Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 102/шш2022/00774

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2022/00774

Улаанбаатар хот

 

 

 

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС             

          

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг ... дүгээр хороо ............... байрлах Г............... ХХК

Хариуцагч: Баянгол дүүрэг .. дугаар хороо ...............  тоотод байрлах Н...............ХХК

Гэрээний үүрэгт 254.029.544.23 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Б ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг

хариуцагч Н...............ХХК-ийн захирал Ч.Д , өмгөөлөгч П.Е нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г............... ХХК нь хариуцагч Н...............ХХК-нд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 254.029.544.23 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Г............... ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н...............ХХК нь 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ЗГ1205138551 тоот зээлийн гэрээ байгуулж Г............... ХХК-наас 250.000.000 төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож БГ1205138551-1 тоот барьцааны гэрээгээр Н...............ХХК-ийн өмчлөлийн дараах эд хөрөнгө, түүнийг засан сайжруулах зорилгоор оруулсан нэмэлт өөрчлөлт, түүнчлэн уг эд хөрөнгийн энгийн бүрдэл хэсгийн хамт барьцаалсан. Үүнд HDR-500 маркийн 2010 онд үйлдвэрлэсэн нууцлалтай картны хэвлэгч машин, HDCK500 маркийн 2010 онд үйлдвэрлэсэн нууцлалтай картны зүсэгч машин, БГ1205138551-2 тоот барьцааны гэрээгээр Н...............ХХК-ийн шалгарсан дор дурдсан гэрээний дагуу олж авах шаардах эрх, гэрээний орлого, төлбөрийн авлага болон тэдгээртэй холбоотой бусад эрхийн хамт барьцаалсан гэрээний төлбөр төлөгч БСШУСЯамны 2018-2019 оны хичээлийн жилд хэрэглэгдэх ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн багшийн журнал, 6-12 ангийн багшийн журнал, анги удирдсан багшийн дэвтрийг тус тус худалдан авах тухай 110.200.000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ, гэрээний төлбөр төлөгч БСШУСЯамны 2018-2019 оны хичээлийн жилд хэрэглэгдэх ерөнхий боловсролын сургуулийн 1-5 ангийн нөхөн хангалтын сурах бичиг, 1-3 ангийн багшийн журнал, 4-12 ангийн багшийн журнал, анги удирдсан багшийн дэвтрийг тус тус худалдан авах тухай 115.000.000 төгрөгийн дүнтэй гэрээ, Гэрээний төлбөр төлөгч БСШУСЯамны 2018-2079 оны хичээлийн жилд хэрэглэгдэх ерөнхий боловсролын сургуулийн 1-5 ангийн нөхөн хангалтын сурах бичиг, 1-3 ангийн багшийн журнал, 4-12 ангийн багшийн журнал, анги удирдсан багшийн дэвтрийг тус тус худалдан авах тухай 55.400.800 төгрөгийн дүнтэй гэрээг тус тус барьцаалсан. Н............... ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ1205138551-А тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр зээлийн гэрээний хугацааг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 6 сараар сунгаж, зээлийн жилийн хүүг 27.6 хувь болгон өөрчлөхөөр харилцан тохиролцож өөрчилсөн. Н...............ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж ирсэн. Хариуцагч Н...............ХХК-наас үндсэн зээл 132.289.692.37 төгрөг, хүү 88.228.879.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12.504.094.21 төгрөг нийт 233.022.665.97 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гаргахдаа 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүний нийт дүнгээр тооцож гаргасан. Ийнхүү гаргаснаас хойш 175 хоногийн хугацаа өнгөрч байгаа, уг зээлийн хүү 17.505.731.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.501.146.36 төгрөгөөр хуримтлал нэмж үүсч байгаа тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 21.006.878.26 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Иймд хариуцагч Н...............ХХК-наас 254.029.544.23 төгрөгийг гаргуулж Г............... ХХК-нд олгож, барьцааны гэрээнүүдээр барьцаалсан тоног төхөөрөмж, гэрээний орлого болон бусад хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч Н...............ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г............... ХХК-тай 2018 оны 04 дүгээр сараас эхлэн уулзалт хийж Хөрөнгө оруулалтын зориулалттай 1.300.000.000 төгрөгийн зээл судлуулах хүсэлт гаргасан ба тухайн үед бид БСШУСЯамны тендерт шалгаруулалтад оролцож ялагч болсноор Г...............ны зүгээс эхний ээлжинд Эргэлтийн хөрөнгийн зээл аваад төлчих юм бол дараа нь Хөрөнгө оруулалтын зээл судлах боломжтой гэсэн санал тавьсан. Иймд бид 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ЗГ1205138551 дугаартай зээлийн гэрээ байгуулж Г............... ХХК-иас 250.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай жилийн 25.2 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгө, гэрээт ажлын орлого орж ирсэн тохиолдолд зээлийн хугацаанаас үл хамааран зээлийг хаах зориулалтаар зээл авсан билээ. Бид дээрх зээлийн зориулалтын дагуу буюу Н...............ХХК, БСУШСЯамны хооронд байгуулсан 2018-2019 оны хичээлийн жилд хэрэглэгдэх сурах бичиг, анги удирдсан багшийн дэвтрийг хэвлэхэд шаардагдах эргэлтийн хөрөнгийг худалдан авахад зарцуулсан. Г............... ХХК нь тухайн үед зээл олгохдоо БГ1205138551-2 тоот барьцааны гэрээний 2.13-т заасан энэ гэрээний 2.1-т заасан авлагыг барьцаалсантай холбогдуулан барьцаалагч болон барьцаалуулагч нар нь энэхүү гэрээний хавсралт 1-д заасан гэрээ орлого, авлага барьцаалсан тухай хамтарсан мэдэгдлийг гаргаж авлагын үүрэг гүйцэтгэгчид хүргүүлж авлагийн үүрэг гүйцэтгэгчээс Хавсралт-2-д заасан загварын дагуу баталгаа гаргуулж авна нөхцөлийг хэрэгжүүлээгүйгээс шалтгаалан Н...............ХХК болон БСШУСЯ нарын хооронд байгуулсан гэрээний орлого Н...............ХХК, Г............... ХХК-ийн 1205138..... тоот дансаар орж ирээгүйгээс шалтгаалан зээл төлөхгүй байх сэдэлийг бидэнд төрүүлсэн билээ. Мөн зээлийн гэрээний 4.2.9 заалтыг буюу гэрээний 2.12-т заасан нөхцөлийг онцгой нөхцөл гэж үзэх бөгөөд зээлдэгч тухайн зүйлд заасан үүргээ зөрчсөн бол банк зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан шаардах эрхтэй гэсэн эрхээ хэрэгжүүлэлгүй манай компанийн хөрөнгө оруулалтын зээлийг судалж шийдвэрлэнэ гэж худал амалсан. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан бид хөрөнгө оруулалтын зээл шийдвэрлэгдсэний дараа зээлээ төлөх боломжтой гэж санхүүгийн төлөвлөгөө гаргаж үлдэгдэл төлбөрийг төлөхгүй гэрээний хугацаа дууссан билээ. Хөрөнгө оруулалтын зээлийн судалж байсан Г...............ны ажилтан нь манай зээлийг судлаагүй байж танайд хөрөнгө оруулалтын зээл олгох боломжгүй гэж мэдэгдсэнээр бид эргэлтийн хөрөнгийн зээлийн гэрээнд 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ1205138551 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж зээлийн хугацааг 6 сараар сунгаж зээлийн хүү 27,6 хувь болгож нэмэгдүүлсэн. Г...............ны 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 18/01-51 тоот нэхэмжлэлийн дагуу манай компаниас 233.022.665.97 төгрөгийн төлбөр нэхэмжилж байгааг бид дараах шалтгааны улмаас хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэхүү зээл нь нийт 9 сарын хугацаатай зээл ба зээлийн хугацаа дууссанаас хойш 28 сарын дараа буюу үндсэн хугацаанаас 3 дахин их хугацааны хүү, алданги нэхэмжилсэн. Г............... нь анх зээл олгохдоо зээлийн болон барьцааны гэрээний заалтуудыг зөрчиж олгосноос шалтгаалан бидэнд зээл төлөхгүй байх сэдэлийг төрүүлсэн. Манай компанийн зүгээс Г...............ийг барьцаа хөрөнгөө авахыг удаа дараа санал болгосон боловч барьцаа хөрөнгөө авахгүй хүү, алданги бодох хугацааг 28 сар болгосон. Хөрөнгө оруулалтын зээл судалж байна гэж худлаа амлаж санхүүгийн буруу төлөвлөгөө боловсруулахад хүргэсэн гэжээ.

Нэхэмжлэгчээс зээлийн гэрээ, эргэн төлөлтийн график, барьцааны гэрээ, ЗГ1205138551 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, эргэн төлөлтийн график, хүү тооцооллын хүснэгт

Хариуцагчаас Г...............инд 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гаргасан хүсэлт, 130.000.000 төгрөгийн орлого орсон Хаан банкны хуулга,

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр хүү тооцооллын хүснэгт, зээлийн 250.000.000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн мемориалын баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г............... ХХК-ийн нэхэмжлэлээс 233.022.665.97 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 21.006.878.26 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь гэрээний үүргийн биелэлтэд хариуцагчаас 254.029.544.23 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, хариуцагч нь Г............... ХХК-наас 250.000.000 төгрөгийн зээл авч эргэлтийн хөрөнгө худалдан авахад зарцуулсан. Барьцааны гэрээний 2.13-т зааснаар гэрээний 2.1-д заасан авлагыг барьцаалсантай холбогдуулан гэрээ орлого, авлага барьцаалсан тухай хамтарсан мэдэгдэл гаргаж авлагын үүрэг гүйцэтгэгчид хүргүүлж авлагын үүрэг гүйцэтгэгчээс хавсралт 2-д заасан загварын дагуу баталгаа гаргуулж авна гэсэн нөхцөлийг хэрэгжүүлээгүйгээс БСШУСЯ-тай байгуулсан гэрээний орлого дансаар орж ирээгүйгээс шалтгаалан зээл төлөхгүй байх сэдэлийг бидэнд төрүүлсэн, мөн зээлдэгч зээлийн үүргээ зөрчсөн бол Банк зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр шаардах гэсэн эрхээ хэрэгжүүлээгүй, зээлийн хугацаа дууссанаас хойш хугацааны хүү, алданги нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тус тус шаардах эрх, нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгэсэн байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээлийн гэрээ, эргэн төлөлтийн график, барьцааны гэрээ, ЗГ1205138551 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, эргэн төлөлтийн график, хүү тооцооллын хүснэгт, Г...............инд 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гаргасан Н...............ХХК-ийн хүсэлт, 130.000.000 төгрөгийн орлого орсон Хаан банкны хуулга гэх нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зээлдэгч Н...............ХХК нь Г............... ХХК-тай 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр зээлийн ЗГ1205138551 дугаартай гэрээ байгуулж 250.000.000 төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдэж, зээлийн барьцаанд Сингапур улсад үйлдвэрлэсэн 220в хүчдэлтэй HDR-500 маркийн 2010 онд үйлдвэрлэсэн нууцлалтай картны хэвлэгч машин, HDCK500 маркийн 2010 онд үйлдвэрлэсэн нууцлалтай картны зүсэгч машин, төлбөр төлөгч БСШУСЯамны 2018-2019 оны хичээлийн жилд хэрэглэгдэх ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн багшийн журнал, 6-12 ангийн багшийн журнал, анги удирдсан багшийн дэвтрийг тус тус худалдан авах тухай 110.200.000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ, гэрээний төлбөр төлөгч БСШУСЯамны 2018-2019 оны хичээлийн жилд хэрэглэгдэх ерөнхий боловсролын сургуулийн 1-5 ангийн нөхөн хангалтын сурах бичиг, 1-3 ангийн багшийн журнал, 4-12 ангийн багшийн журнал, анги удирдсан багшийн дэвтрийг тус тус худалдан авах тухай 115.000.000 төгрөгийн дүнтэй гэрээ, Гэрээний төлбөр төлөгч БСШУСЯамны 2018-2079 оны хичээлийн жилд хэрэглэгдэх ерөнхий боловсролын сургуулийн 1-5 ангийн нөхөн хангалтын сурах бичиг, 1-3 ангийн багшийн журнал, 4-12 ангийн багшийн журнал, анги удирдсан багшийн дэвтрийг тус тус худалдан авах тухай 55.400.800 төгрөгийн дүнтэй гэрээг тус тус барьцаалсан болох нь зээл болон барьцааны гэрээ, эргэн төлөлтийн график гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Талууд 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан ЗГ1205138551 тоот зээлийн гэрээний хугацаа болон зээлийн хүүний хэмжээг өөрчилж, гэрээний хугацааг 2019 оны 04 дүэгэр сарын 25-ны өдөр хүртэл 6 сараар сунгаж, зээлийн жилийн хүүг 27,6 хувь болгож 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулжээ.

Зээл болон барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 156 дугаар зүйлийн 156.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Нэхэмжлэгч Г............... ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, хариуцагч Н...............ХХК гэрээнд зааснаар мөнгө болон хүүг буцаан төлөх үүрэг хүлээжээ.

Зээлийн гэрээний 2.3-т зааснаар зээлийн хугацаа нь зээлийн хөрөнгийг зээлдэгчийн зээлийн харилцах дансанд шижлүүлснээр энэ өдрөөс эхлэн хүү тооцож эхлэх ба нэхэмжлэгч Г............... ХХК нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар зээлийн данс нээж, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасан зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж зааснаар Н...............ХХК-ний Г............... дахь харилцах 1205138551 дансанд зээлийн 250.000.000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн болох нь Г...............ны мемориалын баримтаар тогтоогджээ.

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зааснаар зээлдүүлэгчээс зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласан болох нь тогтоогдсон байна.

Хариуцагч Н...............ХХК нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж зээлийг хугацаанд нь төлөхгүй хугацаа хэтрүүлж, Зээлийн гэрээний 2.4, 2.5, 3.1.1, 3.1.2-д заасан хавсралт 1-д заасан графикт хугацааг чанд баримтлаж зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах, гэрээний нөхцөл зөрчигдвөл зээлийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэх ба графикт хугацаанд зээлийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараах өдрөөс эхлэн гэрээний 2.1.1-т заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна 2.1.1-т заасан үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлнө, зээлдэгч хүлээсэн үүргээ гүйцэтгэхдээ эхний ээлжинд нэмэгдүүлсэн хүү, түүний дараа зээлийн хүү, эцэст нь зээлийн үндсэн төлбөрийг төлөх дарааллыг баримтлах үүрэг, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүргийг тус тус зөрчсөн буруутай байна.

Н...............ХХК нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 28 сарын дараа 3 дахин их хугацааны хүү, алданги нэхэмжилсэн гэсэн тайлбар гаргасан боловч графикт хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол төлөгдөх хуваарьт өдрийн дараах өдрөөс эхлэн хүүг үргэлжлүүлэн төлж, үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн тул тайлбар нь үндэслэлгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн хүү 17.505.731.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.501.146.36 төгрөг нийт 21.006.878.26 төгрөгөөр нэмэгдүүлсэн боловч Г............... ХХК-наас итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох эрхийг олгосон, тэрээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлд гарын үсэг зурах эрхгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэсэн үндэслэл хэрэг хэлэлцэх үед тогтоогдсон тул нэмэгдүүлсэн шаардлагыг мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иймд хариуцагч Н...............ХХК-наас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 233.022.665.97 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г............... ХХК-нд олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэмэгдүүлсэн шаардлагад төлсөн төлбөрийг нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.

Хариуцагч, түүний өмгөөлөгчид энэ өдрийн шүүх хуралдааны товийг шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Н...............ХХК-наас 233.022.665.97 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г............... ХХК-нд олгосугай.

2. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 159 дүгээр зүйлийн 159.1-т зааснаар хариуцагч Н...............ХХК-ийн Сингапур улсад үйлдвэрлэсэн 220в хүчдэлтэй HDR-500 маркийн 2010 онд үйлдвэрлэсэн нууцлалтай картны хэвлэгч машин, HDCK500 маркийн 2010 онд үйлдвэрлэсэн нууцлалтай картны зүсэгч машин, төлбөр төлөгч БСШУСЯамны 2018-2019 оны хичээлийн жилд хэрэглэгдэх ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн багшийн журнал, 6-12 ангийн багшийн журнал, анги удирдсан багшийн дэвтрийг тус тус худалдан авах тухай 110.200.000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ, гэрээний төлбөр төлөгч БСШУСЯамны 2018-2019 оны хичээлийн жилд хэрэглэгдэх ерөнхий боловсролын сургуулийн 1-5 ангийн нөхөн хангалтын сурах бичиг, 1-3 ангийн багшийн журнал, 4-12 ангийн багшийн журнал, анги удирдсан багшийн дэвтрийг тус тус худалдан авах тухай 115.000.000 төгрөгийн дүнтэй гэрээ, Гэрээний төлбөр төлөгч БСШУСЯамны 2018-2079 оны хичээлийн жилд хэрэглэгдэх ерөнхий боловсролын сургуулийн 1-5 ангийн нөхөн хангалтын сурах бичиг, 1-3 ангийн багшийн журнал, 4-12 ангийн багшийн журнал, анги удирдсан багшийн дэвтрийг тус тус худалдан авах тухай 55.400.800 төгрөгийн дүнтэй гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

3. Хариуцагч Н...............ХХК-нд холбогдох 21.006.878.26 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Г............... ХХК-ийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.393.263.33 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 105.035 төгрөг, хариуцагч Н...............ХХК-наас 1.393.263.33 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г............... ХХК-нд тус тус олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА