Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 102/шш2021/02204

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2021/02204

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б........................... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С........................... дүүрэг .. дугаар хороо К........................... ХХК

Хариуцагч: Б........................... дүүрэг ... дүгээр хороо . дүгээр хороолол ... дугаар байр ... тоотод оршин суух, .... онд төрсөн ... настай, Т овогт Д-ын А .

Б........................... дүүрэг ... дүгээр хороо .. дугаар байр ... тоот хаягт байршилтай 40 мкв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Г , Г.Э , хариуцагчийн төлөөлөгч Т.У , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч К........................... ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Б.А , А.Б нар нь тус банктай 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 3004-2015/29 тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулан 77.000.000 төгрөгийг орон сууцны зээлийн зориулалтаар жилийн 24 хувийн хүүтэй 180 сарын хугацаатай зээлдэж авсан. Зээлдэгч Б.А нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 3004-2015/29 тоот Орон сууцны зээлийн барьцааны гэрээгээр өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205001883 дугаарт бүртгэгдсэн Б........................... дүүрэг 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол 57 дугаар байр 109 тоот хаягт байршилтай 40 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Нэхэмжлэгч нь барьцааны эрхийг хуульд зааснаар улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Баянзүрх, С..........................., Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн захирамжаар Орон сууцны зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүрэгт хариуцагч Б.А гаас нийт 84.582.222 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад иргэн Б.А гийн дээрх орон сууцны өмчлөх эрх, нэхэмжлэгчийн барьцааны эрхийг тус тус хүчингүй болгуулахаар хариуцагч Д.А шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Д.А гийн нэхэмжлэлийг Улсын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолоор иргэн Б.А болон Д.А нарын хооронд байгуулсан 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгийн өмчлөгчөөр хариуцагч Д.А г тогтоож, К........................... ХХК-ний иргэн Б.А тай байгуулсан 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 3004-2015/29 тоот Орон сууцны зээлийн барьцааны гэрээг дуусгавар болгох үндэслэлгүй буюу хүчин төгөлдөр гэж тус тус эцэслэн шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар шийдвэрт гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд Б.А зээлээс нэг ч төгрөг банкинд төлөөгүй. Иймд Баянзүрх, С..........................., Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн захирамж, Улсын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолыг үндэслэн хариуцагч Д.А гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205001883 дугаарт бүртгэгдсэн Б........................... дүүрэг 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол 57 дугаар байр 109 тоот хаягт байршилтай 40 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэл гаргах явцад хариуцагч Д.А тухайн орон сууцны өмчлөгч биш байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий байр Д.А гийн өмчлөлд шилжсэн. Иргэний хуулийн 174, 175 дугаар зүйлд зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан борлуулахаар зохицуулсан. Нэхэмжлэгчээс маргаан бүхий орон сууцыг худалдан борлуулах тухай ямар нэгэн шаардлага, мэдэгдлийг гаргаж байгаагүй. Хариуцагч Д.А К........................... ХХК-тай Иргэний хуульд заасан гэрээний болон гэрээний бус хууль эрх зүйн харилцааг үүсгэж байсан тохиолдол байхгүй. Барьцааны гэрээний үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нь К..........................., Б.А , Н.Б нар. К........................... ХХК нь Орон сууцны зээлийн гэрээний эрх зүйн маргаанаа шийдвэрлүүлсэн. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг Б.А гаас гаргуулахаар шаардаж Б.А д холбогдох зээлийн гэрээний үүрэг шүүхээр шийдэгдсэн. Барьцааны гэрээний шаардлагыг зээлийн гэрээний шаардлагаас салгаж бие даан хэрэгжүүлэх боломжгүй, салбар гэрээний төрөл болдог.Тодруулбал барьцааны гэрээ үндсэн эрхээсээ тусдаа үүсч оршин тогтнох боломжгүй, салгаж үл болох эрх. Д.А гийн өмчлөлийн орон сууцаар К..........................., Б.А , Н.Б нарын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч К........................... ХХК нь хариуцагч Д.А д холбогдох Б........................... дүүрэг 19 дүгээр хороо 57 дугаар байр 109 тоот хаягт байршилтай 40 мкв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч К........................... ХХК нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

К..........................., Б.А , А.Б нар 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж Б........................... дүүрэг 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол 57 дугаар байрны 109 тоот 3 өрөө орон сууцыг барьцаалж, 77.000.000 төгрөгийг зээлж авсан, Баянзүрх, С..........................., Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дугаар 101/ШШ2016/04040 шүүгчийн захирамжаар К........................... ХХК-ийн нэхэмжилсэн 84.582.222 төгрөгийг хариуцагч Б.А төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн дугаар 001/ХТ2018/01302 тогтоолоор Д.А , Б.А нарын хооронд 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан Б........................... дүүрэг 19 дүгээр хороо 57 дугаар байр 109 тоот орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, мөн зүйлийн 56.5-д зааснаар орон сууцны өмчлөх эрхийг Д.А гийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн байна. Тус шүүхийн шийдвэр, тогтоолыг албадан гүйцэтгүүлэх гүйцэтгэх хуудас 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр бичигдэж, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Б........................... дүүрэг 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол 57 дугаар байр 109 тоот 40 мкв талбайтай 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Д.А улсын бүртгэлд бүртгэгдэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна. Эдгээр үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримт, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож, талууд маргаагүй байна.

Нэхэмжлэгч К........................... ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зээлдэгч Б.А тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Д.А г хариуцагчаар татаж, өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан боловч Д.А нь зээл болон барьцааны гэрээний зээлдэгч буюу гэрээний нэг тал биш, К...........................тай гэрээний харилцаанд ороогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч Д.А д холбогдох Б........................... дүүрэг 19 дүгээр хороо 57 дугаар байр 109 тоот хаягт байршилтай 40 мкв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч К........................... ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Д.А д холбогдох Б........................... дүүрэг 19 дүгээр хороо 57 дугаар байр 109 тоот хаягт байршилтай 40 мкв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч К........................... ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА