Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 102/шш2021/02163

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2021/02163

Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б........................... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С........................... дүүрэг .. дүгээр хороо .. дугаар хороолол М........................... ХК

Хариуцагч: Б........................... дүүрэг .. дугаар хороо . дугаар ...........................  дугаар байр  тоотод оршин суух, .... онд төрсөн .. настай, У овогт Б-ын Б

1.460.880 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М........................... ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Эд хөрөнгийн даатгалын гэрээний даатгуулагч Ш.С ийн Б........................... дүүрэг 12 дугаар хороо 6 дугаар ........................... 20 дугаар байр 111 тоот байранд 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дээд давхрын 115 тоот айлын тоолуурын чөмөг хугарч ус алдсаны улмаас даатгуулагчид нийт 1.719.200 төгрөгийн хохирол учирсан байсан. Манай байгууллага хийгдсэн үнэлгээний дагуу болон даатгалын гэрээний өөрийн хариуцах хэсэг 10 хувийг хасаад 1.460.880 төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон. Ослын улмаас даатгуулагчийн эд хөрөнгөд учирсан 1.460.880 төгрөгийн хохирлыг М........................... ХК барагдуулж Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-т заасан даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй байхаар заасан. Иймд хариуцагч Б.Б ээс 1.460.880 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Б нь 2021 оны 05 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 03.45 цагт 00 өрөөний хүйтэн усны тоолуурын залгааснаас ус алдаж доод давхрын айлд хохирол учруулсан нь үнэн. Энэ нь миний буруутай үйлдлээс болоогүй гэж үзсэн тул дараах тайлбарыг хүргүүлж байна. Ус алдсан тухайн цаг үе нь шөнө дунд учир хөндлөнгийн нөлөө байхгүй. Усны тоолуур нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны стандарт хэмжил зүйгээс баталгаажиж ирсэн. 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр орон сууцны контороос сантехникийн мэргэжилтэн угсарч суурилуулсан. Тухайн үед 6 жилийн баталгаатай учир лац ломбо тэмдэг хөдөлгөж болохгүй, хөдөлгөсөн тохиолдолд торгууль ноогдуулах болно гэж анхааруулсан. Тоолуурыг суурилуулснаас хойш 2 жил 10 сар 26 хоног дээрээ резба тасарч ус алдсан. Манайх болон доод айлууд нь тус тусдаа даатгалын байгууллагад сар бүр даатгалын төлбөр төлдөг. Манайх Улаанбаатар хотын даатгалд хамрагддаг. Доод айл М........................... ХК-нд хамрагддаг. Улаанбаатар хотын даатгалаас нөхөн төлбөр болох 312.000 төгрөг манайд төлж хохиролгүй болгосон. М........................... компаниас нөхөн төлбөр болох 1.460.880 төгрөгийг доод айлд төлж хохиролгүй болгосон. Иймд 2 айл адилхан даатгалтай нөхцөлд тус айлын даатгалын төлбөрийг надаас нэхэмжлэх нь шударга бус гэж үзэж байна. Миний бие цахилгаан угсралтын чиглэлээр 20 гаруй жил ажиллаж байгаагийн хувьд аж ахуйн нэгж, айл өрхөд тоолуур суурилуулах явцад чанаргүй бүтээгдэхүүнээр холболт хийхэд боолт чангалгаа муу бол түүнээс гал болон бусад эрсдэл гарах эх үүсвэр болдог. Усны тоолуур мөн адил гэж үзэж байна. Тоолуураас дотогш тоноглолуудыг айл өрх өөрсдөө хариуцдаг. Тоолуураас өмнөх тоноглол нь нийтийн эзэмшлийн гэж үздэг гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М........................... ХК нь хариуцагч Б.Б д холбогдох 1.460.880 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Б.Б д энэ өдрийн шүүх хуралдааны товийг шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

М........................... ХК, Ш.С э нарын хооронд гэрээт баталгааны №13150002850 дугаартай Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ байгуулагдаж даатгуулагч нь Б........................... дүүрэг 12 дугаар хороо 6 дугаар ........................... 20 дугаар байр 111 тоот 2 өрөө орон сууцыг даатгуулсан, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дээд давхрын айл 115 тоотод оршин суух Б.Б ийн ванны өрөөний хүйтэн усны ф15 тоолуурын чөмөг хугарснаас ус алдаж даатгуулагч Ш.С ийн гэрийн том, жижиг өрөө, гал тогооны өрөө, коридорын өрөөний хана, таазны шохой эмульс обой болон тус өрөөнүүдийн паркетан шал норж, шарлаж хуурч, хөөж зай завсар гарч эд хөрөнгөнд нь хохирол учирсан, учирсан хохирол 1.460.880 төгрөгийг нэхэмжлэгч тал төлсөн болох нь Даатгалын гэрээ, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр М........................... ХК-иас даатгуулагч Ш.С эд 1.460.880 төгрөг шилжүүлсэн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, Эд хөрөнгийн даатгалын тохиолдлын тодорхойлолт, Хас үнэлгээ ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний тайлан гэсэн баримтуудаар тогтоогдсон байна. /хх-5-12/

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.6-д даатгагч даатгуулагчид даатгалын нөхөн төлбөр олгосны дараа буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгуулагчид олгосон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж заасан тул нэхэмжлэгч М........................... ХК нь даатгуулагчид төлсөн 1.460.880 төгрөгийг хариуцагч Б.Б ээс шаардах эрхтэй.

Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа манайх болон доод айл тус тусдаа даатгалын байгууллагаас нөхөн төлбөр авч хохиролгүй болсон тул айлын даатгалын төлбөрийг надаас нэхэмжлэх нь шударга бус гэсэн тайлбарыг ирүүлсэн боловч энэ нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжихээр заасан ба Даатгалын тухай хууль, Иргэний хуульд зааснаар даатгалын нөхөн төлбөр шаардах эрх нэхэмжлэгчид шилжсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд хариуцагч Б.Б ээс 1.460.880 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М........................... ХК-нд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнгийн хэмжээгээр төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар хариуцагч Б.Б ээс 1.460.880 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М........................... ХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56,1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.324 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Б ээс 38.324 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М........................... ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА