Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 102/шш2021/03040

 

 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

......дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ула.... хот, ......дүүрэг, 3 дугаар хороо, .... гудамж, 34-801 тоот хаягт байрлах, Э.Х ХХК /РД: ....../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ула.... хот, ......дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 24 дүгээр байр, 2 тоотод оршин суух, Б овогт Л.Г /РД: ....../,

 

Хариуцагч: Ула.... хот, ......дүүрэг, 1 дүгээр хороо, ...... гудамж, 20 дугаар байр, 42 тоотод оршин суух, Б овогт Л.Б /РД: ......../ нарт холбогдох,

 

Гэрээний үүрэгт 2,318,916,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б аа, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б , хариуцагчийн өмгөөлөгч Э.Э , гуравдагч этгээд Капитрон банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т , Г.Э , гуравдагч этгээд О.А , түүний өмгөөлөгч С.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгуль нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Л.Б , Л.Г.... нар нь Э.Х ХХК-ийн өмчлөлийн Хьюндай г500 LС-7 загварын, ......, ...... улсын дугаартай 2 ширхэг экскаваторыг худалдаж авахаар тохиролцож 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 00/00-00 тоот зээлээр техник худалдах худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Л.Б ын дүү Л.Г.... гарын үсэг зурсан. Уг гэрээгээр худалдан авагч нь 1 ширхэг экскаваторыг үнийг 430,000,000 төгрөгөөр тооцож, нийт 860,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, нийт төлбөрөөс 65,000,000 төгрөгт Эрдэнэт хотод байрлах Л.Б ын нэр дээрх Надежда хотхоноос 2 өрөө орон сууцыг тооцож М.М ийн гэх иргэний дээр шилжүүлж өгөх, мөн урьдчилгаанд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 50,000,000 төгрөгийг бэлнээр, үлдэх төлбөрийг 2019 оны 06 дугаар сарын 20-ны дотор 30,000,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 05-ны дотор 100,000,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 25-ны дотор 270,000,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 25-ны дотор 345,000,000 төгрөгийг төлж дуусгахаар харилцан тохиролцсон. Мөн худалдан авагч төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол хөрөнгийг түрээсийн журмаар ашиглуулсанд тооцох ба 1 сарын 1 техникийн түрээсийн төлбөрийг 45,000,000 төгрөгөөр, нийт 2 сарын түрээсийн төлбөрийг 90,000,000 төгрөгөөр цаашид тооцож түрээсээр ажиллуулснаар худалдагч талд төлбөр төлөхөөр, төлбөрийг заасан хугацаандаа төлөхгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр гэрээгээр тохиролцсон.

 

Хариуцагч нарын зүгээс Эрдэнэт хотод байрлах Л.Б ын нэр дээрх Надежда хотхоноос 2 өрөө орон сууцыг 65,000,000 төгрөгт тооцож М.М ийн нэр дээр шилжүүлсэн бөгөөд мөн урьдчилгаа төлбөр дээр нэмж нийт 65,470,000 төгрөгийг түлшээр тооцож төлсөн боловч үлдэх төлбөрийг огт төлж барагдуулаагүй. Хариуцагч нар нь экскаваторыг ашиглах явцадаа нэг эксоваторыг шатааж их хэмжээний эвдрэл гэмтэл хохирол учруулсан бөгөөд ...... улсын дугаартай экскаваторыг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр акт үйлдэж хүлээлцсэн, ...... улсын дугаартай экскаваторыг уурхайгаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр компанийн зүгээс очиж өөрийн зардлаар ачиж авч ирсэн. Мөн хариуцагч Л.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Э.Х ХХК-д хандаж Л.Г....ын байгуулсан зээлээр техник худалдах худалдан авах гэрээнд заасны дагуу үүргээ биөлүүлж чадаагүй тул хоёр экскаваторыг буцаан өгч, учирсан хохирлыг барагдуулж, экскаваторыг ашигласан түрээсийн болон засвар үйлчилгээний төлбөрийг төлж барагдуулах тухай баталгаа гаргасан. Гэвч Л.Г...., Л.Б нар нь хохирол төлбөрийг огт төлж барагдуулаагүй, гэрээнд заасан хугацаандаа төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй болно.

 

Анх гэрээ байгуулж хариуцагч нарт экскаваторыг хүлээлгэн өгсөн өдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс эксковаторуудыг акт үйлдэж буцааж хүлээж авсан өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр ...... улсын дугаартай экскаваторын түрээсийн төлбөр 900,000,000 төгрөг, ...... улсын дугаартай экскаваторын түрээсийн төлбөр 711,000,000 төгрөг, нийт 1,611,000,000 төгрөгийн төлбөр гарснаас хариуцагч нарын төлсөн 130,470,000 төгрөгийг хасч тооцон түрээсийн үлдэгдэл төлбөр 1,480,530,000 төгрөг, алданги 740,265,000 төгрөг, ..... улсын дугаартай экскаваторыг компанийн зүгээс уурхайгаас очиж ачиж авчирсан тээврийн зардал болон засвар үйлчилгээ хийсэн 98,121,000 төгрөгийн зардал, нийт 2,318,916,000 төгрөгийг төлж барагдуулах үүрэг хариуцагч нарт үүссэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй болно.

 

Иймд талуудын хооронд 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 00/00-00 тоот зээлээр техник худалдах худалдан авах гэрээнд заасны дагуу ......, ...... улсын дугаартай 2 ширхэг экскаваторыг ашигласны түрээсийн төлбөр 1,480,530,000 төгрөг, алданги 740,265,000 төгрөг, ...... улсын дугаартай эксковаторыг тээвэрлэсэн зардалд 9,000,000 төгрөг, 2 эксковаторын засварын зардал 89,121,000 төгрөг, нийт 2,318,916,000 төгрөгийг хариуцагч Л.Г...., Л.Б нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б ын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт болон өмгөөлөгч Э.Э ы шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2019 оны 05 дугаар сард ......, ...... улсын дугаартай 2 ширхэг эксковаторыг зээлээр худалдан авах гэрээ байгуулж, авахдаа урьдчилгаа мөнгөө тохиролцсон урьдчилгааны бүх мөнгийг төлөөд авсан. Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт байрлах Их Тохой гэх газарт Тод алт нөхөрлөлтэй гэрээ байгуулан энэ 2 эксковаторыг ажиллуулсан. Би М гэх хүнтэй гэрээ хийсэн ч С гарын үсэг зурсан байсан. Хоёр экскаваторыг 05 дугаар сард авсан ч ажиллах газартаа 2019 оны 07 дугаар сарын 30-нд зөөж аваачсан ба 2019 оны 08 дугаар сарын 01-нд уурхайн ажил эхэлсэн. Энэ хооронд уурхайн ажилд 2 сар орчим хүрэхтэй үгүйтэй явж байгаад 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр ...... дугаарын эксковаторын мотор эвдэрсэн тул ажиллагааг нь зогсоосон, тэр даруй уурхайн дарга Б д мэдэгдэн нэхэмжлэгч талынхан хэд хэдэн удаа ирж үзсэн. Манайх Тод алт нөхөрлөлтэй орон нутгийн гэрээтэй бөгөөд уг гэрээ 2019 оны 11 дүгээр сарыг хүртэлх хугацаатай байсан бөгөөд гэрээ дуусахад ...... эксковаторыг ажилуулаагүй. 2020 оны 01 дүгээр сарын эхээр Сэлэнгэ Майнинг ХХК-ийн нүүрсний уурхайн захирал Ш  эксковатороо өгөөч гэхэд нь нэг нь эвдэрсэн тул засаад ав, худалдсан хүмүүс нь засаж өгнө гэсэн гэж хэлсэн нөгөөг нь өгсөн ч 7 хонолгүй шатсан. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын албаныхан уг эксковаторын галыг унтраасан бөгөөд галын дүгнэлт гаргахад тухайн эксковаторыг гадны нөлөөгүйгээр буюу цахилгааны утасны гэмтлээс үүсэн шатсан гэсэн. Нэхэмжлэгч талд худалдан борлуулсан эксковаторт ийм зүйл болсон, ямар учиртай юм бэ гэж мэдэгдсэн. Үүний дараа 2020 онд төлбөрөө төлөх гэтэл Тод алт нөхөрлөл гэрээ сунгаж өгөхгүй байсан. ...... дугаартай эксковаторыг өөрийн зардлаар авч ирсэн. 2021 оны 01 дүгээр сард хариуцагч тал ч ажил чинь зогсонги байдалтай байгаа юм байна, бид эвдэрсэн эксковаторыг янзлаад чамд буцааж өгье гээд 2 эксковаторыг авч явсан. Мотор шатахад би 10,000,000 төгрөгөөр бүх сэлбэгийг худалдаж авсан байсан, харин ажлын хөлс 2,500,000 төгрөгийг гарган өгч чадалгүй хугацаа алдсан. Зардлыг төлөхөд татгалзах зүйлгүй гэдгээ ч илэрхийлсэн. Засвар 80,000,000 төгрөг болно энэ мөнгийг нүүрсээр бартер хийе гээд Сэлэнгэ аймгийн Ш тэй тохиролцсон байсан. Гэтэл Ш над руу М ах надаас шинэ экскаваторын мөнгө нэхээд, экскаваторыг харъя гэхээр хаана байгааг нь зааж өгөхгүй байна гэж байсан. Ш шатсан экскаваторын үнийг төлнө гэж хэлдэг. Нэхэмжлэгч талыг засаад өгнө гэснээрээ засаж өгвөл би уурхай ажиллуулдаг тул экскаваторыг худалдаж авах хэвээр байгаа. Түрээсийн зардлын хувьд 2019 онд цар тахалтай, ажиллаагүй ийм байхад түрээсийн төлбөр шаардаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Засаж сэлбээд өгөх юм бол худалдаж авах хэвээр, харин тэр би янзлуулаад эргүүлэн авна гэдэг баталгаа гарган гарын үсгээ зурсан нь үнэн. Б би банкинд өртэй тул шүүхийн шийдвэр байвал надад хэрэг болно гэсний дагуу хүслээр нь байсан.

 

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 318 дугаар заалтаар түрээс нэхээд байдаг, гэтэл тэр техник зорилгоо биелүүлээгүй, ашиглаж байж л бид түрээсээ өгнө шүү дээ гэтэл эвдэрсэн. Хүлээж авсан дээр маргаагүй, 2019 оны 11 дүгээр сарын 01 хүртэл ажиллаад зогссон. Нөгөөх нь 2020 оны 01 дүгээр сарын 10-нд шатсан. Энэ нь гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. Л.Б гэрээний оролцогч биш хамтран хариуцах үндэслэл байна уу гэдгээ ярьсангүй. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, үүнийгээ ч нотолж чадаагүй байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д эд хөрөнгө хөлслөх гэрээний нэгэн адил үйлчилнэ гэж заасан. Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-д биет болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэхийг үүрэг болгосон, экскаватор 6 сар ч болоогүй 2 сар болон шатсан, Л.Б би худалдан авсан учраас эрсдэл шилжсэн гэж үзэн нэхэмжлэгч талд хэлсэн. Нэхэмжлэгч талаас ирж үзсэн гэдэг. Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.3-т зааснаар ирэх үүрэгтэй байсан ч үүргээ биелүүлээгүй, зориулалтын дагуу ашиглаж чадаагүй тул хөрөнгө олоогүй, ямар ч ажиллагаа хийгээгүй байхад нэхсэн. Үүнээс гадна өвөл газрын ус хөлддөг учир экскаваторыг ажиллуулах боломжгүй үүнийгээ ч гэрээгээр хязгаарласан. Энэ экскаватор засагдсан эсэх нь тодорхойгүй, худалдах худалдан авах гэрээгээр худалдаж авна гэж тохиролцсон учир үүнд тайлбаргүй. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотолсонгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд Капитрон банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т , Г.Э нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай банк Э.Х ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 21-ны өдөр 3003-2018/65 тоот зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 30-0000/00 тоот Эд хөрөнгө өмчлөх гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр ......, ...... дугаартай 2 ширхэг экскаваторыг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар манай банк түр нэр дээрээ шилжүүлэн авсан. Э.Х ХХК нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийн тулд тухайн 2019 оны 05 дүгээр сарын 19-ны өдөр зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийн үр дүнд манай зээлийн гэрээ давхар биелэх боломжтой гэрээ байсан. Энэ гэрээ манайд ашигтай байсан тул манай зүгээс татгалзаагүй, гэрээг нь дэмжиж ажилласан. Худалдан авагч нарын зүгээс авч ашигласан гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй байсан тул үүргийн биелэлтийн асуудал хөндөгдөж эхэлсэн. Одоо Э.Х ХХК-аас манай тал фидуцийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардан ......дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 000/ШШ0000/00000 дүгээр захирамжаар Э.Х ХХК-аас 1,453,654,360 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Х ХХК хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байгаа гэв.

 

Гуравдагч этгээд О.А , түүний өмгөөлөгч С.Б нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Э.Х ХХК-ийн худалдах худалдан авах гэрээ надад хамаагүй, миний эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй, нэхэмжлэгч өөрөө хариуцагчаа сонгодог гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

  Нэхэмжлэгч Э.Х ХХК нь хариуцагч Л.Г...., Л.Б нарт холбогдуулан гэрээний үүрэгт 1,480,530,000 төгрөг, алданги 740,265,000 төгрөг, тээврийн зардалд 9,000,000 төгрөг, засварын зардалд 89,121,000 төгрөг, нийт 2,318,916,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасныг хариуцагч Л.Б , Л.Г.... нар ... 2019 оны 05 дугаар сард ......, ...... улсын дугаартай 2 ширхэг эксковаторыг зээлээр худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа мөнгөө төлөөд авсан. 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр ...... дугаарын эксковаторын мотор эвдэрсэн тул ажиллагааг нь зогсоосон. 2020 оны 01 дүгээр сарын эхээр ...... дугаартай экскаватор шатсан. Бидний уурхайн зөвшөөрлийг сунгаж өгөөгүй, мөн цар тахалтай байсны улмаас үйл ажиллагаа доголдсон. Экскаваторуудыг худалдаж авах тохиролцоо маань одоо ч хэвээрээ байгаа. Түрээсийн гэрээний төлбөр гэж эрүүл ухаантай хүний санаанд багтамгүй их төлбөр нэхэж байгааг ойлгохгүй байна. Эвдэрсэн экскаваторын сэлбэгийг би 10,000,000 төгрөгөөр авсан, засварын ажлын хөлсөнд 2,500,000 төгрөгийг төлж чадахгүй багахан хугацаа алдсан. Гэтэл үндэслэлгүйгээр их хэмжээний засварын зардал гаргасан байна. Тээврийн зардал ч мөн 9,000,000 төгрөг болохгүй гэж маргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

а/ Түрээсийн төлбөрт 2,220,795,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч Э.Х ХХК, хариуцагч Л.Г.... нар нь 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хьюндай г500 LС-7 загварын, ...... улсын дугаартай эксковаторыг 430,000,000 төгрөгөөр, ...... улсын дугаартай эксковаторыг 430,000,000 төгрөг, нийт 860,000,000 төгрөгөөр худалдаж-худалдан авах, төлбөрийн 65,000,000 төгрөгт тооцож Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах, Л.Б ын өмчлөлийн Надежда хотхоноос 2 өрөө орон сууцыг М.М э гэх иргэний дээр шилжүүлж өгөх, мөн урьдчилгаанд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 50,000,000 төгрөгийг бэлнээр, 2019 оны 06 дугаар сарын 20-ны дотор 30,000,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 05-ны дотор 100,000,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 25-ны дотор 270,000,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 25-ны дотор 345,000,000 төгрөгийг тус тус төлж төлбөрийг барагдуулахаар харилцан тохиролцсон ба зохигчдын хооронд хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Э.Х ХХК нь гуравдагч этгээд Капитрон банк ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 3003-2018/65 дугаар зээлийн гэрээ байгуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр 3003-2018/65-5 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулан ......, ...... улсын дугаартай Хьюндай г500 LС-7 загварын 2 ширхэг экскаваторыг Капитрон банк ХХК-ийн өмчлөлд түр шилжүүлсэн. Хариуцагч Л.Г.... нь төлбөрийн 65,000,000 төгрөгт тооцож Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах, Л.Б ын өмчлөлийн Надежда хотхоноос 2 өрөө орон сууцыг М.М э гэх иргэний дээр шилжүүлж өгсөн, мөн 65,470,000 төгрөгийг түлшээр тооцож төлсөн, нийт 130,470,000 төгрөгийг гэрээний төлбөрт төлсөн талаар болон хариуцагч 2 экскаваторыг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан, ...... улсын дугаартай эксковатор 2019 оны 09 дүгээр сард эвдэрсэн ба 2020 оны 09 дүгээр сарын 10-нд талууд акт үйлдэж нэхэмжлэгч буцааж хүлээн авсан, ...... улсын дугаартай экскаватор 2020 оны 01 дүгээр сарын 10-нд шатсан, нэхэмжлэгч 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн зардлаар Ула.... хотод авч ирсэн талаар зохигчид маргахгүй байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2.5-д Худалдан авагч төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол хөрөнгийг түрээсэн журмаар ашиглуулсанд тооцож, нэг сарын нэг техникийн түрээсийн төлбөрийг 45,000,000 төгрөгөөр тооцож, нийт нэг сарын 90,000,000 төгрөгөөр цаашид тооцож түрээсээр ашиглуулснаар худалдагч талд төлбөр төлнө. гэж тохиролцсоноос үзвэл хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд худалдах-худалдан авах гэрээний үүргийг түрээсийн гэрээний үүргээр солихоор тохиролцсон байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-д Үүрэг дараахь үндэслэлээр дуусгавар болно:, мөн 236.1.3-т талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон. гэж заасантай нийцэж байх тул 2 экскаваторыг ашигласан хугацааны түрээсийн төлбөрийг хариуцагч Л.Г.... хариуцах үндэслэлтэй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч Л.Г....аас 2 экскаваторыг хүлээн авсан 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс ...... улсын дугаартай экскаватор 2019 оны 09 дүгээр сар 10-ны өдөр буюу нэхэмжлэгчид буцааж өгсөн өдрийг хүртэлх 4 сар 15 хоногийн түрээсийн төлбөрт 202,500,000 төгрөг, мөн ...... улсын дугаартай экскаваторыг шатаасан өдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх 7 сар 24 хоногийн түрээсийн төлбөрт 351,000,000 төгрөг, нийт түрээсийн төлбөрт 553,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй боловч хариуцагчаас гэрээний үүрэгт төлсөн 130,470,000 төгрөгийг хасч /553,500,000 - 130,470,000 = 423,030,000 төгрөг/ 423,030,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. Талуудын байгуулсан гэрээний 3.4-т Худалдан авагч гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлнө. Төлбөрийг заасан хугацаанд хугацаа хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар тооцож алданги төлнө. гэж зааснаар нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй, хариуцагч алданги тооцох үүрэгтэй. Хариуцагч Л.Г.... нь түрээсийн гэрээний үүрэгт 423,030,000 төгрөг төлөх үүрэгтэй ба ...... улсын дугаартай экскаваторыг нэхэмжлэгчид буцаан хүлээлгэж өгсөн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр, ...... улсын дугаартай экскаваторыг шатаасан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх 22 сарын алдангид 211,515,000 төгрөг гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцэнэ. Иймд хариуцагч Л.Г....аас түрээсийн гэрээний үүрэгт буюу түрээсийн төлбөрт 423,030,000 төгрөг, алдангид 211,515,000 төгрөг, нийт 634,545,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн энэ шаардлагаас үндэслэлтэй үлдэх 1,586,250,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Түрээсийн хугацааг хариуцагч түрээсийн зүйлийг хүлээн авч бодитоор ашигласан буюу нэг эксковатор эвдэрсэн, нөгөө эксковатор шатсан өдрөөр тооцсон болно.

 

б/ Гэрээнээс учирсан хохирол буюу тээврийн зардалд 9,000,000 төгрөг, засварын зардалд 89,121,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-т Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас учирсан хохирлоо шаардах эрхтэй. Нэхэмжлэгч хариуцагчаас тээврийн зардалд 9,000,000 төгрөг, засвар үйлчилгээний зардалд 89,121,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар буюу 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт болох Заамар-УБ, треллорын хөлс 3,000,000 төгрөг гэх, мөн өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт болох Краны хөлс, 6,000,000 төгрөг гэх баримтуудаар шатсан гэх ...... улсын дугаартай экскаваторыг нэхэмжлэгч 9,000,000 төгрөгөөр Төв аймгийн Заамар сумаас өөрийн зардлаар Ула.... хотод авч ирсэн болох нь тогтоогдож байх тул тээврийн зардалд 9,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

 

Мөн эксковаторын засварын зардалд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Эм жи эл солонго трейд ХХК-иас хөдөлгүүр 40,000,000 төгрөг, хагас гол 88,000 төгрөг, захын дамжуулагч 3,500,000 төгрөг, гидрийн шүүр 360,000 төгрөг, ажлын хөлс 1,500,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Эс и эл пи ХХК-иас аккумулятор 960,000 төгрөг, холбогч 18,000 төгрөг, кундактор 65,000 төгрөг, паарны шланк 50,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Ангуумичид ХХК-иас 130,000 төгрөгийн үнэ бүхий моторын лап, хөдөлгүүрийн тос 80,000 төгрөг, кама оринк 88,000 төгрөг, боолт 70,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Ангуумичид ХХК-иас удирдлагын насос 900,000 төгрөг, эргэхийн насос 3,500,000 төгрөг, компьютер 3,000,000 төгрөг, явахын ком 28,000,000 төгрөг, шанаганы буйл 2,500,000 төгрөг, нийт 85,601,000 төгрөгийн сэлбэг авсан болох нь тогтоогдож байна. Иймд экскаваторуудын засварын зардалд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 89,121,000 төгрөгийн шаардлагаас 3,520,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 85,601,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

 

Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШЗ2021/09156 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-д зааснаар нэхэмжлэгч Э.Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 2,318,916,000 төгрөгт тохирох тэмдэгтийн хураамж болох 11,752,530 төгрөгөөс 8,752,530 төгрөгийг төлөх хугацааг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хойшлуулсан тул нэхэмжлэгчээс 8,752,530 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Э.Х ХХК нь гэрээний үүрэгт 2,318,916,000 төгрөгийг хариуцагч Л.Г...., Л.Б нараас нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Л.Б 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч Л.Г.... гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй тохиолдолд түүний өмнөөс үүргийг гүйцэтгэнэ гэж баталгаа гаргасан хэмээн Л.Б ыг хариуцагчаар татсан үндэслэлээ тайлбарласан. Гэвч 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Э.Х ХХК-д баталгаа гаргах тухай гэх баримтаас үзэхэд ... Э.Х ХХК, Л.Г.... нар экскаватор худалдах-худалдан авах гэрээ байгуулах үед Л.Б гарын үсэг зурах боломжгүй байсан, мөн төлбөрийг хэрхэн барагдуулах, гэрээний зүйлийг хэрхэн буцаан хүлээлгэх өгөх агуулгатай байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээд биш үндэслэлээр хариуцагч Л.Б т холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иймд хариуцагч Л.Г....аас түрээсийн гэрээний үүрэгт буюу эксковаторуудын түрээсийн төлбөрт 423,030,000 төгрөг, алдангид 211,515,000 төгрөг, тээврийн зардалд 9,000,000 төгрөг, засварын зардалд 85,601,000 төгрөг, нийт 729,146,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,589,770,00 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч Л.Б т холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.4, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 236 дугаар зүйлийн 236.1.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч Л.Г....аас түрээсийн гэрээний үүрэгт 729,146,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,589,770,00 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч Л.Б т холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,000,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 8,752,530 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 3,803,680 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.МӨНХТӨР