Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/01526

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/01526

 

 

Д.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 01ий өдрийн 102/ШШ2021/01704 дугаар шийдвэртэй, Д.Аын нэхэмжлэлтэй М.Нд холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, Д.Ат холбогдох Д.А, Нямдулам нарыг хамтын амьдралтай байсныг тогтоолгох, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороололд байрлах 11 дүгээр байр, 118 тоот 2 өрөө орон сууцыг Д.А, М.Н, А.Есүйхэй нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, уг дундын эд хөрөнгөнөөс өөрт болон хүү А.Есүйхэйд ногдох хэсгийг гаргуулах, хүү А.Есүйхэйг эх М.Нын асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Дугармаа, хариуцагч М.Н, хариуцагчийн өмгөөлөгч Т.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.А би М.Нтай 2012 онд танилцаж, 2015 оноос хамтран амьдарсан бөгөөд бидний дундаас 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүү А.Есүйхэй төрсөн. Хамтран амьдарч эхлэх үед М.Н зан ааш сайтай, цаашид хамт амьдрах боломжтой гэж их итгэсэн. М.Н өмнөх амьдралаасаа охинтой ба цаашид амьдралд хариуцлагатай, дахиж алдахгүйгээр амьдарна гэж түүнд давхар итгэл хүлээлгэж, найдсан. Гэвч түүний зан байдал бодсон шиг байгаагүй учраас 2013 онд М.Наас холбоогоо таслахыг хүсэж байсан. Хамтын амьдралын явцад 2015 онд миний төрсөн ах надад орон сууц худалдан авч өгснөөр бид хамт нэг дороо амьдрах болсон ба тус сууцны хамтран өмчлөгчөөр М.Н өөрийнхөө нэрийг нь бичүүлсэнгүй гэж их бухимдах, зарим үед хэлэх хэлэхгүйгээр хэлж хараадаг болсон. Миний хүү А.Есүйхэй төрөөд удаагүй буюу 2-3 сартай байх үед надад анх удаа гар хүрч, ойр байсан эд зүйлийг над руу чулуудаж, цохиж, намайг хэл амаар их доромжилсон. Мөн түүнчлэн дагавар охиныг харж хандсангүй гэж намайг буруутгадаг. М.Нын зан байдал, намайг үл хүндэтгэх, ээж, ах дүүстэй маань ч харилцаа холбоо тааруу байдаг болсон энэ үед нь би түүнийг хүүгээ бодож аль болох эв зүйгээ олж амьдрахыг хүсэж, харьцдаг байсан. Ээжийндээ амьдарч байхад М.Н нь намайг болон ээжийг маань хүүхэд хулгайлсан гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар бөөн асуудал үүсгэж байсан. Мөн түүнчлэн 2017 оны 07 дугаар сард амралтаараа газар орон үзье гээд 2 хүүхдээ миний ээжид үлдээгээд бид 2 хоёулаа явсан ба аялах үедээ миний ээжийнхээ төрсөн өдөрт зориулж авсан бэлгэнд М.Н дургүйцэж, хэрүүл маргаан үүсгэж уг бэлгийг хэрэглэх боломжгүй болгож байсан. Энэ үедээ хоёулаа салъя, би охиноо, чи хүүгээ аваад тусдаа амьдаръя гэж хэлж байсан. Миний бие хүүгээ бодоод их л хүлээцтэй хандаж ирсэн.

Хүү А.Есүйхэйг эх М.Нын асрамжид өгөхөд татгалзах зүйлгүй. 2018 оны 06 дугаар сард маргаан үүсгэснээс болж Д.А нь хүүгээ аваад ээжийндээ амьдарсан. 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргаж байхад Д.А, М.Н нар нь тусдаа амьдарч байсан. Маргаж буй сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө биш. Гэр бүлийн бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуульд зааснаар бий болдог. Дундаа хэсгээр өмчилдөг хөрөнгө нь хуульд зааснаар хоёр иргэн хоорондоо хөрөнгө нийлүүлж бий болгодог. Тухайн орон сууц нь Д.Аын нэр дээр бүртгэлтэй бөгөөд түүний ах Д.Амарбаясгалангийн Хас банкны харилцах данснаас 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 140 000 000 төгрөгийг гаргуулж Хурд групп ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлсэн. Энэ үл хөдлөх эд хөрөнгийг бий болгоход хамтран амьдрагч М.Нын оруулсан хөрөнгө, хөдөлмөрийн оролцоо огт байхгүй. Нэхэмжлэлийг зохигчид эвлэрсэн үндэслэлээр шийдвэрлэж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт болон шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Бидний дундаас хүү А.Есүйхэй нь 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн. Намайг төрөх болоход 2015 оны 08 дугаар сард Д.Аын талаас бэр гуйн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 11 дүгээр байрны 118 тоот 2 өрөө орон сууцыг гэр бүлийн хамтран амьдрах хэрэгцээнд зориулж авч өгсөн. Гэтэл Д.Атай муудалцах бүрт миний байрнаас зайл гэж нялх хүүхэдтэй намайг охинтой минь хамт хөөдөг байсан. Эмнэлэгт хүүхэд нь хүнд байхад Д.А нь утсаа авахгүй, эмчийн захисан эм, тариаг авчирч өгөхгүй алга болдог байсан. Би хүүгээ авч үлдэхийн тулд бүхий л арга хэмжээг авч байсан ба манай гэрийнхэн тусалж дэмжсэн. Д.А 2015-2016 онд эрхэлсэн ажилгүй, гэртээ байх хугацаанд бид миний охины тэжээгчээ алдсаны тэтгэмжийн 140 000 төгрөг, мөн миний байрыг 300 000 төгрөгөөр түрээслүүлэн бид 4 хэрэгцээндээ хэрэглэдэг байсан. Охиныг хамт байх хугацаанд байнга л хөмсөг зангидаж, ширүүн харьцдаг байсан тул охин маань тэр хүнээс байнга айдаг болсон. Хүү ч мөн адил харцнаас нь их айдаг. Д.А над руу байнга орилж зовоож, хүүхдүүдийн минь хажууд хэлэх хэлэхгүй үгээр дайрахын сацуу гар хүрэх нь хэвийн үзэгдэл болсон. Өдөр ирэх тусам ааш нь эвдэрч, цахим сүлжээгээр хүүхэнтэй танилцаад орой үдэш нь гарч орох нь ихэссэн. Охин ирэх л юм бол гэрт хэрүүл гаргаж ирээд хашигчиж зовоох болсон. Энэ нь даамжирсаар хүүхдүүдийн минь хажууд надад гар хүрч, зодох болсон. Энэ мэтээр бид хоёрын дунд цаашдаа дахин амьдрах ямар ч хүсэл сонирхол, итгэл үнэмшил байхгүй болсон. Д.А хүүгээ анхнаасаа өөрөө хардаг ч үгүй, асран хамгаалдаг ч үгүй байсан. Хамтын амьдралтай байснаа Д.А нь хүлээн зөвшөөрдөг. Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороололд байрлах 11 дүгээр байр, 118 тоот 2 өрөө орон сууц болох дундын өмчөөс М.Н, А.Есүйхэй нарт ногдох хэсгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь уг орон сууц нь гэр бүлийн ирээдүйн амьдралын төлөө, үр хүүхдээ бойжуулж, амьдралаа авч явахын тулд л бий болгосон. Хамтын амьдралтай байх хугацаанд бий болсон эд хөрөнгийг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8-т заасны дагуу шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-т зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлнэ гэж заасан бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг эхээс төрсөн болон гэрлэгсдийн хэн нэгний дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхаж эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно гэж заасан байдаг. Хүү А.Есүйхэй нь орон сууцыг хамтран өмчлөх эрхтэй. Хэрэгт авагдсан зээлийн гэрээг хууль ёсны дагуу байгуулагдсан гэрээ гэж үзэхгүй бөгөөд зээлийн гэрээг Д.А нь шүүхэд нотлох баримтаар 3 жилийн дараа гаргаж өгсөн. Мөн сард төлөх төлбөрийн хэмжээ, хугацааг гэрээнд заагаагүй байна. Д.А нь зээлийн гэрээний дагуу 87 000 000 төгрөгийг төлсөн гэх баримтыг үйлдсэн бөгөөд уг мөнгийг хэрхэн шилжүүлсэн талаар баримт байдаггүй.

Иймд Д.А, М.Н нарыг хамтын амьдралтай байсныг тогтоож, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороололд байрлах 11 дүгээр байр, 118 тоот 2 өрөө орон сууцыг Д.А, М.Н, А.Есүйхэй нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, уг дундын эд хөрөнгөнөөс өөрт болон хүү А.Есүйхэйд ногдох хэсгийг гаргуулж, хүү А.Есүйхэйг эх М.Нын асрамжинд үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү А.Есүйхэйг эх М.Нын асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү А.Есүйхэйд 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Д.Ааас гаргуулан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Буриад овогт Дашнямын Амарбаяр /РД: СФ87012311/, Монгой-нүдэн овогт Маньдарийн Нямдулам /РД: ХЖ84021207/ нарыг хамтын амьдралтай байсныг тогтоож, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заасныг баримтлан Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельсийн гудамж гудамж 11 дүгээр байр, 118 тоот хаягт байрлах 64.32 м/к талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч Д.А, хариуцагч М.Н, хүү А.Есүйхэй нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заасныг баримтлан хариуцагч М.Наас 46 666 666 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ат олгож, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельсийн гудамж гудамж 11 дүгээр байр, 118 тоот хаягт байрлах 64.32 м/к талбай бүхий орон сууцыг хариуцагч М.Н, хүү А.Есүйхэй нарын өмчлөлд үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 624 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 624 950 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарлаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн 4 дэх хэсэгт Д.А, М.Н, хүү А.Есүйхэй нарын хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоосон хэсгийг эс зөвшөөрч байна. Талууд хоорондын таарамжгүй харилцаанаас болоод 2018 оны 8 дугаар сард нэхэмжлэгч нь хүүгээ аваад гэрээсээ явсан бөгөөд хүүгийн асрамжийг албан ёсоор өөр дээрээ авна гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн хүрээнд зөвхөн Д.Аын нэр дээр бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох гэх шаардлага гаргасан байгааг нэхэмжлэгч эс зөвшөөрдөг. Учир нь улсын бүртгэлд 118 тоот 64.32 м.кв орон сууц нь зөвхөн Д.Аын нэр дээр бүртгэгдсэн. Үүнд ямар нэгэн маргаан гараагүй, тухайн хөрөнгийг орон сууц захиалгаар бариулах гэрээг Д.А өөрөө байгуулсан. Энэ гэрээний дагуу өөрийн өмчлөлдөө орон сууцыг авсан. Дээрх үйл баримт нь орон сууц захиалан бариулах гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудаар нотлогдож байна. Гэтэл тус орон сууцыг хамтран өмчлөх эд хөрөнгө гэдгийг тогтоохдоо анхан шатны шүүх хамтын амьдралтай байсан байна, гэр бүл болоход зориулагдсан хөрөнгө гэж тогтоосон үндэслэлийг эс зөвшөөрч байна. Хамтын амьдралтай байсан гэдгийг эрэгтэй, эмэгтэй 2 хүн гэрлэлтээ бүртгүүлэхгүйгээр нэг орон сууцанд амьдарсан хугацаа нь 2015 оны 7 дугаар сар байдаг. Гэтэл анхан шатны шүүх энэ хугацааг 2012 он гэж шийдвэрийн үндэслэх хэсэгтээ тусгасан. Харин шүүхийн шийдвэрийн 3 дахь хэсэгт хугацаа заалгүйгээр энэ асуудлыг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тухайн хөрөнгийг хэн, хэрхэн худалдаж авсан гэх баримтууд хэрэгт авагдсан. Үүнд Хас банкны 140 000 000 төгрөг шилжүүлж төлсөн баримт байгаа. Гэтэл тухайн хөрөнгийг бий болоход М.Н цалин орлоготой байсан байна гэх байдлаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Энэ асуудалд хамтын амьдралтай байсан бол тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсгийг үндэслэсэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх энэхүү 2 төрлийн хөрөнгийг ялгаж салгахгүйгээр хамт амьдарч байсан, цалин орлоготой байсан гэх үндэслэлээр хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж тогтоосон байгаа нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Мөн Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсгийг удирдлага болгож шийдвэрлэсэн. Үүнд хэрхэн, яаж хуваах асуудлыг тодорхой заагаагүй. Ийм байдлаар буюу Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсгийг үндэслэсэн бол нөгөө 2 төрлийн хөрөнгийн аль нь вэ гэдгийг тодорхойлоогүй шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дүгээр заалтад хууль зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болох нь илт байна. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэж байгаа тохиолдолд үндэслэлээ тодорхойлохдоо хамтын амьдралтай байсан бол хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж эцсийн үр дагаврыг тодорхойлж байгаа явдал нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж, буруу хэрэглэсэн гэдэг нь тодорхой байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дугаар заалтыг эс зөвшөөрч байна. Хуваадаг хөрөнгийг зөвхөн хамт амьдарч байсан гэх үндэслэлээр адил тэнцүү хэмжээгээр хуваасан нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасан үр дагавар яаж гарах вэ гэх холбогдох зүйл заалтыг хэрэглэхгүйгээр шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийн 4 дэх заалт, тогтоох хэсгийн 5 дугаар заалтыг тус тус хүчингүй болгож бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч М.Нд холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Д.А, М.Н нарыг хамтын амьдралтай байсныг тогтоолгох, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороололд байрлах 11 дүгээр байр, 118 тоот 2 өрөө орон сууцыг Д.А, М.Н, А.Есүйхэй нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, уг дундын эд хөрөнгөнөөс өөрт болон хүү А.Есүйхэйд ногдох хэсгийг гаргуулах, хүү А.Есүйхэйг эх М.Нын асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Талууд 2015 оноос хамтран амьдарч, 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүү А.Есүйхэй төрсөн, талууд гэрлэлтээ бүртгүүлээгүй, А.Есүйхэйгийн эцэг Д.А мөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. /хх8/

Мөн хоорондын таарамжгүй байдлын улмаас талууд 2018 оны 6 дугаар сараас тусдаа амьдарсан талаар тайлбарлажээ. /1-р хх1-3, 17/

Хүү А.Есүйхэйг эх М.Нын асрамжид өгсөн, хүүхдийн тэтгэлэг тогтоосон шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй.

Харин Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 11 дүгээр байрны 118 тоот 2 өрөө орон сууц нь дундын өмч мөн эсэх, ногдох хэсгийг А.Есүйхэй, М.Н нарт гаргуулах эсэх, зохигч хамтын амьдралтай байсныг тогтоосон нь үндэслэлтэй эсэхэд маргаж байна.

 

Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд зааснаар онцгой ажиллагааны журмаар тогтоох юм. Эрх зүйн ач холбогдолтой үйл явдал нь маргаангүй буюу эсрэг сонирхол бүхий маргалдагч тал байдаггүй. Мөн хүсэлт гаргагч нь эрх зүйн ач холбогдолтой үйл явдлыг тогтоолгосноор бусдаас шаардах эрхийг өөртөө бий болгодог. Хариуцагч М.Н нь Д.Атай хамтын амьдралтай байсныг тогтоолгох зорилго нь 118 тоот 2 өрөө орон сууцыг дундын өмч мөн гэж үзэх үндэслэлүүдийн нэг болох талаар тайлбарлажээ. /хх127-128/

 

Хэргийн баримт зохигчийн тайлбараас үзэхэд Д.Атай хамтын амьдралтай байсныг тогтоолгох нь тусдаа бие даасан нэхэмжлэлийн шаардлага гэхээсээ илүүтэй сөрөг нэхэмжлэлийн үндэслэл байна. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг бие даасан нэхэмжлэлийн шаардлага гэж дүгнэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр буруу тул шийдвэрийн энэ хэсэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх юм. Хариуцагч нь 118 тоот 2 өрөө орон сууцыг дундын өмчөөр тогтоолгох үндэслэлээ хамтын амьдралтай байсан, тухайн хөрөнгө хамтын амьдралаа эхлүүлэх гэр бүл болоход зориулж авсан, хамтын амьдралд цалин хөлсөө зориулсан зэрэгтэй холбон тайлбарлажээ. /1-р хх127-128/

 

Маргааны зүйл болох 118 тоот 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ Д.Аын нэр дээр 2015 оны 8 дугаар сарын 19-нд гарсан, сууцанд төлсөн 140 000 000 төгрөг нь өөрийнх нь ахын мөнгөн хөрөнгө гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй. /2-р хх127/

 

Дундаа өмчлөх эрх нь хэлцлийн үндсэн дээр үүсэж болох бөгөөд М.Н нь уг сууцыг худалдаж авсан, эсхүл А.Есүйхэй, М.Н нарын өмчлөлд сууцыг шилжүүлэх талаар ямар нэгэн хэлцэл хийгдсэн гэх баримтгүй байна. Мөн Иргэний хуулийн 125, 126 болон хуульд заасан бусад үндэслэлээр дээрх сууцыг өмчлөх эрх хариуцагчид үүссэн гэх үндэслэл, нотлох баримт байхгүй байх тул сөрөг нэхэмжлэлээс 118 тоот 2 өрөө орон сууцыг Д.А, М.Н, А.Есүйхэй нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, уг дундын эд хөрөнгөнөөс өөрт болон хүү А.Есүйхэйд ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдхүүн үзлээ.

 

Түүнчлэн, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн хэмжээ, шаардлага, үндэслэл зэргээ эргэлзээгүй баримтаар нотлох үүрэгтэй. Анхан шатны шүүхийн ... зохигчдын хамтран амьдарч эхэлсэн 2012 оноос орон сууцны өмчлөгчөөр Д.А тогтоогдсон 2015 оны 8 дугаар сарыг хүртэлх хугацаанд хариуцагч М.Н нь цалин болон тэтгэвэр, түрээсийн орлоготой байсан, тухайн орлогоо хамтын амьдралдаа зарцуулж байсан, мөн тухайн орон сууцыг гэр бүлтэй болсон дүүдээ орон сууц авахад зориулж олгосон зээлийн хөрөнгөөр худалдан авсан тул тухайн орон сууцыг хамтран өмчлөх эрхтэй гэх дүгнэлт үндэслэлгүй. Учир нь талуудын хэн аль нь тодорхой хэмжээний ажил хийж цалин орлоготой байж хамтын хэрэгцээнд зарцуулсан талаар тайлбарласан, мөн талуудын цалингаар дээрх хөрөнгийг худалдан авсан гэх үндэслэл тогтоогдоогүй.

 

Сөрөг нэхэмжлэлд 118 тоот 2 өрөө орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулахаар шаардсан байхад хариуцагчийн өмчлөлд үлдээж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй буруу байхаас гадна шийдвэрийн удиртгал хэсэгт хүүхдүүдийн асрамж тогтоолгох гэх зэргээр техник алдаатай тодорхойлжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 01ий өдрийн 102/ШШ2021/01704 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дах заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтыг 3 гэж дугаарлан М.Н, Д.А нарыг Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельсийн гудамж гудамж 11 дүгээр байр, 118 тоот хаягт байрлах 64.32 м/к талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч Д.А, хариуцагч М.Н, хүү А.Есүйхэй нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, өөрт болон хүү А.Есүйхээд ногдох хэсгийг гаргуулах тухай М.Нын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, 5 гэснийг 4 гэж, 6 гэснийг 5 гэж, 7 гэснийг 6 гэж, 8 гэснийг 7 гэж, 9 гэснийг 8 гэж дугаарлан, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 624 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД