Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 102/шш2021/03399

 

 

 

 

 

 

 

     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:..... дүүрэг, 21 дүгээр хороо, .... 23 дугаар гудамж, ... тоот хаягт оршин суух, Б овогт Д.О /РД: .........../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот,..... дүүрэг, 3 дугаар хороо, .......гудамж, ......ийн 201 тоот хаягт оршин байх, М.Д ХХК /РД: ...../-д холбогдох,

 

Даатгалын нөхөн олговорт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э , хариуцагчийн өмгөөлөгч Н.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2021 оны 03 дугаар сарын 11-ны өдөр М.С ..... дүүргийн 21 дүгээр хороо, Горкийн 14 дүгээр гудамжинд Эм эл жи финанс ББСБ ХХК-ийн эзэмшлийн Тоёота приус-30 загварын ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явах үедээ хаалга нээснээс нэхэмжпэгч Д.О ийн эзэмшлийн ....... улсын дугаартай Тоёота ланд крузер-200 загварын тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан. 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Итгэлт Эстимэйт ХХК-иар Автомашин техникийг үнэлгээний тайлан гаргуулсан, үнэлгээгээр тогтоогдсон дүн 7,458,000 төгрөг, үнэлгээчний ажлын хөлсөнд 305,000 төгрөг төлсөн, нийт 7,763,000 төгрөгийн хохирлыг Д.О т учруулсан. 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр дээрх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн..... дүүрэг дэх цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн ахмад Н.Цэгмэд нь М.С ад шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан. Уг шийтгэлийн хуудсын шийдвэрлэх нь хэсэгт ... Холбогдогч М.С нь бусдад учруулсан хохирлыг жолоочийн хариуцлагын даатгал М.Д -аар барагдуулахаар болсон тухай дурьдсугай. Үлдэгдэл 2,760,000 төгрөгийг хохирогч Д.О тэй тохиролцож 6 сарын дотор төлж барагдуулахаар гэрээ байгуулсан болно гэжээ. Холбогдогч М.С нь Д.О т учруулсан 7,763,000 төгрөгийн хохирлоос 5,000,000 төгрөгийг М.Д ХХК-аар барагдуулахаар болж, үлдэгдэл 2,763,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.О тэй график байгуулан хуваарын дагуу төлж барагдуулсан. Хариуцагч М.Д ХХК нь өнөөдрийг хүртэл хугацаанд даатгуулагчийн учруулсан хохирлын нөхөн төлбөрийг төлж барагдуулахгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөөр байна. Иймд М.Д ХХК-иас 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар тухайн тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан зорчигч Л.Б ийн тээврийн хэрэгслийн хаалгыг онгойлгосон буруутай үйл ажиллагаанаас болж зам тээврийн осол болсон гэж үзэж манай байгууллага үүрэг хүлээхгүй хэмээн тайлбарлаж байна. Өмгөөлөгч гэм буруутай үйлдэл хийгээгүй гэж байна. М.С ыг..... дүүргийн Цагдаагийн хэлтсээс ............... тоот шийтгэлийн хуудсаар замын хөдөлгөөний дүрмийн 14.1-т зааснаар торгосноор гэм буруутай гэдэг нь тогтоогдож байна. Энэ шийтгэлийн хуудас өнөөдөр хүчин төгөлдөр байгаа юм. Энэ талаар ямар нэгэн хүчингүй болгосон юм уу хууль бус гэдгийг тогтоосон шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл гараагүй. Зоригч Л.Б тээврийн хэрэгслийн хаалгыг онгойлгосноос осол болсон нь үнэн боловч зорчигчийн аюулгүй байдлыг жолооч өөрөө хангах үүрэгтэй. Нөгөө талын хаалгаар зорчигч буулгах гэх мэт бүх асуудлыг жолооч өөрөө хянаж оролцох үүрэгтэй. Иймд эрх бүхий байгууллагаас шийтгэлийн хуудас оногдуулсан баримт байгаа гэв.

 

Хариуцагч М.Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э гийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр М.С нь..... дүүргийн 21 дүгээр хороо, .... 14 дүгээр гудамжинд Эм эл жи финанс ББСБ ХХК-ийн эзэмшлийн Тоёота приус 30 загварын ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож байх үедээ хаалга нээснээс нэхэмжлэгч Д.О ийн эзэмшлийн ....... улсын дугаартай Тоёота ланд круйзер 200 загварын тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан, түүний учруулсан хохирлыг жолоочийн хариуцлагьн даатгалын дагуу М.Д ХХК-аас гаргуулахаар нэхэмжилсэн байна. Даатгуулагчаас ирүүлсэн нөхөн төлбөрийн баримтыг судлан үзэхэд даатгуулагчийн өөрийн гараар бичсэн өргөдөл дээр гэрийнхээ хажуу талын дэлгүүр орох зорилгоор замын хажуу талд машинаа тавиад буух үед миний эхнэр Л.Б жолоочийн эсрэг талын арын хаалгаар буух гээд хаалгаа онгойлгох үед ....... дугаартай Ланд круйзер-200 загварын автомашин онгойлгосон хаалгыг ирж мөргөсөн гэсэн байдаг. Түүний өргөдөлдөө дурдсан үйл баримт нь нөхөн төлбөрийн материалд хавсаргасан хохирол үнэлгээ, ослын газрын зураг зэрэг баримтуудаар нотлогддог. Гэтэл шийтгэлийн хуудсаар жолооч буюу даатгуулагч М.С ыг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14 дүгээр зүйлийн 14.11-т Бусдын хөдөлгөөнд саад болохоор байвал зогсож байгаа тээврийн хэрэгслийн хаалгыг нээхийг хориглоно, мөн дүрмийн 23 дугаар зүйлийн 23.4-т Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн гэж тэмдэглэсэн байна. Шийтгэлийн хуудасны үндэслэл болсон эдгээр заалтууд нь зам тээврийн ослын нөхцөлтэй тохирохгүй, хамааралгүй заалтууд юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.11 дэх заалт нь жолооч хаалга нээхийг хориглосон заалт, харин 23.4 дэх заалт нь тээврийн хэрэгсэл бүрэн зогсоогүй байх үед жолоочийн хүлээх үүрэг юм.

 

Бодит байдал дээр Эм эл жи финанс ХХК-ийн эзэмшлийн Тоёота приус 30 загварын ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэл бүрэн зогссоны дараа буюу замын хажууд машинаа тавьсны дараа тухайн тээврийн хэрэгслээр зорчигч нь хаалга онгойлгох үед зам тээврийн осол гарсан байдаг. Энэхүү зөрчил нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 6.2 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгслээр зорчигчид дараахь зүйлсийг хориглоно гээд

 
 

6.2е дэх хэсэгт бусдын хөдөлгөөнд саад болохоор байвал зогсож байгаа тээврийн хэрэгслийн хаалгыг нээх гэснийг зөрчсөн байна. М.Д ХХК нь Жолоочийн даатгалын тухай хуульд заасны дагуу Эм эл жи финанс ХХК-тай жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулсан. Жолоочийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь хэсэгт жолоочийн даатгалын нөхөн төлбөр /цаашид нөхөн төлбөр гэх/ гэж жолоочийн даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгалын гэрээний дагуу даатгагчаас хохирогчид олгох мөнгөн хөрөнгө... гэж заасан. Жолоочийн даатгалын тохиолдол гэдэг нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 3.1.9 дэх хэсэгт жолоочийн даатгалын тохиолдол /цаашид даатгалын тохиолдол гэх/ гэж жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж, хариуцлага хүлээх тохиолдлыг хэлнэ гэж тодорхой зааж өгсөн. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2.13 болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.3 дахь хэсэгт жолооч гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг хэлнэ гэсэн байна. Харин нэхэмжлэлд дурдсан зам тээврийн осол нь тээврийн хэрэгслээр зорчигчийн буруутай үйл ажиллагааны улмаас гарсан байх тул Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль болон жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөр олгох тохиолдол биш гэж үзэж байна. Иймд иргэн Д.О ийн гаргасан хариуцагчаас 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гэрээг нотлох баримтаар судлуулаад байсан. Л.Б т ч гэсэн жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдсан, нэр нь гэрээнд бичигдсэн даатгуулагч гэж үзээд байх шиг байна. Л.Б даатгуулагч мөн. Гэвч гэрээнд заасны дагуу энэ тохиолдолд нөхөн төлбөр авах эрхтэй этгээд биш болж байгаа юм. Яагаад гэхээр даатгуулагч машинаа жолоодож явах үедээ бусдад хохирол учруулсан бол гэж хууль болон гэрээнд байгаа. Тэгэхээр энэ ослын тухайд гэвэл Л.Б нь жолооч биш зорчигч байсан. Замын цагдаагийн шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр байгаа юу гэдгийн асууж байна, үүнтэй бид маргаагүй. Санхүүгийн зохицуулах хорооны албан бичгийг нэхэмжлэлийнхээ үндэслэл болгож дурдаад байна. Эдгээр нь хүчин төгөлдөр байгаа юу гэвэл хүчин төгөлдөр байгаа. Гэхдээ эдгээр нь манай байгууллагад төлбөр ногдуулсан шүүхийн шийдвэр биш гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч М.Д ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 5,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба шаардлагын үндэслэлээ ... Хэдийгээр М.С ын жолоодож явсан тээврийн хэрэгслийн хаалгыг Л.Б нээсний улмаас Д.О нь хаалгыг мөргөж хохирол учирсан боловч жолооч нь тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж яваа зорчигчийн үйлдлийг хянаж, хариуцах ёстой. М.С , Л.Б нар нь М.Д ХХК-ийн даатгуулагчид мөн тул даатгалын тохиолдол гэж үзэж байна гэж тайлбарласан, харин хариуцагч ... Манай компанийн даатгуулагч нь М.С , Л.Б мөн хэдий ч 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн зам тээврийн осол гарах үед М.С нь ..... улсын дугаартай Приус 30 загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад гэрийнхээ гадаа дэлгүүр орох гээд зогсоосон үед тухайн тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Л.Б нь хаалгыг онгойлгож улмаар нэхэмжлэгч Д.О ......... улсын дугаартай Ланд круйзер 200 загварын тээврийн хэрэгслээрээ хаалгыг мөргөж, түүнд 7,763,000 төгрөгийн хохирол учирсан. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээгээр тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолоочийн буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлыг хохирогчид манай даатгалын компани төлөхөөр үүрэг хүлээсэн байгаа. Гэтэл тухайн зам тээврийн осол нь жолоочийн буруутай үйлдлээс биш тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигчийн буруутай үйлдлийн улмаас гарсан байх тул манай компани хариуцахгүй гэж маргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

 

М.С нь 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр..... дүүргийн 21 дүгээр хороо, .... 14 дүгээр гудамжинд Эм эл жи финанс гинко ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, ..... улсын дугаартай Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад замын зорчих хэсгийн хажууд тээврийн хэрэгслээ зогсоож байрлуулсан үед тухайн тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Л.Б нь жолоочийн эсрэг талын арын хаалгыг нээсний улмаас нэхэмжлэгч Д.О нь өөрийн өмчлөлийн ....... улсын дугаартай Тоёота ланд круйзер 200 загварын тээврийн хэрэгслээр нээсэн хаалгыг мөргөж, баруун их гэрэл, баруун их гэрлийн никель ковер, урд буфер, урд тэвш хагарч гэмтсэн 7,763,000 төгрөг /үнэлгээний ажлын хөлсөнд 305,000 төгрөг багтсан болно/-ийн хохирол учруулсан болох нь Тээврийн цагдаагийн албаны 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, №.........., ........ тоот шийтгэлийн хуудсуудаар тогтоогдож байна.

 

М.С ын жолоодож явсан, Л.Б ийн хаалгыг нь нээсний улмаас зам тээврийн осол гаргасан ..... улсын дугаартай Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгсэл нь Эм эл жи финанс гинко ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй боловч М.С нь 10,500,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/-ийн гэрээ байгуулж, тухайн компанийн өмчлөлд шилжүүлсэн, Эм эл жи финанс гинко ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр энэ иргэний хэргийн хариуцагч М.Д ХХК-тай ............ дугаартай Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулсан ба гэрээний 3-т Нэр дурдагдсан этгээд гэдэгт М.С , Л.Б нарыг дурдсанаар М.С , Л.Б нар нь М.Д ХХК-ийн даатгуулагч болжээ. Дээрх даатгалын гэрээний 3.1.3-т Жолооч нь авто тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол-ыг даатгалын эрсдэл буюу даатгалын тохиолдол бий болсон гэж үзэхээр тохиролцсон. Гэтэл 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр болсон зам тээврийн осол нь жолоочийн буруутай үйлдлээс биш, харин тухайн тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан зорчигч Л.Б ийн буруутай үйлдлийн улмаас гарчээ.

 

Иймд Жолоочийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т Хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан бол даатгуулагчийн гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд энэ хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан журмын дагуу нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш 1 сарын дотор нөхөн төлбөрийг хохирогчид олгоно. гэж заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Д.О ийн хариуцагч М.Д ХХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөрт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Жолоочийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.О ийн хариуцагч М.Д ХХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөрт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.МӨНХТӨР