Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/01555

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/01555

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/01555

 

 

 

 

 

 

 

                                     Л.Энэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2021/01964 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Эхариуцагч ЭИАТЭ ХХК-д холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөх эрхийг анх баталгаажуулахдаа Баянгол дүүргийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт гаргасан баримтын бүрдүүлбэрийг хуурамчаар бүрдүүлсэн үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, учирсан гэм хорын хохиролд нийт 34 487 145 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Л.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн 7 дугаар хороо 38 дугаар байрны 84 тоот орон сууцыг БНСУ-ын улсын иргэн Ааас 130 000 000 төгрөгөөр худалдаж авсан. ЭДИП ХХК-аар орон сууцны талбайн хэмжилт хийлгэхэд 55.425 м.кв болсон. ЭИАТЭ ХХК  2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр орон сууцны өмчлөх эрхийг орон сууцны талбайн хэмжээг 67.79 м.кв гэж мэдүүлж өмчлөх эрхийг баталгаажуулсан. Барилгын зурагт орон сууцны талбайн хэмжээг 56.99 м.кв гэж тодорхойлсон. Байрны ашиглалтын зардлыг 55.85 м.кв талбайгаас тооцож авдаг. ЭИАТЭ ХХК орон сууцны конторт талбайн хэмжээг мэдүүлэхдээ зураг төслийн дагуу үнэн зөвөөр мэдүүлсэн. Харин өмчлөх эрхийг баталгаажуулахдаа талбайн хэмжээг мэдсээр байж санаатайгаар 67.79 м.кв гэж нэмэгдүүлж барилгын зургийг хуурамчаар үйлдэж, мэдүүлгийн баримтыг хуурамчаар бүрдүүлсэн. ЭИАТЭ ХХК нь 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Солонгос улсын иргэн Аорон сууцыг худалдахдаа 67.79 м.кв гэж худалдсан. Нэхэмжлэгч нь орон сууцны илүү талбайд илүү төлбөр төлж хохирсон. А2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр орон сууцыг худалдан авахад талбайн хэмжээ 67.79 м.кв гэж 1 м.кв талбайн үнийг 1 950 000 төгрөгөөр тооцож нийт 132 190 500 төгрөг болоход 2 190 500 төгрөгийг хасч 130 000 000 төгрөгөөр худалдан авсан. 10 000 000 төгрөгийг бэлнээр, үлдэх 120.000.000 төгрөгийг банкнаас зээл авч төлсөн. Орон сууцны талбайн хэмжээ зөв байсан бол 108 078 750 төгрөгөөр авах байсан. Зохиомлоор бий болгосон илүү талбайд 24 121 500 төгрөг төлсөн. Банкнаас 98 078 750 төгрөгийн зээл авах байсан. 1 м.кв-ыг 1 950 000 төгрөгөөр тохирсон ба орон сууцны бодит үнэ 108 078 750 төгрөг болно. Урьдчилан төлсөн 10 000 000 төгрөгийг хасахад 98 078 750 төгрөг болно. Банкнаас илүү авсан зээл 21 921 250 төгрөг болж зээлийн хүүнд 10 365 645 төгрөг төлсөн. Иймд хариуцагч ЭИАТЭ ХХК-ийн ...хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийг баталгаажуулахдаа Баянгол дүүргийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт гаргасан баримтын бүрдүүлбэрийг хуурамчаар бүрдүүлсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, хууль бус үйлдлийн улмаас учирсан хохиролд зохиомлоор бий болгосон илүү талбайд төлсөн 24 121 500 төгрөг, илүү авсан зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 10 365 645 төгрөг, нийт 34 487 145 төгрөгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн тайлбарт: ЭИАТЭ ХХК Баянгол дүүрэг 7 дугаар хороо 3 дугаар хорооллын нутаг дэвсгэрт 18 автомашины гаражтай 63 айлын орон сууцыг 2013 оны 12 дугаар сард ашиглалтад оруулсан. Солонгос улсын иргэн Абарилгын цахилгааны ажил хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр орон сууцыг 67 000 000 төгрөгөөр үнэлж шилжүүлсэн. Гэрээнд орон сууцны талбайн хэмжээг барилгын батлагдсан зургийн дагуу анхны зохион байгуулалтын зурагт заасан хэмжээг үндэслэнэ гэж заасан. Орон сууцны нийт талбайн хэмжээг гадна ханын тэнхлэгээс дотор ханын тэнхлэг хоорондын хэмжээгээр тогтоосон бөгөөд уг талбайн хэмжээнд бүх өрөө тасалгааны талбай болон дундын хана шат болон тагтны 50 хувийн хэмжээ багтсан. Хариуцагч нь өрөөний дотоод зохион байгуулалтыг захиалагчийн хүссэнээр өөрчлөх боломж олгож тусгаарласан ханын хэмжээг оруулахгүй талаар гэрээнд тусгаж Ашилжүүлсэн. Худалдан авагчтай харилцан тохиролцож худалдсан тул орон сууцны талбайн хэмжээг зориуд нуун дарагдуулаагүй. Гэрээнд MNS6058:2009 стандартын дагуу талбайн хэмжээг тооцож өгөөгүй, талууд талбайн хэмжээг хэрхэн хэмжих талаар тохиролцсон. Стандарт хэмжил зүйн газраас баталсан MNS6058:2009 стандарт нь заавал дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт биш. Маргаан бүхий орон сууцны барилгын цахилгаан угсралтын ажлын хөлс 100.0 гаруй сая төгрөгөөс 67.0 сая төгрөгөөр үнэлж 3 өрөө орон сууцны нэгийг 44.0 сая төгрөгөөр үнэлж 2 өрөө орон сууцыг тус тус Аажлын хөлсөнд шилжүүлсэн. Талбайн зөрүүний маргаан нь орон сууц худалдан авах гэрээний эд хөрөнгийн доголдол. Сууцны талбайг баримжаагаар бус орон сууцыг худалдаж авахдаа талбайн хэмжээг хэмжих бүрэн боломжтой байсан. Орон сууцыг худалдаж авахдаа эд хөрөнгийн доголдлыг мэдэх боломжтой байсан. Орон сууцыг худалдан авснаас хойш 2 жилийн дараа гэм хорын хохирол шаардсан нь үндэслэлгүй. Зохиомлоор бий болсон талбайд төлсөн үнэ болон зээлийн хүүнд илүү төлсөн гэх төлбөр нь Иргэний хуулийн 229, 497 дугаар зүйлд заасан гэм хорын хохиролд хамаарахгүй. Нэхэмжлэгч тус орон сууцыг сонголтоо хийж худалдаж авсан. 12 м.кв-ын зөрүү нь тухайн үед орон сууцыг худалдан авахад илт харагдах хэмжээ. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, түүний өмнө хариуцлага хүлээгээгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч ЭИАТЭ ХХК-д холбогдох нэхэмжлэгч Л.Э...хаягаар байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205053686 орон сууцыг анх өмчлөх эрхийг баталгаажуулахдаа Баянгол дүүргийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт гаргасан баримтын бүрдүүлбэрийг хуурамчаар бүрдүүлсэн үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгож, хууль бус үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд 34 487 145 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400 600 төгрөгийг улсын төсөвт үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаатарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргаагүй. ЭИАТЭ ХХК тухайн барилгын өмчлөгч бөгөөд улсын бүртгэлд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг баталгаажуулахаар өгсөн бүрдүүлбэрт барилгын зургийг өөрчлөн талбайн хэмжээг зориуд зохиомлоор өсгөн нэмэгдүүлж барилгын зургийг үйлдэн, бичиг баримтыг хуурамчаар үйлдэж мэдээлсний улмаас нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг нэхэмжилсэн. Үндэсний архивын газраас ирүүлсэн барилгын зурагт маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээ Р блок 53 65 м.кв гэж байгаа.  Харин ЭИАТЭ ХХК-ийн зүгээс барилгын зургийн О блокийн талбайн хэмжээ 67 79 м.кв гэж байгаа. ЭИАТЭ ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бямбасүрэн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахдаа Баянгол дүүргийн эрхийн улсын бүртгэлийн газарт төлбөр бүрэн төлөгдсөн тул ..67.79 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулах хүсэлт гаргасан нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг анх удаа гаргуулахдаа талбайн хэмжээг зориуд хуурамчаар өсгөн нэмэгдүүлж барилгын зургийг үйлдсэн болохыг нотолно.        

Барилгын зургийг мэргэжлийн эрх бүхий байгууллага үйлддэг, барилга угсралтын ажлыг зөвхөн батлагдсан зураг төслийн дагуу зохиогч, барилгын захиалагч, гүйцэтгэгчийн хяналтад гүйцэтгэдэг. Барилга зургаасаа гажиж баригдах боломжгүй, мөн барилгыг улсын комисст хүлээлгэн өгсний дараа барилгын зургийг Үндэсний архивын газарт хүлээлгэн өгөх үүргийг барилгын захиалагч хүлээдэг. Үндэсний архивын газраас ирүүлсэн зураг нь орон сууцны талбайн хэмжээг тодорхойлох цорын ганц үнэн эх сурвалж. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас хохирол учирсан гэж Иргэний хуулийн 498, 510 дугаар зүйлийг үндэслэн нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх ЭИАТЭ ХХК орон сууц өмчлөх эрхийг баталгаажуулахдаа эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт гаргасан баримтын бурдүүлбэрийг хуурамчаар бүрдүүлсэн үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох шаардлага гэм хорыг нэхэмжлэх маргааны үндэслэлд хамаарах тул шаардлага болохгүй гэж дүгнэн, эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн үйл баримт нь хариуцагчийн хууль бус үйлдэл буюу маргаж буй орон сууцны өмчлөх эрхийг анх удаа баталгаажуулахдаа эрхийн улсын бүртгэлд барилгын зургийг хуурамчаар үйлдсэн, ЭИАТЭ ХХК-аас бүртгэлийн газарт гаргасан хүсэлтэд талбайн хэмжээг 67.79 м.кв гэж худал тусгаж өмчлөх эрхийг хууль бусаар баталгаажуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Л.Эрдэнэбат хариуцагч ЭИАТЭ ХХК-д холбогдуулан ... орон сууцны өмчлөх эрхийг баталгаажуулахдаа улсын бүртгэлийн газарт гаргасан баримтын бүрдүүлбэрийг хуурамчаар бүрдүүлсэн үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, гэм хорын хохиролд нийт 34 487 145 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ “... хариуцагч орон сууцны өмчлөх эрхийг баталгаажуулахдаа орон сууцны бодит талбайн хэмжээг нэмж мэдүүлсний улмаас илүү талбайд 24 121 500 төгрөг, зээлийн хүүнд 10 365 645 төгрөг төлж хохирсон ...” гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч “ ... орон сууцны талбайн хэмжээг стандартын дагуу тооцоогүй, талууд гэрээгээр талбайн хэмжээг хэрхэн хэмжих талаар тохиролцсон. Орон сууцыг худалдаж авах үед эд хөрөнгийн доголдлын талаар мэдэх боломжтой байсан, гэтэл 2 жил гаруй хугацааны дараа хэмжилт хийлгэж хохирол шаардаж байгаа нь үндэслэлгүй, хариуцагч нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй тул үүрэг хүлээхгүй ... ” гэж татгалзаж байна.

...ын 3 өрөө орон сууц нь хариуцагч ЭИАТЭ ХХК-ийн 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр БНСУ-ын иргэн Атай байгуулсан орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээгээр 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдөр БНСУ-ын иргэн Аы өмчлөлд, 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр БНСУ-ын иргэн Атай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч Л.Эөмчлөлд тус тус бүртгэгдсэн. 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ЭДИП ХХК-ийн хийсэн хэмжилтээр маргаан бүхий орон сууцны талбайн хэмжээг MNS:6058-2009 стандартыг үндэслэн 55.425 м.кв гэж тогтоосноор нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өөрчлөгдсөн хэмжээгээр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх6, 14-22, 44, 47-50/

Нэхэмжлэгч нь хариуцагчийг орон сууцны талбайн хэмжээг 67.79 м.кв гэж барилгын батлагдсан зураг төсөлд тусгагдсан хэмжээнээс нэмж хуурамч баримт бүрдүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн гэх үндэслэлээр хохирол шаардсан нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

Хэргийн 57 дугаар тал дахь орон сууцны барилгын скез зурагт захиалгын орон сууцны тоот бичигдээгүй, зөвхөн орон сууцны талбайн хэмжээг “39.6 м.кв, 39.37 м.кв, 53.56 м.кв, 31.75 м.кв, 54.93 м.кв, 35 м.кв, 52.06 м.кв” гэж тэмдэглэсэн байх тул уг баримтыг үндэслэн маргаан бүхий уг орон сууцны талбайн хэмжээний талаар хуурамч баримт бичиг бүрдүүлсэн гэм буруутай гэх дүгнэлт хийх боломжгүй. Хариуцагч ЭИАТЭ ХХК болон БНСУ-ын иргэн А нарын 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн харилцан тохиролцож байгуулсан орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний 1.3.1, 1.3.2 дах хэсэгт “орон сууцны нийт талбайн хэмжээг гадна ханын тэнхлэгээс дотор ханын тэнхлэг хоорондын хэмжээгээр тогтоох, энэхүү талбайн хэмжээнд бүх өрөө тасалгааны талбай болон дундын хана шахт болон тагтны 50 хувийн хэмжээ багтах, орон сууцны цэвэр талбайн хэмжээг өрөө тус бүрийн ханын дотор талаас хэмжиж тогтоох, өрөө тасалгааны дундын хана орохгүй” байхаар тохиролцож нийт талбайн хэмжээг 67.79 м.кв, үнийг нь 149 138 000 гэж тогтоосон байх ба уг хэлцэл хүчин төгөлдөр байх бөгөөд тухайн гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийн чанар байдлын талаар зөвхөн гэрээний талууд харилцан шаардлага гаргах эрхтэй. /хх47-50/

Дээрх үйл баримт нь нэхэмжлэгч болон БНСУ-ын иргэн А нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний зүйлийн чанарыг тодорхойлоход шууд хамааралгүй.

Шүүхээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийн талаарх зохицуулалтыг тухайн маргааны үйл баримттай харьцуулан дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. Хуулийн уг зохицуулалтын дагуу гэм хорыг арилгуулах асуудлыг шийдвэрлэхийн тулд нэхэмжлэгчид учирсан гэм хорын хэмжээ, хариуцагч компанийн ажилтны хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой. Хариуцагч компанийн хуурамч баримт бүрдүүлсэн гэх гэм буруутай үйлдлийг нотлох баримт хэрэгт байхгүй байна.

Иймд хариуцагчийн  “БНСУ-ын иргэн Атай байгуулсан гэрээнд орон сууцны талбайн хэмжээг стандартын дагуу тооцоогүй, гэрээний талууд талбайн хэмжээг өөрсдөө тохиролцож тогтоосон, орон сууцны талбайн хэмжээг зориуд нуун дарагдуулаагүй” гэх тайлбарыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.  

Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон Т.Цэгмид нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй байх ба шүүх хуралдааны явцад талуудаас шүүгч ирцтэй холбоотой хүсэлт байгаа эсэхийг тодруулж асуухад иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх боломжтой гэжээ. /хх91, 98/ Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дах хэсэгт заасны дагуу иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан нь зөв.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2021/01964 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400 600 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                      ШҮҮГЧИД                             Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

­                                                                                    А.МӨНХЗУЛ