Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/00367

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Ц-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/03410 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Ц-гийн хариуцагч Р.М-д холбогдуулан гаргасан хүүхдийн сургалтын төлбөр болон хоолны зардалд нийт 9,920,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Ц-, хариуцагч Р.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн сургалтын төлбөр болон хоолны зардалд нийт 9,920,000 төгрөг гаргуулах тухай.

1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Хүүхдүүдийн эцэг Р.М-ы нэхэмжлэлээр 2010 оны 06 дугаар сарын 17 ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 680 тоот шийдвэрээр Р.М- салцгаасан. Тус шүүх хурал нь нэхэмжлэл гардуулалгүй, тайлбар авалгүй, үнэнд нийцээгүй түүхэнд хийж байгаагүй хурал болсон байдаг. Энэ хурал дээр миний зүгээс оюутан байхаас нь Р.М-ыг ШЕЗ-д дэвштэл нь тэжээж ирсэн, би орон байрны мөнгөтэй байхад Р.М- үрж, ар гэртээ хэрэглэсэн, гэртээ араатан шиг байдаг, арван жил болоход талхны мөнгө ч өгч үзээгүй аргаа бараад би хүүхдүүддээ хорь, хорин мянган төгрөг данс нээж хийе гэж хэлж, харин би өөрөө боломжоороо 20, 20 мянгаар хийж мөнгө цуглуулж дансанд хийж байгаа тухай эмэгтэй хүнийхээ хувьд баярлаж үзээгүйдээ гомддог, Р.М- нь ирээдүй цаг дээр худал амлалтууд өгч ирсэн талаар намайг хуурч залилж миний байр авах гэж цуглуулж байсан мөнгийг авч хоосолж хохироож ирсэн талаар олон жил хүч хөлсөө түүнд зориулан ОХУ-д өндөр зардалтай газарт байрны түрээс, амьдрах зардлуудыг би дангаараа төлж, сургуулиас минь гаргаж байсан талаар ирээдүйд тэрээр амьдралаа авч явна гэдэг амлалт өгч, 12 жил боолчлоод 3 хүүхэдтэй гудамжинд яаж гаргаж чадаж байна гэж ярьсан нь байдаг. Мөн энэ хурлыг хийхээр болсныг мэдээгүй байсныгаа хэлж, би Р.М- саяхан гэнэт 250,000 төгрөг өгч зусланд гаргуулсан, гэтэл араар нь ийм юм хийсэн байж гэж хэлсэн нь протоколд ч байдаг. Давж заалдахаар намайг гомдол гаргуулахгүй гэж хотоос хол авч очиж Р.М- бэлдсэн байсан нь дараа нь ойлгогдсон. Харин Р.М-ы зүгээс дараах амлалтууд байдаг хүүхдийн тэтгэлэг хаанаа ч хүрэхгүй мөнгө би сайн тусална, орон байраар хангана, хүүхдүүдээ сайн харж хандаж тусална дундын өмч байхгүй аав, ээжийн байр гэж худал амлалт өгч худал мэдүүлж бүх өмч хөрөнгүүдээ авч үлдэж өр ширээ надад үлдээж чадсан байдаг. 2010 онд ингэж амлалт дахин дахин шүүхийн зааланд өгч шүүхийн шийдвэр гаргуулж аваад 2010-2019 он хүртэл нэг ч хүүхдийн тэтгэлэг нэг ч төгрөг өгөөгүй байж 20,000,000 төгрөг өгсөн мэт баримт бүрдүүлсэн байсан. Энэ нь 2019 онд дахин худал нэхэмжлэл гаргаж явж байгаад өөрөө өөрийгөө илчилж нөхөж өгч эхэлсэн. 2019 оноос хүүхдийн тэтэгэлт 7, 8 сая төгрөг нөхөж өгөхдөө хорсон, бусдаар залилуулан луйвардуулж намайг 200,000,000 гаруй төгрөгийн өрөнд оруулан, цагдаа прокурортой хуйвалдаж шалгуулахгүй явж цагдаа нарт үүрэг даалгавар өгч утсаар зааварлан, нэг ч шалгуулахгүй миний зээл авсан байсан өр зээл, бизнесийг бүрэн дампууруулан амьд явах нөхцөлгүй дахиж болгосон. Дээр нь нэмээд хүүхдүүдийн сургалтын төлбөр төлөхөөр хууль ёсны өмчлөгч хүүхдүүдийн итгэмжлэл болоод асран хамгаалагчийн хувиар гэрээ байгуулан түрээсэлж байтал Р.М- мөн энэ сургалтын төлбөрт өгөх мөнгийг авснаас хүүхдүүд амьдрах ч газаргүй, сургуульдаа ч явалгүй нэг жил завсардан одоо дахин төлбөрийн асуудлаас болж энэхүү нэхэмжлэлийг гаргахад хүрсэн юм. Харин салсны дараа Р.М- нь миний хүүхдүүддээ цуглуулж байсан 20, 20 мянгаар хадгалж байсан хүүхдүүдийн хадгаламжинд байсан 2,000 юаныг 2010 оны 07 сард аваад өгөөгүй, дээр нь байранд оруулна урьдчилгаанд төлөх 15,000,000 төгрөгийи зээлийг Р.М- нь өөрийн нэр дээрээ авсныгаа намайг төл гэж сар бүр 1,390,000 төгрөг дарамталж төлүүлж, ломбарданд тавьсан байсан өрөө дарахын тулд миний хүмүүсээс авсан байсан зээлээс 1,000 еврог авч өрөнд оруулж байсан гээд мөн хөөргөө зээл тавьж 850,000 төгрөг дахин дахин төлүүлж салахын өмнөхөн болоод салсны дараа дахин өрөнд оруулан залилж хохироосон үйлдлүүдээ Р.М- өөрөө сайн мэдэж байгаа. Р.М-аас салсны дараа би хүүхдүүддээ хоолны мөнгө олохын тулд ченж хийж зөрүүнээс нь 50-100 доллар олж амьдралаа авч явж байсан. Энэ үед Р.М- хамт явж байгаад 103,000 долларын өрөнд оруулаад хаяж утсаа салгаад таг алга болсон. Тэр их өрөнд оруулчихаад зугтсанд одоо бол шүүхэд өгөх ёстой байхад би өрийг нь төлж, 3 хүүхэдтэйгээ гудамжинд гарч, орон байрны мөнгөө залилуулж дарамтанд нь орж ах дүүсээсээ зээл авахуулан түүний авсан зээлийг дарж байсан байдаг. Энэ талаар 15,000,000 төгрөгөө төлүүлж байсан нь Р.М-ы Хаан банкны зээлийн дансаар нь миний төлж байсан баримтаар нотлогдоно. Мөн салсны дараа удаагүй хүүхдүүдийн хадгаламжинд байсан 2,000 юаныг хоосолж авсан нь миний Хаан банкны дансаар гарч түүний дүүгийн сургуулийнх нь төлбөрт өгсөн баримт байдаг. Энэ баримт 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1819 тоот шийдвэртэй шүүхийн хавтсанд нотлох баримтаар үлдсэн байгаагаар нотлогдоно, өнөөдөр хүүхдүүд нь өөрийн гэсэн орох оронгүй, эхийг нь өвчтэй байхад орон байрыг нь бусдад хуйвалдаж түрээслээд төлбөрийг нь ганцаараа авсан байгаа нь мөн түүний байгуулсан гэрээгээр нотлогдоно. Эх намайг ажил хийх бүх нөхцөлүүдийг нь далдуур бусдын гараар боомилж таслаад, эрүүл биегүй болтол нь сэтгэл санаа эдийн засгаар нь тасралтгүй элдэв нөхцөл рүү оруулан яваа талаар цагдаа прокурор хэдэн зуун дуудлага өгөхөд нэг ч шалгадаггүй. Баянгол дүүргийн шүүхэд залилагчид нийлж хохироочихоод гүтгэж худал нэхэмжлэл гаргаж Кульдана шүүгч дээр хувиарлагдаж нотлох баримт шалгахад үзлэгээр миний утсан дээрхи бичлэг нотлох баримтаар 2021 онд мөн л шал худал нэхэмжлэл гаргаж баригдаж байсан. Ингэж хүчирхийлээд зогсоогүй дээр нь нэмээд цагдаа, хороо, ХХТ, ШШГГ, АТГ, прокурор гээд төрийн байгууллагууд танил талаараа нийлж давхар түүний урхи заль худал үгээр нийлж хүчирхийлж, гол гомдлыг шалгахгүй байна гэж миний зүгээс үзэх болсон. Энэ бүгд түүний санаатай хийсэн урхинуудад орж би асар их хохирч амьдралаа сүйрүүлсэн байдаг. Үргэлжлээд хүүхдүүддээ энэ мэх урхиа хэрэгжүүлээд явж байгаад маш их зэвүү хүрч 2020 оноос цагдаа АТГ, ШШГГ, ХХТ, Хүний эрхий комисс, өмгөөлөгчдийн холбоо, сошиал гээд яваагүй газаргүй боловч түүний уран үнэмшилтэй урьдчилж бэлдсэн баримт дүр драмд хүмүүс итгэдэг. Гэтэл цаана нь 20, 100 дахин хохироох мэх явааг төсөөлж хүний ухаан санаанд багтдаггүй үлгэр түүх домог мэт тул итгэдэггүй, шалгадаггүй юм. Тухайлбал 15,000,000 төгрөгийн зээл авч надаар төлүүлчихээд, лизингийн байр авч өгсөн гэдэг гое нэрийн дор тэрээр сард үндсэн зээлээс лизингэд ердөө 70,000-100,000 төгрөг төлж биднийг эрхшээлдээ оруулан, өөрсдийн эрхээр амьдрах боломжгүй болгож хорлосон байдаг. Тэрээр энэ байрны үндсэн зээлнээсээ нь 1,2 сая төгрөг жилдээ төлж байхад бид түрээсэнд жилдээ 16,8 сая төгрөг төлж олон жил явсан байдаг. Гэтэл энэ мөнгөөр бид лизингийн байранд өөрсдөө дуртай газраа орох байсан ганц боломжийг энэ хүн устгаснаас бид орон байргүй, олсон мөнгөөрөө байр түрээсэлж явсаар ирсэн байдаг. Эдгээр түүний буруутай үйлдлээс түүний хүүхдүүд байнгын хохирч байгаа. Охин М.Э- одоо 12 дугаар ангийг төгсөх ба 12 сард тэтгэлэгт хамрагдахын тулд эх миний зүгээс чадахаараа цаг заваа зарцуулах халамж анхаарал тавих үүрэгтэй гэж үзэж байгаа. Охин орос, англи, хятад хэлтэй. Харин орос, монгол сургуульд сурахад хүүхдүүдийн сургалтын төлбөрийг аав нь төлж ирснийг би хэзээ ч үгүйсгэж байгаагүй. Р.М- харин хүүхдүүдийн төлөө жилдээ 40-50 сая төгрөг намайг мөнгө олж байхдаа зарцуулж байдгийг мэддэг байсан эдгээр зардлуудад тусалдаггүй, харин яаж туйлдуулж зовоож дээрэлхэх үү гэж сэтгэж явдаг байсан. Биднийг дарамтанд оруулдгаас болж бид түүний оролцоогүй сургалтын төлбөрийг шийдэх нөөц бололцоогоо ашиглаж байтал хүүхдүүдийн хууль ёсны өмч болох байрыг түрээслүүлж үр шимээр нь сурч, өөр ая тухтай газар амьдруулж байтал дахин шүүхээр явах нөхцөл рүү аав нь өөрөө биднийг оруулсан. Хүү М.И-т 2019 онд Хятадад эгчийн хамт сурч байгаад 96-р сургуульд оруулсан боловч тус сургууль нь 2020 онд онлайнаар хичээл орсон мөн хятад хэл заадаггүй. 2021 оны хичээлийн жилд хичээл нь эхлээд удаагүй мөн сургууль нь ковидтой гэж түр хааж хүүхэд энэ хугацаанд байнгын утсаар тоглох, хамааралтай болох эрсдэлд байгаа юм. Утсанд, тоглоомонд донтож сурлага хүмүүжилд нь сөрөг нөлөөлж болзошгүй байгааг харгалзан хятад сургуульд нь өглөө 7-16 цаг хүртэл хоолтой, гар утсыг хурааж авдаг зэрэг нь хүүхдүүдийн эрх ашигт нийцэж байгаа, хүүг одоо илүү цаг хугацаагаар хятад хэл үзэх нөхцөл боломжтой үе гэж тооцож тус сургуульд өгсөн болно. Учир нь миний хүү сурлага хүмүүжил толгой сайтай хүүхэд, хятад хэл, англи хэл, орос хэлийг би өөрийн хүүхдүүдийг дунд сургуулиа төгсөхдөө эзэмшээд төгсчөөсэй гэсэн хүсэл зорилготой, аав нь энэ тал дээр санал зөрөхгүй гэж бодож байна. Хүү энэ сургуульдаа одоо ангийн даргын үүргийг гүйцэтгэж байгааг мөн дурдмаар байна. Иймд хүүхдүүдийн эгзэгтэй сургуулиа төгсөж амьдралд хөл тавих мөчид миний эрүүл мэнд болоод эдийн засгийн байдал хүнд байгаа зэргийг харгалзаж хүүхдүүдийн сургалтын төлбөрт нэхэмжлэгдэж байгаа нэхэмжлэлийг үндэслэн 9,920,000 төгрөгийн сургуулийнх нь 5028760022 дансаар нь авах хүсэлтэй байна. Үүний 50 хувийг нь хүүхдүүдийн дансанд байсан мөнгийг авч 10 жил өгөөгүй төлбөр болон намайг хуурч зээлээ төлүүлж байсан, мөн түүнийг оюутан байхаас нь ажил амьдрал залгахад өөрийгөө золиослон тэжээж байсан, ар гэр нь маш хүнд өвчтэй хоол ундны мөнгөгүй байхад нь өөрийн байгаа бүхнээ зориулж явсан зэргийг бодолцож өөрийн төрсөн үрсдээ энэ жилийн төлбөрийг 100 хувь гаргуулах нэхэмжлэл гаргаж байгаа болно. 2019 оноос түүнээс төлбөрийг авахгүйгээ миний зүгээс хүүхдүүд бид байраа түрээслэн сургалтын төлбөрийг түүний тусламжгүйгээр зохицуулж төлж байсан. Р.М- дахин биднийг хорлож энэ төлбөрийг авсан. Нөгөөтэйгүүр 2020-2021 онуудад байр түрээсэлж түрээсээр олсон ашгийг Р.М- ганцаараа хэрэглэж байгаа асуудал тусдаа нэхэмжлэлийн шаардлага үүсгэж байгаа тул энэ сургалтын төлбөрийн асуудалтай холбоогүй болно. Энэ нь зөвхөн 2021-2022 оны хичээлийн жилийн Путонхуа сургуулиас нэхэмжлэгдсан нэхэмжлэлийн агуулгын хүрээнд энэхүү нэхэмжлэлийг гаргасан болно. Иймд хүүхдүүдийн төлөө эцэг Р.М-аас төрсөн охин М.Э-, төрсөн хүү М.И-т нарын Путанхоу сургуулиас нэхэмжлэгдсэн төлбөрийг 9,920,000 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгч хүүхдүүдийн чухал насанд нь эгзэгтэй үед нь хохироохгүй байхаар шийдвэрлэж өгч, түүнийг ажил амьдралаа хүнд байх үед нь байгаа бүхнээ түүний ар гэр түүнд зориулж явсан миний байдлыг харгалзан, хүүхдүүдийнх нь төлөө энэхүү нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2010 онд шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Дундаасаа 2 хүүхэдтэй. Хардалт, сэрдэлт хэрүүл, хүчирхийллээс болоод гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ асарч хамгаалах үүргээ хангалттай чадах чинээгээр өөрийнхөө хэмжээнд биелүүлж явсан гэж үздэг. Тухайн үед төрийн албан хаагчийн зээлээр 2 хүүхэддээ байр авч өгсөн боловч Э.Ц- голж хотын төвөөс хол байна төвд 3-4 өрөө байр авч өг гэсэн шаардлага тавьсан. Тухайн үед тийм боломж байгаагүй. Хүүхдүүд 8-10 дугаар ангид сурч байна. Энэ хугацааны сургалтын төлбөрийг би 100 хувь хариуцан төлсөөр ирсэн. Бид сургалтын төлбөрийг би, Э.Ц- байр, хоол унд эмнэлэг, эмчилгээ, хувцасны төлбөрийг хариуцна гэсэн яриатай явж байсан. Үүнийхээ дагуу би үүргээ гүйцэтгэж ирсэн. Э.Ц- энэ жилээс эхлэн хүүхдүүдийн сургалтын төлбөр төлөх гэж байгаа юм. Хүүхдээ сургуулиас хүчээр гаргаад Хятад руу хямдхан үнэ төлбөргүй сургуульд оруулна гээд охиныг сургуулиас нь гаргачихсан. Ковидоос шалтгаалаад охин явж чадаагүй. Хүүхдээ завсардуулахгүйн тулд энд Хятад сургуульд оруулсан. Сургалтын төлбөр гэж юу юм тэр байтугай зардал гардаг гэсэн болохоор нь нэг удаа ч гэсэн өөрөө төлж үзэг юу байдгийг үзэг гээд өөрийг нь төл тэр төлбөрөөс нь 50 хувийг нь төлнө гэж хэлсэн боловч Э.Ц- үгүй гээд хэрүүлээ хийсэн. Өнгөрсөн хугацаанд би хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлж байхдаа өөрийг нь талыг нь төл гэж хэлж байгаагүй. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд эрх тэгш, адил үүрэг хүлээнэ гэж байгаа. Тийм учраас би талыг нь төлье, 50 хувийг төлөхөд татгалзахгүй гэжээ.

 

3.Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д зааснаар хариуцагч Р.М-аас 4,960,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Ц-д олгож, үлдэх 4,960,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173,670 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Р.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 86,835 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Ц-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 3410 дугаартай шийдвэрийг давж заалдаж, хариуцагч Р.М-аас сургалтын төлбөрөөс үлдсэн 4,920,000 төгрөгийг гаргуулах тухай. Шүүгчийн шийдвэрийг хуульд нийцүүлж жигнэж дэнсэлж, шүүж байгаад 2 талын бодит гомдлуудыг харгалзах байх гэж олон нотлох баримт шүүхэд нотолгоо болгож ажил цаг, мөнгө дээр нь асар их стрессний ард ханддаг. Хууль хүний төлөө тэр дундаа насанд хүрээгүй хүүхэд хүч дорой эмэгтэй хөгшин хүний эсрэг үйлдлүүд хийдэг хүнийг дэнслэх гэж хууль байдаг байх. Иймээс хуулийг ашиглаж ашиг хонжоо гэж үздэг Р.М-ы худал амлалт, хууль барьж ирээд цэцэрхдэг, дүр эсгэдэг жүжиг нь энэ хурал дээр ч яаж хоосон байхав. Тусалсан нэр зүүж ард нь зөвхөн эдийн засгийн гэлтгүй асар ихээр миний амьдралыг сүйрүүлээд зогсоогүй төрсөн хүүхдүүдээ хохироох аргууд сэдсэн Р.М-ы маш олон үйлдэл байдаг. Р.М- шүүхэд гаргасан тайлбартаа шүүхэд хандахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу эцэг, эх салснаас үл хамааран 50:50 хувийн үүрэг хүлээнэ, эрх эдэлнэ гэж хуульд адил тэгш байх талаар тайлбар хийсэн. Дээр нь шүүхээр заргалдах шаардлагагүй төлөх байхад Э.Ц- шүүхэд хандсан, хүн хэлээрээ гэж мөн тодруулга хийсэн Р.М-ы өөрийнх нь тайлбараар энэ агуулгаар шүүхэд өгсөн бусад зардлууд болох баримтуудыг мөн адил тэгш 50:50 хувь үүрэг хүлээх нөхцөл шүүхдэхгүйгээр үүсэх боломж байсныг үнэлээгүй. Эх би дангаараа зардлуудыг гаргасан нь нотлогдох баримтууд өгснөөс гадна хууль ёсны өмчлөгч хүүхдүүдийн сургалтанд өгөх гэж байсан төлбөрийг Р.М- авснаас бидний амьдралыг зүйл зүйлээр хүндрүүлсэн талаар хавтаст баримтууд байхад шүүх үүнийг харгалзах мөн шүүгч дээр урьд нь залилсан хүмүүс ямар хүнд нөхцөлд намайг оруулсны ард Р.М-ы нөлөөг сайн мэдэх шүүгч таарсан ч зөвхөн Р.М-д тааруулсан шийдвэр гарсан. Би өр зээлээс зээлийн хооронд асар хүнд ачааг үүрч 10 гаруй жил явахдаа зөвхөн амьжиргааны доод түвшинд тогтоосон хүүхдийн тэтгэлэгийг шүүхээс тогтоосны дагуу авах гэж бүтэн 5 жил хуулийн байгууллагуудаар гэмт хэрэгтэн мэт явсан байдаг. Бодит байдалд гэтэл хүүхдүүдийн төлөө гарсан зардал 300,000,000 төгрөг багадаа болох байхад Р.М-аас нэг ч удаа төлбөр мөнгө нэхэж үзээгүй арваад жил явсан байдаг. Гэтэл Р.М- байн байн элдэв нэхэмжлэл гаргаж явдаг байсныг дурдсан. Хэрэв энэ зардлыг нэхэмжилвэл дор хаяж тооцвол 300 сая болохоор хэмжээнд байгааг, зөвхөн 4 улирлын гутал гэхэд өнгөрсөн 10 жилд энэ 3 хүүхдийг өсгөж өндийлгөж ирэхдээ багадаа 20 сая төгрөгийн зөвхөн гутал өмссөн гэдэг жишээгээр татаж тайлбар хийсэн. Мэндсайхан хуульч хүн тул баримт цуглуулж арваад жил нууцаар явсан байдаг шалтгаан нь намайг эдгээр зардлуудыг нэхэмжлэх вий гэж айж өөрөө залилаад зогсохгүй бусдаар залилуулж, өөрөө залилж байн байн хоосруулж, туйлдуулж явсан байдаг. Тэгээд харин ард нь намайг элдвээр гүтгэж явдаг. Хүүхдүүддээ жилд 40-50 сая төгрөг зарцуулж байсан нь адил тэгш эрх үүрэг эцэг эх хүлээнэ гэвэл 20-25 сая төгрөг жилд төлөхөөр байсныг тэрээр далдуур мэдэж тооцсон тул намайг туйлдуулж зовоох нь туйлын зорилго нь байсан, санасандаа хүрээд улмаар хүүхдүүдээ ч залилах аргаа хэрэглэж эхэлсэн. Эх би түүнд бүх өмч хөрөнгө энэ насанд олдсон бүхий л амьдралаа сүйрүүлүүлж, бүхнээ түүнд түүний үр хүүхдэд зориулж эцэст нь луйвардуулж 3 нялх хүүхдүүдтэй гудамжинд гарч, өнөөдөр 3-ын 3 хүүхдээ өсгөөд түүнээс юу ч шаардахгүй явж байхад баярлахын оронд удаа дараа надаас элдэв мөнгө нэхэх, хуурамч хэргүүд үүсгүүлж хэрэгтэн зөрчил гаргагч болгох, бусдаар залилуулж хэргийг прокурорууд дээр хаалгах, албан тушаалтангуудтай далдуур хуйвалдан шинээр хууль зохиож гарын үсэг авч ашиглаж гүтгэх, худал хэлж бэлнээр хүнээс мөнгө авхуулж байгаад дансаар хийх гээд хүний санаа ухаанд багтамгүй аргуудаар хохироож ирсэн. Сүүлийн 7 жил 200 гаруй сая төгрөгийн хохирол өр зээлэнд оруулж бусдаар залилуулж, ШШГГ, шүүх прокурор, цагдаагаар байнга явж эрүүл мэндээ муутган ажил төрөл хийх боломжгүй болгож чадсан. Гэвч би хүүхдүүдээ хичээл сургалтын зохицуулах гэж үхэхээс наагуур зүтгэсэн. Хууль ёсны өмчлөгч хүүхдүүд байраа түрээсэлж төлбөрөө төлж байтал Р.М- бидэнд мэдэгдэлгүй бидэнтэй 3 жилийн гэрээтэй байсан хүмүүсээс мөнгийг нь 2 жил дараалан авч охиноо хорлож төгсөн ангид байгаа амьдралын маш эгзэгтэй мөчид байгаа хүүхдүүдээ хүмүүжил хандлагаас эхлээд асар муу нөлөөлж эмэгтэй хүн эх хүнийг яаж зовоож, өвчтэй болгож, дээрлэхдэгийг үлгэрлэн яваа гамшиг. 2019 онд Р.М- цагдаа нараар миний гомдлыг нэг ч шалгуулахгүй хаалгаж байгаад нийлж залилж амьд явах нөхцөлгүй болгосон. Үүний өмнө хүүхдийн тэтгэлэг өгөөгүй байж өгсөн гэж худал хэлж 2016 оноос түүний худал хэлж гүтгэснээс болж би 60-70 сая төгрөгийн өрөнд орсон. Бид олон жил байр түрээсэлж амьдрах нөхцөлд Р.М- оруулсан. Төртэй нийлж дарамтлан, бага хүүг минь хүртэл жил гаруй уулзуулахгүй асар их амьдын там, дарамтанд оруулж явсныг одоо ч санахад хэцүү байдаг. Энэхүү тамлалтайгаа зэрэгцүүлэн хоослон үгүйрүүлж, надаас мөнгө нэхэж шүүхэд хандаж байн байн явсан байдаг. Харин шүүх дээр дэнслэгдэж чадсан нь өнөөдөр бид үгээ хэлэх эрхээ мэдэх хэмжээнд очсон байдаг. 2019 онд залилуулж дараа нь тэр хүн нь яг Р.М- шиг аргаар гүтгэж, надаас мөнгө нэхэж шүүхэд 2020 онд хандсан нь Кульдана шүүгч дээр хувиарлагдан, тэдний гүтгэсэн нь миний нэгхэн нотлох бичлэгээс баригдахад 17 сая төгрөг нэхэж байсан нэхэмжлэгч тохиръё, мөнгө авахгүй гэж 100 гаруй сая төгрөгийн авсан зээлийг минь хог болгож дампууруулаад тавилттай жүжигээ эхлүүлж байсан нь яг л Р.М-ы арга нь мөн. Ингэж хэдэн жилээр хүнийг амьд явах нөхцөлгүй зовоогоод хүүхдүүдийн орон байраа түрээслээд ч болтугай сургууль хичээлийг нь төгсгөе, гэхдээ Р.М-аас огт төлбөр авахгүйн тулд зохицуулаад хүртэл явж байхад тэрхүү төлбөрийг нь бүгдийг нь 2 жил дараалан Р.М- авчихсан нь өөрөө сургалтын төлбөрийг 100 хувь төлөх бүрэн үндэслэл нь наад зах нь хуульд нийцэхээр байгаа. Учир нь хүүхдүүд өөрсдөө хууль ёсны өмчлөгчид нь мөн юм. Одоо мөнгөгүй, өрний өвчний тулам болгоод эрхэндээ хүүхдүүдийг оруулаад намайг чи эхлээд мөнгө төл гэж Р.М- нь тулгаж байгаа. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар заалтыг 5:50 юмуу 50:50 юмуу гэж шүүхийн зааланд хариуцагчаас дахин дахин тус хуралд орохдоо асуусан. Шүүхээр байнгын явуулдаг болсноор би хүүхдүүддээ зарцуулах байсан мөнгөө шүүхийн элдэв баримт нотолгоо, хуулийн зөвлөгөө нотариат, каноноос эхлээд такси, өдөр хоол цай, байгууллагуудын үүд сахихдаа ундаа ус, бичгийн цаас, принтер, бичлэг хуулуулах, автобус гээд өдөр бүр 20-30 мянга төгрөг багаад зарцуулж энд тэнд энэ ээдрээтэй асуудлаа ярьж явдаг болсон нь биднийг хэвийн амьдрах ажил хийх ямар ч нөхцөлгүй, намайг элдэв өвчний үүр, маш олон хуулийн байгууллагуудад зарга хийж, үнэнийг олох гэж явдаг болгосон. Энэ өвөлжин охин гутал курткээ сольё, туслаач гэж хүний хэлээр охин нь эцгээсээ гуйсан ч эхдээ хэл би хүүхдийн тэтгэлгийг амьжиргааны доод түвшингөөр та нарт төлсөн түүгээр ав гэж шаарддаг. Мөн охинд нөүтбүүк яаралтай авч шалгалт тулсныг дуулгахад үз гэж хэлж хэдэн хоног цаг нарыг нь үрээд шалгалт өгөхийн урд өдөр нь сэтгэл санаа цаг хугацаагаар нь тулгаад хорлож хохироодог аргаа хэрэгжүүлж байсан. Маргааш шалгалттай хүүхдийн тэтгэлгээс тооцоод авъя гэхэд тэг гэж хэлээд утсаа чатаа саплаад хариу өгөхгүй стрессдүүлж хорлож байсан. Охин 12-р ангиа төгсөж хятадад тэтгэлэгт хамрагдахын тулд шалгалт онлайнаар өгөх, үүнд нөүтбүүк, ухаалаг гар утас зайлшгүй шаардагдаж хэрэглэх болсон, шалгалт шүүлэг Хятадад өгөхөөс эхлээд ухаалаг хэрэглээнүүд шаардагдаж, шалгалтын зардлаас эхлээд давхар давхар зардалууд багагүй нэмэгдсэн байгаа. Иймд түүний хэлснээр шүүхэд хандахгүй, хүүхдүүд нь одоо өөрийн гэсэн орон гэргүй мөртлөө сургалтанд төлөхөөр байсан төлбөр мөнгийг нь аваад бүтэн 2 жил болсон орох амьдрах газаргүй болгоод төлбөрийг нь авч, биднээс хаанаас мөнгө нэхээд явааг гайхмаар. Сүүлийн нэг жилд зөвхөн охины төлөө гаргасан зардал төлбөрүүдээс харахад хоол унд, гутал хувцас, эм тариа, орон байр, аялал амралт зугаалга, дархлаа дэмжих элдэв зардлууд, гоо сайхны элдэв хэрэгслүүд, амьдарч байгаа газраа тохижих түрээсийн төлбөр, засвар нүүлгэлт, баяр ёслолуудад гардаг зардлууд гээд эдгээр том том зардлууд орохгүйгээр зөвхөн сурч боловсрох зардал, шүдээ эмчлэх аппарат, гар утас нөүтбүүк зэрэг нотлох баримтуудыг хавтаст хэрэгт байгаагаас Р.М-аас үлдэгдэл 4,920,000 төгрөг гаргуулах үндэслэлүүд хангалттай гэж үзэж давж заалдаж байна. Сургалтын төлбөрт өгөх байсан түрээсийн мөнгийг нь бүтэн 2 жил авч, хүүхдүүдийн язгуур эрх ашгуудыг хохироож амьжиргааны доод гарсан шийдвэрийг ч биелүүлээгүй 10 жил болж, Үндсэн хуулийн маш олон заалтуудыг зөрчиж, Гэр бүлийн хүчирхийлэл илт үйлдэж байгааг ч шүүх үнэлээгүйг дурдмаар байна. Өөрөөр хэлбэл, Р.М- нь намайг сүүлийн хэдэн жилд ажил хийлгэх нөхцөлгүй болгоод, 200 гаруй сая төгрөгийн өрөнд оруулаад, орон байрны түрээсийн мөнгийг нь авч амьдрах аргагүй өвчний үүр болгоод сургуулиа төгсөх гэж байгаа хүүхдээ хорлоод, эхийг нь асар хүнд хэцүү байдалд оруулж хүүхдүүдээ ядуу тарчиг дарамтанд амьдрах ёстой гэж үздэг. 2010-2021 оны хооронд амьдралдаа нийт 3 удаа давах шатанд гомдол гаргахаар боломж дандаа Р.М-тай холбоотой байтал намайг хуралд оролцуулахгүй миний гомдлыг хэлэлцэх байтал өөр шийдвэр гарч, өмч хөрөнгийн луйвруудаа хийж луйвардаж чадсаныг мөн дурдахгүй байж болохгүй. Ингээд зогсохгүй өөрийгөө гайхалтай, гайхамшигтай, гавъяатай гэж нэр төр олох гэж элдвийн аргаар баримтууд бүрдүүлж явдаг. Түүний хуулийн танил талын хүрээ, хуулийн мэдлэг нь бидний амьдралыг үнс дайны талбар болгох нөхцөл болж сүйрүүлсэн байгаа. Иймд хэрээс хэтэрсэн байж боломгүй хуульч, өмгөөлөгч гэх хууль ярьсан Р.М-ы энэ үйлдлүүдийг дэнслэнэ гэж үзэж үлдэгдэл төлбөр 4,920,000 төгрөгийг Р.М-аас нэхэмжлэх болсноо тодорхой дурдлаа. Хуралд биеэр оролцох ба хурлын зарыг мэйл буюу мессэжээр эсвэл биеэр гарын үсэг зурж авна. Утсаар хурлыг өөр өдөр зарлаж ирснээс хуралдаа оролцож чадахгүй, миний эсрэг шийдвэр гарч, хохирч байгаа асуудлууд удаа дараа болсон тул хариуг утсаар авахгүй гэжээ.

 

4.Хариуцагч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ гэж заасан. Энэ удаа ээж нь хариуцлага хүлээх ёстой гэдэг байдлаар би шүүх хуралдаанд тайлбараа хэлсэн. Э.Ц- энэ тайлбарыг зөвшөөрч байсан нь тэмдэглэлээс харагдана. Зөвшөөрч байгаа юм байна гэж ойлгоод шүүх хуралдаанд маргаан, мэтгэлцээн болоогүй шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр гарсны дараа охиноор төлбөрөө хурдан төлчих гэж хэд хэдэн удаа яриулсан. Ингээд давж заалдах гомдол гаргах хугацаа дууссан, би төлбөрөө төлсөн, надаас төлбөрөө авсан. Дараа нь гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж сэргээсэн байна. Процессын хувьд болон хууль зүйн хувьд ямар нэгэн алдаа байхгүй, нэхэмжлэгч төлбөрөө авсан, шүүхийн шийдвэр биелсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч Э.Ц- нь хариуцагч Р.М-д холбогдуулан хүүхдийн сургалтын төлбөр болон хоолны зардалд нийт 9,920,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасны зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ охин М.Э-, хүү М.И-т нар нь ерөнхий боловсролын Путонхуа сургуульд суралцдаг бөгөөд 2021-2022 оны хичээлийн жилд хоёр хүүхдийн сургалтын төлбөр болон хоолны зардалд нийт 9,920,000 төгрөг төлсөн тул уг төлбөрийг хариуцагч Р.М-аас гаргуулна гэсэн агуулгаар тодорхойлсныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар төлбөрийн тавин хувийг төлөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарласан байна. /хх-ийн 1-5, 46-р тал/

