Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/00590

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/00590

 

 

Д.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2021/03399 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Оийн хариуцагч “М.Д ” ХХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн олговорт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баярхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

1. Нэхэмжлэгч Д.Оийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр М.СБаянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 14 дүгээр гудамжинд “Э.Э.Ж.Ф ББСБ” ХХК-ийн эзэмшлийн Тоёота приус-30 загварын ..... УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явах үедээ хаалга нээснээс нэхэмжпэгч Д.Оийн эзэмшлийн .... УНП улсын дугаартай Тоёота Ланд крузер-200 загварын тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан. 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр “Итгэлт Эстимэйт” ХХК-аар автомашин техникийн үнэлгээний тайлан гаргуулсан. Уг үнэлгээгээр тогтоогдсон 7,458,000 төгрөг, үнэлгээчний ажлын хөлс 305,000 төгрөг, нийт 7,763,000 төгрөгийн хохирлыг Д.От учруулсан. Холбогдогч М.Снь Д.От учруулсан 7,763,000 төгрөгийн хохирлоос 5,000,000 төгрөгийг “М.Д ” ХХК-аар барагдуулахаар болж, үлдэгдэл 2,763,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Отэй график байгуулан хуваарийн дагуу төлж барагдуулсан. Хариуцагч “М.Д ” ХХК нь өнөөдрийг хүртэл даатгуулагчийн учруулсан хохирлын нөхөн төлбөрийг төлж барагдуулахгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөөр байна. Иймд “М.Д ” ХХК-аас 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.   Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Э.Э.Ж.Ф ХХК-ийн эзэмшлийн Тоёота приус 30 загварын ..... УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл бүрэн зогссоны дараа буюу замын хажууд машинаа тавьсны дараа тухайн тээврийн хэрэгслээр зорчигч нь хаалга онгойлгох үед зам тээврийн осол гарсан байдаг. Ийнхүү нэхэмжлэлд дурдсан зам тээврийн осол нь тээврийн хэрэгслээр зорчигчийн буруутай үйл ажиллагааны улмаас гарсан байх тул Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль болон жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөр олгох тохиолдол биш гэж үзэж байна. Иймд иргэн Д.Оийн гаргасан хариуцагчаас 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Жолоочийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Оийн хариуцагч “М.Д ” ХХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөрт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр байхад түүнд үнэлэлт дүгнэлт хийлгүй жолоочийн буруутай үйлдлээс биш, харин тухайн тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан зорчигчийн буруутай үйлдэл хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. /жолоочийн буруутай үйлдэл, зорчигч осол гаргасан хооронд шалтгаант холбоотой/ Өөрөөр хэлбэл, жолооч зөрчил гаргаагүй байсан бол зорчигч зөрчил гаргаж осол гарахгүй. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “зам тээврийн осол гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4-д “зам тээврийн ослын улмаас учирсан хохирлоо хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх” гэж тус тус заажээ. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн хуулийн шаардлага хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5.  Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэн зөв дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн. Жолоочийн даатгалын тухай хуульд заасны дагуу “М.Д ” ХХК нь жолоочийн хариуцлагын даатгалын гэрээг М.Сүхбаттай байгуулсан. Мөн тухайн тээврийн хэрэгслийг даатгасан. Жолоочийн үйлдлийн улмаас бий болох нөхөн төлбөрийн тохиолдлыг даатгасан үйл баримт нь уг гэрээгээр тогтоогддог. Тухайн зам тээврийн осол нь жолооч М.Сүхбатын буруутай үйлдлээс бус, тээврийн хэрэгслээр зорчиж явсан Л.Болорцэцэгийн буруутай үйлдлээс болж гарсан гэдэг нь дараах баримтуудаар тогтоогддог. Л.Болорцэцэг нь буруутай үйлдлийнхээ улмаас торгуулсан шийтгэлийн хуудас хэрэгт авагдсан. Нөхөн төлбөрийн олговор хүсэж ирүүлсэн баримтад Л.Болорцэцэг нь замын хажууд шахаад зогсчихсон байсан тээврийн хэрэгслийн хаалгыг онгойлгоход хохирогч ирж мөргөн осол гарсан гэж мэдүүлсэн байдаг. Анхнаасаа М.Снь даатгалаас нөхөн төлбөр авах учраас миний буруу гэдэг байдлаар уг асуудалд хандсан байдаг. М.Сүхбатад шийтгэл оногдуулсан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.11, 23.4-т заасан заалтууд нь жолоочийн хариуцлагын тухай заалт юм. Харин тээврийн хэрэгслийн зорчигч уг дүрмийн 6.2.е-д “бусдын хөдөлгөөнд саад болохоор байвал зогсож байгаа тээврийн хэрэгслийн хаалгыг нээхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн. Жолоочийн даатгалын нөхөн төлбөр нь зөвхөн жолоочтой хамааралтай бөгөөд зам тээврийн осол гаргасан Л.Болорцэцэг нь жолооч бус, даатгуулагчийн гэм буруутай нь тогтоогдохгүй байгаа учраас нөхөн төлбөр олгох боломжгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

2. Д.О “М.Д ” ХХК-д холбогдуулан даатгалын гэрээний үүрэгт нөхөн төлбөр 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

3. Нэхэмжлэгч Д.О нь нэхэмжлэлийн үндэслэлээ “М.Сүхбатын жолоодож явсан тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч хаалга нээснээс нэхэмжлэгч Д.Оийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 7,763,000 төгрөгийн хохирлыг учруулсан. Холбогдогч М.Снь Д.От учруулсан 7,763,000 төгрөгийн хохирлоос 5,000,000 төгрөгийг “М.Д ” ХХК-аар барагдуулахаар болж, үлдэгдэл 2,763,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Отэй график байгуулан хуваарийн дагуу төлж барагдуулсан” гэснийг хариуцагч “М.Д ” ХХК “зам тээврийн осол тээврийн хэрэгслээр зорчигчийн буруутай үйл ажиллагааны улмаас гарсан байх тул Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль болон жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөр олгох тохиолдол биш” гэж маргасан байна.

4. Даатгалын нөхөн төлбөр гаргуулах шаардлагыг бүхэлд нь хангуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.

4.а. “Зам тээврийн осол нь жолоочийн буруутай үйлдлээс биш, харин тухайн тээврийн  хэрэгсэл дотор зорчиж явсан зорчигч Л.Болорцэцэгийн буруутай үйлдлийн улмаас гарсан тул нөхөн төлбөр олгох үндэслэлгүй” гэсэн дүгнэлтийг хийхдээ анхан шатны шүүх Жолоочийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

4.б. Жолооч М.Сүхбатад Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 нэгж буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 3100020210003843 дугаар, зорчигч Л.Болорцэцэгт Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 53 дахь хэсэгт зааснаар 10,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1662262 дугаар шийтгэлийн хуудсууд хэрэгт авагдсан байна.

Дээрх шийтгэлийн хуудсуудаар М.Сүхбат, Л.Болорцэцэг нар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн үйл баримт болохыг тогтоожээ. 

4.в. Жолоочийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт зааснаар “хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан бол даатгуулагчийн гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд ... нөхөн төлбөрийг хохирогчид олгоно” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.4-д ““даатгуулагч” гэж даатгагчтай гэрээ байгуулж замын хөдөлгөөнд оролцох үедээ бусад этгээдийн өмнө хүлээх хариуцлагаа даатгуулсан этгээдийг” ойлгохоор заажээ.

5. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээнд зааснаар М.Сүхбат, Л.Болорцэцэг нарын хэн аль нь даатгуулсан байна.

5.а. Зам тээврийн осол болох үед тээврийн хэрэгслийг жолоодож байсан М.Сүхбатын буруутай эс үйлдэл тогтоогдсон байх тул хариуцагч “М.Д ” ХХК нь “Л.Болорцэцэг тухайн үед авто тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцоогүй тул даатгалын нөхөн төлбөр олгох тохиолдол биш” гэж маргасан нь үндэслэлгүй, Жолоочийн даатгалын тухай хуульд заасан хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан нөхцөл байдал “Итгэл Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон. /хх 9-12/

Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2021/03399 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...нэхэмжлэгч Д.Оийн хариуцагч “М.Д ” ХХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөрт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “...хариуцагч “М.Д ” ХХК-аас 5,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.От олгосугай” гэж, 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 94,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 95,000 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ                                          

                ШҮҮГЧИД                                  Ш.ОЮУНХАНД

 

                                                                                 Д.БЯМБАСҮРЭН