Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 102/шш2021/02347

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2021/02347

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б гол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б........................... дүүрэг  дугаар хороо  хэсэг Б...........................  тоотод оршин суух, ....онд төрсөн ... настай, Д овогт Ц-ын Ж

Хариуцагч: Б....... дүүрэг ... дугаар хороо .. дүгээр хороолол ... дүгээр байр ... тоотод оршин суух, .... онд төрсөн .. настай, М овогт Ц-ийн У

71.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Ж , өмгөөлөгч А.Э , хариуцагч Ц.У , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.Ж миний бие Ц.У тай 2013 оноос эхлэн зээлийн гэрээ байгуулан мөнгө зээлдүүлж ирсэн. Бид хамгийн сүүлд тооцоо нийлж 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, үлдэгдэл зээл 30.000.000 төгрөг, өмнөх зээлийн хүү 11.000.000 төгрөг нийт 41.000.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэйг баталгаажуулсан. Ц.У уг төлбөрөө төлөөгүй тул 2015 оны 05 дугаар сард Б гол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргаж түүнд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар хэрэг үүсгэн шалгасан. Энэ ажиллагааны явцад авагдсан гэрчийн болон Ц.У гийн өөрийнх нь мэдүүлгээр надад 41.000.000 төгрөгийн өр төлбөртэй болохоо хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаа илэрхийлсэн. Ингээд гэрээний эрх зүйн маргаан гэж үзэж 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүнээс хойш Ц.У гаас мөнгөө нэхэж, хэрхэн төлөх талаар уулзахад тэрээр С ХХК-тай хамтран Гацуурт гарден хэмээх 80 айлын хаус барих төсөл хэрэгжүүлж байгаа, нэг хаус нь 80-90.000.000 төгрөгний үнэтэй борлуулагдана гээд төслийн танилцуулга, компаний тусгай зөвшөөрөл, газар эзэмших эрхийн гэрчилгээ зэргийг үзүүлж өөрийн төлөх өр төлбөртөө энэ төслөөс хаус худалдан авбал зээлээ төлөх боломжтой гэсэн санал тавьсан тул зөвшөөрч Ц.У гийн хамтран төсөл хэрэгжүүлж буй С ХХК-тай Орон сууц захилан бариулах гэрээг 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулж Гацуурт тосгоны төвөөс 6 км зайд орших Арцатын аманд байршилтай шинээр ашиглалтад орсон сингел хаусны 29 тоот орон сууцыг, гражийн хамт 120 мкв байрыг 90.000.000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон. Авах ёстой зээлийн 41.000.000 төгрөгийг байр худалдаж авах үнэд тооцож хаусыг 90.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч энэ үнээс 41.000.000 төгрөгийг хасаж, 30.000.000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр бэлнээр өгч түлхүүр гардаж авахдаа 9.000.000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Гэтэл нөгөө хаус нь 2016, 2017 ондоо ч ашиглалтад ороогүй. Би Ц.У , С ХХК-наас байшин юу болов оо гэж асуухаар жаахан асуудал гараад хойшлоод байна гэсэн хариу өгч байсан. Тэгж явсаар 2019 он гарсан тул С ХХК-ийг шүүхэд өгтөл тэд Ц.У өгөх ёстой газраа шилжүүлж өгөөгүйгээс чиний авах ёстой байшин баригдах боломжгүй нөхцөл үүссэн, Ц.У тайгаа мөнгөнийхөө учраа олоорой гэсэн хариу өгсөн. Миний хувьд эхнэр хүүхдүүддээ хаусанд орно захиалчихсан гэж хэлчихсэн байсан тул С ХХК-ийн дутуу баригдсан карказтай байшинг цааш нь өөрөө үргэлжлүүлэн барихаар 70.000.000 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулж тусдаа төлбөрөө төлсөн. Гэтэл Ц.У уг байрыг өөрийнхөө өрөнд өгөх ёстой байсан байшинг өгсөн гэж ойлгоод байгаа юм уу одоо зөвшөөрөхгүй, мөнгө төлөгдсөн гэсэн тайлбар гаргаад байна. Ц.У бид хоёрын тохиролцсон хаусны тоот өөр газар 29 тоот, С ХХК-наас гэрээгээр худалдаж аваад байгаа хаус нь С ХХК-наас Ц.У д 4 газрын мөнгө төлөгдсөн 5 тоот 120 мкв тайлбайтай хаус юм. Иймд хариуцагч Ц.У гаас 71.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.У шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.Ж оос 2012, 2013 оноос эхлэн зээл авч, зээлээ төлж ирсэн. Өмнө авч байсан зээлээс 30.000.000 төгрөг үлдэж, өмнөх зээлийн хүү 11.000.000 төгрөг дээр нэмж 41.000.000 төгрөгийн төлөлт үлдсэнг тооцож 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 2 сарын хугацаатай зээлийн гэрээ нөхөж байгуулсан. Түүнээс энэ өдөр энэ мөнгийг шилжүүлж авсан юм бишээ. Зээлийг У ХХК болон өөрийн нэрээр гэрээ байгуулж авдаг байсан. У ХХК дампуурч татан буугдсан бөгөөд Ц.Ж ийн энэ зээл У ХХК-тай холбоотой. Манай У ХХК нь С ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж Б........................... дүүргийн 20 дугаар хорооны Арцатын амд байрлах 8.2 га талбай дээр хаус барихаар тохиролцож гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр У ХХК-ийн 16 айлын гэрчилгээтэй эзэмшлийн 400.000.000 төгрөгөөр үнэлэгдэх газарт С ХХК өөрийн хөрөнгөөр барилга барих ажилд хамтарсан бөгөөд газрын өртөгт 8 хаус авахаар тохирсон боловч сүүлдээ 4 хаус гэсэн. Тухайн үед хаусыг дугаарлаагүй, тоо зоогоогүй байсан. Манайх 4 газрын гэрчилгээ шилжүүлсэн байсан. Түүн дээр баригдсан хаусны нэгийг Ц.Ж ид төлөх мөнгөндөө тооцож өгөхөөр тохирсон. Би газрын үнэдээ тооцон С ХХК-наас 1 хаусыг 100.000.000 төгрөгт тооцон авахаар болсон. Ц.Ж ид болохоор өмнөх тооцоонд нэмж 140.000.000 төгрөгөөр тооцож өгөхөөр тохирсон. Үүгээр 41.000.000 төгрөг хаагдаж хаусны үнэд нэмж 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 30.000.000 төгрөг бэлнээр авсан. Одоо Ц.Ж ийн хувьд байшиндаа орсон. С ХХК-ийн захирал Д.Н Ц.Ж ид хаус хүлээлгэж өгснөө надад хэлсэн. Манай газар дээр барилга баригдах ажил удааширсан нь Д.Н хөрөнгө оруулалт, мөнгө байхгүй гээд удсан асуудлаас болж бид хоёр газрын маргаантай байгаа. Миний хувьд Ц.Ж ийг хохироосон асуудал байхгүй. Бид хоёрын дундын тооцоо дууссан. Харин ч Д.Н аас хямдруулж 60.000.000 төгрөгөөр хаус авсан тул хохиролгүй болсон гэж бодож байна. Д.Н бид хоёрын тооцоо тусдаа асуудал. Ц.Ж бид хоёрын хооронд ямар нэгэн тооцоо байхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ж нь хариуцагч Ц.У д холбогдох 71.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Зохигчийн хооронд 2012 оноос эхлэн зээлийн харилцаа үүсч 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр харилцан тооцоо нийлж зээлийн үлдэгдэл 30.000.000 төгрөг, өмнөх зээлийн үлдэгдэл хүү 11.000.000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцож нэгтгэн баталгаажуулж 41.000.000 төгрөгний зээлийн гэрээг 2 сарын хугацаатай байгуулсан.

Гэрээний дагуу зээлийн төлөлт хийгдээгүй тул нэхэмжлэгч Ц.Ж Б гол дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гарган Ц.У д холбогдуулан эрүүгийн 201526020539 дугаартай хэрэг нээн хянаж талуудын хооронд зээлийн харилцаанаас үүдсэн иргэд хоорондын маргаан гэсэн үндэслэлээр Б гол дүүргийн Прокурорын 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 58 дугаар тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх-11-15/

Б гол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст мэдүүлсэн гэрч Б.Н , хариуцагч Ц.У гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгээр зохигчийн хооронд зээлийн харилцаа үүсч Ц.Ж , Б.Н нараас нийтдээ 202.500.000 төгрөгний зээлийн гэрээ байгуулж авч буцаан төлөлт хийж байсан, зээлийн үлдэгдэл 30.000.000 төгрөг, төлөгдөөгүй сарын хүү 11.000.000 төгрөг нийт 41.000.000 төгрөг төлөхөөс 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1.940.000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 5.100.000 төгрөг нийт 7.040.000 төгрөг төлөгдсөн талаар мэдүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан /хх-57-63/ мэдүүлэг, бэлэн мөнгөний зарлагын баримт /97-98/ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ц.Ж , хариуцагч Ц.У нар харилцан тохиролцож 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр У ХХК, С ХХК-ийн хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээгээр Ц.У гийн Б........................... дүүрэг 20 дугаар хороо Арцадын ам нутаг дэвсгэрт байрлах 8.2 га газарт С ХХК-ийн хөрөнгөөр баригдах хауснаас 1 байшинг 90.000.000 төгрөгт тооцож худалдах, энэ үнээс зээлийн гэрээ байгуулсан 41.000.000 төгрөгийг хасаж, байрны үнэд Ц.У 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 30.000.000 төгрөг бэлнээр хүлээн авч, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Ц.Ж С ХХК-ийн хооронд 29 тоот 122 мкв тайлбай бүхий гражийн хамт 90.000.000 төгрөгний үнэ бүхий Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан, уг гэрээнд 2016 оны 10 дугаар сард нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр дээрх гэрээг дүгнэн орон сууц ашиглалтанд ороход төлөх 9.000.000 төгрөгийг төлж барагдуулсанд тооцож захиалсан орон сууцыг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр барьж дуусган ашиглалтад өгөхөөр өөрчлөлт оруулсан байна.

У ХХК, С ХХК-ийн хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ хэрэгжих боломжгүй байдал үүссэн, гэрээгээр талууд Ц.У гийн шилжүүлэх газарт 80 хаус барих, газрын төлбөрт 4 ширхэг хаусыг Ц.У д шилжүүлэх, тухайн 4 хаусны нэгийг ц.У гийн хүсэлтээр Ц.Ж ид шилжүүлж тооцоог Ц.Ж , Ц.У нар хоорондоо хийх тохиролцоотойгоор С ХХК-тай Ц.Ж Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. У ХХК 80 гэрчилгээ шилжүүлэхээс 4 айлын газар шилжүүлснээр төсөл цаашид хэрэгжээгүй, Ц.Ж С ХХК-ийн хооронд байгуулагдсан 29 тоот хаус баригдах газрыг Ц.У шилжүүлээгүй тул тухайн газарт хаус баригдаагүй, нэхэмжлэгч нь С ХХК-ийн дутуу баригдсан карказ босгосон 120 мкв 5 тоот сингел хаусыг 60.000.000 төгрөгөөр худалдан авахаар 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өөрийн өмчлөлийн 0789 УБП улсын дугаартай ренжровер маркийн 2010 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгслийг 60.000.000 төгрөгөөр худалдаж, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан болох нь гэрч Д.Н ын мэдүүлэг, Орон сууц захилан бариулах гэрээ, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ гэсэн баримтуудаар тогтоогджээ.

Шүүх хуралдаанд хариуцагч Ц.У Тохирсон ёсоор хаусаа авч орсон. С ХХК-наас хаусыг хямдруулж 60.000.000 төгрөгөөр авч хохиролгүй болсон тул тооцоо дууссан гэж тайлбарлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тайлбар гаргасан боловч Ц.У , Ц.Ж , С ХХК-ийн хооронд тохиролцсон 29 тоот хаус баригдах газрыг хариуцагч шилжүүлээгүйгээс барилга баригдаагүй, нэхэмжлэгч нь С ХХК-наас 5 тоот сингел хаус худалдаж авсан тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Зохигч талууд зээлийн гэрээг дуусгавар болгож, орон сууц худалдан авахаар тохирсон боловч газар шилжээгүй, барилга баригдаагүй гэрээ хэрэгжээгүй тул хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн түүнээс төлбөрийг гаргуулах үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь 71.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр мөнгө шилжээгүй, талууд өмнөх зээлийн үлдэгдэл 30.000.000 төгрөг болохыг хэн аль нь зөвшөөрч, өмнөх зээлийн хүүг нэмж нэхэмжилсэн талаар тайлбарласан тул хүүнд нэхэмжилсэн 11.000.000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна. Шүүх хуралдаанд хариуцагч нь 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 30.000.000 төгрөг хүлээн авснаа зөвшөөрсөн, хэрэг бүртгэлтийн шатанд 7.040.000 төгрөг төлөгдсөн болох нь баримтаар тогтоогдсон тул түүний төлөх 60.000.000 төгрөгнөөс төлөгдсөн 7.040.000 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй.

Иймд хариуцагч Ц.У гаас 52.960.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ж ид олгож, үлдэх 18.040.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

У ХХК бусдын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болж компанийг төлбөрийн чадваргүйд тооцож дампуурлын хэрэг үүсгэх хүсэлт шүүхэд гаргаж 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр дампуурлын хэрэг үүсгэж төлбөрийн чадваргүйд тооцож, тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шийдвэрээр У ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасан байна.

Хариуцагч Ц.У нь Ц.Ж оос У ХХК мөнгө зээлж байсан тул У ХХК хариуцах ёстой хэмээн тайлбарласан боловч 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Ц.У , Ц.Ж нар эцсийн байдлаар тооцоо нийлж зээлийн гэрээ байгуулсан, 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 30.000.000 төгрөгийг Ц.У хүлээн авсан тул түүнээс төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 , 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч Ц.У гаас 52.960.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ж ид олгож, үлдэх 18.040.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 512.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.У гаас 422.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ж ид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нь шийдвэрийн хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА