Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 102/шш2021/03410

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2021/03410

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

........... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  .................дүүрэг  ...........дугаар ..........хороо  .......дүгээр байр .... тоотод оршин суух, ... онд төрсөн ......... настай, О овогт Э ийн Ц /РД: .........../

Хариуцагч: ........... дүүрэг  дугаар хороо ........... хотхон  дүгээр байр ... тоотод оршин суух, ....онд төрсөн ... настай, Т овогт Р ийн М /РД: /

2021-2022 оны хичээлийн жилийн хүүхдийн сургалтын төлбөр 9.920.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Ц , хариуцагч Р.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2021 оны 09 дүгээр сарын 15-нд охины сургалтын төлбөрийг сургуулиас нь шаардсан. Энэ хүн хүүхдүүдийн сургууль, цагдаа шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дүр эсгэж, худлаа амлалт өгч явдаг. Үүнээс болж араас нь хэдэн жил явж байна. Энэ хүн өнгөрсөн хугацаанд хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлж ирсэн. 2019 онд охиноо Хятад улс руу сургуульд явуулах гэсэн боловч Ковидийн нөхцөл байдлаас шалтгаалж яваагүй. Би хүүхдүүдтэйгээ байр түрээслэх, хоол унд, гэрийн үйлчлэгчийн цалин зэрэг зардлыг төлж зохицуулж ирсэн. Намайг бага насны 3 хүүхэдтэй өрөнд оруулаад орхиод явсан. Би олсон бүх мөнгөө өр шир тавиад ч болтугай хүүхдүүддээ зарцуулж ирсэн. Ийм байхад энэ хүн бидэнд туслаагүй. Хүүхдүүд өнөөдөр 20.000.000 төгрөгийн гутал өмсөж байна. Үүн дээр гар утас, нөтбук гэхэд л сүүлийн жилд 5-6.000.000 төгрөгөөр авч өгсөн. Хүүхдүүд утсаа хаялаа гэхэд 1.500.000 төгрөг, 6.500.000 төгрөг гээд би аваад л өгдөг. Байр, тог, хүүхдүүдийн эмнэлгийн зардлууд бүгд надаас гарч байгаа. Энэ хүн дүр эсгээд шүүхийг хуурахын тулд намайг харааж зүхэж бөөн юм болж байж ганц нэг төлсөн юмаа баримтжуулаад явдаг. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэсэн байна. Үүрэг хариуцлага хүлээх болохоор хууль бариад ярьчихдаг хүн. Хүүхдийн тэтгэлгийн 200.000 төгрөгөөр байр, хүүхдийн эмнэлгийн эмчилгээний зардал бүгдийг болго, зохицуул гэж шаардлага тавьдаг. Цаашдаа хүүхдийн сургалтын төлбөрийг 50, 50 хувиар нь хуваагаад төлөөд явна гэдгээ мэдэж байгаа бол жил болгон шүүхээр явах юм уу яах юм. Тэгвэл би 300.000.000 төгрөгний 150.000.000 төгрөгийг шүүхээр нэхэж болж байна гэж ойлгож байна. Хуулиар сургалтын төлбөрийг эцэг эх 50, 50 хувиар төлнө, үүрэгтэй гэдгээ мэддэг юм шиг байна. 50 хувийг нь төлнө гэсэн тайлбарыг нь зөвшөөрч байна. Бусад зардлыг бас хувааж нэхэмжлэх юм байна гэв.

Хариуцагч Р.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2010 онд шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Дундаасаа 2 хүүхэдтэй. Хардалт, сэрдэлт хэрүүл, хүчирхийллээс болоод гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ асарч хамгаалах үүргээ хангалттай чадах чинээгээр өөрийнхөө хэмжээнд биелүүлж явсан гэж үздэг. Тухайн үед төрийн албан хаагчийн зээлээр 2 хүүхэддээ байр авч өгсөн боловч Э.Ц голж хотын төвөөс хол байна төвд 3-4 өрөө байр авч өг гэсэн шаардлага тавьсан. Тухайн үед тийм боломж байгаагүй. Хүүхдүүд 8-10 дугаар ангид сурч байна. Энэ хугацааны сургалтын төлбөрийг би 100 хувь хариуцан төлсөөр ирсэн. Бид сургалтын төлбөрийг би, Э.Ц байр, хоол унд эмнэлэг, эмчилгээ, хувцасны төлбөрийг хариуцна гэсэн яриатай явж байсан. Үүнийхээ дагуу би үүргээ гүйцэтгэж ирсэн. Э.Ц энэ жилээс эхлэн хүүхдүүдийн сургалтын төлбөр төлөх гэж байгаа юм. Хүүхдээ сургуулиас хүчээр гаргаад Хятад руу хямдхан үнэ төлбөргүй сургуульд оруулна гээд охиныг Плехановын сургуулиас нь гаргачихсан. Ковидоос шалтгаалаад охин явж чадаагүй. Хүүхдээ завсардуулахгүйн тулд энд Хятад сургуульд оруулсан. Сургалтын төлбөр гэж юу юм тэр байтугай зардал гардаг гэсэн болохоор нь нэг удаа ч гэсэн өөрөө төлж үзэг юу байдгыг үзэг гээд өөрийг нь төл тэр төлбөрөөс нь 50 хувийг нь төлнө гэж хэлсэн боловч Э.Ц үгүй гээд хэрүүлээ хийсэн. Өнгөрсөн хугацаанд би хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлж байхдаа өөрийг нь талыг нь төл гэж хэлж байгаагүй. Сая төлбөрийг нь төлсөн юм бол юм ээлжтэй, хоёулаа ээлжилье би тэрийг нь төлсөн чи тэрийг нь төлсөн гэж хэлэхгүй байя. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд эрх тэгш, адил үүрэг хүлээнэ гэж байгаа. Тийм учраас би талыг нь төлье чи ч хариуцлага хүлээ, би ч үүрэг хүлээе гэсэн байр суурьтай байна. Э.Ц ч үүнийг зөвшөөрч байх шиг байна. Цаашдаа гарах сургалтын төлбөрийг хоорондоо ярилцаж зөвлөлдөөд би 50 хувийг төлөөд явахад татгалзахгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Ц нь хариуцагч Р.М д холбогдох 2021-2022 оны хичээлийн жилийн хүүхдийн сургалтын төлбөр 9.920.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

2004 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин М.Э Путонхуа сургуулийн 12 дугаар ангид сурдаг, 2009 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү М.И Путонхуа сургуулийн 7 дугаар ангид суралцдаг, Э.Ц , Р.М нар 2010 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 680 дугаартай шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ, Путонхуа сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт, шүүхийн шийдвэр гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Ерөнхий боловсролын Путонхуа сургууль М ы Э нарын байгуулсан 2021-2022 оны хичээлийн сургалтын төлбөр 5.000.000 төгрөг, М ы И эй байгуулсан хичээлийн жилийн төлбөр 4.000.000 төгрөг боловч нэг айлын хоёр хүүхэд сурч байгаа тул 2 дахь хүүхдээс төлбөрийг 10 хувь хөнгөлж 3.600.000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан байна.

Дээрх гэрээгээр хүүхдүүдийн сургалтын төлбөр нийт 8.600.000 төгрөг, М.Э , М.И нарын 2021-2022 оны хичээлийн жилийн тус бүр 220 хоногийн хоолны төлбөр нийт 1.320.000 төгрөг болох нь гэрээ, нэхэмжлэх гэсэн баримтуудаар тогтоогдсон, нэхэмжлэгч нь сургалт, хүүхдүүдийн хоолны мөнгийг төлсөн талаар хариуцагч маргаагүй болно.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд суурь боловсрол эзэмшүүлэх, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуульд заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь 2021-2022 оны хичээлийн жилийн хүүхдүүдийн сургалт, хоолны төлбөрт төлсөн 9.920.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26 дугаар зүйлд заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэхээр заасан, хариуцагч төлбөрийн 50 хувь 4.960.000 төгрөг төлнө гэснийг нэхэмжлэгч тал зөвшөөрсөн тул хариуцагчаас 4.960.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Ц д олгож, үлдэх 4.960.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь хэрэгт Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, орон сууц хөлслөх гэрээ, фото зургийн хуулбар, хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж, мессэж зэрэг баримтыг ирүүлсэн нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэн дурдав.

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнд улсын тэмдэгтийн хураамж гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д зааснаар хариуцагч Р.М аас 4.960.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Ц д олгож, үлдэх 4.960.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173.670 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Р.М аас улсын тэмдэгтийн хураамжид 86.835 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Ц д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА