Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/00916

 

 

 

 

 

 

2022 05 13 210/ЕШ2022/00916

 

 

Г.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2022/00774 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.Б ХХК-ийн хариуцагч Н.Х ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 254,029,544.23 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дүгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Н.Х ХХК нь 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ЗГ1205138551 тоот зээлийн гэрээ байгуулж, Г.Б ХХК-аас 250,000,000 төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож БГ1205138551-1 тоот барьцааны гэрээгээр Н.Х ХХК-ийн өмчлөлийн дараах эд хөрөнгө, түүнийг засан сайжруулах зорилгоор оруулсан нэмэлт өөрчлөлт, түүнчлэн уг эд хөрөнгийн энгийн бүрдэл хэсгийн хамт барьцаалсан. Үүнд HDR-500 маркийн 2010 онд үйлдвэрлэсэн нууцлалтай картны хэвлэгч машин, HDCK500 маркийн 2010 онд үйлдвэрлэсэн нууцлалтай картны зүсэгч машин. БГ1205138551-2 тоот барьцааны гэрээгээр Н.Х ХХК-ийн дор дурдсан гэрээний шаардах эрх, орлого, төлбөрийн авлага болон тэдгээртэй холбоотой бусад эрхийн хамт барьцаалсан. Гэрээний төлбөр төлөгч БСШУСЯ-ны 2018-2019 оны хичээлийн жилд хэрэглэгдэх ерөнхий боловсролын сургуулийн 1-5, 6-12 дугаар ангийн багшийн журнал, анги удирдсан багшийн дэвтрийг тус тус худалдан авах тухай 110,200,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ, гэрээний төлбөр төлөгч БСШУСЯ-ны 2018-2019 оны хичээлийн жилд хэрэглэгдэх ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нөхөн хангалтын сурах бичиг, 1-3, 4-12 дугаар ангийн багшийн журнал, анги удирдсан багшийн дэвтрийг тус тус худалдан авах тухай 115,000,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ, гэрээний төлбөр төлөгч БСШУСЯ-ны 2018-2019 оны хичээлийн жилд хэрэглэгдэх ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нөхөн хангалтын сурах бичиг, 1-3, 4-12 дугаар ангийн багшийн журнал, анги удирдсан багшийн дэвтрийг тус тус худалдан авах тухай 55,400,800 төгрөгийн үнийн дүнтэй гэрээг тус тус барьцаалсан. 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ1205138551-А тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр зээлийн гэрээний хугацааг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 6 сараар сунгаж, зээлийн жилийн хүүг 27.6 хувь болгон харилцан тохиролцож өөрчилсөн. Н.Х ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж ирсэн. Хариуцагч Н.Х ХХК-аас үндсэн зээл 132,289,692.37 төгрөг, хүү 88,228,879.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,504,094.21 төгрөг, нийт 233,022,665.97 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэл гаргаснаас хойш 175 хоногийн хугацаа өнгөрч зээлийн хүү 17,505,731.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,501,146.36 төгрөгөөр хуримтлал нэмж үүсч байгаа тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 21,006,878.26 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Иймд хариуцагч Н.Х ХХК-аас 254,029,544.23 төгрөгийг гаргуулж Г.Б ХХК-д олгож, барьцааны гэрээнүүдээр барьцаалсан тоног төхөөрөмж, гэрээний орлого болон бусад хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Энэхүү зээл нь нийт 9 сарын хугацаатай зээл ба зээлийн хугацаа дууссанаас хойш 28 сарын дараа буюу үндсэн хугацаанаас 3 дахин их хугацааны хүү, алданги нэхэмжилсэн. Г.Б нь анх зээл олгохдоо зээлийн болон барьцааны гэрээний заалтуудыг зөрчиж олгосноос шалтгаалан бидэнд зээл төлөхгүй байх сэдлийг төрүүлсөн. Манай компанийн зүгээс Г.Бийг барьцаа хөрөнгөө авахыг удаа дараа санал болгосон боловч барьцаа хөрөнгөө авахгүй, хүү, алданги бодох хугацааг 28 сар болгосон. Хөрөнгө оруулалтын зээл судалж байна гэж худлаа амлаж санхүүгийн буруу төлөвлөгөө боловсруулахад хүргэсэн гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Х ХХК-аас 233,022,665.97 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Б ХХК-д олгож, Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Х ХХК-ийн Сингапур улсад үйлдвэрлэсэн 220в хүчдэлтэй HDR-500 маркийн 2010 онд үйлдвэрлэсэн нууцлалтай картны хэвлэгч машин, HDCK-500 маркийн 2010 онд үйлдвэрлэсэн нууцлалтай картны зүсэгч машин, төлбөр төлөгч БСШУСЯ-ны 2018-2019 оны хичээлийн жилд хэрэглэгдэх ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн багшийн журнал, 6-12 дугаар ангийн багшийн журнал, анги удирдсан багшийн дэвтрийг тус тус худалдан авах тухай 110,200,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ, гэрээний төлбөр төлөгч БСШУСЯ-ны 2018-2019 оны хичээлийн жилд хэрэглэгдэх ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нөхөн хангалтын сурах бичиг, 1-3 дугаар ангийн багшийн журнал, 4-12 дугаар ангийн багшийн журнал, анги удирдсан багшийн дэвтрийг тус тус худалдан авах тухай 115,000,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ, гэрээний төлбөр төлөгч БСШУСЯ-ны 2018-2019 оны хичээлийн жилд хэрэглэгдэх ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нөхөн хангалтын сурах бичиг, 1-3 дугаар ангийн багшийн журнал, 4-12 дугаар ангийн багшийн журнал, анги удирдсан багшийн дэвтрийг тус тус худалдан авах тухай 55,400,800 төгрөгийн үнийн дүнтэй гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангаж, хариуцагч Н.Х ХХК-нд холбогдох 21,006,878.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Б ХХК-ийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,393,263.33 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 105,035 төгрөг, хариуцагч Н.Х ХХК-аас 1,393,263.33 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Б ХХК-д тус тус олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагч Н.Х ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Бид гэрээний хугацааны үндсэн зээл болон хүү болох 132,000,000 төгрөгийг төлөх, эсхүл барьцааны хөрөнгөөр төлбөрийг барагдуулах хүсэлтэй байна. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Г.Б ХХК нь хариуцагч Н.Х ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 233,022,665.97 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 254,029,544.23 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

3. Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч хариуцагчийн гүйцэтгэх үүргийн хэмжээг буруу тодорхойлжээ.

4. Хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээнээс үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагч Н.Х ХХК-д 250,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 3 сарын хугацаатай, жилийн 25.2 хувийн хүүтэй зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар HDR500 маркийн нууцлалтай картны хэвлэгч машин, HDCK500 маркийн нууцлалтай картны зүсэгч машин болон 2018-2019 оны хичээлийн жилд хэрэглэгдэх ерөнхий боловсролын сургуулийн I-V ангийн нөхөн хангалтын сурах бичиг, I-III ангийн багшийн журнал, IV-XII ангийн багшийн журнал, анги удирдсан багшийн дэвтрийг тус тус худалдан авах тухай, 2018-2019 оны хичээлийн жилд хэрэглэгдэх ерөнхий боловсролын сургуулийн I-V ангийн нөхөн хангалтын сурах бичиг, I-III ангийн багшийн журнал, IV-XII ангийн багшийн журнал, анги удирдсан багшийн дэвтрийг тус тус худалдан авах тухай, 2018-2019 оны хичээлийн жилд хэрэглэгдэх ерөнхий боловсролын сургуулийн I-V ангийн нөхөн хангалтын сурах бичиг, I-III ангийн багшийн журнал, IV-XII ангийн багшийн журнал, анги удирдсан багшийн дэвтрийг тус тус худалдан авах тухай гэрээнүүдийн дагуу олж авсан шаардах эрх, гэрээний орлого, төлбөрийн авлага болон тэдгээртэй холбоотой бусад эрхийг барьцаалсан байна. /хх 8-14/

Талууд гэрээний нөхцөл, хүчин төгөлдөр байдалд маргаагүй, шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох харилцаа үүссэн гэж үзэж, шаардах эрхийн талаархи хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

5. Хэрэгт авагдсан баримтаар зохигчид 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 3 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж гэрээний хугацаа 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дууссан, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл сунгасан нь тогтоогдсон. /хх 8-16/

Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7 дахь хэсэгт зааснаар хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолох тул гэрээний хугацаа дууссанаас хойш 3 сарын дараа хугацаа сунгасан талуудын тохиролцоо хуульд нийцээгүй байна.

6. Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар болон хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдсон байна. /хх-17, 35-36/

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд зээлдэгч тал зээл, хүүг талуудын харилцан тогтоосон хэмжээгээр сар тутамд төлөхөөр тохиролцсон боловч хариуцагч нь нийт төлбөл зохих төлбөрөөс 158,665,107.26 төгрөг төлж, үлдэх хэсгийг биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас төлөгдсөн 158,665,107.26 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөл зохих зээл, хүүгийн дүнгээс хасч тооцоолон зээлийн үүрэгт үндсэн зээл 132,289,692.37 төгрөг, хүү 105,734,611.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,005,240.57 төгрөг, нийт 254,029,544.23 төгрөг нэхэмжилсэн байна.

7. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ.

Хариуцагч нь нийт төлбөл зохих төлбөр 267,087,671.23 төгрөгөөс гэрээний хугацаанд 11,736,986.30 төгрөг төлж үлдэх хэсгийг биелүүлээгүй байна. Иймд гэрээний хугацаа дуусах үед хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 255,350,684.93 төгрөг байжээ. Гэрээний хугацаа дууссан 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс хойш төлсөн 146,928,120.96 төгрөгийг гүйцэтгэвэл зохих үүрэг 255,350,684.93 төгрөгөөс хасахад 108,422,563.97 төгрөгийн үндсэн зээл төлөгдөөгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр жилийн 25.2 хувийн хүүтэй, хугацаандаа буюу сар бүр төлөлт хийх үүргээ зээлдэгч зөрчвөл үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү авахаар тохиролцсон байх тул 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 79,690,584.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,938,116.91 төгрөг, нийт 204,051,265.39 төгрөг төлөхөөр байна.

Иймд хариуцагч Н.Х ХХК-аас 204,051,265.39 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 49,978,278.84 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй. Мөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 1,498,298.33 төгрөг төлсөн байхад шийдвэрийн тогтоох хэсэгт 1,393,263.33 төгрөг гэж буруу бичсэн алдааг залруулах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2022/00774 дугаар шийдвэрийн 233,022,665.97 гэснийг 204,051,265.39 гэж, олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлээс 49,978,278.84 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтын 56.1 гэснийг 56.2 гэж, 1,393,263.33 гэснийг 1,498,298.33 гэж, 1,393,263.33 гэснийг 1,248,406.33 гэж тус тус өөрчилж, 59 дүгээр зүйлийн 59.1, улсын төсвийн данснаас 105,035 төгрөг гэснийг тус тус хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Х ХХК нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,393,264 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

  

Д.БЯМБАСҮРЭН