Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 102/шш2021/01704

 

 

 

 

 

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

......:..дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ......:..дүүрэг, 3 дугаар хороо, ...... хороолол, ......... тоотод оршин суух, Б овогт Д.А /РД: ...../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ......:..дүүрэг, 3 дугаар хороо, ......... тоотод оршин суух, М овогт М.Н /РД: ......./-д холбогдох,

 

Хүүхдүүдийн асрамж тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагчийн Д.А , М.Н нарыг хамтын амьдралтай байсныг тогтоолгож, ......:..дүүрэг, 3 дугаар хороо, ...... хороололд байрлах 11 дүгээр байр, .... тоот 2 өрөө орон сууцыг Д.А , М.Н , А.Е нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, уг дундын эд хөрөнгөнөөс өөрт болон хүү А.Е д ногдох хэсгийг гаргуулах, хүү А.Е г эх М.Н ын асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаандНэхэмжлэгч Д.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Д , хариуцагч М.Н , хариуцагчийн өмгөөлөгч Т.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.

 

                                                                                       ТОДОРХОЙЛОХ НЬ: 

  

Нэхэмжлэгч Д.А ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч А.Д нарын гаргасан тайлбарт: Миний бие нь 2012 онд М.Н тай танилцаж, 2015 оноос хамт амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаанд 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүү А.Е маань төрсөн. Бид гэрлэлтээ төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй болно. Бид анх танилцах үед буюу 2012 онд М.Н нь Э ХХК-д ажиллаж байсан ба миний бие найзынхаа хувийн компанид ажилладаг байсан. Тухайн үед М.Н ыг зан ааш сайтай, цаашид хамт амьдрах боломжтой гэж түүнд их л итгэж найдаж байсан. Н өмнөх амьдралаасаа охинтой байсан ба цаашид амьдралд хариуцлагатай, дахиж алдахгүйгээр амьдарна гэж түүнд давхар итгэл хүлээлгэж, найдаж байсан. Гэвч түүний зан байдал миний бодсон шиг байгаагүй учраас 2013 онд холбоогоо таслахыг хүртэл хүсэж байсан. Тухайн үед Н нь өөр утаснаас болон хуурамч фейсбүүкийн хаяг нээж, намайг дарамталсан мессежүүдийг бичдэг байсан. Миний бие түүнтэй учраа олж амьдрах талаар олон удаа ярилцаж, гэр бүлийн бизнес эрхлэхээр тус тусдаа компани хүртэл байгуулж ирсэн. Тэрээр эхэлсэн бизнесээ ч удаан үргэлжпүүлж чадаагүй. Хамтын амьдралын явцад 2015 онд миний төрсөн ах надад орон сууц худалдан авч өгснөөр бид хамт нэг дороо амьдрах болсон ба тус орон сууцны хамтран өмчлөгчөөр М.Н өөрийнхөө нэрийг нь бичүүлсэнгүй гэж их бухимдах, зарим үед хэлэх хэлэхгүйгээр хэлж хараадаг болсон. Миний хүү А.Е төрөөд удаагүй буюу 2, 3 сартай байх үед надад анх удаа гар хүрч, ойр байсан эд зүйлээр над руу чулуудаж, цохиж, намайг хэл амаар их доромжилсон. Хүүгээ 1 нас хүртэл нь бид 2 хоёулаа гэртээ ажилгүй байсан гэр бүлийн наад захын хэрэгцээ шаардлагаа хангах үүднээс гадуур ажил хөөцөлдөхөөр гарахад намайг харддаг, үүнээс болоод хэрүүл маргаан бидний дунд гардаг болсон. Мөн түүнчлэн дагавар охиныг харж хандсангүй гэж хүртэл намайг буруутгадаг. М.Н ын зан байдал намайг үл хүндэтгэх, ээж, ах дүүстэй маань ч харилцаа холбоо тааруу байдаг болсон энэ үед нь би түүнийг хүүгээ бодож аль болох эв зүйгээ олж амьдрахыг хүсэж, харьцдаг байсан. М.Н 2016 онд И.Н компанид ажилд орсон ба компанийн удирдлагатай таарахгүй байгаа тухай ярьж, ажилдаа гаргасан бухимдлаа гэртээ ирж гаргадаг байсан ба тун удалгүй 3 сарын дараа ажлаасаа гарсан ч түүний зан байдал огт өөрчлөгдөөгүй. М.Н намайг ээж, ах, дүү нартай маань уулзаж, харилцаатай байлгахыг хүсдэггүй, намайг маш их харддаг, хэл амаар элдвээр хэлж гомдоодог нь ердийн үзэгдэл болсон. 2018 оны 01 дүгээр сард гэртээ захиалгын зургаа зураад сууж байхад ямар ч шалтгаангүйгээр миний нүүр рүү мауз, аягатай цай цацаж, хүүдээ энэ чиний эцэг биш, түүнийг зодоорой гэх мэтийн үг хэлж, улмаар дагавар охин намайг толгой руу цохиж, хэрүүл маргаан үүсгэснээс болж би хүүгээ авч ээжийндээ тусдаа амьдрах болсон. Ээжийндээ амьдарч байхад М.Н нь намайг болон ээжийг маань хүүхэд хулгайлсан гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар бөөн асуудал үүсгэж байсан. Мөн түүнчлэн 2017 оны 07 дугаар сард амралтаараа газар орон үзье гээд 2 хүүхдээ миний ээжид үлдээгээд бид 2 хоёулаа явсан ба аялах үедээ миний ээжийнхээ төрсөн өдөрт зориулж авсан бэлгэнд Н дургүйцэж, хэрүүл маргаан үүсгэж уг бэлгийг хэрэглэх боломжгүй болгож байсан. Энэ үедээ хоёулаа салъя, би охиноо, чи хүүгээ аваад тусдаа салж амьдаръя гэж хэлж байсан. Миний бие хүүгээ бодоод их л хүлээцтэй хандаж ирсэн.

 

Хамт амьдарч байх хугацаанд 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүү А.Е г төрүүлсэн. Гэрлэлтээ төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй, гэрлэгчид биш бөгөөд хамтын амьдралтай байсан талаар талууд хоорондоо маргадаггүй. Харин 2018 оны 08 дугаар сарын 14-ны өдөр гаргасан нэхэмжлэлд заасан нэхэмжлэлийн шаардлага нь 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү А.Е г өөрийн асрамжид авах байсан. Уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хамт амьдарч байх хугацаандаа Д.А нь М.Н тай таарч тохирдоггүй, мөн түүнчлэн дагавар охинтойгоо таарч тохирдоггүй байсан. Үүнээс болж хоорондоо маргалддаг байсан учраас нэхэмжлэл гаргасан. Анх нэхэмжлэлийг гаргаж байх үед хүү А.Е нь аав Д.А ын асрамжид байсан бөгөөд шүүгч захирамж гаргаж хэргийг шийдвэрлэх хүртэл хүү А.Е г ээжийнх нь асрамжид байлгахаар шийдвэрлэсэн. А.Е нь ээж М.Н ын асрамжид байх хугацаандаа эрх ашиг нь дордсон гэж үзэх үйл баримт байхгүй байгаа учир хүүхдийн асрамж нь дээр хариуцагчтай эвлэрэн хэлэлцэж хүү А.Е г ээж М.Н ын асрамжид өгөхөд татгалзах зүйлгүй. Иймд уг асуудлыг шүүх талууд эвлэрсэн байдлаар шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгч тал нь хуульд заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд хэрэв нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд шийдвэрлэх эрх зүйн үр дагавартай асуудал байхгүй гэх асуудал сүүлийн үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөндөгдөж байгаа учир эвлэрлийг баталгаажуулж шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дараахь тайлбарыг гаргаж байна. Үүнд, Сөрөг нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь Д.А , М.Н нарыг хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай байна. Гардаж авсан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хамтын амьдрал бүхий гэр бүл болсныг тогтоолгох гэж байсан. Өнөөдрийн байдлаар шүүхээр шийдвэрлүүлэх гэж байгаа сөрөг нэхэмжлэлийн нэг дэх шаардлага нь хамтын амьдрал бүхий гэр бүл биш хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзэж дараах тайлбарыг гаргаж байна. Өмнөх шүүх хуралдаан дээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мэтгэлцсэн, уг тайлбараа дэмжиж байна. Хамтын амьдралтай байсан хосуудын хувьд ямар хугацаанд хамтын амьдралтай байснаа тогтоолгох гэж байгаа юм байна. Д.А ын гаргасан үндсэн нэхэмжлэл, түүнд гаргасан тайлбар, нэхэмжлэлд ирүүлсэн хариуцагчийн тайлбараас үзэхэд Д.А , М.Н нар нь 2012 онд танилцсан бөгөөд 2015 оноос эхэлж хамт амьдарсан талаар бичсэн байна. Хамтын амьдралыг бий болгож, нэг гэрт нэг төсөв хөрөнгөтэй, ахуй байдлын хувьд нэгдмэл шинжийг агуулж амьдарсан нь 2015 оны 08 дугаар сараас эхэлсэн байна. Мөн Д.А нь гаргасан нэхэмжлэлдээ 2018 оны 06 дугаар сард дагавар охин толгой руу цохиж, хэрүүл маргаан үүсгэснээс болж Д.А нь хүүгээ аваад ээжийндээ амьдарсан. 2018 оны 08 дугаар сарын 14-ны өдөр нэхэмжлэл гаргаж байхад Д.А , М.Н нар нь тусдаа амьдарч байсан. Иймд ямар хугацаанд хамтын амьдралыг бий болгож, шалгуурыг хангасан хамтран амьдрагчид байсан эсэх хугацаа нь тодорхойгүй байна. Хэрэв хамт амьдарч байсан хугацаа нь тодорхой болох юм бол тэдний хамтын амьдралтай байсныг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухай маргах зүйл алга байна. Харин хамтын амьдралтай гэр бүл байсныг тогтоолгох гэж бичсэн шиг сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа бол үүнийг шүүх тогтоох боломжгүй талаар би өмнөх шүүх хуралдаан дээр Монгол улсын нэгдэж орсон Сайн дураар гэрлэх, гэрлэх насны доод хязгаарыг тогтоох, гэрлэлт бүртгэлтэй байх олон улсын конвенцын 2, 3 дугаар заалт болон Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь заалтуудыг үндэслэж төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн гэрлэгчдийг гэр бүлийн үндэс суурийг бий болгосон гэж үздэг. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т гэрлэлтээр холбогдсон харилцан эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг гэр бүл гэнэ гэж тодорхойлсон. Иймд төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлснээр шийдэгддэг учраас хамтын амьдрал бүхий гэр бүл болсныг шүүх шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй гэдгийг Гэр бүлийн тухай хуулийг үндэслэн эс зөвшөөрч байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаж буй орон сууц нь ......:..дүүрэг, 3 дугаар хороо, ...... хороололд байрлах 11 дүгээр байр, .... тоот 2 өрөө орон сууц юм. Хариуцагч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож өгнө үү гэх шаардлага биш орон сууцыг өмчлөлдөө авч оногдох хэсгийг Д.А т гаргаж өгнө гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хэрэв хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол энэ нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө биш юм. Хариуцагчийн өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8-т заасныг үндэслэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаагаа хэлсэн. Хэрэв Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8-т зааснаар шаардах эрхээ үндэслэж байгаа бол энэ нь гэр бүлийн өмчлөлийн дундын эд хөрөнгө биш юм. Учир нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т зааснаар хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр өмчлөх өмчийг бий болгож болдог, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг бий болгож болдог. Өөрөөр хэлбэл 2 төрлийн хоорондоо ялгагдаг хөрөнгийг уг заалтад заасны дагуу бий болгож болдог. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх заалт нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгө нь хуульд зааснаар бий болсноор үр дагавар нь тодорхойлогддог. Гэр бүлийн бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуульд зааснаар бий болдог. Дундаа хэсгээр өмчилдөг хөрөнгө нь хуульд зааснаар хоёр иргэн хоорондоо хөрөнгө нийлүүлж бий болгодог хөрөнгийг буюу эрх үүссэн нь Иргэний хуулийн 119 дүгээр зүйлээр гарч ирсэн хөрөнгө байдаг. Уг хөрөнгө нь хамтран амьдрагчдын буюу хоорондоо гэрлэлтээр холбогдоогүй хоёр иргэн хөрөнгийг бий болгож өөр өөрийн оруулсан хөрөнгийг авдаг юм. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д дундаа хэсгээр өмчлөх өмчийг тодорхойлдог бөгөөд энэ нь гэрлэгчдэд хамаагүй 2 иргэн буюу хамтран амьдрагч нарт хамааралтай хуулийн зохицуулалт юм. Мөн дундаа хэсгээр өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ноогдох хэсгээ салгаж авдаг, тухайлбал эд хөрөнгө оруулсан бол эд хөрөнгөө, мөнгө оруулсан бол мөнгөө, хөдөлмөр оруулсан бол хөдөлмөрөө үнэлүүлсэн хэсгээ салгаж авдаг эрх зүйн зохицуулалттай юм. Харин гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө биш гэдэг нь Иргэний хуулийн 126 дугаар зүйл, 127 дугаар зүйлд зааснаар тодорхойлогдож байгаа юм. ......:..дүүрэг, 3 дугаар хороо, ...... хороолол, 11 дүгээр байрны .... тоот 2 өрөө орон сууц нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад тухайн үл хөдлөх хөрөнгө нь Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд зааснаар улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч тодорхойлогддог бөгөөд уг үл хөдлөх хөрөнгө нь Д.А ын нэр дээр бүртгэлтэй байгаа юм. Уг үл хөдлөх хөрөнгө нь Д.А ын өмчлөлд шилжихэд хавтас хэрэгт авагдсан Хас банкны Д.А гийн харилцах данснаас 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 140,000,000 төгрөгийг Х.Г ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлсэн бөгөөд гүйлгээний утга дээр нь байрны төлбөр гэж бичсэн байдаг. Энэ үл хөдлөх эд хөрөнгийг бий болгоход хамтран амьдрагч М.Н ын оруулсан хөрөнгө, хөдөлмөрийн оролцоо огт байхгүй гэдэг нь тодорхойлогдож байгаа юм. Иймд уг үл хөдлөх хөрөнгөөс Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т зааснаар шаардах эрх байхгүй юм. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-т гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг эхээс төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн эцэг эхээс төрсөн хүүхэдтэй адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэх заалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 46 дугаартай Гэр бүлийн болон Иргэний бүртгэлийн тухай хуулийн зарим зүйл заалтын тайлбарлах тухай тогтоол байдаг. Уг тогтоолын 14-т Гэр бүлийн тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21.5-т заасан гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг эхээс төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн эцэг эхээс төрсөн хүүхэдтэй адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэдэгт эцэг эхийн нэр авах, асран хамгаалуулах, тэжээн тэтгүүлэх, өв залгамжлах эрхийг, түүнчлэн эцэг эхээ тэжээн тэтгэх, асран хамгаалах зэрэг үүргийг тус тус хамааруулж үзнэ гэж тайлбарласан. Үүнд хүүхэд эд хөрөнгийг өмчлөх асуудал огт хөндөгдөхгүй талаар Улсын дээд шүүх тайлбарласан байна.

 

Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг зохигчид эвлэрсэн үндэслэлээр шийдвэрлэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч М.Н ын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт болон шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад, хариуцагчийн өмгөөлөгч М.А ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний хүү А.Е нь 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн. Хүүг маань төрснөөс хойш Д.А нь байнга засал чимэглэлийн ажилтай гээд гэртээ тогтдоггүй байсан ба намайг төрөөд нярай биетэй байхад гэр орондоо ч хоол хүнс авдаггүйгээс болж хөхөнд маань сүү орохгүй хүүхэд маань хөхөндөө цадахгүй байнга уйлдаг байсан. Энэ бүх үед би ганцаараа байсан ба аргагүйн эрхэнд бие сульдаад хүүхэд байнга уйлаад байсан тул миний ээж Ж.Ц хоол хүнс, хонины мах авч ирж, 7 хоног намайг болон миний хүүг асран халамжилж тэнхрүүлсэн. Энэ мэт хамгийн хариуцлагатай хүнд үед миний дэргэд байхгүй байсан ба бидний хооронд үл ойлголцох асуудал ийм зүйлүүдээс болж байнга гардаг байсан. Намайг жирэмсэн болоод төрөх болоход 2015 оны 08 дугаар сард Д.А ын талаас бэр гуйн ......:..дүүргийн 3 дугаар хороо, ...... хорооллын 11 дүгээр байрны .... тоот 2 өрөө орон сууцыг гэр бүлийн хамтран амьдрах хэрэгцээнд зориулж авч өгсөн. Гэтэл Д.А тай муудалцах бүрт миний байрнаас зайл гэж нялх нойтон хүүхэдтэй намайг охинтой минь хамт бид 3-ийг үргэлж хөөдөг байсан. 2016 оны 2 дугаар сард миний хүү А.Е хүндээр өвчилж Улаан бурхан өвчин тусч, Халдвартын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Эмнэлэгт хүүхэд нь хүнд байхад Д.А нь утсаа авахгүй, эмчийн захисан эм, тариаг авч ирж өгөхгүй алга болдог байсан. Би л хүүгээ авч үлдэхийн тулд бүх л арга хэмжээг авч байсан ба тухайн үед надад манай ар гэрийнхэн болон ээж, эгч маань л тусалж, дэмжсэн. Д.А 2015-2016 онд эрхэлсэн ажилгүй гэртээ байх хугацаанд бид миний охины тэжээгчээ алдсаны тэтгэмжийн 140,000 төгрөг, мөн миний байрыг 300,000 төгрөгөөр түрээслүүлэн бид 4 хэрэгцээндээ хэрэглэдэг байсан. Миний охин Е гийн сургуулийг шилжүүлээд ойрхон хажуудаа авах тухай саналыг зөвшөөрөөгүй, Баянзүрх дүүргийн 32 дугаар сургуульд явдаг тул шилжүүлэлгүй үлдээсэн. Манай ээжийнх 32 дугаар сургуультай ойрхон амьдардаг тул Д.А бид хоёр ярилцаад охинг 7 хоногийн 3 дахь өдөр болон амралтын өдрөөр охиноо авч гэртээ 4-лээ хамт байдаг байсан. Охинг хамт байх хугацаанд байнга л охинтой хөмсөг зангидаж, ширүүн харьцдаг байсан тул охин маань тэр хүнээс байнга айдаг болсон. Хүү ч мөн адил харцнаас нь их айдаг. Үүнийг би тэвчихгүй хЭ дэж маргахад Д.А над руу байнга орилж зовоож, хүүхдүүдийн минь хажууд хэлэх хэлэхгүй үгээр дайрахын сацуу гар хүрэх нь хэвийн үзэгдэл болсон. 2016 оны 09 дүгээр сард Д.А нь Х.Б ХХК-д ажиллаж байгаад менежертэйгээ муудалцаад ажлаас халагдаад гэртээ хүүгээ хардаг болсон. Өдөр ирэх тусам ааш нь эвдэрч, цахим сүлжээгээр хүүхэнтэй танилцаад орой үдэш нь гарч орох нь ихэссэн. Охинг амралтын өдөр авч ирэх ч хэцүү болсон. Охин ирэх л юм бол гэрт хэрүүл гаргаж ирээд хашигчиж зовоох болсон. Энэ нь даамжирсаар хүүхдүүдийн минь хажууд надад гар хүрч, зодох болсон.

 

2016 оны 03 дугаар сард зөв зүгээр хамт унтаж, хэвтээд өглөө нь намайг эгчийн дэлгүүр лүү явсан хойгуур Д.А нь хүүгийн болон өөрийн бүх эд хэрэгсэл хувцас, хүүгийн нярайн хувцас хэрэглэл бүгдийг гэрээс авч явсан байсан. Орой гэртээ иртэл хүүг минь ямар ч хэл сураггүй аваад явсан байсан. Би зөндөө залгаад, мессеж бичсэн, хариу огт өгдөггүй байсан. Тэгээд хадам ээж Туяагийн гэрийн гадаа ирээд Д.А т би хүүгээ авмаар байна, хүүтэйгээ уулзмаар байна гэж хэлэх гээд утсаар залгахад авахгүй байсан тул мессеж бичсэн огт хариу хэлэхгүй байсан учир би Хүчирхийллийн эсрэг төвийн лавлахаас зөвлөгөө аваад, дараа нь цагдаагийн байгууллагад хамтран амьдрагч маань хүүг минь авч яваад ямар ч хариу өгөхгүй байна гэж хандсан, 10 минутын дараа 2 цагдаа ирээд бид 3 хадмын хаалгыг тогшиход хүүг уйлуулсан байдалтай байсан. Хүүгээ авах гэтэл намайг хадам ээж түлхээд, 2 цагдааг гэртээ оруулаад цагдаагийн тавьсан шаардлагыг огт хүлээн авахгүй байсан. Энэ мэтээр миний хүү А.Е г ээжээс нь хүчээр салгадаг, хүүхдийн сэтгэл санаа, ээжтэйгээ хамт байх хэрэгцээ шаардлагыг анхаардаггүй, зөвхөн өөрсдийгөө л боддог хүмүүс юм. Удаа дараалан ингэж чимээгүй алга болж ээжийндээ хүүг минь байлгаж, намайг гэртээ оруулахгүй, хаалгаа онгойлгодоггүй байсан. Энэ мэтээр бид хоёрын дунд цаашдаа дахин амьдрах ямар ч хүсэл сонирхол, итгэл үнэмшил байхгүй болсон. Д.А хүүгээ анхнаасаа өөрөө хардаг ч үгүй, асран хамгаалдаг ч үгүй эцэг хүн байсан.

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тайлбар байхгүй. Учир мөн гомдлын хурал дээр нэхэмжлэгч тал нь бичгээр ирүүлсэн тайлбар дээрээ хүүхдийн асрамжийн асуудал дээр маргахгүй, хүү А.Е г ээж М.Н ын асрамжид өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэж бичсэн байсан бөгөөд одоо ч мөн хүүхдийн асрамж нь дээр маргахгүй байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Д.А нь 2012 онд М.Н тай танилцсан бөгөөд 2015 оноос эхэлж хамт амьдарсан гэж хэлсэн. Д.А , М.Н нарыг нэг гэрт хамтран амьдрахаар болоход талуудын гэр бүлээс хосуудыг хамт амьдруулахын тулд орон байр хэрэгтэй гэж үзэж уг маргаан бүхий орон сууцыг авч өгсөн юм. Энэ үед М.Н нь жирэмсэн байсан бөгөөд 4 ам бүлд л зориулж уг байрыг авч өгсөн. Хэдий талууд гэр бүлээ батлуулаагүй боловч Д.А ын ах дүү нар М.Н ыг ээж, эгчээс нь бэр гуйж авсны дагуу хамтын амьдрал нь эхэлсэн юм. Хамтын амьдралтай байснаа Д.А нь хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ тухайгаа 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар өгөхдөө нэхэмжлэгч, хариуцагч бидний хооронд хамт амьдарсан талаар маргаан байхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн.

 

......:..дүүрэг, 3 дугаар хороо, ...... хороололд байрлах 11 дүгээр байр, .... тоот 2 өрөө орон сууц болох дундын өмчөөс М.Н , А.Е нарт ноогдох хэсгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл нь уг орон сууц нь М.Н , Д.А , хүү А.Е , охин Т.Е нарын гэр бүлийн ирээдүйн амьдралын төлөө, үр хүүхдээ бойжуулж, амьдралаа авч явахын тулд л уг дундын өмчийг бий болгосон. Уг дундын өмчийг бий болгоход Монголын уламжлалт ёс заншлын дагуу эрэгтэй тал буюу Д.А ын ар гэрээс нь хамт амьдрах гэр ээ бэлдсэн. М.Н нь тухайн үед Д.А ажилгүй байсан учир гэр бүлээ тэжээн тэтгэх бусад бүх зардлыг зохицуулдаг байсан. Хамтын амьдралтай байх хугацаанд бий болсон эд хөрөнгийг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8-т заасны дагуу шийдэгдэх үндэслэлтэй гэж үзэж байна. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-т зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлнэ гэж заасан бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг эхээс төрсөн болон гэрлэгсдийн хэн нэгний дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхаж эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно гэж заасан байдаг. Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэр бүлийн дундын өмчийг өмчлөхдөө гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлийн дундаас төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж үзэж байгаа тул А.Е г хамтран өмчлөх эрхтэй буюу дундын өмчөөс өөрт ноогдох хэсгийг авах нь үндэслэлтэй юм. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь 2015 оноос М.Н тай хамт амьдрахад М.Н болон дагавар охинтой нь таарч тохирдоггүй байсан гэж хэлж байна. 2015 он гэхээр охин Т.Е нь жоохон хүүхэд байсан бөгөөд энэ хугацаанд хүүхдийг өөртөө дасгаад хамт амьдрах боломжтой юм. Одоо охин Т.Е нь 13 настай бөгөөд Д.А , М.Н нарыг хамтран амьдарч байх хугацаанд 6 настай байсан хүүхэдтэй таарч тохирдоггүй байсан гэж хэлж байгаа нь муухай сонсогдож байна.

 

Нэхэмжлэгч тал нь уг орон сууцыг манай ах надад зээлээр авч өгсөн, би ахтайгаа зээлийн гэрээ байгуулсан гэж ярьдаг. Хавтас хэрэгт буй зээлийн гэрээг хууль ёсны дагуу байгуулагдсан гэрээ гэж үзэхгүй байна. Хэрэв зээлийн гэрээ байгуулсан байсан бол үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлэх буюу нотариатаар орж батлуулах шаардлагатай байдаг. Уг зээлийн гэрээнд урьдчилгаа төлсөн баримт болон үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлээгүй, нотариатаар баталгаажуулаагүй байгаагаас үзэхэд уг зээлийн гэрээ нь нэр төдий, хууль ёсны гэрээ гэж үзэхгүй байгаа бөгөөд нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Зээлийн гэрээг Д.А нь шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөхдөө 3 жилийн дараа гаргаж өгч байгаа бөгөөд уг зээлийн гэрээг Д.А нь ахтайгаа байгуулсан байгаа боловч сард төлөх төлбөрийн хэмжээ, хугацааг зааж өгөөгүй байдаг. Д.А нь зээлийн гэрээний дагуу 87,000,000 төгрөгийг төлсөн гэх баримтыг үйлдсэн байдаг бөгөөд уг мөнгийг хэрхэн шилжүүлсэн талаар баримт байдаггүй. Иймд Д.А ын гаргаж буй уг баримтуудаар нэхэмжлэгч нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг нотлохгүй гэж үзэж байна. Орон сууцыг 140,000,000 төгрөгөөр үнэлсэн нэхэмжлэгчийн үнэлгээг хариуцагч зөвшөөрч байгаа.

 

Иймд Д.А , М.Н нарыг хамтын амьдралтай байсныг тогтоолгож, ......:..дүүрэг, 3 дугаар хороо, ...... хороололд байрлах 11 дүгээр байр, .... тоот 2 өрөө орон сууцыг Д.А , М.Н , А.Е нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, уг дундын эд хөрөнгөнөөс өөрт болон хүү А.Е д ногдох хэсгийг гаргуулж, хүү А.Е г эх М.Н ын асрамжинд үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.А хариуцагч М.Н д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан Д.А , М.Н нарыг хамтын амьдралтай байсныг тогтоолгох, ......:..дүүрэг, 3 дугаар хороо, ...... хороололд байрлах 11 дүгээр байр, .... тоот 2 өрөө орон сууцыг Д.А , М.Н , А.Е нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, уг дундын эд хөрөнгөнөөс өөрт болон хүү А.Е д ногдох хэсгийг гаргуулах, хүү А.Е г эх М.Н ын асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар шийдвэрлэлээ.

