Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 102/шш2021/01964

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2021/01964

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б............... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, шүүгч М.Мөнхтөр, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б............... дүүрэг ...дугаар хороо .. дугаар хороолол ... дугаар байр ... тоотод оршин суух, .... онд төрсөн .. настай, О овогт Л-ийн Э

Хариуцагч: Б............... дүүрэг .. дугаар хороо .. дугаар байр .. тоотод бүртгэлтэй Э............... ХХК

Б............... дүүрэг .. дугаар хороо ... дугаар байрны .. тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-22050536.. орон сууцыг анх өмчлөх эрхийг баталгаажуулахдаа Б............... дүүргийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт гаргасан баримтын бүрдүүлбэрийг хуурамчаар бүрдүүлсэн үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгож хууль бус үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд зохиомлоор бий болгосон илүү талбайд төлсөн үнэ 24.121.500 төгрөг, илүү авсан зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 10.365.645 төгрөг нийт 34.487.145 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б , хариуцагчийн өмгөөлөгч Л.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б............... дүүрэг 7 дугаар хороо 38 дугаар байр 84 тоот орон сууцыг Солонгос улсын иргэн А-оос 130.000.000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл байрны оршин суугчдаас орон сууцны талбайн хэмжээ дутуу байна гэж сонсоод Архитектур, дизайн инженер төслийн Э............... ХХК-иар хэмжилт хийлгэхэд талбайн нийт хэмжээ 55.425 мк болох нь тогтоогдсон. Э............... ХХК нь 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр анх уг орон сууцны өмчлөх эрхийг баталгаажуулахдаа Б............... дүүргийн эрхийн улсын бүртгэлийн газарт мэдүүлсэн мэдүүлгийн бүрдүүлбэртээ талбайн хэмжээг 67.79 мкв гэж мэдүүлж өмчлөх эрхийг баталгаажуулж авсан. Уг барилгын батлагдсан зураг төсөлд тусгагдсан талбайн хэмжээ нь 56.99 мв гэж тодорхойлсон. Аливаа барилга зөвхөн батлагдсан зураг төслийн дагуу баригддаг тогтоосон стандарт, дагаж мөрддөг журамтай, хуулиар зохицуулагдсан харилцаа болно. Байрны ашиглалтын зардлыг тооцохдоо орон сууцны контороос 55.85 мкв талбайгаас тооцож авдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр барилгын захиалагч буюу Э............... ХХК нь орон сууцны конторт талбайн хэмжээг мэдүүлэхдээ зураг төслийн дагуу үнэн зөвөөр мэдүүлсэн болохыг харуулж байна. Харин өмчлөх эрхийг баталгаажуулахдаа талбайн хэмжээг мэдсээр байж ашиг олох зорилгоор зориудаар өсгөн нэмэгдүүлж талбайн хэмжээг 67.79 мкв болгохын тулд барилгын зургийг хуурамчаар үйлдэж, мэдүүлгийн баримтыг хуурамчаар бүрдүүлсэн болох нь тодорхой харагдана. Анх Э............... ХХК нь 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Солонгос улсын иргэн А-д уг орон сууцыг худалдахдаа 67.79 мкв гэж худалдсан ба А- орон сууцыг Л.Э ад худалдахдаа өмчлөх эрхийг баталгаажуулсан гэрчилгээнд тусгагдсан талбайг үндэслэж мөн л 67.79 мкв талбай бүхий орон сууц гэж худалдсан. Үүнээс харахад Э............... ХХК нь мэдэхгүйгээр талбайн хэмжээг буруу өгнө гэж байхгүй. Өөрсдөө барилга бариулаад өөрсдөө архивт баримтаа хадгалуулсан байтлаа санаатайгаар хэмжээг өсгөн нэмэгдүүлж хохирол учруулсан. Нэхэмжлэгч Л.Э нь илүү талбайд илүү мөнгө төлж хохирсон. Анх А-оос 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр орон сууцыг худалдан авахад талбайн хэмжээ 67.79 мкв гэж 1 мкв талбайн үнийг 1.950.000 төгрөгөөр тооцож нийт 132.190.500 төгрөг болоход 2.190.500 төгрөгийг хасаж тэгшлээд 130.000.000 төгрөгөөр худалдан авсан ба үүний 10.000.000 төгрөгийг бэлнээр төлж үлдэх 120.000.000 төгрөгийг банкнаас зээл авч төлсөн. Талбайн хэмжээ үнэн зөв байсан бол 130.000.000 төгрөг биш 108.078.750 төгрөгөөр авах ёстой байсан. Зохиомлоор бий болгосон илүү талбайд 24.121.500 төгрөг төлсөн байна. Талбайн хэмжээ анхнаасаа үнэн зөв байсан бол банкнаас 120.000.000 төгрөгийн зээл авах шаардлагагүй харин 98.078.750 төгрөгийн зээл авахад болох байсан. Тодруулбал анх худалдан авах хэлцэл хийхдээ 1 мкв талбайн хэмжээг 1.950.000 төгрөгөөр тохирсон ба үнэн бодит талбайн хэмжээ 55.425 мкв байгаа үүнийг 1 мкв талбайн үнэ 1.950.000 төгрөгөөр үржүүлэхэд уг орон сууцны нийт бодит үнэ 108.078.750 төгрөг болж байгаа юм. Үүнээс урьдчилан төлсөн 10.000.000 төгрөгийг хасахад 98.078.750 төгрөг болно. Банкнаас илүү авсан зээлийн дүн 21.921.250 төгрөг болж нийт илүү авсан зээлд төлсөн зээлийн хүүгийн дүн 10.365.645 төгрөг болсон. Энэ мэтчилэн Э............... ХХК-ийн хууль бус үйлдлийн улмаас тооцох боломжгүй хохирлууд учирч байгаа юм. Энэ талаар хуулинд маш тодорхой заасан. Иймд хариуцагч Э............... ХХК-ийн Б............... дүүрэг __ дугаар хороо ... дугаар байрны ... тоот хаягаар байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-22050536.. орон сууцыг анх өмчлөх эрхийг баталгаажуулахдаа Б............... дүүргийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт гаргасан баримтын бүрдүүлбэрийг хуурамчаар бүрдүүлсэн үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, хууль бус үйлдлийн улмаас учирсан хохиролд зохиомлоор бий болгосон илүү талбайд төлсөн үнэ 24.121.500 төгрөг, илүү авсан зээлийн хүүгийн төлбөрт төлсөн үнэ 10.365.645 төгрөг нийт 34.487.145 төгрөгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Э............... ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь Б............... дүүрэг .. дугаар хороо .. дугаар хорооллын нутаг дэвсгэрт 18 авто машины гаражтай 63 айлын орон сууцыг 2011 оны 09 дүгээр сард шинээр барьж эхлэн 2013 оны 12 дугаар сард ашиглалтад оруулан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисст 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээлгэн өгч акт үйлдсэн. Барилгын цахилгааны ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд БНСАУ-ын иргэн А-д 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлэн өгсөн. Ингэж өгөхдөө тухайн орон сууцыг 67.000.000 төгрөгөөр үнэлэн ажлын хөлсөнд шилжүүлж өгсөн. Ингэж шилжүүлж өгөхдөө хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан дараах баримтуудыг үндэслэн шилжүүлсэн. Үүнд хавтаст хэргийн 8 дугаар хуудас, гэрээний 2.1, 12, 46 дугаар хуудаст авагдсан баримтууд болно. Гэрээний ерөнхий нөхцөлд орон сууцны талбайн хэмээг батлагдсан ажлын зургийн дагуу анхны зохион байгуулалтын зурагт заасан хэмжээг үндэслэн тодорхойлно. Үүнд орон сууцны нийт талбайн хэмжээ гэдэг нь гадна ханын тэнхлэгээс дотор ханын тэнхлэг хоорондын хэмжээгээр тогтоосон бөгөөд энэ талбайн хэмжээнд бүх өрөө тасалгааны талбай болон дундын хана шат болон тагтны 50 хувийн хэмжээ багтсан. Орон сууцны талбайн хэмжээг өрөө тус бүрийн ханын дотор талаас хэмжиж тогтоосон өрөө тасалгааны дундын хана ороогүй хэмжээ болно гэж талууд талбайн хэмжээг тогтоох, тооцох аргачлалын талаар харилцан тохиролцож гэрээндээ тодорхой зааж өгсөн. Манай компани өрөөний дотоод зохион байгуулалтыг өөрийн хүссэнээр өөрчлөх боломж олгож тусгаарласан ханын хэмжээг оруулахгүй байхаар гэрээндээ тусгаж А-д шилжүүлсэн. Дээрх нөхцөл байдлуудыг манай компани гэрээндээ тодорхой тусгаж худалдан авагчтай харилцан тохиролцож худалдсанаас биш зориуд орон сууцны талбайн хэмжээг нуун дарагдуулсан асуудал байхгүй. Компаний зүгээс А-той байгуулсан гэрээнд MNS6058:2009 стандартын дагуу талбайн хэмжээг тооцож өгөөгүй, гэрээгээр өөрсдийн тохиролцооны үндсэн дээр талбайн хэмжээг хэрхэн хэмжих талаар тохиролцсон. Стандарт хэмжил зүйн газраас баталсан MNS6058:2009 стандар нь заавал дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт биш юм. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т стандарт гэж тодорхой хүрээнд хэм хэмжээ бий болгоход чиглэсэн ерөнхий зарчим, үзүүлэлтийг сонирхогч талууд зөвшилцөн боловсруулж баталсан, сонгон хэрэглэх баримт бичгийг ойлгоно гэж тодорхойлсон байна. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдаж байгаачлан илт ашиг хонжоо олох гэж илтэд зөрүүтэй мкв-ыг өсгөн нэмэгдүүлсэн зүйл байхгүй, ашиг хонжоо олох ямар ч боломжгүй юм. Учир нь маргаан бүхий байрыг орон сууцны барилгын цахилгаан угсралтын ажлын хөлс 100 гаруй сая төгрөг болсноос 67 саяар үнэлж 3 өрөө орон сууцны нэгийг 44 саяар үнэлж 2 өрөө орон сууц нэгийг тус тус А-ын ажлын хөлсөнд шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн ярьж буй мкв-ийн зөрүүний маргаан нь орон сууц худалдан авах гэрээний эд хөрөнгийн доголдол юм. Сууцны талбайг баримжаагаар бус орон сууцыг худалдаж авахдаа талбайн хэмжээг хэмжих бүрэн боломжтой байсан. Өөрөөр хэлбэл орон сууцыг худалдаж авахдаа эд хөрөнгийн доголдлыг мэдэх боломжтой байсан. Харин эд хөрөнгийн доголдлыг хожим буюу тухайн орон сууцыг худалдан авснаас хойш 2 жил гарангийн дараа хэмжиж тооцон гэм хорын хохирол гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болж буй зохиомлоор бий болсон талбайд төлсөн үнэ болон зээлийн хүүнд илүү төлсөн гэх төлбөр нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйл, 497 дугаар зүйлд заасан гэм хорын хохиролд хамаарахгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь орон сууцыг худалдан авахдаа зах зээл дээр үзэж харж сонголтоо хийж авсан бусадтай худалдах худалдан авах гэрээний харилцаанд орсон, орон сууцны үнийг тодорхойлохдоо 130 сая буюу бүхэл үнээр тогтоосон үйл баримт нь хавтаст хэргийн 7 дугаар хуудаст авагдсан худалдах худалдан авах гэрээгээр тодорхой нотлогдоно. Үүнээс гадна бүхэл бүтэн 12 мкв нэг өрөөний зөрүү бол тухайн үед орон сууц худалдан авахад илтэд харагдах хэмжээ. Нөгөө талаар нэхэмжлэгч нь дээрх маргаан бүхий орон сууцыг БНСУ-ын иргэн А-оос худалдаж авсан, түүнтэй худалдах худалдан авах гэрээний харилцаанд орсон байх бөгөөд манай компани нэхэмжлэгч Л.Э тай ямар нэг гэрээ хэлцэл байгуулаагүй, түүний өмнө ямар нэг хариуцлага эрх үүрэг хүлээгээгүй юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбарласан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Э нь хариуцагч Э............... ХХК-нд холбогдох Б............... дүүрэг 7 дугаар хороо 38 дугаар байрны 84 тоот хаягаар байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-22050536.. орон сууцыг анх өмчлөх эрхийг баталгаажуулахдаа Б............... дүүргийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт гаргасан баримтын бүрдүүлбэрийг хуурамчаар бүрдүүлсэн үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгож хууль бус үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд зохиомлоор бий болгосон илүү талбайд төлсөн үнэ 24.121.500 төгрөг, илүү авсан зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 10.365.645 төгрөг нийт 34.487.145 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Э............... ХХК-тай иргэн А- нь Б............... дүүргийн .. дугаар хороон ... дугаар байрны .. тоот 3 өрөө 67.79 мкв талбайтай орон сууцыг 67.000.000 төгрөгөөр худалдан авч Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, худалдагч Э............... ХХК нь энэ өдрөө Б............... дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт төлбөр тооцоо 100 хувь хийгдсэн тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг худалдан авагч А-ы нэр дээр гаргах тухай 01/54 дугаартай албан бичгийг хүргүүлж, тухайн орон сууцны өмчлөгчөөр А- нь 2014 оны 03 дугаар сарын 04-ний бүртгэгдэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон,

2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр худалдагч А- худалдан авагч Л.Э нар Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж орон сууцыг 130.000.000 төгрөгөөр худалдах, төлбөрийг банкны зээлээр төлөхөөр тохиролцож, 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр орон сууцны урьдчилаа 10.000.000 төгрөгийг шилжүүлж, 09 дүгээр сарын 26-ны өдөр Л.Э нь Худалдаа хөгжлийн банктай орон сууцны зээлийн гэрээ байгуулж 120.000.000 төгрөгийг зээлдэн авсан, 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр худалдаж авсан орон сууцны талбайн хэмжээг Архитектур дизайн инженер төсөл Э............... ХХК-иар гүйцэтгүүлж орон сууцны талбайн хэмжээ 55.425 мкв болохыг тодорхойлсон байна.

2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Б............... дүүргийн 7 дугаар хороо 38 дугаар байр 84 тоот хаягт байршилтай 55.42 мкв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Л.Э Ү-2205053686 дугаарт бүртгэгдэж гэрчилгээ олгогджээ. /хх-7-21/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж заажээ.

Худалдагч А-, худалдан авагч Л.Э нарын хооронд байгуулагдсан гэрээнд орон сууцны талбайн хэмжээг 67.79 мкв талбайтай гэж тодорхойлон гэрээ байгуулагдаж, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар өмчлөх эрх нэхэмжлэгч Л.Э ад 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр үүссэн байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй байжээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь Э............... ХХК нь эрхийн улсын бүртгэлд баталгаажуулахдаа өөрсдөө талбайн хэмжээг өсгөж 67.79 мкв гэж нэмэгдүүлж баримтыг хуурамчаар бүрдүүлсэн тул үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгож, уг үйлдлийн улмаас зохиомлоор бий болгосон илүү тайлбай, илүү авсан зээлийн хүүгийн төлбөрт нийт 34.487.145 төгрөг төлсөн гэж тайлбарлан нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн Э............... ХХК нь орон сууцны өмчлөх эрхийг баталгаажуулахдаа эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт гаргасан баримтын бүрдүүлбэрийг хуурамчаар бүрдүүлсэн үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох шаардлага нь гэм хорын хохирлыг нэхэмжлэх маргааны үндэслэлд хамаарах тул шаардлага болохгүй юм.

Иргэний хуулийн 498 дугаар зүйл нь ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйгээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч байгууллага, хуулийн этгээд хариуцлагыг хүлээн гэм хорыг арилгуулахаар заасан, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, энэ үүргээ биелүүлэхдээ тухайн эд хөрөнгөтэй адил нэр төрөл, чанартай эд хөрөнгө өгөх, эсхүл гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр өмнө байсантай адил байдалд оруулах, өмнө байсан байдалд нь сэргээх боломжгүй харьцангуй их зардал гарахаар бол хохирлыг мөнгөөр төлж болохоор заасан тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шаардах эрхгүй байна.

Иймд хариуцагч Э............... ХХК-нд холбогдох нэхэмжлэгч Л.Э ын Б............... дүүрэг 7 дугаар хороо 38 дугаар байрны 84 тоот хаягаар байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205053686 орон сууцыг анх өмчлөх эрхийг баталгаажуулахдаа Б............... дүүргийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт гаргасан баримтын бүрдүүлбэрийг хуурамчаар бүрдүүлсэн үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгож, хууль бус үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд зохиомлоор бий болгосон илүү талбайд төлсөн үнэ 24.121.500 төгрөг, илүү авсан зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 10.365.645 төгрөг нийт 34.487.145 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товийг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар шүүх хуралдааныг явуулсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Э............... ХХК-нд холбогдох нэхэмжлэгч Л.Э ын Б............... дүүрэг 7 дугаар хороо 38 дугаар байрны 84 тоот хаягаар байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-22050536.. орон сууцыг анх өмчлөх эрхийг баталгаажуулахдаа Б............... дүүргийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт гаргасан баримтын бүрдүүлбэрийг хуурамчаар бүрдүүлсэн үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгож, хууль бус үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд 34.487.145 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400.600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА

 

 

ШҮҮГЧИД М.МӨНХТӨР

 

 

Н.ХАНГАЛ