Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2022/0666

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Б.Ч***** Нар

Хариуцагч:   БОАЖС

Маргааны төрөл: Газар

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Ч.Б****** , Б.Г***** , Б.О***** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б****** , түүний өмгөөлөгч З.А******, хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г***** , гуравдагч этгээд "Б****" ХХК-ийн өмгөөлөгч Б.М********  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А-266 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын А аманд байрлах 0,5га газрыг "Б****" ХХК-д 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар олгосон.

1.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/420 дугаар тушаалаар "Б****" ХХК-ийн газар ашиглах эрхийг 3 жилийн хугацаагаар сунгасан.

1.3. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн 09/858 тоот албан бичгээр “...газар ашиглах эрх авах хүсэлттэй танилцлаа. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/362 дугаар тушаалаар Богдхан уулмын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд шинээр газар ашиглах эрх олгохыг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хориглосон тул тухайн байршилд газар ашиглах эрх олгох боломжгүй” гэсэн хариуг нэхэмжлэгч Ч.Б****** өгсөн.

1.4. Нэхэмжлэгч Ч.Б****** , Ч.Б****** , Б.Г***** , Б.О нараас 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А-266 дугаартай "Б****" ХХК-д газар ашиглах зөвшөөрөл өгсөн тушаалыг хүчингүй болгуулах, Ч.Б****** , Ч.Б****** нарын Хан-Ууд дүүргийн 4 дүгээр хороо, арцат 18-1** тоот, Б.Г***** Арцат 18-2*** , Б.О Арцат 18**** тоот хаягтай газруудад газар ашиглахаар бидний гаргасан өргөдлийг үндэслэлгүйгээр 5 удаа хүлээн аваагүй хариуцагчийн эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, бидний газар ашиглахыг хүссэн өргөдлийг хүлээн авах, зөвшөөрөл гаргахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг Богдхан уулсын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд даалгах” тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1 Нэхэмжлэгч Ч.Б****** , Ч.Б****** , Б.Г***** , Б.О**** нараас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Ч.Б****** , Ч.Б****** бидний Хан-Уул дүүрэг, 4-р хороо, арцат 18-1** тоот хаягтай, Б. Г Хан-Уул дүүрэг, 4-р хороо, арцат 18-2*** тоот хаягтай, Б.О Хан-Уул дүүрэг, 4-р хороо, арцат 18**** тоот хаягтай газруудад бид 2012 оноос гэрээ барьж, зарим нь шонгоо хатгаж газар хүссэн өргөдлөө 2012 оноос Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд өгч амьдарч ирсэн. Бид 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр уг газартаа кадастр хийлгэхэд кадастр хийсэн "Г******" ХХК-ийн инженерүүд энэ газарт огт кадастр хийлгүүлж байгаагүй юм байна. Танайх анхны кадастр хийлгэж байгаа газар байна гэсэн. Иймээс бид 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрөө Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын албанд газар хүссэн өргөдөл, кадастрын зураг бусад шаардлагатай баримтуудаа хавсаргаж өгсөн боловч, одоохондоо энэ газрыг иргэдэд түр өгөхгүй байгаа гээд өргөдлийг маань аваагүй. Дараа нь мөн оны 11 дүгээр сар, 2018 оны 08 дугаар сард өгөхөд аваагүй. 2019 онд замын транс орно гэсэн тул 2020 онд өгөхөд "Б****" ХХК-ийн өргөдөл давхацсан байна гээд аваагүй. Энэ нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол шийдвэрүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтыг зөрчсөн байдаг. Уг заалтийн дагуу иргэний өргөдөл, гомдлыг заавал хүлээж авах үүрэгтэй байхад иргэдийн газар ашиглахыг хүссэн өргөдлийг хүлээн аваагүй эс үйлдэхүй нь дээрх хуулийн заалтыг зөрчиж иргэн бидний газар ашиглах эрхийг хязгаарлаж хохироосон байдаг.

Мөн газар хүссэн өргөдлийг аваагүй нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх заалтыг зөрчиж бидний газар эзэмших хуулиар олгогдсон эрхийг зөрчин энэ газрыг ашиглах боломжгүй болгон хохироож огт энэ газарт амьдарч үзээгүй, хуулийн шаардлага хангаагүй этгээдийн газар хүссэн хүсэлтийг авсан. Тухайн хуулийн этгээдийн газар эзэмших хүсэлт өгсөн газар нь бид амьдарч байгааг мэдсээр байж газар ашиглах боломж гаргаж өгч жинхэнэ уг газраа удаан хугацаанд амьдарч байгаа жинхэнэ газар ашиглах эрхтэй биднийг хохироосон болно. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хууль зөрчсөн эс үйлдлээс болж бид 10 жил хашаагаа барьж чадахгүй машинаар гэрээ дайруулж, хулгайч удаа дараа эзгүйд гэрийг маань ухах үйлдэл хийсэн бөгөөд бид газар дээр нь хулгайчийг барьж байсан. Харин гэр дайрсан машиныг барьж авч чадаагүй хохирлоо өөрөө төлсөн.

          Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь дээрх хуулиудын заалтыг зөрчин газар дээрээ амьдарч байгаа бидний газар хүссэн өргөдлийг аваагүй атлаа одоог хүртэл бидний амьдарч байгаа газарт "Б****" ХХК-ийн газар ашиглах хүсэлтийг аваад бидний амьдарч байгаа газар, газар ашиглахад шаардлагатай ажиллагааг хийж өгч, бичиг баримтыг бүрдүүлж, энэ газрыг ашиглахад чөлөөтөй хүн амьдарч ашиглаагүй гэсэн худал тодорхойлолт хийж өгч, газар ашиглах гэрчилгээ олгоход шаардлагатай баримтыг бүрдүүлж, газар ашиглах эрхтэй болгож байгаа нь бидний газар ашиглах эрхийг ноцтойгоор зөрчсөн байдаг.

Иймээс Ч.Б****** , Ч.Б****** бидний Хан-Уул дүүрэг, 4-р хороо, арцат 18-1** тоот хаягтай, Б.Г***** Хан-Уул дүүрэг, 4-р хороо, арцат 18-2*** тоот хаягтай, Б.О*********** Хан-Уул дүүрэг, 4-р хороо, арцат 18**** тоот хаягтай газруудад газар ашиглах өргөдөл гаргасан бидний өргөдлийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа үндэслэлгүйгээр 5 удаа хүлээн аваагүй эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, бидний газар ашиглахыг хүссэн өргөдлийг хүлээн авах, дээрх хаягтай газруудад бидэнд газар ашиглах зөвшөөрөл гарахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд даалгаж өгнө үү.

             Бид энэ газартаа 2012 оноос эхлэн амьдарч, удаа дараа газар ашиглах эрх хүсэж огт давхцал байхгүй байхад гэнэт 2020 онд шинээр "Б****" ХХК давхцсан гэж гарч ирж байна гээд байсан тул 2022 оны 01 дүгээр сарын 10-нд Байгаль орчин аялал жуулчлалын яаманд гомдол гаргаж, 2022 оны 03 дугаар сарын 03-нд дахин Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандахад Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/266 дугаар "Б****" ХХК-д газар ашиглах зөвшөөрөл өгсөн байна гэдэг хариуг олж сонсоод гуйж байж дээрх сайдын тушаалын огноо, дугаарыг авсан. Гэтэл бид энэ газраа зөвшөөрөл өгсөн 2015 онд ч амьдарч байсан, одоо ч амьдарч байна. Ер нь бол 2012 оноос хойш амьдарсан одоог хүртэл энэ газарт биднээс өөр хэн ч байхгүй, ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй. Иймээс "Б****" ХХК-д газар ашиглах зөвшөөрөл өгсөн Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/266 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

2.2 Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч ЧЧ.Б****** , Б.Г***** , Б.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б******  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх тус газар дээр суурьшиж эхлэхэд 2013 оны хүн суурьших иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гараагүй гэдэг агуулгаар газар олгоогүй. 2015 онд мөн тус газар нь замын трасст орсон гэдэг үндэслэлээр мөн газар олгоогүй. 2020 онд мөн замын трасст ороогүй гэсэн шийдвэр гарсан учраас өргөдөл өгсөн боловч хүлээж аваагүй бөгөөд хамгийн сүүлд 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр албан ёсоор Ч.Б****** олбаатар танаа 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 201 дүгээр дугаараар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас таны газар ашиглах хүсэлт өгсөн газрын байршил нь Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/266 дугаар тушаалаар "Б****" ХХК-д 0,5 га газар ашиглах эрх олгосон тушаалыг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хариу өгсөн. Гэтэл маргаан бүхий газар нь Газрын тухай хуульд заасан монгол улсын иргэн газар ашиглах, эзэмших эрхтэй гэж заасан байдаг. Мөн газар хүссэн өргөдлийг хүлээж авч газар олгох үүрэгтэй байдаг. Төрийн албаны тухай хууль, Газрын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж, удаа дараа гаргасан хүсэлтийг хүлээж авахгүй эс үйлдэхүй гаргасан. 2012 оноо хойш өдийг хүртэл тус газар дээр амьдарсаар байхад 2015 онд газар ашиглах эрх олгосон Х "Б”  ХХК нь тухайн газар дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, ямар үйл ажиллагаа явуулах нь тодорхойгүй нөхцөл байдалтай байгаа учраас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/266 дугаар тушаалаар Б***** ХХК-д 0,5 га газар ашиглах эрх олгосон тушаалыг хүчингүй болгож өгнө үү.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд газар эзэмших эрх олгохыг даалгаж, газар ашиглах хүсэлт гаргахад шаардлагатай баримт, бичгийг бүрдүүлж хуульд заасан журмын дагуу хүсэлт гаргасан байхад шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрх олгохыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд даалгаж өгнө үү” гэв.

 

2.3 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А**** шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэгдүгээрт 2013 оноос хойш Ч.Б****** нь маргаан бүхий газар дээр амьдарч байгааг нотолсон баримт хавтаст хэрэгт байна. Хоёрдугаарт Ц.Д******, н.Л*** нарын гэрчээр өгсөн мэдүүлэгт газартай холбоотой асуудлаар Ч.Б******  уулзаж байсан байх, түүнээс бусад асуудлаар энэ хүнтэй уулзаж байгаагүй гэсэн мэдүүлэг байгаа. Хорооноос 2013 оноос хойш 18/2-т амьдарч байсан гэсэн тодорхойлолт байдаг. Нэхэмжлэгчийг тухайн газар дээр амьдарч байсантай Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны эрх бүхий албан тушаалтнууд нь маргахгүй байна. Хууль зүйн үндэслэлийн тухайд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д тухайн газрыг 2 жилийн хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг ашиглах үүрэгтэй байдаг. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлээгүй, мөн хуулийн 35.3.10-т бусдын газар ашиглах эрхтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх, газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан байгаа. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байгаа учраас газар ашиглах эрх олгосон тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэсэн байгаа. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т бусдын Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан. 2013 оноос тус газар дээр амьдарч байсан гэдэг нь сансрын зураг, хорооны тодорхойлолт, шүүхээс хийсэн үзлэгээр нотлогдоно. Гэрчүүдийн мэдүүлэг нь ашиг сонирхлын зөрчилтэй байж болно. Учир нь нэхэмжлэгч нь удаа дараа газар эзэмших хүсэлт гаргаж байсан гэж байхад гэрчээр дуудагдсан 2 хүн нь энэ талаар хэлэх сонирхол байхгүй гэдэг нь тодорхой байсан.

Нэхэмжлэгч нарыг тухайн газар дээр 2012 оноос хойш амьдарч байгааг нотолж байгаа баримтууд байсаар байхад яагаад 2015 онд "Б****" ХХК-д газар ашиглах эрх өгсөн бэ? Маргаан бүхий газар гэр байгааг мэдсээр байж тухайн газар дээр газрын үзлэг хийлгүйгээр Газрын тухай хууль зөрчиж хуулийн этгээд газар олгож Газрын тухай хуулийг зөрчиж байна вэ? Гуравдагч этгээд шүүх хуралдаан эхлэхэд давж заалдах шатны шүүхээс хэрэг унадаг, буцдаг гэдэг байдлаар шүүхэд нөлөөлж байна гэдгийг хэлмээр байна.

Газар ашиглах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жилийн турш газрыг ашиглаагүй тохиолдолд хүчингүй болгоно гэж заасан байдаг. Гэтэл 7 жилийн хугацаанд тухайн газраа огт ашиглаагүй. Сүүлд газрын үзлэгийг шүүхээс хийхэд маргаан бүхий газар дээр гэрээнд заасан үүргийн дагуу ямар ч ажиллагаа явуулаагүй. Газар ашиглах гэрчилгээ авснаас хойш бүхэл бүтэн 7 жилийн хугацаа өнгөрсөн байхад тухайн газар дээрээ ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байхад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ямар арга хэмжээ авахгүй илт ашиг сонирхлын зөрчил гаргаж байна гэж харагдахаар байна. Монгол Улсын иргэн газар өмчлөх эрхтэй, тухайн газар дээр анх гэр барьж буухад зөвшөөрөлгүй учраас гэр буулгаж болохгүй гэсэн учраас төрийн захиргааны байгууллагуудад хуульд зааснаар хүсэлт гаргаж, холбогдох газруудад хандаж, хэд хэдэн удаа эрх бүхий албан тушаалтнуудтай уулзахад хүлээж бай, замын трасст орсон гэдэг хариу өгсөөр байгаад 2015 онд "Б****" ХХК-д газар олгосон эдгээр хууль зөрчсөн асуудлууд байна учраас газар олгосон шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байна гэдгийг дахин тодруулж хэлмээр байна.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.1, 35.3.2, 35.3.6, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 эдгээр хуульд заасан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэл тогтоогдож байна. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу газар ашиглах эрх олгох боломжгүй гэсэн хариуг бичгээр өгөх үүрэгтэй. Энэ үүргээ зөрчиж эс үйлдэхгүй гаргаж байна.

Иймд дээрх тайлбарууд болон хуульд заасан найман үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага хангагдах хууль зүйн үндэслэл бий гэж үзэж байна.

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Манай гэр байгаа газраас урагшаа шон хатгасан хэсгээс 2 метрийн зайтай 10-аад айлын том хэмжээтэй газар байсаар байхад заавал манай газрыг авч "Б****" ХХК-д газар олгосонд нэхэмжлэгчийн зүгээс гомдолтой байна” гэв.

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1 Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн  төлөөлөгч О.Б****** шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж заасан. Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны шууд харъяалах дээд шатны байгууллага бөгөөд сайд захиргааны даргыг томилж, бүтэц, дүрмийг баталдаг. Иргэд энэхүү байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл сайдад хандаж гомдол гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нар яаманд хандаж гомдол гаргаж байгаагүй байна.

         Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол шүүхэд хандана” гэж, 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан" бол, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д "Энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” бол шүүх нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзана гэж тус тус заасан.

         Нэхэмжлэгч нар нь Богдхан уулын дархан цаазат газарт газар ашиглах эрхгүй бөгөөд тэдний эрх, ашиг сонирхолыг хөндсөн, газар ашиглах эрхийг цуцалсан зэргээр яам шийдвэр гаргаж байгаагүй байна.

        Иймд дээрх хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

 

3.2. Хариуцагч Богдхан уулсын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б Б.Г*****  нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 03-
ны өдрийн А/266 дугаар тушаалаар "Б****" ХХК-нд Богдхан уулын дархан
цаазат газрын Арцатын аманд 0.5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосон байна.

Нэхэмжлэл гаргагч Ч.Б****** нь тус хамгаалалтын захиргаанд газар
ашиглах тухай хүсэлт өгч байсан эсэх нь тодорхойгүй, хамгаалалтын захиргааны
цахим болон цаасан суурьт архивт Ч.Б******  газар ашиглах тухай хүсэлт
өгч байсан баримт байхгүй байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 03-
ны өдрийн А/266 дугаар тушаалаар "Б****" ХХК-д Богдхан уулын дархан
цаазат газрын Арцатын аманд 0.5 га газар ашиглах эрх олгосон байх бөгөөд
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т "хүсэлт гаргасан газар нь бусдын
эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэсэн
хуулийн заалттай ба тухайн нэгж талбартай давхардуулан газар ашиглах эрх
олгох боломжгүй юм.

Иймд газар ашиглах хүсэлт гаргаж байсан эсэх нь тодорхойгүй
Ч.Б******  нарын гаргасан "газар ашиглах тухай хүсэлтийг хүлээн аваагүй эс
үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох тухай, газар ашиглахыг хүссэн өргөдлийг
хүлээн авах" тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү
” гэжээ.

 

3.3. Хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*****  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргаанд Ч.Б****** болон нэр бүхий иргэдээс газар хүссэн өргөдөл гаргасан гэсэн мэдээлэл манай газрын мэдээллийн санд байхгүй. 2022 онд гаргасан хүсэлтийн дагуу газрын мэдээллийн сангаас шалгаж үзэхэд 2015 онд газар ашиглах эрх олгогдсон Б***** ХХК-ийн газартай давхцаж байсан тул анх гаргасан хүсэлтийн хариу болгож газартай давхцаж байгаа учраас газар олгох боломжгүй гэсэн хариуг бичгээр өгсөн. Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргаанд бичгээр ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй учраас Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар:

4.1. Гуравдагч этгээд "Б****" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Нэг. Нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах үндэслэлийн тухайд,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14
дүгээр зүйлд маргаан бүхий захиргааны актыг мэдсэнээс хойш дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргах талаар зохицуулсан байдаг.

Мөн 5 удаа хүлээн аваагүй эс үйлдэхүй /нэхэмжлэгч 2015, 2018, 2019, 2020, 2022 онуудын өргөдлийн талаар нэхэмжлэлдээ дурджээ/-г хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд ч тухайн эс үйлдэхүй тус бүрийг тухайлан авч үзэж, дээр дурдсанчлан хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацаандаа нэхэмжлэлээ гаргасан эсэхийг шүүх дугнэх ёстой. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд гуравдагч этгээд "Б****" ХХК-д газар ашиглах эрх олгосон болохыг 2020 онд мэдсэн гэдгээ нэхэмжлэлдээ тодорхой дурдсан, 2015 оноос хойш өргөдлүүдийг нь хүлээн аваагүй гэх асуудалд яагаад одоо маргаж байгаагаа тодорхойлоогүй байхад шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх ёстой.

Хоёр. Нэхэмжлэлийн шаардлага хангагдах хууль зүйн үндэслэл, боломж байхгүй. Нэхэмжлэгч 4 иргэн амины зориулалтаар газар ашиглахын тулд манай компанийн газрыг хүчингүй болгуулах, даалгах шаардлагуудыг гаргасан байна. Гэтэл маргаан бүхий газар нь Дархан цаазат газар бөгөөд тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 7-12 дугаар зүйлд Дархан цаазат газрын дэглэм, хориглох үйл ажиллагааны талаар тодорхой зохицуулсан Хуулийн энэхүү зохицуулалтаас дүгнэхэд Дархан цаазат газарт амины зориулалтаар, гэр
бүлийн хэрэгцээнд газар олгох хууль зүйн боломж байхгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д тус тус зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, түүнийг сэргээн эдлүүлэх чиглэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг шийдвэрлэдэг. Гэтэл Ч.Б****** , Ч.Б****** , Б.Г***** , Б.О нарын хувьд амины зориулалтаар газар ашиглах "эрх, хууль ёсны ашиг сонирхол” гэх ойлголт огтоос байхгүй нь илэрхий байна. Шүүхээс гарах шийдвэр нь хууль ёсны, ундэслэл бүхий байхаас гадна хэрэгжих бүрэн боломжтой байх ёстой.

Гурав. "Б****" ХХК нь газар ашиглах эрхээ хуулийн дагуу баталгаажуулж хэрэгжүүлж байна. Анх 2015 онд хууль заасан шаардлагын дагуу хүсэлтээ гарган Байгаль орчин, аялал жуулчалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А-266 дугаар тушаал, 07 дугаар сарын 08-ны өдрийн 2015/216 дугаар гэрчилгээгээр аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхээ авсан. Гурвалсан гэрээ байгуулах удаашралтай байснаас гадна манай газрын өмнүүр, голоор авто зам төлөвлөгдөж, трасс батлагдсан. Үүнээс хамаарч бид газар дээрээ төслөө хэрэгжүүлэхэд хүндрэл гарч, цаг хугацаа ихээхэн алдсан. Төслийг хэрэгжүүлэх процесс бүр төрийн захиргааны аль нэгэн байгууллагаас хамаардаг, шат шатандаа хэн нэгэн даргаар батлуулдаг бөгөөд нэгэнтэйгээ шууд уялддаг цогц үйл ажиллагаа процесс нэлээд байдаг.

Манай компани нь хууль мөрдөж, бүх үйл ажиллагаагаа төрийн эрх бүхий
байгууллагуудаар зөвшөөрүүлж, батлуулсаар өнөөдрийг хүрсэн. Манай төслийн баримт бичиг, зураг төслийн шат ерөнхийдөө дуусах чигтээ орсон бөгөөд одоогоор эскиз зургаа батлуулахаар ажиллаж байна. Энэхүү тайлбарт хавсаргаж өгч буй баримтуудаас бодит нөхцөл байдал, үйл баримтуудын талаар ойлголт хангалттай авна гэдэгт итгэлтэй байна.

Дерев. Газрын тухай хуульд 27 дугаар зүйлийн 27.1-д "Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоо гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан; Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10, 10.1-д хуульд заасныг зөрчиж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох талаар зохицуулсан. Эрх бүхий этгээд зөвшөөрөөгүй байхад дур мэдэн газар ашиглаж байгаа зөрлийн тухай хуульд заасан зөрчил бөгөөд энэ талаар эрх бүхий албан тушаалтанд гомдол гарган зөрчлийг таслан зогсоолгох, буруутай этгээдэд хариуцлага тооцуулах чиглэлд анхааран ажиллах болно.

Иймд дээрх байдлаар нэхэмжлэл нь үндэслэлгүй, гуравдагч этгээдийн газрын эрх хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд нийцсэн байх тул хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар шийдвэрлэхийг хүсье” гэжээ.

 

4.2. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“”БЛМ тур” ХХК нь маргаан бүхий газар дээр аялал жуулчлалын зориулалттайгаар үйл ажиллагаа явуулах төсөл хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/266 дугаар тушаал, 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2015/76 тоот гэрчилгээгээр 5000 м.кв газар ашиглах эрх олгогдсон. Газар ашиглах эрх дуусаж хуульд заасан журмын дагуу газар ашиглах эрхийг сунгуулсан байдаг. Газар ашиглах эрх хүчин төгөлдөр байгаа бөгөөд төслийн хүрээнд газар дээрээ үйл ажиллагаа явуулж байгаа.

Газар ашиглах гэрээг хэсэг хугацааны дараа буюу удаж байж 2019 онд гэрээ байгуулсан. Улмаар гэрээ байгуулахгүй удсан шалтгааныг замын трасс барих гэж байгаатай холбогдуулан удсан гэж Б***** ХХК-ийн захирал тайлбарласан. 2019 онд газар ашиглах эрхийн гэрчилгээ байгуулж, архитектур төлөвлөлтийн даалгаврыг Хот байгуулалт, хөгжлийн газраар батлуулж, эскиз зураг батлуулах шатандаа явж байгаа. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаан болон шат шатны төрийн захиргааны байгууллагуудын цогц үйл ажиллагааны хүрээнд бүх төслүүд хэрэгждэг. 2015 оноос хойш 7 жилийн хугацаанд төслийн үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлж ирсэн.

ЧЧ.Б****** , Б.Г***** , Б.О нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлийн шаардлага дэмжиж оролцоогүй болохыг хэлэх нь зүйтэй байх. Зөвхөн Ч.Б****** холбогдох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мэтгэлцэнэ гэж ойлгож байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа 2012 оноос хойш маргаан бүхий газар дээр амьдарч байгаа гэдэг. 2013 онд агаар сансрын зургийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас нотлох баримтаар гаргаж өгсөн. 2013 онд тус газар дээр гэр байсан гэдгийг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа. Гэр бүлийн хэрэгцээгээр газар ашиглах боломж байдаг эсэхийг шүүх анхаарч үзэх нь зүйтэй байх. 2015 оноос эхлэн 5 удаа газар ашиглах эрх хүссэн өргөдлийг гаргаж байсан ч хүсэлтийг хүлээж аваагүй гэж тайлбарладаг. 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын албанд газар ашиглах хүсэлт гаргасан өргөдөл, бусад шаардлагатай баримтуудын хамт хавсаргаж өгсөн боловч хүлээж аваагүй гэж тайлбарлаж байгаа хэдий ч үүнийг нотолсон баримт одоогийн байдлаар байхгүй. Гэтэл 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хэдийнээ Б***** ХХК нь газар ашиглах эрхээ баталгаажуулсан байдаг.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-3.1.4-т газар өмчлөх, ашиглах эрхийг зохицуулсан. Газрыг аль ч хэлбэрээр ашиглаж байгаа тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, албан тушаалтны шийдвэрээр газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр газар ашиглах эрхтэй. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүйгээр газар эзэмшихийг хориглоно гэж заасан. Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арзатадын аманд олон жил амьдарч байна гэж тайлбарладаг. 2015 онд Б***** ХХК-ийн газар ашиглах эрх үүссэн хугацаатай уялдуулан 2012-2015 оны хооронд буюу 2 жилийн хугацааг олон жил амьдарсан гэж ойлгож болох уу гэдэг асуудал байна. Өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн хувьд хангагдах ямар ч боломж байхгүй гэж үзэж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд 4 төрлийн тусгай хамгаалалттай газрыг зохицуулсан. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг дархан цаазат газар гэж ойлгоно. Дархан цаазат газар нь дэглэмийн хувьд хамгийн хатуу байгалийн онгон байдлыг хадгалах, олон хориглосон үйл ажиллагааг зохицуулалт байдаг. Ч.Б****** нь тухайн газар дээр гэр барьж амьдарч байгаа бөгөөд тухайн нөхцөлөөр газар эзэмших хүсэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй. Нэгдүгээрт хууль зүйн хувьд нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй. Хоёрдугаарт нэхэмжлэгч нар нь хуульд заасан журмын дагуу хүсэлт гаргаж байгаагүй гэж ойлгож байна. Нэхэмжлэгч нараас хүсэлт гаргаж байсан хугацааны хувьд Б***** ХХК-ийн дараа хүсэлт гаргаж байсан. Гуравдугаарт газрын давхцал болон замын трасс давхцаж байсан нь мөн гуравдагч этгээдийн газар ашиглах эрх авсны дараа үүссэн. Дөрөвдүгээрт зөвшөөрөлгүй газар бууснаараа тухайн газрыг эзэмших, ашиглах эрх олох хууль зүйн боломж байхгүй.

Шүүхээс захиргааны байгууллагын үйл ажиллагааг шийдвэрлэхдээ тодорхой жишиг тогтоодог гэж өмгөөлөгчийн хувьд ойлгодог. Зөвшөөрөлгүй газар бууснаараа газар ашиглах эрхтэй болно гэсэн ямар ч хуулийн зохицуулалт байхгүй. Эдгээр үндэслэлүүдээр хуульд заасан эрхээ хэрэгжүүлж байгаа Б***** ХХК-ийн эрхийг хөндөх үндэслэл байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “Ч.Б****** , Ч.Б****** , Б.Г***** , Б.О Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А-266 дугаартай "Б****" ХХК-д газар ашиглах зөвшөөрөл өгсөн тушаалыг хүчингүй болгуулах, Ч.Б****** , Ч.Б****** нарын Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, арцат 18-1** тоот, Б.Г***** Арцат 18-2*** , Б.О Арцат 18**** тоот хаягтай газруудад газар ашиглахаар бидний гаргасан өргөдлийг үндэслэлгүйгээр 5 удаа хүлээн аваагүй хариуцагчийн эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, бидний газар ашиглахыг хүссэн өргөдлийг хүлээн авах, зөвшөөрөл гаргахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг Богдхан уулсын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “тус газарт 2013 оноос хойш амьдран сууж байгааг харгалзалгүй, удаа дараа гаргасан хүсэлт гаргаж байсныг хүлээн аваагүй атлаа уг газарт үйл ажиллагаа явуулж байгаагүй хуулийн этгээдэд газар ашиглах эрх олгосон нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийннотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Б****** , Ч.Б****** , нараас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад, Ч.Б****** , Ч.Б****** , Б.Г***** , Б.О нараас Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:

3. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана”, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д “Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 33.5, 34.1-34.5, 34.6.1-34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална” гэж тус тус заажээ.

 4. Хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу нэхэмжлэгч нар нь тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглахыг хүссэн өргөдлөө хамгаалалтын захиргаагаар дамжуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад гаргасан байх шаардлагатай байхад нэхэмжлэгч нар нь гуравдагч этгээд "Б****" ХХК-д газар ашиглах эрх олгохоос өмнөх цаг хугацаанд хуульд заасан журмын дагуу газар ашиглах хүсэлт гаргаж байсан үйл баримт тогтоогдохгүй байна. Тухайлбал,

4.1. "Б****" ХХК-иас анх 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай хүсэлтээ Байгаль орчин, аялал жуучлалын сайдад гаргасан байх ба хүсэлтдээ Богдхан уулыг дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 212 дугаар “Санал хүргүүлэх тухай” албан бичиг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А-266 дугаар “Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” тушаал, газар ашиглах эрхийн 2015/216 дугаар гэрчилгээ, газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгжийн газартай давхцалгүй тухай Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 06б/1314 дүгээр албан бичиг, Богдхан уулыг дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1472 дугаар газар ашиглах хугацааг сунгахад татгалзах зүйлгүй талаарх албан бичиг зэрэг баримтуудыг хавсаргажээ.

4.2. Нэхэмжлэгч Ч.Б****** , Ч.Б****** нараас 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хийлгэсэн газрын кадастрын зураг нь гуравдагч этгээдийн ашиглалтанд олгосон газартай бүхэлдээ, Б.Г***** , Б.О нараас мөн өдөр хийлгэсэн газрын кадастрын зураг нь гуравдагч этгээдийн ашиглалтанд олгосон газартай хэсэгчлэн давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байх боловч энэхүү зураг нь  гуравдагч этгээдэд газар ашиглах эрх олгосон 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/266 дугаар тушаал гарснаас 2 сар гаруйн дараа зурагдсан байна.

4.3. Байгаль орчин, аялал, жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/235 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт орж ажилласан Н.Э гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “... газрын хэмжилт хийсэн. Хэмжилт хийсний үндсэн дээр хамгаалалтын захиргаанд газар баталгаажуулахаар хүсэлт илгээдэг байсан. Давхцалгүй иргэдийн асуудлыг шийдсэн. Давхцалтай иргэдийн асуудлыг шийдвэрлээгүй. Тухайн үед шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлж байсан...” гэж мэдүүлснээс үзвэл, нэхэмжлэгч Ч.Б****** “...тухайн газарт оршин сууж байсан иргэдийн газар ашиглах эрхийг баталгаажуулахаар ажлын хэсэг гарч ажиллаж байхдаа манай газар дээр ирсэн, кадастрын зураг хийлгэсэн, гэвч өргөдлөө өгөхөөр очиход аваагүй” гэсэн тайлбарыг үгүйсгэхээргүй боловч кадастрын зураг хийлгэж хүсэлтээ өгөхөөр очсон гэх хугацаа нь гуравдагч этгээдэд газар ашиглах эрх олгосон шийдвэр гарснаас мөн хойно байна.

4.4. Нэхэмжлэгч Ч.Б****** , Ч.Б****** нар нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 18-1** тоот хаягт 2013 оноос хойш бүртгэлтэй, амьдарч байгаа нь иргэний бүртгэлийн лавлагаа, хорооны Засаг даргын тодорхойлолтоор, түүнчлэн Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас гаргаж ирүүлсэн 2013 оны 10 дугаар сарын агаар сансрын зурагт Ч.Б******  амьдардаг гэр байгаагаар тус тогтоогдож байх боловч эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр газрыг ашиглаж байгаа нь гуравдагч этгээдэд олгогдсон газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

4.5. Мөн хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...хүсэлт гаргаж байгаагүй” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1032 тоот албан бичигт “... Ч.Б****** , Ч.Б****** , Б.Г***** , Б.О нараас газар ашиглах хүсэлт ирүүлж байгаагүй бөгөөд дээрх иргэдийн мэдээлэл хамгаалалтын захиргааны газрын мэдээллийн санд бүртгэлгүй” гэсэн болон нэхэмжлэгч Ч.Б******  “... бид өргөдөл хүсэлт гаргах талаар мэдэхгүй байсан, зөвхөн очиж уулзаж байсан” гэж тайлбарласан, гэрчээр мэдүүлэг өгсөн Д.Б Ц.Д нар нь нэхэмжлэгч Ч.Б******  уулзаж, харилцсан байж болох цаг хугацааг 2016-2017 он гэж тодорхойлсон зэргээс үзвэл, нэхэмжлэгч нь газар ашиглах хүсэлтээ хэлээд, яриад байснаас Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэж заасны дагуу бичгээр гаргаж байгаагүй байна.

5. Иймд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 2015 оны А-266 дугаар тушаалаар маргаан бүхий газрыг "Б****" ХХК-д ашиглуулахаар олгосныг хууль бус гэж үзэх боломжгүй, уг шийдвэрээ ашиглуулахаар олгосон газар нь нэхэмжлэгч нарын хүсэлт гаргасан газартай давхцсан гэж үзэхгүй, түүнчлэн нэхэмжлэгч нарын газар ашиглах талаарх хүсэлтийг удаа дараа хүлээж аваагүй гэх Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.

6. Харин нэхэмжлэгч Ч.Б******  “Б.Г***** оршин сууж буй Арцатын 18-2*** , Б.О бүртгэлтэй Арцатын 18**** тоот хаягт байрлах газрууд нь замынхаа урд өөр газарт байрлалтай, Б.Г***** , Б.О нар нь маргаан бүхий газарт анх амьдарч байгаад, одоо өөр газарт түрээслэж амьдарч байгаа” гэж тайлбарласан, мөн шүүхийн үзлэгээр маргаан бүхий газарт Ч.Б******  гэх нэг гэр байрлаж байсан, энэхүү гэр нь 2013 оны 10 дугаар сарын агаар сансрын зурагт анх тусгагдсан зэргээс үзвэл Б.Г***** , Б.О нар нь маргаан бүхий газарт оршин сууж, амьдардаг гэх нөхцөл тогтоогдохгүй байх тул гуравдагч этгээдэд олгогдсон газар ашиглах эрхийг хүчингүй болгуулахаар маргах эрхгүй байна.

7. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс “иргэнд нь улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт иргэний ахуйн зориулалтаар газар ашиглуулах эрх зүйн зохицуулалтгүй тул нэр бүхий иргэд нь нэхэмжлэл гаргах эрхгүй” хэмээн тайлбарлах боловч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болох”-оор хуульчилсан, нэхэмжлэгч Ч.Б****** , Ч.Б****** нар нь маргаан бүхий газарт оршин сууж амьдарч байх тул уг газрыг гуравдагч этгээдэд ашиглуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах, маргах эрхтэй, гагцхүү Ч.Б****** , Ч.Б****** нарын Багаль орчин, аялал жуулчлалын сайдад, Ч.Б****** , Ч.Б****** , Б.Г***** , Б.О нараас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 36 дугаар зүйлийн 36.1, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 44 дүгээр зүйлийн 44.8-д заасныг тус тус баримтлан Ч.Б****** , Ч.Б****** нараас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А-266 дугаартай "Б****" ХХК-д газар ашиглах зөвшөөрөл өгсөн тушаалыг хүчингүй болгуулах”, нэхэмжлэгч нараас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд холбогдуулан гаргасан Ч.Б****** , Ч.Б****** нарын Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцат 18-1** тоот, Б.Г***** Арцат 18-2*** , Б.О Арцат 18**** тоот хаягтай газруудад газар ашиглахаар бидний гаргасан өргөдлийг үндэслэлгүйгээр 5 удаа хүлээн аваагүй хариуцагчийн эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, бидний газар ашиглахыг хүссэн өргөдлийг хүлээн авах, зөвшөөрөл гаргахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан Б.Г***** , Б.О нараас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А-266 дугаартай "Б****" ХХК-д газар ашиглах зөвшөөрөл өгсөн тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ч.Б******  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.МӨНХЗУЛ