 

а/ Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:

 

Нэхэмжлэгч Д.А , хариуцагч М.Н нар 2012 он танилцан, гэрлэлт батлуулахгүйгээр хамтран амьдарсан ба 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүү А ын Е г төрүүлсэн, тэд хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2018 оны 08 дугаар сараас тусдаа амьдарч байгаа нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ... хүү А.Е г өөрийн асрамжинд авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед хүү маань надтай амьдарч байсан боловч шүүгчийн захирамжийн дагуу хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд хүүг эх М.Н ын асрамжид байлгахаар шийдвэрлэсний тул хүү А.Е г ээжид нь өгсөн. Хариуцагч М.Н нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүгээ өөрийн асрамжинд авна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хүү А.Е г эх М.Н ын асрамжинд үлдээхээр талууд тохиролцсон гэх тайлбар, хариуцагч, түүний өмгөөлөгчийн ... хүү А.Е г эх М.Н ын асрамжинд үлдээхийг нэхэмжлэгч тал зөвшөөрсөн тул нэмэлт тайлбар байхгүй гэх тайлбаруудаас үзэхэд хүү А.Е н асрамжийн талаар зохигчид харилцан эвлэрсэн буюу Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно. гэж заасантай нийцэж байх тул хүү А.Е г эх М.Н ын асрамжинд үлдээж шийдвэрлэлээ.

 

б/ Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар:

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан хамтын амьдралтай байсныг тогтоолгох, ......:..дүүрэг, 3 дугаар хороо, ...... хороололд байрлах 11 дүгээр байр, .... тоот 2 өрөө орон сууцыг Д.А , М.Н , А.Е нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, уг дундын эд хөрөнгөнөөс өөрт болон хүү А.Е д ногдох хэсгийг гаргуулах, хүү А.Е г эх М.Н ын асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч ... бид 2012 онд танилцсан боловч 2015 оноос хамтын амьдралтай болж, 2018 оноос тусдаа амьдарсан. Тухайн орон сууц бол ах маань намайг гэр бүлтэй болсонд зориулж, надад мөнгө зээлдүүлж би түүгээр нь худалдаж авсан, одоо уг зээлээ ахдаа сар бүр эргүүлэн төлж байгаа, энэ нь банкны дансны хуулга, орон сууц захиалгын гэрээгээр тогтоогдоно. Хүүгээ ээжид нь үлдээж, тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэж маргаж байна. Дээрх тайлбараас үзэхэд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүүхдийн асрамжийг ээжид нь үлдээхээр зохигчид тохиролцсон, хүүхдийн тэтгэлэг төлөхийг нэхэмжлэгч зөвшөөрсөн. Харин дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаантай байна.

 

-Хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлагын талаар:

 

Нэхэмжлэгчийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлд ... Бид анх танилцах үед буюу 2012 онд М.Н нь Э ХХК-д ажиллаж байсан ба миний бие найзынхаа хувийн компанид ажилладаг байсан. Тухайн үед М.Н ыг зан ааш сайтай, цаашид хамт амьдрах боломжтой гэж түүнд их л итгэж найдаж байсан. Н өмнөх амьдралаасаа охинтой байсан ба цаашид амьдралд хариуцлагатай, дахиж алдахгүйгээр амьдарна гэж түүнд давхар итгэл хүлээлгэж, найдаж байсан. Гэвч түүний зан байдал миний бодсон шиг байгаагүй учраас 2013 онд холбоогоо таслахыг хүртэл хүсэж байсан. гэх тайлбар, хариуцагчийн ... бид 2012 онд танилцаж, хамтран амьдарч эхэлсэн гэх тайлбараас үзэхэд зохигчид гэрлэлт батлуулаагүй ч 2012 оноос 2018 оны 08 дугаар сарыг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан нь тогтоогдож байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Б овогтД.А /РД: ...../, М овогт М.Н /РД: ......./ нарыг хамтын амьдралтай байсныг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

-Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах шаардлагын талаар:

 

Нэхэмжлэгч Д.А , хариуцагч М.Н нар 2012 он танилцан, гэрлэлт батлуулахгүйгээр хамтран амьдарсан ба 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүү А ын Е г төрүүлсэн, зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүү А.Е г эх М.Н ын асрамжид үлдээхээр тохиролцсон нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно. гэж заасантай нийцэж байх тул хүү А.Е г эх М.Н ын асрамжинд үлдээж, эцэг Д.А аар хуульд заасан хугацаа, хэмжээгээр сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

-Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс өөрт болон хүү А.Е д ногдох хэсгийг гаргуулах шаардлагын талаар:

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд, ......:..дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Э 11 дүгээр байр, .... тоот хаягт байрлах 64.32 м/к талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.А 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр бүртгүүлж, өмчлөх эрхийн 000433240 тоот гэрчилгээг авсан /2 дугаар хавтаст хэргийн 127 дугаар тал/. Маргаан бүхий дээрх орон сууцыг нэхэмжлэгч Д.А нь 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Х.Г ХХК-тай орон сууцны барилгыг захиалан бариулах Н......... тоот гэрээг байгуулж /1 дүгээр хавтаст хэргийн 190-192 дугаар хуудас/ худалдаж авсан, төлбөр болох 140,000,000 төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Хас банк ХХК дахь Дамнямын А гийн эзэмшдэг 5000009838 тоот данснаас байрны төлбөр, н......... тоот, Д.А аас гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлжээ.

 

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно. гэжээ. Шүүхээс нэхэмжлэгч Д.А , хариуцагч М.Н нарыг 2012 оноос 2018 оны хооронд хамтын амьдралтай байсан гэж дүгнэсэн ба энэ хугацаанд нэхэмжлэгч нь дээрх орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн, мөн шүүх хуралдаанд хариуцагчийн ... би Э ХХК, И.Н ХХК-д ажилладаг байсан, хамтран амьдрах эхэн үед Д.А нь ажил хийдэггүй байсан, бид түрээсийн орлого болон охин Е н тэжээгчээ алдсаны тэтгэмжээр амьдардаг байсан гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй, нэхэмжлэгч Д.А ын шүүх хуралдаанд гаргасан ... намайг гэр бүлтэй болсон тул орон сууц худалдан авахад зориулж надад 140,000,000 төгрөгийг зээлдүүлсэн, түүгээр нь би Х.Г ХХК-тай гэрээ байгуулж ......:..дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Э 11 дүгээр байр, .... тоот хаягт байрлах 64.32 м/к талбай бүхий орон сууцыг худалдаж авсан, ах Д.А д сар бүр зээлээ төлж байгаа, одоо тухайн орон сууцанд М.Н , хүү А.Е , охин Н.Е нар амьдарч байгаа гэх тайлбараас дүгнэхэд зохигчдын хамтран амьдарч эхэлсэн 2012 оноос орон сууцны өмчлөгчөөр Д.А тогтоогдсон 2015 оны 08 дугаар сарыг хүртэлх хугацаанд хариуцагч М.Н нь цалин болон тэтгэвэр, түрээсийн орлоготой байсан, тухайн орлогоо хамтын амьдралдаа зарцуулж байсан, мөн тухайн орон сууцыг гэр бүлтэй болсон дүүдээ орон сууц авахад зориулж олгосон зээлийн хөрөнгөөр худалдан авсан тул тухайн орон сууцыг хамтран өмчлөх эрхтэй, мөн 2015 оны 10 дугаар сарын 25-нд төрсөн хүү А.Е дээрх орон сууцыг хамтран өмчлөх эрхтэй тул сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж, ......:..дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Э 11 дүгээр байр, .... тоот хаягт байрлах 64.32 м/к талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч Д.А , хариуцагч М.Н , хүү А.Е нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нь өөрийн ах Д.А гаас зээлдүүлсэн 140,000,000 төгрөгийг сар бүр эргүүлэн төлж байгаа гэх боловч зээлийг эргүүлэн Д.А д төлж байгаа талаар нотлоогүй болно.

 

-Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлагын талаар:

 

......:..дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Э 11 дүгээр байр, .... тоот хаягт байрлах 64.32 м/к талбай бүхий орон сууцыг шүүхээс нэхэмжлэгч Д.А , хариуцагч М.Н , хүү А.Е нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож шийдвэрлэсэн, зохигчид тухайн орон сууцыг 140,000,000 төгрөгөөр үнэлсэн, үнэлгээний талаар маргаагүй, мөн хүү А.Е г эх М.Н ын асрамжинд үлдээхээр зохигчид харилцан эвлэрсэн тул маргаан бүхий дээрх орон сууцыг хариуцагч М.Н , хүү А.Е нарын өмчлөлд үлдээх нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд нийцэж байх тул хариуцагч М.Н аас /140,000,000 төгрөг : 3 = 46,666,666/ тухайн орон сууцны Д.А т ногдох хэсэг болох 46,666,666 төгрөгийг гаргуулж Д.А т олгож, ......:..дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Э 11 дүгээр байр, .... тоот хаягт байрлах 64.32 м/к талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр М.Н , А.Е нарыг тогтоож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, .... дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү А.Е г эх М.Н ын асрамжинд үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2015 оны 10 дугаар сарын 25ы өдөр төрсөн хүү А.Е д 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Д.А аас гаргуулан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Б овогтД.А /РД: ...../, М овогт М.Н /РД: ......./ нарыг хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

 

4. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заасныг баримтлан ......:..дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Э 11 дүгээр байр, .... тоот хаягт байрлах 64.32 м/к талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч Д.А , хариуцагч М.Н , хүү А.Е нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоосугай.

 

5. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заасныг баримтлан хариуцагч М.Н аас 46,666,666 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.А т олгож, ......:..дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Э 11 дүгээр байр, .... тоот хаягт байрлах 64.32 м/к талбай бүхий орон сууцыг хариуцагч М.Н , хүү А.Е нарын өмчлөлд үлдээсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 624,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 624,950 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгосугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР