Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 102/шш2021/03316

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

....дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ....дүүрэг 1 дүгээр хороо 2 дугаар хороолол, .... гудамж, 61-36 тоотод оршин суух Б овогт П.А /РД: ...../,

 

Хариуцагч: ....дүүрэг 3 дугаар хороо ..... өөрийн байр М.Т ,

 

М.Т ын даргын 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э , Н.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өлзийсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.А гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч П.А нь М.Т нийгэмлэгт хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад замын даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн у.... дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан ба урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгохоор шүүхэд гомдол гаргасан юм. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 689 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 000/ХТ0000/00000 дүгээр тогтоолоор П.А миний биеийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн М.Т нийгэмлэгийн Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоосон. Энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, одоогоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэлийн хэрэг үүсгэгдэн ажиллагаанд байгаа билээ. 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 14 цагийн орчим М.Т нийгэмлэгийн Хүний нөөцийн албаны ажилтан Н.Б таны тушаал гарсан тул ирж ажлаа хүлээж ав гэж утсаар хэлсэн. Ингээд 15 цагт удирдах дээр ирж хүний нөөцийн ажилтан Н.Б тай уулзахад М.Т нийгэмлэгийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаар П.А г ажилд авах тухай гэсэн тушаалын хуулбарыг гардуулж өгөөд өөр бусад баримт бичиг танилцуулаагүй ба бид нар /надтай хамт 2018 онд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан О.Б , А.Ц / 17:30 цаг хүртэл хүлээж байгаад гарч явсан болно. Энэхүү ... дугаар тушаалтай танилцахад 1-т Хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст Улаанбаатар татах хэсэг хариуцсан хуульчаар ажилд авсугай гэжээ. Энэхүү тушаалын үндэслэх хэсэгт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 000 дүгээр магадлалыг дурдаад, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 000/ХТ0000/00000 дүгээр тогтоолыг дурдаагүй.

Энэхүү тушаал нь Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2-т Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэх хуулиудыг зөрчсөн. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч намайг Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоох ёстой байсан. Илт хууль бус тушаал байсан тул би уг тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй талаар тушаал танилцуулах дэвтэрт бичиж үлдээсэн. Иймд дээр дурдсан үндэслэл, шаардлагыг хянан үзэж, М.Т ын даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч П.А 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаартай тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тухайн тушаал нь хууль хэрэглээний алдаатай тушаал юм. Учир нь П.А г иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолоор урьд эрхэлж байсан Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн томилсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. П.А г ажилд нь эгүүлэн томилохдоо Ажилд авах тухай тушаал гаргасан. Гэвч П.А г шинээр ажилд авч байгаа бус, эгүүлэн оруулж ажилд нь томилж байгаа тул шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай тушаал гаргах ёстой байсан. Тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийг үндэслэн гаргасан байх бөгөөд уг зүйл, заалт нь шинээр ажилд орж буй ажилтантай байгуулдаг гэрээний заалт юм. П.А г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилж байгаа учир хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нь үргэлжлэх ёстой байсан. Мөн тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсгийг баримталсан байх бөгөөд энэ заалт нь баримтлах заалт биш, харин 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг баримтлан П.А г өөр ажилд авч байгаа бол харилцан тохиролцож ажилд авах ёстой байсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг тушаалд баримталсан байх бөгөөд энэхүү зүйл заалтад ажил олгогчийн үүргийг заасан байдаг ба хөдөлмөрийн гэрээ болон ажил олгогчийн баримталдаг хуулийн заалт биш юм. Мөн уг тушаалд Улсын Дээд шүүхийн тогтоолыг огт дурдаагүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг баримталж тушаал гаргасан нь хууль хэрэглээний хувьд үндэслэлгүй байна. Хууль зүйн албаны хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан хүнийг Улаанбаатар татах хэсгийн хуульчаар томилсон байна. Хууль зүйн алба гэдэг нь М.Т ын даргын шууд харьяанд байдаг, хуулийн зөвлөхүүд нь ахлах инженерийн хараан доор ажилладаг буюу бусад салбар, нэгжийг шалгах эрхтэй албан тушаал байхад салбар нэгж хариуцсан хуульчаар томилсон нь П.А гийн ажлын байрны зэрэглэлийг бууруулсан байна. Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт Улсын Дээд шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бусад этгээд заавал биелүүлэх ёстой гэж заасан. Улсын Дээд шүүхийн тогтоолыг биелүүлэх үүрэгтэй этгээд нь Үндсэн хууль, Хөдөлмөрийн хуулийн гол зарчмуудыг зөрчиж, П.А г шинээр ажилд авч байгаа мэт тушаал гаргасан нь хууль хэрэглээний алдаатай, шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэсэн байх тул тушаалыг хүчингүй болгож өгнө үү.

Тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилж буй хуулийн үндэслэлийг гаргасан боловч бодит байдал дээр Улаанбаатар татах хэсгийн үйл ажиллагаа хариуцсан хуульчаар ажилд авсугай гэх тушаал гарсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөлийг харилцан тохиролцоно гэж заасан. Улсын Дээд шүүхийн тогтоолоор П.А г М.Т ын Хуулийн зүйн албаны хуулийн зөвлөхийн албан тушаалд эгүүлэн тогтоосон боловч хариуцагч М.Т нь Хуулийн зүйн албаны хуулийн зөвлөхийн орон тоог хассан нь үндэслэлгүй байна. Давж заалдах шатны Иргэний хэргийн шүүх болон хяналтын шатны шүүхээс орон тоо хассан нь үндэслэлгүй байна гэж үзсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Улсын Дээд шүүхийн 00 дугаар тогтоолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрхэн зөв хэрэглэх, нотлох баримтыг үнэлэх талаарх зөвлөмжид зааснаар урьд ажиллаж байсан ажилд нь эгүүлж томилж байгаа тохиолдолд зайлшгүй дахин хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагагүй, өмнөх хөдөлмөрийн гэрээнд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана гэж заасан. Хавтас хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтой танилцахад зүтгүүрийн аж ахуйн албаны Улаанбаатар татах хэсэг, бусад нэгжийн үйл ажиллагаанд дүрэм, журам боловсруулах, хянуулах гэж заасан байна. Хариуцагч талаас тушаал гарсны дараа энэ талаар П.А д танилцуулаагүй, тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ хуулийн 21.1-д заасан гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй гэж заасан. Хөдөлмөрийн гэрээнд үндэслэж ажилд авдаг учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд үндэслэж тушаалыг гаргасан байна. П.А г Улаанбаатар татах хэсгийн хуульчаар ажиллуулах талаар хөдөлмөрийн гэрээ байгаагүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийг үндэслэж тушаал гаргасан байна. Хариуцагч талын гаргасан тушаалаас харахад энэ нь албадан хөдөлмөрийн шинжтэй тушаал байна. Энэхүү ажил нь П.А гийн хийж байсан адил чанарын албан тушаалын ажил мөн эсэхийг тодорхойлох ёстой. Хавтас хэрэгт байгууллагын бүтцийг харуулсан баримт байх бөгөөд үүнд Замын даргын шууд удирдлага дор ажиллаж буй албыг харвал үүнд хуулийн алба багтаж байгаа юм. Гэтэл Замын 1 дүгээр орлогчийн дор Хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан замын орлогч, үүний дор Зүтгүүрийн аж ахуйн алба, үүний дор Дархан татах хэсэг, Сайншанд татах хэсэг, Улаанбаатар татах хэсэг гэх 3 татах хэсэг харьяалагддаг. Улаанбаатар татах хэсэг нь Нарны замд байрладаг бөгөөд үүнд П.А хуульчийг зүтгүүрийн албанд зөвлөгөө өгөөд ажилла гэх утгатай тушаал гарсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд П.А нь ажилдаа эгүүлэн томилогдоход орон тоо цомхотгосон бол ажил олгогч ажилтай тохиролцсоны үндсэн дээр ажил чанарыг өөр албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж заасан. Гэвч П.А гийн орон тоо хассан нь үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн, мөн хэрэв П.А тай хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаа тохиолдолд хуульд заасан шаардлагыг хангаж, П.А тай харилцан тохиоролцох ёстой байсан боловч П.А тай тохиролцоогүй өөр газрын өөр албан тушаалд томилсон байсан. Үүнээс үзэхэд хариуцагч тал нь Хөдөлмөрийн тухай хуулийг биелүүлж буй мэт дүр эсгэж, халхавчилсан тушаал байна. Уг Улаанбаатар татах хэсэгт тэнд хийх ч ажил байхгүй. П.А нь М.Т ыг төлөөлж шүүх хуралдаанд оролцдог, 70 гаруй аж ахуйн нэгжүүдэд хуулийн зөвлөгөө өгч сургалт хийдэг бөгөөд энэ нь өмнөх ажлын байрны тодорхойлолтод заагдсан. П.А нь Эрхүү хотод эрх зүйн дээд боловсрол эзэмшсэн, орос хэлтэй, орос ажилчидтай харилцан ойлголцож чаддаг өндөр боловсролтой, М.Т д хүлээн зөвшөөрөгдсөн хүн юм. Хариуцагчийн гаргасан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэхдээ бүхэлдээ алдаатай хэрэглэсэн, хуулийн бодит үндэслэлгүй, хавтас хэрэгт авагдсан баримтаас харахад П.А г урьд эрхэлж байсан албан тушаалд томилсон нь тогтоогдоогүй, ажил чанарын ажлын байранд томилоогүй нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн М.Т нийгэмлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э , Н.Б нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч П.А нь М.Т нийгэмлэгийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргажээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

- П.А нь М.Т нийгэмлэгт холбогдуулан хуучин ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэпийг нөхөн төлүүлэх тухай гомдол гаргасныг ....дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 000/ШШ0000/00000 дугаартай шийдвэрээр гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 000 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийг Соён гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөхийн албан тушаалд эгүүлэн тогтоож, олговорт 15,081,269 төгрөг олгохоор шийдвэрлэсэнд хариуцагчаас хяналтын гомдол гаргаж, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 000/ХТ0000/00000 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийг М.Т нийгэмлэгийн Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговроос хасалт хийж, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн.

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэснийг болон Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ....шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй гэсний дагуу ажил олгогчоос Замын даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А-00 дүгээр тушаалаар Хууль зүйн албаны Мэргэжпийн эрх зүйн харилцааны хэлтэст 3 хуульчийн орон тоо нэмсэн. Үүнийг үндэслэн мөн даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 36 дугаар зүйлийн 36.1.2, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан П.А г Хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст Улаанбаатар татах хэсгийн үйл ажиллагаа хариуцсан хуульчаар ажиллуулахаар томилсон. П.А гийн өмнө нь ажиллаж байсан Хууль зүйн албаны Соён гэгээрүүлэх хэлтэс нь Замын даргын 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А-000 дугаар тушаалаар татан буугдсан. Замын даргын 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А-000 дүгээр тушаалаар Хууль зүйн албаны бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулж дүрмийг өөрчилсөн бөгөөд уг бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Хууль зүйн албаны дарга-1, орлогч дарга-1, Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэс /5 хуульч/, Хөдөлмөрийн эрх зүйн харилцааны хэлтэс /5/, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэс 1, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн 1, нийт 16 ажилтантай байхаар шийдвэрлэсэн. Уг тушаалаар өмнө нь хуулийн зөвлөх гэсэн нэршлийг хуульч гэж өөрчилсөн бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3 дахь заалт болон Хуульчийн Эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д хуульч гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээдийг ойлгоно гэсэн заалтуудтай нийцэж байна. Одоогийн байдлаар тус Хууль зүйн албаны Мэргэжпийн үйл ажиллагааны хэлтэс, Хөдөлмөрийн эрх зүйн харилцааны хэлтэст /хэлтсийн дарга нараас гадна/ хуульчаар 7 ажилтан ажиллаж байна. М.Т нийгэмлэгийн Хүний нөөцийн албаны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 00/000 тоотоор П.А д Вагон ашиглалтын депогийн хүний нөөцийн менежерийн ажлын байрыг санал болгосон боловч хүлээн зөвшөөрөөгүй байдаг. Үүний дараа мөн албанаас 1 дүгээр сарын 29-ний өдөр 18/51 тоот, 02 дугаар сарын 02-ны өдрийн 18/90 тоот албан бичгээр Хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст хуульчаар ажиллуулахаар томилсон, уг тушаалыг гардан авсан тул ажилдаа хүндэтгэлтэй хандаж, мэргэжпийн ерөнхий үүрэг болон нийтлэг үүргээ биелүүлэх, зарчимч ёс зүйтэй байх, ажил таслахгүй байхыг удаа дараа мэдэгдсэн.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоох ёстой байсан. Шүүхийн шийдвэрийг дүр үзүүлэн биелүүлж, илт хууль бус тушаал гаргасан гэжээ. П.А г шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүйн албанд хуульчаар ажилд авсан ажил олгогчоос гаргасан тушаалыг дүр үзүүлсэн, хууль бус тушаал гэж үзэж байгаа үндэслэл нь ойлгомжгүй байна. Улсын Дээд шүүхийн тогтоолын огноо, дугаарыг бичээгүй нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь уг тушаал нь ажил олгогчийн зүгээс шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг биелүүлэх үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл мөн. Харин нэхэмжлэгчийн хуулийн зөвлөхөөр ажилд авах ёстой гэсэн шаардлагын үндэслэл нь дээр дурдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2010 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар тушаалаар батлагдсан Монгол Улсын Үндэсний ажил мэргэжил, албан тушаалын жагсаалт, ангилал, тодорхойлолт /ҮАМАТ-00/-д эрх зүйч /хуульч/, эрх зүйн мэргэжилтэн гэснээр үгүйсгэгдэж байх бөгөөд мөн түүнчлэн ажил олгогч нь өөрийн ажил, мэргэжпийн ангилал, тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж мөрдөх эрхийг тодорхойлсон байна. Үүнээс үзэхэд хуулийн зөвлөх гэдэг нь хуульчийн буюу эрх зүйн мэргэжилтний ажил, мэргэжлийн ангилалд хамаарагдаж байна. Иймд М.Т ын даргын 01 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.

Хариуцагч М.Т нийгэмлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүднээс М.Т ын даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 00 дүгээр тушаалаар Хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст 3 хуульчийг хуульчийн ажилд эгүүлэн авах тушаал гаргаж, 3 хуульчийн орон тоог нэмсэн. 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн М.Т ын даргын ... дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2 дэх хэсэгт заасныг баримтлан Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст Улаанбаатар татах хэсгийн үйл ажиллагаа хариуцсан хуульчаар П.А г ажиллуулахаар томилсон. Соён гэгээрүүлэх хэлтэс нь 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр татан буугдаж, М.Т ын даргын тушаалаар Хууль зүйн албаны бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, Хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэс 5 хуульч, Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн хэлтэс 5 хуульч, Эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэс 3, дотоод асуудал хариуцсан ажилтан 1 гээд нийт 16 ажилтантай байхаар өөрчлөлт оруулсан. Ажил олгогч бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах эрхтэй байдаг. Ерөнхий хорооны хурлын 2006 оны протоколын тушаалд хуулийн зөвлөх гэх нэршлийг хуульч гэж өөрчилсөн. Хавтас хэрэгт авагдсан бүтцээс харахад М.Т ын даргын харьяанд хууль зүйн алба шууд харьяалагддаг. Хууль зүйн алба нь нийт 16 ажилтантай бөгөөд үүнд П.А г томилсон албан тушаал хамаарна. Хавтас хэрэгт авагдсан Улаанбаатар татах хэсгийн орон тоо дотор нэхэмжлэгч талын хэлж буй Улаанбаатар татах хэсгийн хуульч гэх орон тоо байхгүй. Улаанбаатар татах хэсгийн дүрэмд татах хэсгийн зохион байгуулалтыг дурдсан байх бөгөөд үүнд хуульч байна гэх заалт байхгүй. П.А г Улаанбаатар татах хэсэгт байрлуулна гэдэг нь хууль зүйн албанд байрлана, шаардлагатай тохиолдолд Улаанбаатар татах хэсэгт очиж үндсэн үйл ажиллагааг хангах, зөвлөгөө, зөвлөмж өгөх үүднээс тэнд байрлана гэх нөхцөлийг дурдсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа энэ хүнийг харахыг хүсэхгүй, ялгаварлан гадуурхаж байна гэх тайлбар нь ор үндэслэлгүй байна. Улаанбаатар татах хэсгийг хариуцсан хуульч, худалдан авалт, борлуулалтыг хариуцсан хуульч, үндсэн хөрөнгө, эд хөрөнгө хариуцсан хуульч гэх бүтэц зохион байгуулалтыг хийх болсон шалтгаан нь чиглэл чиглэлийг хариуцсан үүргийг хэрэгжүүлдэг хуульчид байх шаардлагатай гэж үзсэн явдал юм. Хэдий П.А нь Улаанбаатар татах хэсгийн үйл ажиллагаа хариуцсан хуульчаар ажиллах боловч Хууль зүйн албаны үндсэн үйл ажиллагааг хийхийг ажлын байрны тодорхойлолтод заасан. Бүтцэд П.А г томилсон албан тушаалыг Хууль зүйн албаны хуульч гэж заасан бөгөөд бид шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж П.А г ажилд нь эгүүлэн авсан гэв.

Шүүх хуралдаанаар талуудын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.А нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн М.Т нийгэмлэгт холбогдуулан тус нийгэмлэгийн даргын 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаар тушаалыг хүчингүй болгох шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолоор П.А г тус нийгэмлэгийн Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоосон. Гэтэл шүүхийн шийдвэрийг дүр үзүүлэн биелүүлж, нийгэмлэгийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаар тушаалаар П.А г Хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст Улаанбаатар татах хэсгийн үйл ажиллагаа хариуцсан хуульчаар ажилд авсан нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрийн дагуу түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн авч өмнөх хөдөлмөрийн харилцаа үргэлжлээд явах ёстой байтал түүнийг шинээр ажилд томилсон, хэрвээ урьд эрхэлж байсан ажил, албан тушаал нь цомхтголд орсон бол ажил олгогч нь ажилтантай зөвшилцөж адил түвшиний, адил чанарын өөр ажилд авах ёстой гэж тайлбарласан, харин хариуцагч татгалзлын үндэслэлээ замын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгчийн өмнө ажиллаж байсан хэлтсийг татан буулгаж, Хууль зүйн албаны бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулж энэ өөрчлөлтөөр хуулийн зөвлөх гэсэн нэршлийг хуульч гэж өөрчлөн хуульчийн орон тоо нэмж шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд томилсон гэж тайлбарлан маргаж байна.

 

Дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд, хариуцагч М.Т ын даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А-000 дугаар тушаалаар Хууль зүйн албанд Соён гэгээрүүлэх хэлтсийг бий болгож Хууль зүйн албаны хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан П.А г 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б-1-000 дугаар тушаалаар Соён гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөхөөр томилж, уг албан тушаалаас 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б-1-000 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан салбар нэгж татан буугдаж, орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр чөлөөлж, хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгосныг нэхэмжлэгч П.А нь эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 000 дугаар магадлалаар ажил олгогч өөрийн бүрэн эрхийн хүрээнд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийх эрхтэй ч энэ нь бодитой байх ёстой, Соён гэгээрүүлэх хэлтсийг татан буулгах болсон үндэслэл тодорхойгүй, Соён гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөхийн ажлын үндсэн чиг үүрэг нь Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажлын байрны тодорхойлолт, чиг үүрэгт багтсан байна гэх үндэслэлээр П.А г ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж дүгнэн М.Т ын Хууль зүйн албаны Соён гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоосон байна. Харин Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 000/ХТ0000/00000 дугаар тогтоолоор М.Т нийгэмлэгийн дарга нь байгууллагын бүтцийг бие даан өөрчлөх эрхтэй гэх боловч ерөнхий хорооны 2009 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 4 дүгээр тэмдэглэлийн 10.6 заалт нь хоорондоо зөрүүтэйгээс гадна 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А-000 дугаар тушаалаар Соён гэгээрүүлэх хэлтсийг татан буулгасан гэх боловч тушаалд энэ тухай заалт байхгүй гэж үзэн магадлалд өөрчлөлт оруулж П.А г Монгол-Оросын хувь нийлүүлсэн М.Т нийгэмлэгийн Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэжээ. Шүүхийн хүчин төгөлдөр тогтоолыг биелүүлэх зорилгоор хариуцагч 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 00/000 тоот албан бичгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг үндэслэн П.А д Вагон ашиглалтын депогийн Хүний нөөцийн менежерийн ажлын байрыг санал болгосныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй тул 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ... дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 36 дугаар зүйлийн 36.1.2, 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалт, ....дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 000/ШШ0000/00000дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 000 дүгээр магадлалыг тус тус баримтлан П.А г Хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст Улаанбаатар татах хэсгийн үйл ажиллагаа хариуцсан хуульчаар томилсон байна.

 

Зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч П.А гийн томилогдсон Хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст Улаанбаатар татах хэсгийн үйл ажиллагаа хариуцсан хуульчийн ажлын байр нь шүүхийн шийдвэрт заагдсан Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажлын байртай дүйцэх эсэх нь маргааны гол зүйл болж байх бөгөөд шүүх дараахь үндэслэлээр П.А г хариуцагч шүүхийн шийдвэрт заагдсан ажлын байртай дүйцэх хэмжээний ажил, албан тушаалд томилоогүй гэж үзлээ. Үүнд, тус нийгэмлэгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А-000 дугаар Орон тоо, албан тушаалын жагсаалт батлах тухай тушаалаар Удирдах газрын орон тоо, албан тушаалын жагсаалтыг баталсан ба жагсаалтын 15-д Хууль зүйн албаны орон тоо, албан тушаалыг баталсан, мөн тушаалаар Улаанбаатар татах хэсгийн орон тоо, албан тушаалын жагсаалтыг баталсан байх бөгөөд тус татах хэсэг нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн 1213 орон тоотойгоор ажиллахаар тус тус баталсан. Мөн хариуцагчаас гаргаж өгсөн тус нийгэмлэгийн зохион байгуулалтын бүтцийн схемээс үзвэл Замын даргын шууд харьяалах бүтцэд хуулийн алба хамаарч байгаа бол замын 1 дүгээр орлого даргын шууд харьяалах бүтцийн Хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан замын орлогч даргын харьяалах Зүтгүүрийн аж ахуйн албанд Улаанбаатар татах хэсэг хамаарч байна. Өөрөөр хэлбэл Хууль зүйн алба болон Улаанбаатар татах хэсгүүд нь М.Т нийгэмлэгийн зохион байгуулалтын бүтцийн өөр өөр түвшинд харьяалагджээ.

 

Урьд эрхэлж байсан ажил, албан тушаал гэдэгт ажилтныг ажлаас халагдахаас өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болох Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-21.1.4 дэх хэсэгт заасан ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл хэвээр байхыг ойлгоно. Хууль зүйн албаны дүрэм, нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан хуулийн зөвлөхийн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтоос үзвэл Хууль зүйн албаны хуулийн зөвлөх нь М.Т ын хэмжээнд байгуулж байгаа гэрээ, хэлцэл болон дагаж мөрдөх дүрэм, журам, шийдвэрийн төслийг хянах, санал дүгнэлт гаргах, бусад алба, хэлтэс, салбар нэгжтэй хамтран гэрээ, хэлцлийн төсөл боловсруулах, хуулийн дагуу баталгаажсан эсэхэд хяналт тавина. Харин Улаанбаатар татах хэсэг хариуцсан хуульчийн албан тушаал нь хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, зорчигч, үйлчлүүлэгчдэд тав тухтай, түргэн шуурхай, найдвартай, аюулгүй үйлчилгээг хүргэх, ашиг, орлогыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд хариуцаж буй чиглэлийн үйл ажиллагаатай холбоотой гэрээ, хэлцэл, дүрэм, журам, албан бичиг боловсруулах, хянуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэхээр ажлын байрны тодорхойлолтод заажээ.

 

Хариуцагч нь Хууль зүйн албыг татан буулгасан гэсэн атлаа тухайн албыг 3 хэлтэстэй болгож хуулийн зөвлөхийн ажлын байрны нэрийг хуульч гэж өөрчлөн 6 хуулийн зөвлөхийн ажлын байрыг тодорхой салбар, чиглэл хариуцсан 7 хуульчтай байхаар зохион байгуулсан байх ба нэхэмжлэгчид 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөр ажлын байр санал болгосон нь тухайн албаны бүрэлдэхүүнээс нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан хуулийн зөвлөхийн ажлын байр цомхотгогдсон гэж үзжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил чанарын өөрийн ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж заасныг хариуцагч М.Т нийгэмлэг нь зөрчиж, нэхэмжлэгчтэй зөвшилцөж тохиролцолгүйгээр түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дүйцэхгүй, өөр ажил, албан тушаалд томилсон байна.

 

Иймд хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үндэслэлээр 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол-Оросын хувь нийлүүлсэн М.Т нийгэмлэгийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар улсын орлогоос 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.А д буцаан олгож, хариуцагч М.Т аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР