Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01680

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01680

 

 

Ц.Жийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2021/02347 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Жийн хариуцагч Ц.Уд холбогдуулан гаргасан 71 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Ц.Жийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2013 оноос эхлэн Ц.Уд мөнгө зээлдүүлж байсан. Сүүлд 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, үлдэгдэл зээл 30 000 000 төгрөг, өмнөх зээлийн хүү 11 000 000 төгрөг, нийт 41 000 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэйг баталгаажуулсан. Ц.У Санхеро ХХК-тай хамтран Гацуурт гарден хэмээх 80 айлын хаус барих төсөл хэрэгжүүлж байгаа, нэг хаус нь 80 000 000-90 000 000 төгрөгийн үнэтэй борлуулагдана гээд төслийн танилцуулга, компаний тусгай зөвшөөрөл, газар эзэмших эрхийн гэрчилгээ зэргийг үзүүлж өөрийн төлөх өр төлбөрт тооцон хаус худалдан авах санал тавьсан. Үүний дагуу Санхеро ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээг 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулж, 29 тоот 120 м.кв орон сууцыг, гараашийн хамт 90 000 000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон. Зээлийн үлдэгдэл 41 000 000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алдангид 10 000 000 төгрөг, нийт 51 000 000 төгрөгийг байр худалдаж авах үнэд тооцож, 30 000 000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл 9 000 000 төгрөгийг түлхүүр гардаж авахдаа өгөхөөр тохиролцсон. Гэтэл хаус 2016, 2017 онд ашиглалтад ороогүй. 2019 онд Санхеро ХХК нь Ц.У өгөх ёстой газраа шилжүүлж өгөөгүйгээс байшин баригдах боломжгүй нөхцөл үүссэн, Ц.Утай мөнгөний учраа олоорой гэсэн хариу өгсөн. Дахин хаус авахаар Санхеро ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, 5 тоотод байрлах 120 м.кв тайлбайтай хаусыг авсан. Хариуцагч Ц.Утай тохиролцсон хаусыг аваагүй, тохиролцоо хэрэгжээгүй тул хариуцагч Ц.Угаас 71 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Угийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ц.Жоос 2012, 2013 оноос эхлэн зээл авч, төлж байсан. Өмнө авч байсан зээлээс 30 000 000 төгрөг үлдэж, өмнөх зээлийн хүүгийн үлдэгдэл 11 000 000 төгрөг, нийт 41 000 000 төгрөгийн үнийн дүнтэй 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 2 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Зээлийг Укасан ХХК болон өөрийн нэрээр авдаг байсан. Укасан ХХК дампуурч татан буугдсан бөгөөд Ц.Жийн зээл Укасан ХХК-тай холбоотой. Укасан ХХК нь Санхеро ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Арцатын амд байрлах 8.2 га талбайд хаус барихаар тохиролцсон. Гэрээгээр Укасан ХХК-ийн 16 айлын гэрчилгээтэй эзэмшлийн 400 000 000 төгрөгөөр үнэлэгдэх газарт Санхеро ХХК өөрийн хөрөнгөөр барилга барих ажилд хамтарсан бөгөөд газрын өртөгт 8 хаус авахаар тохирсон. Эхний ээлжинд 4 газрын гэрчилгээ шилжүүлсэн. Уг газар дээр баригдсан хауснаас 90 000 000 төгрөгт үнэлэгдэх хаусыг Ц.Жид төлөх мөнгөндөө тооцож өгөхөөр тохирч, 41 000 000 төгрөгийн төлбөр хаагдаж, 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нэмж 30 000 000 төгрөг бэлнээр авсан. Санхеро ХХК-ийн захирал Д.Наранбаатар Ц.Жид хаус хүлээлгэж өгсөн тул тооцоо дууссан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Угаас 52 960 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Жид олгож, үлдэх 18 040 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 512 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Угаас 422 750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Жид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Ц.Ж нь 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Санхеро ХХК-тай 90 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий орон сууц захиалан бариулах гэрээ, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 60 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, улмаар 60 000 000 төгрөгийн төлбөрт тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний дагуу авто машин өгөхөөр тохиролцсон байна. Нэхэмжлэгч нь эхний гэрээний дагуу Санхеро ХХК-аас алданги нэхэмжлээгүй байна. Мөн Санхеро ХХК нь эхний гэрээний үнээс 30 000 000 төгрөгөөр багасгаж гэрээ байгуулсан нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нь 120 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий хаусыг 40 000 000 төгрөг хүрэхгүй автомашинаар сольж авсан нь ойлгомжгүй. Ц.Ж, Санхеро ХХК-ийн хооронд 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан гэрээний 5.3 дахь заалтаар өмнөх гэрээг хүчингүй болгосон нь Ц.Угийн эрхийг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл болсон. Ц.Ж, Санхеро ХХК нь зориуд хариуцагчийг их хэмжээний өр төлбөрт оруулах арга хэрэглэж байгаа нь харагдаж байна. Нэхэмжлэгчийн эхний гэрээний дагуу өгсөн 30 000 000 төгрөг нь Санхеро ХХК-д шилжсэн болохыг нэхэмжлэгч нь мэдэж байсан учраас Ц.Уд дахин 30 000 000 төгрөг өгсөн баримт үйлдэж, мөнгө өгсөн гэж харагдаж байна. Иймд нэхэмжлэгч нь 30 000 000 төгрөг шаардах эрхгүй. Нэхэмжлэгчийн өгсөн 30 000 000 төгрөгт тооцож, өөрийн эзэмшлийн 7 га газрыг Санхеро ХХК-д шилжүүлэн өгсөн. Санхеро ХХК-ийн захирал нь 41 000 000 төгрөгийг төлсөнд тооцож гэрээ байгуулсныг мэдэж байсан. Улмаар 71 000 000 төгрөгийн асуудал 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн гэрээгээр дуусгавар болсон. Нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үлдэгдэл 41 000 000 төгрөг шаардах эрх 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхэлж тоологдохоор байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Ц.Ж нь хариуцагч Ц.Уд холбогдуулан 71 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл 30 000 000 төгрөг, зээлийн хүү 11 000 000 төгрөг, нийт 41 000 000 төгрөгт зээлийн гэрээ байгуулагдсан болох нь талуудын хэн алины тайлбар /хх 132-133/, хэрэгт авагдсан зээлийн гэрээ зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх 6/

Нэхэмжлэгчид төлөх хариуцагчийн төлбөл зохих 41 000 000 төгрөгийн үүргээс 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1 940 000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 5 100 000 төгрөг, нийт 7 040 000 төгрөг төлсөн болох нь хэргийн 97-98 дугаар талд авагдсан бэлэн мөнгөний зарлагын баримтаар тогтоогдсон.

Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч буй үндэслэлээ нэхэмжлэгчийн Санхеро ХХК-аас худалдан авсан орон сууцыг өр төлбөртөө тооцуулахаар тохиролцсон гэрээний дагуу авсан гэж тайлбарласан нь үндэслэл муутай байна.

Хариуцагч зээлийн гэрээний төлбөрт Санхеро ХХК-ийн барьсан орон сууцнаас 90 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий 120 м.кв талбайтай 29 тоот орон сууцыг нэхэмжлэгчид өгөхөөр тохиролцсоны дагуу 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч нь Санхеро ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, гэрээний төлбөрт нэмж 30 000 000 төгрөгийг хариуцагчид бэлнээр өгсөн үйл баримт талуудын тайлбар, бэлэн мөнгөний баримт болон гэрч Д.Наранбаатарын мэдүүлгээр тогтоогдож байна. /хх 44, 120-121/

Нэхэмжлэгч нь уг тохиролцооны дагуу 29 тоот хаусыг хүлээн аваагүй, харин Санхеро ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээгээр 5 тоотод байрлах 120 м.кв талбай бүхий хаусыг гараашийн хамт 60 000 000 төгрөгөөр худалдан авчээ. /хх 7-9/

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн орон сууц нь хариуцагчийн нэхэмжлэгчид өгөх өр төлбөрт тооцсон орон сууц биш болох нь гэрч Д.Наранбаатарын Ц.Угийн эзэмшлийн газарт хаус барихаар болж, газрын төлбөрт 4 хаус өгөхөөр тохирсон. Ц.У 4 хауснаас нэгийг нь Ц.Жид өгөх төлбөрт тооцон өгөөрэй гэж хэлсний дагуу орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, төлбөрийг Ц.Уд өгсөн. Ц.У газар шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлээгүй учраас хаус барих төслийн ажил хэрэгжих боломжгүй болсон. Уг тохиролцооны дагуу Ц.Жид орон сууц буюу хаус шилжүүлэн өгөөгүй. Ц.Ж дахин орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан нь Ц.Угийн төлбөр тооцоотой хамааралгүй гэх мэдүүлгээр тогтоогдож байна. /хх 120-121/

Нэхэмжлэгч нь Санхеро ХХК-тай байгуулсан гэрээгээр үнийг нь төлж 5 тоот хаусыг худалдан авсан тул хариуцагчийг 30 000 000 төгрөгийн хэмжээнд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэгч нь дээрх 30 000 000 төгрөгийг, өмнөх зээлийн гэрээний үүрэгт төлөх 41 000 000 төгрөг, нийт 71 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх хариуцагчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн нь зөв боловч зээлийн хүүд нэхэмжилсэн 11 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай. Учир нь талууд өмнө нь зээлийн хүүд 11 000 000 төгрөг төлөхөөр тохиролцон бичгээр хэлцэл хийсэн байгааг анхан шатны шүүх анхаараагүй хэдий ч энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар талуудын зарчмын хүрээнд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэв.

Талуудын хооронд 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан гэх зээлийн гэрээний үүргийн талаар зохигчид 2015 онд түүнийг төлөх талаар хэлцэл хийсэн байна. Тодруулбал, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч нь хаус өгөхөөр амласныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна. Хариуцагч нь дээрх байдлаар тохиролцсон үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй, хойшлуулах хугацаанд нэхэмжлэгч зөвшөөрч байсан тул Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа 2015 оноос 2019 оныг хүртэл хугацаанд түр зогссон гэж үзнэ. Харин нэхэмжлэгч 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Санхеро ХХК-тай хаус худалдан авах гэрээ байгуулснаар цаашид хариуцагчийн хаус өгөх үүргээ хойшлуулахыг хүлээн зөвшөөрснөөр зогсоосон байсан хөөн хэлэлцэх хугацааны зогсолт арилжээ. Иймд нэхэмжлэгч 2019 оноос эхлэн хариуцагчид холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тооцно. Энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2021/02347 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 422 950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