Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01566

 

 

 

 

 

 

 

 

 

М- ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2021/02163 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М- ХК-ийн хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан даатгалын гэрээний нөхөн төлбөрт 1 460 880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эд хөрөнгийн даатгалын гэрээний даатгуулагч Ш.С-ийн Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 20 дугаар байр, 111 тоот байранд 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр дээд давхрын 115 тоот айлын тоолуурын чөмөг хугарч, ус алдсаны улмаас даатгуулагчид нийт 1 719 200 төгрөгийн хохирол учирсан. Манай байгууллага үнэлгээний дагуу, гэрээнд заасан 10 хувийг хасаж 1 460 880 төгрөгийн нөхөн төлбөрийг даатгуулагчид олгосон. Иймд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дах хэсэгт зааснаар даатгалын нөхөн төлбөрийг буруутай этгээдээс нэхэмжлэх эрх үүссэн тул хариуцагч Б.Б-ээс 1 460 880 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө манай 00 өрөөний хүйтэн усны тоолуурын залгааснаас ус алдаж доод давхрын айлд хохирол учруулсан нь үнэн. Энэ нь миний буруутай үйлдлээс болоогүй. Ус алдсан тухайн цаг үе нь шөнө дунд учир хөндлөнгийн нөлөө байхгүй. Усны тоолуур нь 2016 оны 6 дугаар сарын 27-ны Стандарт хэмжил зүйгээс баталгаажиж ирсэн бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр орон сууцны контороос сантехникийн мэргэжилтэн угсарч суурилуулсан. Тухайн үед 6 жилийн баталгаатай учир лац ломбо тэмдгийг хөдөлгөж болохгүй, хөдөлгөсөн тохиолдолд торгууль ногдуулах болно гэж анхааруулсан. Тоолуурыг суурилуулснаас хойш 2 жил 10 сар 26 хоногийн дараа резба тасарч ус алдсан. Манайх болон доод айлууд нь тус тусдаа даатгалын байгууллагад сар бүр даатгалын төлбөр төлдөг. Манайх Улаанбаатар хотын даатгалд хамрагддаг. Доод давхрын айл М- ХК-нд хамрагддаг. Улаанбаатар хотын даатгалаас нөхөн төлбөр болох 312 000 төгрөг манайд төлж хохиролгүй болгосон. М- ХК-иас нөхөн төлбөр болох 1 460 880 төгрөгийг доод давхрын айлд төлж хохиролгүй болгосон. Иймд 2 айл адилхан даатгалтай нөхцөлд тус айлын даатгалын төлбөрийг надаас нэхэмжлэх нь шударга бус гэж үзэж байна. Миний бие цахилгаан угсралтын чиглэлээр 20 гаруй жил ажиллаж байгаагийн хувьд аж ахуйн нэгж, айл өрхөд тоолуур суурилуулах явцад чанаргүй бүтээгдэхүүнээр холболт хийхэд боолт чангалгаа муу бол түүнээс гал болон бусад эрсдэл гарах эх үүсвэр болдог. Усны тоолуур мөн адил гэж үзэж байна. Тоолуураас дотогш тоноглолуудыг айл өрх өөрсдөө хариуцдаг. Тоолуураас өмнөх тоноглол нь нийтийн эзэмшлийн гэж үздэг гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар хариуцагч Б.Б-ээс 1 460 880 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М- ХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 324 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ээс 38 324 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М- ХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг дутуу үнэлсэн бөгөөд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй гэж үзэж дараах гомдол гаргаж байна. 2021 оны 5 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө 00-ын өрөөний хүйтэн усны тоолуурын залгааснаас ус алдсаныг хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ нь хэний буруутай үйлдлээс болсон гэдгийг орон сууцны контороос тогтоогоогүй. Тоолуурын лац ломбыг хөдөлгөсөн эсэх хэн түүнийг хариуцах талаар ямар нэгэн дүгнэлт гараагүй байхад намайг буруутай гэж үзсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хэдийгээр ус алдсан боловч хэний буруутай үйлдлээс болж бусдад хохирол учирсан гэдгийг нарийвчлан тогтоолгүйгээр хохирлыг нөхөн төлүүлэх нь шударга бус байна. Мөн тус тоолуур нь хэдийгээр айлын гэрт байдаг боловч аль хэсэг нь айл өрхөд хамааралтай, аль хэсэг нь конторт хамааралтай болохыг нягтлан шалгаж тогтоолгүйгээр хийсвэр дүгнэлт гарган шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд дээрх нөхцөл байдлыг хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч М- ХК нь хариуцагч Б.Б-д холбогдуулан даатгалын гэрээний нөхөн төлбөрт 1 460 880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр даатгуулагч Ш.С-ийн орон сууцанд дээд давхрын айл болох хариуцагч Б.Б-ийн орон сууцнаас ус алдаж эд хөрөнгөд нь хохирол учруулсан, манай компани даатгуулагчид учирсан хохирлыг нөхөн төлсөн тул буруутай этгээд болох хариуцагч Б.Б-ээс 1 460 880 төгрөг гаргуулна гэсэн бол хариуцагч эс зөвшөөрч ус алдсан нь миний буруутай үйлдлээс болоогүй, Стандарт хэмжил зүйн газраас 2016 онд усны тоолуурыг 6 жилийн хугацаатай баталгаажуулсан, баталгаат хугацаанд лац, ломбыг хөдөлгөж болохгүй гэсэн гэх үндэслэл заан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан байна.

 

Даатгуулагч Ш.С-э нь нэхэмжлэгч М- ХК-тай 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ байгуулж, уг гэрээгээр даатгуулагч Ш.С-э нь Баянгол дүүрэг, 12-р хороо, 6-р бичил хороолол, 20-р байр, 111 тоот, 2 өрөө орон сууцыг даатгуулж хураамж төлөх, даатгагч М- ХК нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирлыг даатгуулагчид нөхөн төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь талуудын тайлбар, ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ зэргээр тогтоогджээ. /хх-ийн 6-р тал/

 

2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүрэг, 12-р хороо, 6-р бичил хороолол, 20-р байр, 115 тоот орон сууцны оршин суугч буюу хариуцагч Б.Б-ийн ариун цэврийн өрөөний хүйтэн усны тоолуурын чөмөг хугарснаас ус алдаж, даатгуулагч Ш.С-ийн орон сууцны том, жижиг өрөө, гал тогоо, коридорын хана, тааз, ханын цаас болон паркетан шал норж 1 719 200 төгрөгийн хохирол учруулсан болох нь Хас үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлан, М- ХК-ийн эд хөрөнгийн даатгалын тохиолдлын тодорхойлолт зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 13-20-р тал/

 

Дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор даатгалын тохиолдол бий болж, нэхэмжлэгч М- ХК нь даатгуулагч Ш.Сүх-Очирын эд хөрөнгөд учирсан хохиролд өөрийн хариуцах 10 хувийг хасаж, 1 460 880 төгрөгийг төлжээ. /хх-ийн 10-р тал/

 

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дах хэсэгт Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ ... гэж, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дах хэсэгт Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж, Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.6-д даатгагч даатгуулагчид даатгалын нөхөн төлбөр олгосны дараа буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгуулагчид олгосон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж тус тус заасан байна. /хх-ийн 6-р тал/

 

Иймд дээрх хууль болон гэрээнд зааснаар гэм хорын хохирлыг буруутай этгээдээс нөхөн төлөхийг шаардах эрх нэхэмжлэгч М- ХК-д шилжсэн байх бөгөөд хариуцагч Б.Б-ээс 1 460 880 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М- ХК-д олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо хэний буруутай үйлдлээс болж ус алдсаныг тогтоогоогүй, мөн тоолуурын аль хэсэг нь контор болон айл өрхөд хамаарч байгаад дүгнэлт хийгээгүй гэх боловч хариуцагч нь дээрх нөхцөл байдалтай холбоотой хүсэлт болон холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, мөн өөрийн орон сууцнаас ус алдаж, даатгуулагч Ш.С-ийн эд хөрөнгөд хохирол учруулсан үйл баримтыг зөвшөөрсөн агуулгаар тайлбар гаргаж анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.

 

Нөгөө талаар, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б- нь өөрийн өмчлөлийн зүйлээ ашиглахдаа бусдад хохирол учруулахгүй байх буюу өөрийн өмчлөлийн зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй тул дээрх давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2021/02163 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 324 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Г.ДАВААДОРЖ