Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 134/ШШ2018/00178

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Р.А

Хариуцагч: У.Б.Х

Говьсүмбэр аймгийн У.Б.Х-н даргын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгуулж, УБХ-н Архивчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Т, хариуцагч Э.У, хариуцагчийн өмгөөлөгч Л.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Р нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Р.А миний биеийг Говьсүмбэр аймгийн УБХ-н даргын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/09 тоот тушаалаар 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хэлтсийн дотоод хяналт, шалгалтаар ажлын тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн, өмнөх сахилгын шийтгэлээр өгөгдсөн үүрэг даалгавар биелэгдээгүй, алдаа зөрчил давтагдсан гэж ажлаас чөлөөлсөнийг хүлээн зөвшөөрөхгүй.

Миний бие нь ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хууль тогтоомжийн дагуу биелүүлж ажилласан, ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй байх бөгөөд энэ нь үр дүнгийн гэрээгээр тогтоогддог. Иймд үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөнд гомдолтой байна. Миний бие төрийн үйлчилгээний албан хаагч бөгөөд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах ёстой байтал үр дүнгийн гэрээ байгуулж байгаа нь үндэслэлгүй. Намайг ажлаас халах болсон үндэслэл нь тус хэлтсийн даргын хувийн өс хонзонгийн сэдэлтэй холбоотой болно.

Дотоод хяналт шалгалтаар үйлчлэгчид хяналт тавиагүй, цэвэрлэгээ үйлчилгээ хийлгээгүй гэсэн бөгөөд миний ажлын байрны тодорхойлолтод хяналт тавих үүрэг байдаг боловч үйлчлэгч ажлаа хийхгүй байгааг би удаа дараа хэлтсийн даргад хэлж мэдэгдэж байсан болно.

Иймд Говьсүмбэр аймгийн УБХ-н даргын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгуулж, УБХ-н Архивчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэл гаргаж байна гэв.

Хариуцагч Говьсүмбэр аймгийн УБХ шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Р.А нь 2016 онд хуулийн этгээдийн хувийн хэрэг алга болгон дутаасан нь тогтоогдож, ажлын хариуцлага алдсан тул тус хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарн 15-ны өдриийн Б/07 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн байгууллагын үйлчилгээний стандартыг зөрчин үйлчилгээний танхимд тасгийн даргатайгаа маргалдсаны улмаас 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1 дугаартай албан шаардлага авсан. Лавлагааны дугаарыг давхардуулан олгосон зөрчил гаргахад түүнд сахилгын шийтгэл ногдуулаагүй бөгөөд харин 2017 оны 09 дүгээр сард эд хөрөнгиийн эрхийн улсын бүртгэгчийн цоожтой шүүгээнд халдан хулгай хийж, ёс зүйн зөрчил гаргасан тул хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/22 тоот тушаалаар дахин сахилгын шийтгэл хүлээсэн байдаг.

Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн баталсан Улсын бүртгэлийн хэлтсийн архив, албан хэрэг хөтлөх, санхүүгийн үйл ажиллагаанд хийх дотоод хяналт, шалгалтын удирдамж-ийн дагуу 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр архивчийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг явуулсан бөгөөд шалгалтын илтгэх хуудсыг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэний үндсэн дээр хууль, журмын дагуу шалгалтаар архивч Р.А нь ажлын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн, өмнөх сахилгын шийтгэлээр өгөгдсөн үүрэг даалгавар биелэгдээгүй, алдаа зөрчил давтагдсан гэх үндэслэлээр 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/09 дугаартай тушаалаар ажлаас халах шийдвэрийг хууль, журмын дагуу гаргасан болно. Түүний гаргасан зөрчлийг тодруулбал иргэний баримтын хувийн хэргийн сангаас 16 хувийн хэргийг түүвэрлэж, 1-6 сарын бүртгэлтэй тулгаж шалгахад архивын хувийн хэрэгт огт баяжилт хийгдээгүй, тасгийн дарга, улсын бүртгэгч нарын нэг бүрчлэн шалган тогтоож, ангилсан 566 маягтыг журмын дагуу архивт байрлуулаагүй, өөр аймаг, нийслэлд явуулах маягтуудыг явуулаагүй, өрөөнд нь шалан дээр эмх замбараагүй байдалтай байсан, хадгаламжийн сангийн өрөө, лацны бүртгэл байхгүй, 1-6 сард огт бүртгэгдээгүй, хадгаламжийн нэгжийн баримтыг түр олгох үйл ажиллагаанд бүртгэл хөтлөгдөөгүй. Архивын хадгаламжийн сангийн өрөө тасалгааны чийг дулааны горимыг хэмжиж бүртгэл хөтлөн тогтмол хэлтсийн даргад танилцуулах ажил огт хийгдээгүй. Цэвэрлэгээ үйлчилгээний хуваарь батлуулсан боловч хяналт тавьж бүртгэл хөтлөөгүй. Үр дүнгийн гэрээний илтгэх хуудас хугацаанд нь өгөөгүй. Хэлтсийн даргын өгсөн үүрэг даалгавар биелэгдээгүй. Ажлын цаг ашиглалт өглөө 7:30-д ирж ажлаа хийсэн гэх боловч 9:15 цагт өрөөндөө орсон нь камерын бичлэгт бичигдсэн байсан зөрчил дутагдлууд илэрсэн.

Манай байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйүлийн 40.1.4-т зааснаар сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр Р.А-г ажлаас халсан болно.

Иймд нэхэмжлэгч Р.А-н тус хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.А нь хариуцагч Говьсүмбэр аймгийн УБХ-д холбогдуулан тус хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгуулж, УБХ-н Архивчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч тал нь Р.А-г сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан болох нь тус хэлтсийн дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажлаас халсан тушаал үндэслэлтэй гэж маргаж байна.

Р.А нь ажлаас чөлөөлөх тухай 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/09 тоот тушаалыг хүлээн авч, ажлаас буруу халсан талаарх гомдлоо тус шүүхэд 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг /нэг сар/ хэтрүүлээгүй, энэ тухайд талууд маргаагүй.

Ажил олгогч нь Р.А-г архивчийн албан тушаалаас Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27, 29, 43 дугаар зүйл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 1415 дугаартай тушаалаар батлагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын орон нутаг дахь бүртгэлийн байгууллагын дүрмийн 4.2.3, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 5.3, Говьсүмбэр аймгийн УБХ-н 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаартай Даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн байна.

Шүүх ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй байна. Мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3., 131.2.-т зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд ажлаас халах хэлбэрийн сахилгын шийтгэлийг сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор ногдуулах эрхтэй.

Сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай болно. Ажил олгогч давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсан гэсэн тул шүүх зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан давтан зөрчил гэх үндэслэлд дүгнэлт хийсэн болно.

Говьсүмбэр аймгийн УБХ 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/07 дугаартай тушаалаар Р.А-н цалинг нэг сарын хугацаатай, 10 хувиар бууруулах, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/22 дугаартай тушаалаар цалинг 3 сарын хугацаатай, 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус ту ногдуулсан байх ба нэхэмжлэгч тал уг тушаалд гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон байна.

Үүний дараа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрөөгүй байхад буюу 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Б/09 дугаартай тушаалаар хэлтсийн дотоод хяналт шалгалтаар ажлын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн, өмнөх сахилгын шийтгэлээр өгөгдсөн үүрэг даалгавар биелэгдээгүй, алдаа зөрчил давтагдсан гэх үндэслэлээр 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Хариуцагч тал архивчийн ажлын байрны тодорхойлолтын 1.1, 1.2, 1.5, 4.1-д заасан чиг үүргээ Р.А хангалтгүй биелүүлсэн гэж тайлбарласан.

Ажлын байрны тодорхойлолтын 1.1-д архивын баримтыг гэмтээхгүй байх үүднээс сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдалд тогтмол хяналт тавьж, чийг дулааныг тогтмол хэмжиж, тухай бүр тэмдэглэл хөтлөх, архив түүний хувийн хэрэг, хадгаламжийн нэгжийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг бүрэн хариуцах гэж,

ажлын байрны тодорхойлолтын 1.2-т архивын материалыг эмхлэн цэгцэлж, шороо тоос үүсгэх, хортон шавьж бий болох, баримт ялзарч хөгцрөхөөс сэргийлж арчилж цэвэрлэх, шаардлагатай үед цэвэрлэгээ хийх гэж,

ажлын байрны тодорхойлолтын 1.5-д архивт хүлээн авсан Хаатр, ИУБ маягтуудыг бүртгэж ангилан ялгах, овог нэрийг цагаан толгойн үсгийн дарааллаар галиглан бүртгэж, хувийн хэрэгжүүлэн байрлуулах гэж,

ажлын байрны тодорхойлолтын 4.1-д холбогдох тайлан мэдээ болон шаардлагатай мэдээ мэдээллийг цаг тухай бүр нь гаргаж, хугацаа хоцроохгүй байх нь архивчийн үүрэг болохыг заасан байна.

Гэтэл нэхэмжлэгч Р.А нь ажлын байрны тодорхойлолтод заасан дээрх үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй болох нь 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн УБХ-н даргын зөвлөлийн 02 дугаартай хурлын тэмдэглэл, архивчийн ажлыг шалгасан тухай 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн илтгэх хуудас зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Тодруулбал: архивын хувийн хэрэгт огт баяжилт хийгээгүй, ангилсан 566 маягтыг журмын дагуу архивт байрлуулаагүй, өөр аймаг, нийслэлд явуулах маягтуудыг явуулаагүй, хадгаламжийн сангийн өрөө, лацны бүртгэл байхгүй, архивын хадгаламжийн сангийн өрөө тасалгааны чийг дулааны горимыг хэмжиж бүртгэл хөтлөн тогтмол хэлтсийн даргад танилцуулах ажил огт хийгдээгүй, цэвэрлэгээ үйлчилгээнд хяналт тавьж бүртгэл хөтлөөгүй болох нь шалгалтаар тогтоогдсон байна.

Говьсүмбэр аймгийн УБХ-н 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотоод хяналт шалгалтын хуваариар байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт гэх мэт байгууллагын туслах үйл ажиллагаа хэрэгжилтэд 2018 оны 06, 09, 10 дугаар саруудад шалгалт хийхээр тогтоосон байх бөгөөд үүний дагуу 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн УБХ-н даргын баталсан удирдамжийн дагуу архивчийн ажлыг шалгаж гаргасан илтгэх хуудсыг үндэслэн Р.А-г ажлаас чөлөөлсөн байна. Иймд шүүх нэхэмжлэгч Р.А-г сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн зөрчил давтан гаргасан нь нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.

Нэхэмжлэгч Р.А нь хариуцагч байгууллагын удирдлагыг хувийн өс хонзонгийн сэдлээр намайг ажлаас халсан нь үндэслэлгүй гэж тайлбарлаж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, З.Б-т гэх Л.Ц гэх гарын үсэг бүхий 2 баримт зэргийг хавсаргасан боловч дээрх баримтыг шүүх энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлэх боломжгүй байх ба өс хонзонгийн сэдлээр Р.А-г ажлаас халсан гэдгийг шууд нотлох баримт болохгүй байгааг дурдав.

Түүнчлэн хариуцагч талын өмнөх сахилгын шийтгэл ногдуулахдаа өгсөн үүрэг даалгавар биелэгдээгүй, алдаа зөрчил давтагдсан гэх тайлбар мөн нотлох баримтаар нотлогдоогүй гэж үзэв. Учир нь Р.А-д өмнө сахилгын шийтгэл ногдуулсан тушаалаас үзэхэд түүнийг ИБЗХ-ны хувийн хэрэг, материал дутсан, эрх мэдлээ хэтрүүлж эрх бүхий албан тушаалтны албаны шүүгээг зөвшөөрөлгүй онгойлгож, архивын хадгаламжийн өрөөний түлхүүрийг эзэмшиж, архивын аюулгүй үйл ажиллагаанд эргэлзэх эрсдэл бүхий нөхцөл үүсгэж, ёс зүйн зөрчил гаргасан гэж сахилгын шийтгэл ногдуулж, харин ямар нэгэн үүрэг даалгавар өгөгдсөн зүйлгүй байна.

Иймд ажил олгогчийн өмнөх сахилгын шийтгэл ногдуулахдаа өгсөн үүрэг даалгавар биелэгдээгүй, алдаа зөрчил давтагдсан гэх үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Шүүх Р.А-г сахилгын шийтгэлтэй байхдаа ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн зөрчил давтан гаргасан гэж үзсэн тул Говьсүмбэр аймгийн УБХ-н даргын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгуулж, Улсын бүртгэлийн хэлтсийн Архивчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Говьсүмбэр аймгийн УБХ-т холбогдох тус хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгуулж, УБХ-н Архивчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай Р.А-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.НАРАНЧИМЭГ