэвээр байгаа. Манайх барьцааны зүйл болох автомашиныг нь 20,000,000 төгрөгөөр бусдад зарсан. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан. Энэ талаар бид нэхэмжлэгчид удаа дараа сануулсан ба тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулж, гэрээний үүргийг биелүүлэх талаар нэхэмжлэгч мэдэж байсан, энэ нь нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбараар нотлогдоно. Нэхэмжлэгч манай байгууллага дээр ирээд өргөдөл, гомдол өгч байсан нь үнэн. Манай байгууллагын зарчим бол бусдын эд хөрөнгийг юун түрүүнд зарахгүй байхыг эрмэлздэг. Өөрөө мөнгөө төлөөд эд зүйлээ авъя гэвэл харин ч зээлийн хүү, алдангийг хөнгөлж өгдөг. Зээлийн гэрээ үргэлжлэх хугацаанд нэхэмжлэгч өөрөө тээврийн хэрэгслээ худалдан борлуулах бүрэн боломжтой байсан. Бид барьцааны зүйл болох тээврийн хэрэгслийг хуульд заасан журмын дагуу худалдан борлуулсан, одоо нэхэмжлэгчийн төлөх ёстой 15,917,000 төгрөгийг автомашиныг худалдаад олсон 20,000,000 төгрөгөөс суутгаад үлдэх хэсгийг нэхэмжлэгчид төлөхөд татгалзах зүйлгүй. Манайх нэхэмжлэгчтэй зээлийн болон барьцааны гэрээ, мөн худалдах, худалдан авах гэрээг бүгдийг нь нэг өдөр байгуулсан нь үнэн. Худалдах, худалдан авах гэрээг манайх зээлдэгчийн зөвшөөрлийг үндэслэж хийсэн, угаасаа зээлдэгч нартайгаа ийм гэрээг хийдэг, энэ талаар бид гэрээгээр харилцан тохиролцдог. Гэрээнд хэрэв та зээлээ төлж чадахгүй байвал манайх худалдах, худалдан гэрээг үндэслэж таны машины өмчлөлийг шилжүүлнэ гэсэн агуулгатай заалт ч байгаа. Дээр дурдсанчлан бид барьцааны зүйл болох автомашиныг 20,000,000 төгрөгөөр бусдад худалдсан. 15,000,000 төгрөгийг бэлнээр аваад, 5,000,000 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан олж авсан. Нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийг худалдаж авсан хүмүүс машин эвдэрхий байна, буцаана гэдэг саналыг хүртэл гаргаж байсан. Энэ талаар нэхэмжлэгч маш сайн мэдэж байгаа. Үнэндээ бол нэхэмжлэгч өөрийн тээврийн хэрэгслийн үнэлгээг ч анх мэдэхгүй 35,000,000 төгрөг гэдэг тоог гаргаад явж байсан. Шүүхийн томилсон шинжээчийн үнэлгээг хараад өөрийн шаардлагыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн байгаа. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч өөрийн тээврийн хэрэгслийг хэт өндрөөр үнэлсэн. Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Ийм учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдон ажилласан шинжээчийн дүгнэлтийг шүүхээс үнэлэх ёсгүй гэж үзэж байгаа. Түүнчлэн 88-12 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл доголдолтой байсан учраас бид бусдад боломжит үнээр нь худалдан борлуулсан. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Т- ХХК-аас 19,083,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Э-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Т- ХХК-аас 500,000 төгрөгийг гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хариуцагч Т- ХХК-аас 253,365 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн үнэлээгүй, хэт нэг талыг баримталж маргааныг шийдвэрлэсэн тул хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

4.а.Үндсэн зээлийн төлбөрийг хүүний хамтаар төлөх талаар Т.Э- болон Л.Одгэрэл нарт тухайн үед мэдэгдсэн боловч зээлдэгчийн зүгээс зээлийн төлбөрийг төлөх талаар ямар нэгэн арга хэмжээг аваагүй. Нэхэмжлэлд ... 161 хоног хараад зарсан юм билээ. 6 сарын сүүл 7, 8 сард битгий зараарай, мэргэжилтэн Баярмагнайд бичгээр болон биеэр удаа дараа очиж уулзаж байсан болно. Ингээд 09 дүгээр сарын 25-нд очиход зарчихсан гэсэн хариуг өгсөн хэмээн дурьдсан нь Т- ХХК нь зээлийг төлөх болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар удаа дараа мэдэгдэж байсныг нотлох бөгөөд нэхэмжлэгч үүнийг хүлээн зөвшөөрдөг/, Т.Э- нь дээрх байдлаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ анхлан зөрчиж, зээлийн хүү болон үндсэн төлбөрийг төлөөгүй, төлөх талаар 4 сарын хугацаанд ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул Т- ХХК-ийн зүгээс арга буюу Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дах хэсэгт заасан журмын дагуу буюу комиссын /худалдаагаар худалдан борлуулсан. /Комиссын худалдаагаар худалдан борлуулсан талаар зохигчид маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь комиссын худалдаагаар худалдсантай холбоотой гомдлын шаардлага гаргаагүй/. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчиж Т- ХХК-д хохирол учруулсан тул Иргэний хуулийн 286.3 дах хэсэгт заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх үүсч, уг эрхээ хэрэгжүүлсэн бөгөөд 88-12 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн комиссын шийдвэрээр Х.Тэгшжаргал гэх иргэнд тээврийн хэрэгслийг 20,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан. Гэвч анхан шатны шүүх гэрээний үүргээ анхлан зөрчиж, мэдэгдсээр байтал зээлийн төлбөрөө хугацаанд төлөөгүй нэхэмжлэгчийн буруутай үйлдэл болон Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дах хэсэгт заасны дагуу комиссийн шийдвэрээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан үйл баримтад дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт нийцэхгүй юм. Нөгөөтэйгүүр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхийг Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дах хэсэгт заасан боловч барьцаа хөрөнгийн эзэмшигчийн бүртгэлийг шилжүүлээгүй тохиолдолд тухайн хуулийн заалт нь хэрэгжих боломжгүй нөхцөл байдалд хүргэдэг бөгөөд шүүх энэхүү үйл баримтад дүгнэлт хийж чадаагүй. Тухайлбал, Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дах хэсэгт заасны дагуу барьцаа хөрөнгийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдан борлуулах шийдвэр гарсан хэдий ч тухайн барьцаа хөрөнгө нь барьцаалагчийн нэр дээр шилжээгүй тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг худалдан авагчид шилжүүлэх боломжгүй болдог. Ийм учраас Т- ХХК нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дах хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлэхийн тулд 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн гэрээг байгуулсан байдаг.

4.б.Давж заалдах шатны шүүхээс өмнө нь хохирлын хэмжээг бодитойгоор тогтоогоогүй тохиолдолд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй талаар дүгнэсэн байтал анхан шатны шүүх хохирлын хэмжээг бодитойгоор тогтоохын оронд хохирлын хэмжээг өөрийн санаачилгаар тогтоон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч өөрт учирсан хохирлын хэмжээг бодитоор нотолж чадаагүй. Хариуцагчийн зүгээс тээврийн хэрэгслийг худалдан авсан Х.Тэгшжаргалаас гэрчийн мэдүүлэг авахуулсан бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл нь эвдрэл, гэмтэл ихтэй, зах зээлийн үнэлгээ нь 20,000,000 төгрөг байсан талаар тус гэрч нь шүүхэд мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, 88-12 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн тухайн үеийн зах зээлийн ханш нь 20,000,000 төгрөг байсан тул Х.Тэгшжаргал нь дээрх үнээр худалдан авсан бөгөөд уг тээврийн хэрэгсэл нь биет байдлын доголдолтой байсан болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчаас гаргасан баримтууд болон гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэлгүйгээр, зөвхөн нэхэмжлэгчээс шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнг үндэслэн маргааныг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх ёстой байсан.

4.в..Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргээ зөрчсөн зээлдэгч Т.Э-ыг хөрөнгөжүүлсэн шийдвэр гаргасан. Учир нь зээлдэгч Т.Э- нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас дээрх маргаан үүссэн бөгөөд хэрэв зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн төлбөрийг цаг хугацаандаа төлсөн байсан бол энэхүү маргаан гарахгүй байх байсан. Мөн тээврийн хэрэгслийг 20,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан байтал анхан шатны шүүх дээрх үйл баримт буюу үнийн дүнд дүгнэлт хийлгүй орхигдуулж, хохирлын хэмжээг зөвхөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүнг үндэслэн тооцсоны улмаас 19,083,000 төгрөгийн хохирол хүлээгээд байна. Тухайлбал, анхан шатны шүүх Иргэний хуулийн 492.1 дэх хэсгийг баримтлан маргааныг шийдвэрлэж байгаа тохиолдолд хариуцагчийн үндэслэлгүй хөрөнгөжсэн хэмжээг тогтоож, тухайн үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмжээнд маргааныг шийдвэрлэх ёстой. Гэвч анхан шатны шүүх энэхүү үйл баримтыг тогтоолгүйгээр худалдан борлуулсан үнийн дүнгээс өндөр үнийн дүнг өөрийн санаачилгаар тогтоон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Нэхэмжлэгч Т.Э- нь хариуцагч Т- ХХК-д холбогдуулан 53,166,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2.Анхан шатны шүүх хариуцагч Т- ХХК-аас 19,083,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Э-т олгуулахаар шийдвэрлэсэн байна.

3.Хариуцагчийн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч зохигчид маргааны талаар харилцан тохиролцож, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд эвлэрлийн гэрээ байгуулжээ.

3.а.Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хариуцагчаас 19,083,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч нь шүүхийн шийдвэрээр тогтоосон үнийн дүнгээс 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрсөн. Нэхэмжлэгч нь нийт үнийн дүнгийн 43,166,000 төгрөгөөс татгалзаж байгаа тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн байна.

4.Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дах хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд эвлэрлийн гэрээний нөхцөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч Т.Э- хариуцагч Т- ХХК-ийн эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2022/00581 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Э- нь нэхэмжлэлийн шаардлага болох 53,166,000 төгрөгийн 43,166,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Т- ХХК нь 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Э-т төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,370 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Г.ДАВААДОРЖ