 

Зохигчид 2010 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан байх бөгөөд охин М.Э-, хүү М.И-т нар нь эх Э.Ц-гийн асрамжид буй үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 29-32-р тал/. Охин М.Э- нь Путонхуа сургуулийн 12 дугаар ангид, хүү М.И-т нь тус сургуулийн 7 дугаар ангид тус тус суралцдаг болох нь сургуулийн тодорхойлолтоор тогтоогдсон байна. /хх-ийн 41-42-р тал/

 

Нэхэмжлэгч Э.Ц- нь ерөнхий боловсролын Путонхуа сургуультай 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан сургалтын төлбөр төлөх гэрээний дагуу хоёр хүүхдийн сургалтын төлбөрт 8,600,000 төгрөг, хоолны зардалд 1,320,000 төгрөг, нийт 9,920,000 төгрөгийг төлжээ. /хх-ийн 25-28, 43-44-р тал/

 

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /... эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, ... шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасан тул нэхэмжлэгч Э.Ц- нь хүүхдийн сургалтын төлбөр болон хоолны зардлыг хариуцагч Р.М-аас шаардах эрхтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч шаардлага, татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд нотлох баримт нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан хуулийн шаардлага хангасан байх учиртай.

 

Анхан шатны шүүх баримтаар нотлогдсон хэмжээнд хүүхдийн сургалтын төлбөр болон хоолны зардлын 50 хувь болох 4,960,000 төгрөгийг хариуцагч Р.М-аас гаргуулж нэхэмжлэгч Э.Ц-д олгож, нэхэмжлэлээс 4,960,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Учир нь хүүхдийн сургалтын төлбөр болон хоолны зардлын 50 хувийг хариуцагч Р.М-д хариуцуулах нь эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх талаар зохицуулсан Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн агуулгад нийцнэ. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт маргаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг баримтлаагүй, мөн улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан шийдвэрлэхдээ тооцооллын алдаа гаргасныг тус тус залруулан өөрчилсөн болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/03410 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д ... гэснийг Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт гэж,

2 дах заалтын ... 86.835 төгрөг ... гэснийг 94,310 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Э.Ц-гээс төлсөн 93,670 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Г.ДАВААДОРЖ