Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 216/МА2018/00022

 

   Д.Г нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 134/ШШ2018/00179 дүгээр шийдвэртэй, Д.Гнэхэмжлэлтэй Д.О холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч Д.Г эд хөрөнгийн үнэд 16,450,000 төгрөг гаргуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай хариуцагч Д.О сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагч Д.О давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хаалттайгаар хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г, түүний өмгөөлөгч А.М, хариуцагч Д.О, түүний өмгөөлөгч Э.С нарийн бичгийн дарга Б.Ачмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ :

 

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2003 оны 10 дугаар сарын 17-нд эхнэр болох Д.О гэрлэлтээ батлуулсан. Хамт байх хугацаанд 2004 оны 05 дугаар сарын 11-нд том хүү Г.Д, 2009 оны 01 дүгээр сарын 29-нд бага хүү Г.М нар төрж, 12 жил хамт амьдарсан. Хамт амьдарч байх хугацаандаа эхнэр хүүхдээ хайр халамжаар дутагдах гачигдах зүйлгүйгээр амьдруулсан гэж би хувьдаа боддог. 2012 оны 12 дугаар сарын 10-нд ээжийн эгчийн нөхөр зуурдаар нас барж 2 хүүгээ аваад ажил явдалд нь явсан. 2012 оны 12 дугаар сарын 12-нд ажил явдлаас гэртээ ирэхэд эхнэр Д.О нь хамт ажилладаг эртэй архи ууж согтуурсан байдалтай нүцгэн хэвтэж байсныг харахад, ялангуяа хүүхдийнхээ хамтаар харахад нөхөр хүний хувьд уучилж болшгүй доромжлол байсан. Ийм үйлдэл удаа дараа гарсан боловч 2 хүүгээ бодоод гэр бүлээ авч үлдэхийн тулд тэсч тэвчиж амьдрахыг хичээсэн. Цаашид амьдарч байх хугацаанд маш их хэрүүлтэй гэр бүлийн аз жаргал байхгүй болж 2 хүүгээ эцэг хүний хувьд маш их өрөвдөж байсан. Миний бие Солонгос улс руу 1 сарын хугацаанд явсан хойгуур 2015 онд Д.О нь надад мэдэгдэхгүй маш их өрөнд орсон гэж хэлээд 6 сарын 15-нд Швейцарь улс явсан. Би Д.О нэр дээр байсан банкны зээлийг төлж барагдуулсан. Би 2 хүүхдээ авч үлдээд хэрүүлгүй амьдрахад сайхан байсан. Иймээс Д.О цааш амьдрах хүсэлгүй байна. Үр хүүхдээ хэрүүл дунд өсгөх бодолгүй байгаа тул салахаар шийдсэн. Би өөр хүнтэй хамтран амьдарч байгаа бөгөөд одоо 1 настай хүүтэй болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. 2 хүүгээ нэг нэгээр нь авах хүсэлтэй байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

 

Хариуцагч Д.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Г 2000 оноос хамтран амьдарч 2003 оны 10 дугаар сарын 17-нд гэр бүлээ батлуулж 2 талын эцэг эхийнхээ өмнө ам тангараг өргөн хурим найр хийж нэг гэрт орсон. Түүнээс хойш 2 хүүтэй болсон. 2015 онд би их хэмжээний мөнгөний өрөнд орсон тул бид ярилцаад  гадагшаа гарч өрөө дарахаар ажлаасаа 1 жилийн чөлөө аваад явсан. Тэнд байх хугацаандаа бидний харилцаа хэвийн байсан. Бид үргэлж ярьж цалингаа буухаар мөнгө явуулж өр ширээ дарж байсан. 1 жилийн хугацаа дуусаад би ирэх гэсэн боловч Д.Г “миний ханиа дахиад 1 жил болоод ир. Ядаж байрны урьдчилгаа хийгээд ир. Тэгвэл хоёулаа хотод байр авъя. Хүүхдүүдэд хэрэгтэй удахгүй оюутан болно” гэж хэлсэн. Тэгээд бид ярилцаад би ажлынхаа дарга руу утсаар ярьж халагдах болсоноо хэлсэн. Д.Г миний өмнөөс халагдах өргөдөл бичиж цохуулсан. Иймд би дахин нэг жил болохоор болсон. Энэ үед би гадуур өрөө дарж дууссан байсан. Д.Г үргэлж ярьж амьдралаа төлөвлөж ярьдаг байсан. Гэтэл удахгүй нэг хүүхэнтэй болчихоод нөгөө хүүхэн нь над руу элдэв мэссэж бичиж намайг доромжлох болсон. Би өөрөөс нь асуухад тийм юм байхгүй санаа зоволтгүй ажлаа сайн хий гэсэн. Би ч итгэсэн. Би энэ хүнд 17 жилийн амьдарлаа зориулсан. Дээрээс нь миний 2 хүүхэд одоо гудамжинд гарахад бэлэн байна. Би энэ хүнтэй суухад 3 өрөө байртай байсан. Тэрийгээ зарж албан тушаалын байранд нүүж орсон. Одоо энэ хүн өөр хүнтэй, хүүхэдтэй болсон салая гэж байна.

Бид хоёрын дунд байгаа хоёр хүү маань өсвөр насны хүүхдүүд ба өнөөдөр хүүхдийн минь сэтгэхүй сэтгэцэд нөлөөлж байгаа. Хүүхдийн ирээдүй, хүмүүжил гээд бүх зүйл дээр энэ хүн хариуцлага үүрэх ёстой. Би энэ хүнтэй амьдарч байхдаа олон зүйлийг нь үр хүүхдээ бодоод тэвчиж ирсэн. Өнөөдөр энэ хүн юу юу ч үгүй байргүй, ажилгүй болгочихоод өөр хүн дагаад хүүхдээ гудамжинд үлдээгээд явна гэж байна. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би гэрлэлтээ цуцлуулахгүй гэж тайлбар гаргасан боловч өнөөдөр салахыг зөвшөөрч байна. Хүү Г.Д эцгийн асрамжид, хүү Г.М өөрийн асрамжид авах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч Д.О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Г хамт 2001 онд Чойрт хуваарилагдаж ирж 2003 онд гэр бүл болсон. Тухайн үед байр орон сууцгүй байсан тул ажлынхаа цайны газарт 6 сар амьдраад дараа нь айлын хажуу байр түрээсэлж амьдарсан. Тэр үед байр олох маш хэцүү байсан. Байрнууд хувьд гараагүй одооных шиг мөнгө байвал худалдаж авч болдог байгаагүй. Би гэрэл бичдэг байсан болохоор айл бүрээр ордог байсан. Тэгж байгаад Төмөр замын 19 дүгээр байрны 1 тоотод амьдардаг Д.Г гэх эмэгтэй надад 250,000 төгрөг өгвөл би чамд энэ байранд амьдрах эрхийг шилжүүлж өгье гэсэн. Тэр үед бидэнд мөнгө байгаагүй. Бид хоёрын цалин нийлээд л мөнгө болгож чадах байсан учир миний эцэг эх бидэнд 250,000 төгрөг өгсөнөөр бид энэ байранд нүүж орж жилийн дараа миний нэр дээр хувьчлагдсан. Энэ нь миний эцэг эхийн 100 хувийн хөрөнгө оруулалт байсан учир би миний хөрөнгө гэж үзэж байна. Бид тухайн үед ярилцаад дээрх байрыг зарж, албан тушаалын байранд засвар хийж, тавилга авсан. Тавилгыг бид адилхан эдэлж хэрэглэж, одоо тухайн байранд би амьдарч байгаа. Гэвч би хэзээ ч энэ байрнаас хөөгдөж магадгүй байдалтай байна. 

Гэр бүл болсоны дараа авсан дээрх хөрөнгийг үл хуваагдах хөрөнгө гэж үзэж байгаа тул миний нэхэмжилж буй 9,700,000 төгрөгийг Д.Г гаргуулж өгнө үү.

Мөн Д.Г нь машиныг зарж том хүү болох Г.Д төлбөрт өгсөн гэж байсан. Би үүнийгээ эцэг хүний хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байгаа тул миний машинаас нэхэмжилсэн дүнг 6,750,000 төгрөгийг олгуулж өгөхийг хүсэж байна. Учир нь банкнаас зээл авч машин авсан, хамтран зээлдэгчээр би гарын үсэг зурсан. Миний одоогоор эрхэлж байгаа албан тушаалын цалин бага, Д.Г цалин өндөр тул миний 1 хүүхэд буюу надтай амьдарч байгаа хүүхдийн халамж 1 хүүхдээс дутуу байна гэж үзэж байгаа тул  миний хүү Г.М зөрүүтэй мөнгөөр тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.Г сөрөг нэхэмлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Биднийг Чойрт ирэхэд байрны хүрэлцээ муу байсан учир айлын хажуу өрөө түрээслэн сууж байгаад дараа нь ажлынхаа цайны газарт хэсэг амьдарч байхад 2003 оны хавар орон сууцнаас галладаг 3 өрөө байрыг Д.О нэр дээр өгсөн. Д.О ээжээс авсан 250,000 төгрөгийг 3 сарын дараа буцааж өгсөн. 2010 оны 09 сард албан тушаалын байранд ороход Д.О зөвшилцөж байгаад 19 дүгээр байрны 1 тоотын 3 өрөө байрыг тавилгатай нь зарж 133 дугаар байрны 34 тоотын 3 өрөө байранд их завсар хийж тавилга эд хогшил авсан болно. Д.О бага хүү Г.М нар нь өнөөдрийг хүртэл 133 дугаар байрны 34 тоотод амьдарч байгаа. Д.О нэхэмжилж байгаа 9,700,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2013 онд намар авсан тоёота альфард маркийн машины зээлийг би өөрөө цалингийн зээлээр төлж барагдуулсан болно. Д.О нь ажилтай байх хугацаандаа цалингаа гэр орондоо зарцуулахгүй, өөрийн цалингийн зээлийг төлөөд үлдсэнийг нь яаж зарцуулдаг байсныг мэдэхгүй. Машины нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Д.О-н Төрийн банкан дахь цалингийн зээлийг би төлж зээлийг хаасан. Д.О нь Швейцарь улсад ажиллаж байх хугацаандаа цалингийн зээлээ төлүүлэхээр сард 500-700 мянган төгрөг шилжүүлдэг байсан.

2 хүүгээ нэг нэгээр нь асран хамгаалж байгаа тул Д.О нь бага хүү Г.М-г өөрөө асран хамгаалж өсгөх ёстой гэж үзэж байна. Иймээс тэтгэмж өгөх боломжгүй. Д.О нэхэмжилж буй 16,450,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй  гэжээ.

 

 Анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Х овогт Д, Харчин овогт Д нарын гэрлэлтийг цуцалж,

 Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2004 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Г.Д-г эцэг Д.Г, 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Г.М-г эх Д.О асрамжид тус тус үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Г.Д-г 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, хүү Г.М-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн  хэмжээгээр тэтгэлэг тогтоож, хүү Г.Д-г эх Д.О-р, хүү Г.М-г эцэг Д.Г сар бүр тэжээн тэтгүүлж,

 Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Г холбогдох 16,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.О-н сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж, хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдэж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар  зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Д.Г улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Д.О төлсөн 270,036 төгрөгийг тус тус орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Д.Г 29,836 төгрөг гаргуулж, Д.О, Д.О 70,200 төгрөг гаргуулж, Д.Г тус тус олгож,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсоноос хойш ажлын 3 /гурван/ өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах О.М-д хариуцуулж, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.О давж заалдах гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 134/ШШ2018/00179 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч  давж заалдах гомдол гаргаж байна.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт: ...түүнчлэн Д.Г, Д.О нар нь 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Хаан банкнаас тээврийн хэрэгслийн зээл авч тоёото альфард маркийн авто машиныг худалдаж авсан гэж тайлбарласан бөгөөд энэхүү тайлбар нь Хаан банк ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 595 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна. Дээрхи орон сууц болон тээврийн хэрэгсэл нь одоо бодитойгоор байхгүй, бусдад худалдсан байх ба Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д зааснаар гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил  эрх эдэлж, харилцан тохиролцож захиран зарцуулсан байна гэж дүгнэлээ гэжээ.

Нэхэмжлэгч Д нь хариуцагч миний биеэтэй тоёото альфард маркийн авто машинаа худалдан борлуулах талаар харилцан тохиролцоогүй Ганболд намайг гадаад улсад ажиллаж байх хугацаанд автомашинаа худалдан борлуулсан байсан. Худалдахаасаа өмнө хэдэн төгрөгөөр худалдан борлуулахаа хэлж тохиролцоогүй. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Тус тоёото альфард маркийн авто машиныг 2013 онд гэр бүлийн дундын мөнгөн орлогоор худалдаж авсан. Мөн манай гэр бүл ам бүл 5, гэр бүлийн дундын эд хөрөнгө болох тоёото альфард маркийн авто машиныг анх 13,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Тус автомашиныг Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар хуваагдах үндэслэлтэй ба миний бие 2 хүүхдийн хамт ам бүл 3-лаа амьдарч байгаа тул тоёото альфард маркийн авто машины үнэ 13,500,000 төгрөгний 50 хувь 6,750,000 төгрөгийг хуваан авах үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Д.Г нь гэр бүлийн дундын эд хөрөнгийг дур мэдэн бусдад шилжүүлж худалдсан байхад анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хариуцагч Д.О болон хүү Г.Д, Г.М нарын гэр бүлийн дундын эд хөрөнгийг хуваан өмчлөх эрхийг зөрчсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Анхан шатны шүүх хариуцагч Д.О миний сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хангалттай нотлох баримт хавтаст хэрэгт цуглараагүй байхад сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгах гомдлыг хүлээн авна уу гэжээ. 

ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт  заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь хэргийн материалаас үзэхэд: Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Д.О холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага,

 

Хариуцагч  Д.О нь нэхэмжлэгч Д.Г холбогдуулан эд хөрөнгийн үнэд 16,450,000 төгрөг гаргуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай  сөрөг нэхэмжлэлийн шаардлага  тус тус гаргаж зохигчид  маргасан  байна.

 

Хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн ПА№ 28 дугаар гэрчилгээний хуулбар /хх-9/, хүүхдийн төрсний №0103224-48, Г №122 дугаартай  гэрчилгээний хуулбар /хх-10,11/, Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн тодорхойлолт /хх-7,8/ зэрэг нотлох баримтууд болон зохигчдын маргаангүй тайлбар зэргээр зохигч нар 2003 онд гэр бүл болж, улмаар 2004 онд иргэний гэр бүлийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн, тэдний дундаас  2004 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүү Г.Д, 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүү Г.М нар төрсөн, Г.Д, Г.М нар нь ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа болох нь тогтоогдож байна.

 

Зохигчийн хэн аль нь гэрлэлтээ цуцлах болон хүүхдийн асрамжийн талаар маргаагүй байна.

 

 Шүүх, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар хүүхдүүдээс хэн хэний асрамжид байх талаарх саналыг авсан нь хуульд нийцсэн байна. 

 

 Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар гэрлэгчдийн  гэрлэлтийг цуцалж, хүү Г.М-г эхийнх нь, хүү Г.Д эцгийнх нь асрамжид тус тус үлдээж, хүү Г.Д эх Д.О, хүү Г.М эцэг Д.Г хуульд заасан журмын дагуу  тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн  байна.

 

Харин хариуцагч Д.О нь хамтран амьдрах хугацаанд бий болгосон эд хөрөнгө Төмөр замын 19 дүгээр байрны 1 тоот 3 өрөө байрыг эцэг, эхийн тусламжтайгаар  авсан бөгөөд дараа нь 9 700 000 төгрөгөөр худалдан боруулсан ба энэ нь  өөрийн хуваарьт хөрөнгө хэмээн тайлбарлаж, уг 9700 000 төгрөгийг, мөн тоёота альфард маркийн автомашиныг зээлийн гэрээний дагуу худалдаж авсан тул үүний 50 хувь буюу хүү Г.М болон өөрт ногдох  6 750 000 төгрөг, нийт 16 450,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Г гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Анхан шатны шүүх талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэгүй лавлагаа /хх-27, 37/, Хаан банкны тодорхойлолт /хх-28/, нэхэмжлэгч Д.Г-н зээлийн дансны болон депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-34-35, 56-64/, авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-38/ зэрэг бичгийн баримтуудыг харьцуулан үнэлж, Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д зааснаар гэрлэгчид харилцан тохиролцож захиран зарцуулсан байна гэж дүгнэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т заасан үндэслэл тогтоогдоогүй гэж сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй  байна.

 

Улмаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан хариуцагч Д.О нь тухайн тээврийн хэрэгслийг захиран зарцуулахад харилцан тохиролцоогүй гэх боловч үүнийг нотолсон  баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн гаргасан шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг  гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Хэдийгээр тухайн тээврийн хэрэгсэлийг  захиран зарцуулсан үйл явдал нь зохигч нарыг  гэрлэлтээ цуцлуулахаас өмнө  болсон байх бөгөөд зохигч нар дахин тээврийн хэрэгсэл авч эзэмшиж, ашиглаж байгаа гэх байдал тогтоогдоогүй,  нэхэмжлэгч Д.Г нь тээврийн хэрэгсэлгүй болох нь хэрэгт авагдсан  авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-38/-р тогтоогдож байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан  хариуцагч Д.О тээврийн хэрэгслээс ногдох хэсгийг гаргуулах  гэсэн  давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 

Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн шийдвэрээ гаргах хуульд заасан үүргээ зөрчөөгүй, шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 118 дугаар зүйлийн 118.4-т заасан шаардлагыг хангасан  байна.

 

Иймд хариуцагч Д.О сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Д.О болон хүү Г.Д, Г.М нарын гэр бүлийн дундын эд хөрөнгийг хуваан өмчлөх эрхийг зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаалгахыг хүссэн  давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 134/ШШ2018/00179 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  122950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг  дурдсугай.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.ТЭГШСУУРЬ

                                           ШҮҮГЧИД                           О.ОДНЯМАА

                                                                                           Х.БАЙГАЛМАА