Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 102/шш2021/03493

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2021/03493

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ................ дүүрэг .. дүгээр хороо Г банк ХХК.

Хариуцагч: ..............дүүрэг ... дугаар хороо .... дугаар хороолол .... дугаар байр ...тоотод оршин суух, .... онд төрсөн ... настай, Х овогт Н. Ө .

Хариуцагч: дүүрэг ... дугаар хороо .... дугаар хороолол .... дугаар байр .... тоотод оршин суух, .... онд төрсөн ... настай, Б овогт Л ийн П.

Гэрээний үүрэгт 56.345.018.96 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч А.А , хариуцагчийн төлөөлөгч Д.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Л.П, Н.Ө нар нь 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Г банктай ............... дугаартай зээлийн гэрээ байгуулж 38.500.000 төгрөгийг жилийн 19.56 хувийн хүүтэйгээр 180 сарын хугацаатай зээлдэж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ............... дугаарт Ипотекийн гэрээгээр Л.П, Н.Ө нарын өмчлөлийн дүүрэг 6 дугаар хороо 10 дугаар хороолол 52 дугаар байр 3 тоот 41.09 мкв улсын бүртгэлийн Ү-...............дугаар бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч Л.П, Н.Ө нар нь зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй. Гэрээгээр сар болгоны 30-нд хуваарийн дагуу зээлээ төлөх ёстой. Гэтэл хүүг 2018 оны 01 дүгээр сарын 30-наас хойш хэтрүүлж ирсэн. Үүний дараа 2019 оны 12 дугаар сарын 25-нд төлөлт хийсэн ба 2018 оны 12 дугаар сараас хойш зөрчлөө арилгаагүй. Банкны зүгээс 2019 оны 07 дугаар сарын 25-нд гэрээг цуцалж шүүхэд хандах болсныг мэдэгдсэн. Мөн зөрчлөө арилгаж хуваарийн дагуу төлөлтөө хийх тухай мэдэгдэл ч хүргүүлж байсан. Монгол банкнаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь 8 ба 6 хувийн орон сууцны зээлтэй айлуудад хөнгөлөлт үзүүлсэн ба хэрэглээний зээлийн хүүний төлөлтийн хугацааг хойшлуулсан байгаа. Энэ хүмүүсийн зээл нь банкны өөрийнх нь санхүүжилтээр олгогдсон ялгаатай зээл юм. Зээлийн гэрээний 4.1, 4.2-т гэрээг зөрчвөл банк дангаараа гэрээг цуцлах эрхтэй гэж заасан. Цаашдаа гэрээгээ сунгая гэвэл хариуцагч нар одоо үүссэн зөрчлөө арилгаад явж болох байсан. Иймд хариуцагч Н.Ө , Л.П нараас үндсэн зээл 37.626.665.74 төгрөг, хүү 18.669.372.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48.980.53 төгрөг нийт 56.345.018.96 төгрөг гаргуулж, хариуцагч нарын өмчлөлийн дүүрэг .. дугаар хороо ..... дугаар хороолол ... дугаар байр .. тоот 41.09 мкв улсын бүртгэлийн Ү-...............дугаар бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Н.Ө , Л.П нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Г банкнаас дүүрэг 6 дугаар хороо 10 дугаар хороолол 52 дугаар байрны 3 тоот 41.09 мкв улсын бүртгэлийн Ү-...............дугаар бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авах зорилгоор 15 жилийн хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулсан. Үүнээс хойш 11.434.000 төгрөг төлөлтийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл төлсөн. Улс орон даяар цар тахал болж орлогогүй болж зээлээ төлж чадаагүй. Засгийн газраас банкны зээлийг хойшлуулах шийдвэр гарах хүртэл зээлийн төлөлтөө тодорхой хэмжээний хугацаанд хийж чадаагүй байсан боловч бид зээлийн эдийн засагч руу утсаар холбогдож Засгийн газрын зээл хойшлуулахад хамрагдах хүсэлтээ хэлтэл танайх хамрагдах боломжгүй гэж хэлсэн. Ингээд бид цар тахлын улмаас зээлээ төлөх чадваргүй байгаа бөгөөд Г банктай байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгаа. Банк гэрээг дангаараа цуцлах эрхгүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн хүүний төлбөр, нэмэгдүүлсэн хүүний төлбөр, хугацаа хэтэрсэн хоногийн төлбөр шаардаж байгаа нь үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй. Зээлийг барьцаа хөрөнгөөр хангахыг зөвшөөрнө гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбарласан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г банк ХХК нь хариуцагч Н.Ө , Л.П нарт холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 56.345.018.96 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар шаардах эрхтэй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Зээлдэгч Н.Ө , Л.П нар нь Г банк ХХК-тай 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Орон сууцны зээлийн ............... дугаартай гэрээ байгуулж 38.500.000 төгрөгийг жилийн 19.56 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай орон сууц худалдан авах зориулалтаар зээлдэж, зээлийн барьцаанд өөрсдийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-...............дугаартай дүүрэг 6 дугаар хороо 10 дугаар хороолол 52 дугаар байр 3 тоот хаягт байршилтай 41.09 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь зээл болон ипотекийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Орон сууцны зээлийн болон ипотекийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Нэхэмжлэгч Г банк ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, хариуцагч Н.Ө , Л.П нар гэрээнд зааснаар мөнгө болон хүүг буцаан төлөх үүрэг хүлээжээ.

Талууд Орон сууцны зээлийн гэрээгээр зээлийг бэлэн бусаар буюу зээлийн хөрөнгийг 2209057355 данс эзэмшигч С.Ц ын данс руу шилжүүлж, зээлдэгч нар зээл авсан өдрөөс эхлэн зээлийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэл, зээлийн хугацаа дууссанаас үл хамааран сар бүр гэрээний 2.1.1-д заасан хувийн хүүг Хавсралт №1-д заасан графикийн дагуу төлнө. Зээлдэгч графикт хугацааг чанд баримтлах, зээл хүүний төлбөрийг хэсэгчлэн төлөх нь гэрээний нэн чухал нөхцөл бөгөөд түүнийг удаа дараа зөрчвөл зээлийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ, графикт хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараах өдрөөс эхлэн гэрээний 2.1.1-д заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийг графикт хугацаанд нийцүүлэх хүртэл хугацаанд төлөхөөр зээлийн нөхцөлийг тохирсон байна.

Мөн гэрээний 3.1.2, 3.1.3-т зааснаар зээлдэгч нар зээл, хүүний төлбөрийг графикт заасан хугацаанд харилцах дансаар төлөх, зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд графикт хугацаа дууссан өдрөөс эхлэн төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлд үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг, гэрээний 3.4.2, 3.4.4-т зааснаар Банк нь зээлдэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийг эдлэх эрх тус тус хүлээжээ.

Шүүх хуралдаанд хариуцагч нь банк зээлийн гэрээг дангаар цуцлах эрхгүй, улс орон даяар үүссэн цар тахалтай холбоотой зээлийг хугацаанд нь төлөөгүй, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан боловч тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь:

Орон сууцны зээлийн гэрээний 4.2-т зээлдэгч зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй аливаа шалтгаан /үүнд байгалийн давагдашгүй хүчин зүйл, гамшиг, эрх бүхий этгээдээс тогтоосон хорио цээрийн дэглэм г.м/ гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй. 4.4-т Дараах тохиолдолд Банк өөрийн санаачилгаар зээлийг гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудна. 4.4.1, 4.4.7-д зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний 2.13-т заасан нөхцөлийг онцгой нөхцөл гэж үзэх бөгөөд зээлдэгч тухайн зүйлд заасан үүргээ зөрчсөн бол Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй байна.

Мөн гэрээгээр талууд зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэж зээлийг хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна үндсэн хүүний 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр зээлийн нөхцөлөө тохирсон, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр энэ хуулийн 18.1-д заасан хугацаа хүртэл хойшлуулах, мөн хугацаагаар зээлийн гэрээний хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлэхээр заасан байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч Н.Ө , Л.П нараас гэрээний үүргийн биелэлтэд 56.345.018.96 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Н.Ө , Л.П нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-...............дугаартай дүүрэг .... дугаар хороо .... дугаар хороолол ... дугаар байр . тоот хаягт байршилтай 41.09 мкв талбайтай 2 өрөө орон сууцаар хангуулах нь зүйтэй.

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас хангасан үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Н.Ө , Л.П нараас 56.345.018.96 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г банк ХХК-нд олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Н.Ө , Л.П нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-...............дугаартай дүүрэг 6 дугаар хороо 10 дугаар хороолол 52 дугаар байр 3 тоот хаягт байршилтай 41.09 мкв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 509.875.09 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Ө , Л.П нараас улсын тэмдэгтийн хураамжид 509.875.09 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г банк ХХК-нд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА