Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/00616

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/00616

 

                

“Г.Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2021/03493 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Г.Б” ХХК-ийн хариуцагч Н.Ө, Л.П нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 56,345,018.96 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагч Н.Өийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анударь, хариуцагчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Г.Б” ХХК-ий нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Л.П, Н.Ө нар нь 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Г.Бтай ЗГ1105129249 дугаартай зээлийн гэрээ байгуулж 38,500,000 төгрөгийг жилийн 19.56 хувийн хүүтэйгээр 180 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ЗБ1105129249 дугаартай ипотекийн гэрээгээр Л.П, Н.Ө нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 52 дугаар байр, 3 тоот 41.09 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205025810 дугаар бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч Л.П, Н.Ө нар нь зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй. Иймд хариуцагч Н.Ө, Л.П нараас үндсэн зээл 37,626,665.74 төгрөг, хүү 18,669,372.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,980.53 төгрөг, нийт 56,345,018.96 төгрөг гаргуулж, хариуцагч нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 52 дугаар байр, 3 тоот 41.09 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205025810 дугаар бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Г.Бнаас Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 52 дугаар байрны 3 тоот 41.09 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205025810 дугаар бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авах зорилгоор 15 жилийн хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулсан. Үүнээс хойш 11,434,000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл төлсөн. Улс орон даяар цар тахал дэгдсэнээс орлогогүй болж зээлээ төлж чадаагүй. Засгийн газраас банкны зээлийг хойшлуулах шийдвэр гарах хүртэл зээлийн төлөлтөө тодорхой хугацаанд хийж чадаагүй байсан боловч бид зээлийн эдийн засагч руу утсаар холбогдож Засгийн газрын зээл хойшлуулахад хамрагдах хүсэлтээ хэлтэл “танайх хамрагдах боломжгүй” гэж хэлсэн. Ингээд бид цар тахлын улмаас зээлээ төлөх чадваргүй байгаа бөгөөд Г.Бтай байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгаа. Банк гэрээг дангаараа цуцлах эрхгүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, хугацаа хэтэрсэн хоногийн төлбөр шаардаж байгаа нь үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй. Зээлийг барьцаа хөрөнгөөр хангахыг зөвшөөрнө гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Н.Ө, Л.П нараас 56,345,018.96 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г.Б” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Н.Ө, Л.П нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205025810 дугаартай Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 52 дугаар байр, 3 тоот хаягт байршилтай 41.09 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 509,875.09 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Ө, Л.П нараас улсын тэмдэгтийн хураамжид 509,875.09 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г.Б” ХХК-д олгож шийдвэрлэсэн.

           

4. Хариуцагч Н.Өийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Г.Б бидний хооронд байгуулсан зээлийн гэрээ дуусгавар болоогүй байгаа бөгөөд зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах талаар нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шүүх өөрийн санаачлагаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Зүй нь бидний хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусаагүй, гэрээг цуцлаагүй байхад гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж байгаа нь Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5.  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Зээлийн гэрээний үүрэгт 11,434,000 төгрөг төлсөн гэж байна. Гэтэл талууд 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, гэрээний 2.3, 2.6-т зааснаар зээлийн гэрээний хавсралт болох эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлнө. Мөн зээлийн гэрээний 4.2-т зааснаар давагдашгүй хүчин зүйлсээс үл шалтгаалан зээлийг нөхөн төлөх үүрэгтэй гэж талууд харилцан тохиролцож зээлийн гэрээг байгуулсан. Зээлийн гэрээ байгуулж байхад хариуцагч нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс буюу ковидын нөхцөл байдал болон өмнө нь зээлийн хугацааг хэтрүүлж байсан. 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдэл хүргүүлэхдээ ...гэрээ цуцалж шүүхээр шийдвэрлүүлэх болохыг анхаарна уу гэж Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг цуцлах талаар урьдчилж мэдэгдсэн боловч ямар нэгэн үр дүн гараагүй. Иймд зээлийн гэрээний 4.1.4-т заасныг үндэслэн хугацаанаас нь өмнө гэрээг цуцалсан. Анхан шатны шүүх бүрэн үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь дангаараа гэрээг цуцлах үндэслэлгүй гэж байна. Гэтэл гэрээг цуцалсан нь үндэслэлтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ажилгүй гэж тайлбарладаг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Хариуцагч ажилгүй, төлбөр төлөх чадваргүй болох нь нотлогддог. Мөн хүсэлт гаргасан боловч шүүх хангаж шийдвэрлээгүй гэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчөөс татгалзсан. Түүнээс хойш шүүхэд ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Өмгөөлөгчөөс хүсэлт гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан хариуцагч Н.Өийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. “Г.Б” ХХК нь хариуцагч Н.Ө, Л.П нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 56,345,018.96 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Хариуцагч Н.Ө давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “гэрээний хугацаа дуусаагүй, гэрээг цуцлаагүй байхад гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж байгаа нь Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна” гэжээ.

4. Зохигчид 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ЗГ 1105129249 дугаартай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр Н.Ө, Л.П нар 38,500,000 төгрөгийг жилд 19.56 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатайгаар зээлж, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрийг барагдуулахаар, зээлийн үндсэн төлбөр болон хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү байна гэж тохиролцсон бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжав аос гудамжны 52 дугаар байр, 3 тоот 41.09 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалж, ипотекийн гэрээ байгуулжээ.

5. Анхан шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэн нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг зөрчөөгүй талаархи дүгнэлт хуульд  нийцжээ.

6. Зээлдэгч нар 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш төлбөр хийгээгүй, энэ хугацаанд 11,434,000 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч үлдэгдэл төлбөрөө гэрээгээр тохирсон хүүгийн хамт нэхэмжилжээ.

7. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зохицуулжээ.

8. Зээлдэгч зээл авсан талаар маргаагүй боловч гэрээний хугацаа дуусаагүй, банк гэрээг дангаараа цуцлах эрхгүй гэж маргаж, барьцааны гэрээний талаар маргаагүй байна.

9. Хэрэгт авагдсан орон сууцны зээлийн гэрээний 4.4.1-д зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудна гэж заасан тул банк зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь хууль зөрчөөгүй талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасанд нийцсэн, энэ үндэслэлээр гаргасан хариуцагч Н.Өийн гомдол үндэслэлгүй байна.

10. Зээлдэгч 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 37,626,665.74 төгрөг, зээлийн хүү 18,669,372.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,980.53 төгрөг, нийт 56,345,018.96 төгрөгийн төлбөртэй талаархи нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч үгүйсгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

11. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, маргаантай харилцааг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

12. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах журмаар гаргасан хариуцагч Н.Өийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2021/03493 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан хариуцагч Н.Өийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Н.Өоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 509,876 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.ДАВААДОРЖ

 

                              ШҮҮГЧИД                             А.МӨНХЗУЛ

  

                                                                           Д.БЯМБАСҮРЭН