Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2300

 

 

 

 

 

 

 

 

 

“С г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/01801 дүгээр шийдвэртэй, “С г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Б д” ХХК-д холбогдох даатгалын эрсдлийн нөхөн төлбөрт 240 162 768 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, Т.Ц, Ч.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б д” ХХК-тай 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр PIA202170201088 тоот хөрөнгийн даатгалын гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Тээвэрчдийн гудамж, Нарны зам-53/2, 53/3 тоот хаягт байрлах “С г” ХХК-ийн Саруул маркет 2 обьектыг 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд даатгуулсан. 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 12-нд шилжих шөнийн 02 цаг 30 минут орчимд даатгалын зүйл болох Саруул маркет худалдааны төвд гал гарч, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан бөгөөд прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэрээний 5.2-т зааснаар даатгалын үнэлгээ, хураамжийн хэмжээг талууд тохиролцсон ба даатгалын төлбөрийг даатгуулагч тал 100 хувь төлж барагдуулсан. Мөн гэрээний 13.4-т Даатгуулагч хураамжаа гэрээгээр тохирсон хугацаанд төлөөгүй бол хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,3 хувийн алданги даатгагчид төлөхөөр даатгуулагчийн хүлээх хариуцлагыг тохиролцсон.

Галын улмаас “Үнэлгээ консалтинг” ХХК-ийн гаргасан үнэлгээгээр 179 762 624 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоосон. Гэрээний 4.1-д гал, цахилгааны гэмтэл нь даатгалын үндсэн эрсдэл байхаар харилцан тохиролцсон, 8.2-т Даатгагч нь даатгалын тохиолдол бий болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох үүрэгтэй, 9.1-д Даатгуулагч нь даатгалын тохиолдол болсон үед хууль болон гэрээний нөхцлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах эрхтэй байна. 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 17/48 тоот албан бичгээр даатгалын нөхөн төлбөр авах хүсэлтийг холбогдох баримтуудын хамт хүргүүлсэн ч “Б д” ХХК гэрээний 11.7 дахь хэсэгт заасан хугацаанд нөхөн төлбөр төлөөгүй. Улмаар 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 17/62 тоот албан бичгээр дахин хандсан. Гэтэл 2017 оны дүгээр сарын 26-ны өдрийн 04/188 тоот албан бичгээр даатгалын нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан хариу ирүүлсэн. 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 04/159 тоот албан бичгээр нэмэлт тодруулга, мэдээлэл авахыг хүссэн учир 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 17/79 тоотоор хариуг баримтуудын хамт хүргүүлсэн.

Санхүүгийн зохицуулах хороо 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 9/3471 тоот албан бичигт ...даатгуулагчид нөхөн төлбөрийг олгож, тус хороонд 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дотор мэдэгдэх талаар шийдвэрлэсэн боловч үүргээ биелүүээгүй тул гэрээнд зааснаар даатгалын нөхөн төлбөрт 179 762 624 төгрөг, алданги 60 400 144 төгрөг, нийт 240 162 768 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Даатгалын гэрээний 5.2-т гэрээнд талуудын эрх бүхий этгээд гарын үсэг зурж, даатгалын төлбөрийг хуваарийн дагуу төлж эхэлсэн тохиолдолд буюу хуваарийн дагуу төлөгдсөнөөс хойш гэрээ хүчин төгөлдөр болохоор заасан. Бид гэрээний 5.2-т заасныг үндэслэж нөхөн олговор олгохоос татгалзаж байна. Даатгуулагч нь гэрээгээр 2017 оны 1 дүгээр сарын 30-ны дотор 7 500 000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 30-ны дотор 7 500 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Гэвч гэрээгээр тохирсон хугацаанд мөнгийг шилжүүлээгүй, эхний ээлжийн төлбөрөөс 4 000 000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн.

Даатгалын тохиолдол 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө гарсан нь гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхээс өмнө болсон. Даатгалын гэрээнд талууд төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулах, даатгагчийн хувьд гэрээнд заасан даатгалын тохиолдол гарсан тохиолдолд нөхөн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээсэн боловч даатгуулагч нь гэрээний үүргээ 100 хувь биелүүлээгүй байж даатгагчаас 100 хувийн үүргийн гүйцэтгэлийг шаардах нь шударга бус юм.

Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.2 дахь хэсэгт даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй байхад даатгалын тохиолдол бий болсон бол даатгагч гэрээнд заасан үүрэг хүлээхгүй гэжээ. Даатгуулагч гэрээний дагуу тогтоосон хугацаанд үүргийг биелүүлээгүй тул даатгагч компани нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Мөн алданги 60 400 144 төгрөгийг даатгуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзсэн учир төлөх үндэслэлгүй. Даатгагч нь хуульд зааснаар даатгуулагчаас ирсэн төлбөрийг тодорхой хэмжээний төлбөрийн нөөц санд төвлөрүүлж, түүнээсээ даатгалын эрсдэл гарсан даатгуулагч нарт нөхөн төлбөр олгодог онцлогтой. Гэтэл даатгуулагч нь хураамжаа гүйцэд төлөөгүй байхад даатгалын тохиолдол гарч, түүний дараа нөхөн төлбөрөө нэхэмжилж байгаа нь бусад даатгуулагч нарын эрх ашигт хохиролтой.

Нөгөө талаар даатгалын хураамжийг 100 хувь буюу 7 500 000 төгрөгийг төлсөн бол даатгалын компани тухайн үед нь үүргээ 100 хувь гүйцэтгэх боловч даатгуулагчийн  төлсөн 4 000 000 төгрөгт үүргийн гүйцэтгэлийг хувь тэнцүүлэн төлж болох уу гэдэг санаа гарч байгааг үгүйсгэх аргагүй. Нэхэмжлэгч 174 000 000 төгрөг шаардсан, 7 500 000 төгрөгийн төлбөрөөс 4 000 000 төгрөг буюу 50 орчим хувь гэж үзвэл даатгагчаас хувь тэнцүүлж гаргах нь талуудын аль алинд шударга байхыг үгүйсгэхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б д” ХХК-иас 240 162 768 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “С г” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 506 170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 147 406 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч “Б д” ХХК-иас 1 358 764 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С г” ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Гэрээний 5.2-т гэрээнд талуудын эрх бүхий этгээд гарынүсэг зурж, даатгалын хураамж хуваарийн дагуу төлөгдөж эхэлсэн тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ гэснийг шүүх “гэрээнд талууд гарын үсэг зурж, даатгалын хураамж 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр төлөгдөж эхэлсэн тул хүчин төгөлдөр үйлчилж байна” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хуваарийн дагуу гэсэн гэрээний нөхцлийг орхигдуулж зөвхөн хураамж төлөгдөж эхэлсэн гэдгээр гэрээг тайлбарласан нь үндэслэлгүй болсон. Гэрээ болон хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлахдаа тэдгээрийн эрх зүйн ач холбогдол бүхий утга санааг тодруулах атал шүүх гэрээ тайлбарлах аргыг бүтээлчээр ашиглаж талуудын тухайн үеийн хүсэл зоригийн илэрхийллийг тодруулахыг зориогүй.

Гэрээг тайлбарлах хэд хэдэн аргууд байх бөгөөд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт үгийн шууд утгыг анхаарч хэл зүйн үүднээс тайлбарлавал хуваарийн дагуу төлж эхлэх гэдэгт 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн дотор даатгалын хураамжийн 50 хувийн төлбөр төлөгдсөн байхыг ойлгох юм. Шүүх гэрээний 5.2-т заасныг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах аргыг ашигласан боловч хуваарийн дагуу гэх нөхцлийг орхигдуулсан бөгөөд уг нөхцлийн утга нь бүрэн ойлгомжгүй байна гэж үзсэн бол Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасан гэрээний аль нэг нөхцлийн агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж заасныг баримтлах ёстой.

Гэрээний 5.1-т талууд хураамжийн хэмжээ, хуваарийг тохиролцсон. Маргааны  агуулга нь гэрээний 5.2-т заасныг хэрхэн тайлбарлахаас хамаарах учир шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасан арга хангалтгүй гэж үзвэл 198.2 дахь хэсэгт зааснаар гэрээний 5.1, 5.2 дахь хэсгийг гэрээний ерөнхий агуулгатай харьцуулан тайлбарлах шаардлагатай. Ингэж харьцуулвал талуудын хүсэл зориг нь нэхэмжлэгчийн хувьд өөрийн хөрөнгөө гэрээнд заасан эрсдэлээс даатгуулах, даатгагчийн хувьд даатгасны хариу төлбөрт хураамж авах юм. Талуудын хүсэл зоригийг гэрээний 5.1-д заасан хураамжийн хэмжээ, хуваарь тогтоосон заалттай холбож үзвэл хуваарийн дагуу гэх үгийг заавал анхаарах бөгөөд “даатгуулагч нь 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр нийт хураамжийн 50 хувь буюу 7 500 000 төгрөгийг даатгагчид шилжүүлэхээр гэрээ хүчин төгөлдөр болно” гэж ойлгох юм.

Дээрхээс үзвэл даатгуулагч гэрээний 5.1-д заасан үүргээ биелүүлсэн эсэхийг анхаарах ёстой. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүрэг бүрэн биелэгдсэн байхыг гүйцэтгэгдсэн гэж ойлгохоор байна. Тодруулбал, “даатгуулагч нь үүргийг гүйцэтгэж эхэлсэн буюу үүргийн зарим хэсгийг гүйцэтгэсэн учир үүргээ биелүүлсэнтэй адилтган үзнэ” гэсэн шүүхийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй буюу гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөөгүй үед даатгалын зүйл галд өртөж хохирол учирсан байхад хураамж төлөгдөж “эхэлсэн” нь гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх хангалттай үндэслэл болно гэж шүүх үзэж байгаа нь 100 000 000 төгрөгийн хураамжтай даатгалын гэрээг 10 төгрөг төлсөн ч хүчин төгөлдөр гэж үзсэнтэй адил бөгөөд даатгалын зүйл галд өртсөний дараа гэрээний үүргээ нөхөн гүйцэтгэснийг үндэслэл болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.2 дахь хэсэгт заасан даатгалын хураамж төлөгдөөгүй байхад даатгалын тохиолдол гарвал даатгагч нөхөн төлбөр олгох үүрэг хүлээхгүй гэсэнтэй илтэд зөрчилдсөн шийдвэр болсон.

Гэрээний 13.4-т “...даатгалын тохиолдол болсон үед даатгагч гэрээгээр тохирсон хугацаанд нөхөн төлбөр олгох бол ...алданги төлнө” гэсний дагуу даатгалын хураамж төлөх үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсний алдангийг даатгуулагчаар төлүүлсэн нь даатгалын нөхөн төлбөр олгох үндэслэл болно гэж шүүх дүгнэсэн. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч нь хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги төлсөн байх тул даатгагч нь хураамжаа төлөх үүргээ биелүүлээгүй гэх шалтгаанаар нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй байна” гэж утга найруулгын хувьд ойлгомжгүй бичсэн байдаг. Даатгалын хураамжийн үлдэгдлийг төлүүлэхээр хариуцагчаас шаардлага гаргаж буй хугацаа нь даатгуулагч нөхөн төлбөр авахаар хандахаас өмнөх үйл баримт болох нь хангалттай нотлогддог. Өөрөөр хэлбэл, даатгуулагч нөхөн төлбөр авах нь тодорхойгүй, даатгалын тохиолдлын шалтгаан тогтоогдоогүй, нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл бүрдсэн эсэхийг тогтоох боломжгүй, даатгалын тохиолдлыг шалгах эрх зүйн үндэслэл бүрдээгүй байх үед даатгагч гэрээний үүргийн биелэлтийг шаардах нь “хураамж төлөөгүй байх үед үүссэн даатгалын тохиолдлын нөхөн төлбөрийг шаардах эрхтэй холбоогүй” юм. Даатгалын хураамж төлөгдөөгүй байх үед үүссэн даатгалын тохиолдлын нөхөн төлбөрийг зөвхөн алданги төлсөн гэх үндэслэлээр хураамж төлөх үүрэг гүйцэтгэгдсэн байсан гэж үзэх үндэслэлгүй энэ нь Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.2 дахь хэсэгт зааснаар тодорхойлогдоно.

 

Дээрхээс үзвэл, даатгагч алданги шаардаж байгаа нь даатгалын тохиолдол үүссэн эсэхийг шалгах боломжгүй цаг хугацаанд болсон тул нөхөн төлбөр төлөхийг шаардах эрхэд хамааралгүй. Даатгалын хураамж төлөх үүрэг бусад төрлийн гэрээний адил нөхөн гүйцэтгэгдэж түүнийг талууд хүлээн зөвшөөрснөөр хүчин төгөлдөр болох боломжтой үүрэг биш байхад шүүх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги төлсөн учир даатгалын тохиолдол гарах үед хураамжийг төлсөн байсан гэж байгаа нь хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “С г” ХХК нь хариуцагч “Б д” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 179 762 624 төгрөг, алданги 60 400 144 төгрөг, нийт 240 162 768 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд харилцан тохиролцож, нэхэмжлэгч “С г” ХХК нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Тээвэрчдийн гудамж, Нарны зам 53/2, 53/3 тоотод байршилтай “Саруул маркет-2” объектыг гал, тэсрэлт, дэлбэрэлт, цахилгаан, сантехникийн шугам хоолойн гэмтэл, хулгай дээрэм, түүнээс үүдэлтэй хохирол, гуравдагч этгээдийн санаатай, санамсаргүй үйлдэл, байгалийн эрсдлээс даатгуулахаар 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 1 жилийн хугацаатай хөрөнгийн даатгалын гэрээ /1хх10-19/ байгуулсан байна.

 

Дээрх гэрээний 5.1-д даатгагдаж буй хөрөнгийн үнэлгээг 3 000 000 000 төгрөг, түүний хураамж 15 000 000 төгрөг, үүнээс даатгуулагч нь 7 500 000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 30-ны дотор, 7 500 000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 30-ны дотор төлөх үүрэг хүлээж, 5.2-т гэрээнд талуудын эрх бүхий этгээд гарын үсэг зурж, даатгалын хураамж хуваарийн дагуу төлөгдөж эхэлсэн тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ гэж тохиролцжээ.

 

Талуудын төлөөлөл болох эрх бүхий албан тушаалтнууд гэрээнд гарын үсэг зурж, тухайн хуулийн этгээдүүд тамга дарж баталгаажуулсан ба даатгуулагч тал даатгалын хураамжид 4 000 000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр төлсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан харилцагчийн дансны хуулгаар /1хх60/ тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 199/562 тоот дүгнэлт /1хх80-82/, Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Ш-05 дүгнэлт /2хх2-3/ зэрэг нотлох баримтаар 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнийн 02 цаг 28 минутад Саруул худалдааны төвийн 2 дугаар давхарт цахилгааны богино холболтын улмаас гал түймэр гарч даатгалын зүйлд хамаарах эд хөрөнгө шатаж даатгалын тохиолдол болсон талаар талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгч талд гал түймрийн улмаас нийт 179 762 624 төгрөгийн хохирол учирсан болохыг “Үнэлгээ консалтинг” ХХК үнэлгээ /1хх20-31/ хийж, энэ талаарх тайланг ирүүлсэн, үүнийг хариуцагч үгүйсгээгүй. Харин даатгуулагч нь гэрээний дагуу даатгалын хураамжийг хуваарийн дагуу төлөөгүй гэх үндэслэл зааж нөхөн төлбөр төлөхгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд даатгалын гэрээний харилцаа үүссэн болон уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хийсэн дүгнэлтийг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзэх бөгөөд тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулгыг тайлбарласан байдал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Даатгуулагч нь даатгалын хураамж төлөх хуваарийг 1 хоногоор хэтрүүлж гэрээнд заасан хугацааг ялимгүй зөрчсөн байх боловч ийнхүү хугацаа хэтрүүлсний хариуцлага болох алдангийг нэхэмжлэгч төлсөн тул хураамж төлөх үүргээ биелүүлээгүй, үүний улмаас эрсдлийн нөхөн төлбөр шаардах эрхээ алдсан гэж үзэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэгч нь хөрөнгийн даатгалын гэрээний 4.1.1-т заасан “гал”-ын эрсдэлд хамаарах нөхцлөөр даатгагчаас нөхөн төлбөр шаардах эрхтэй.

 

Хэрэгт авагдсан харилцагчийн дансны хуулга /1хх97-100/, талуудын тайлбараар  нэхэмжлэгч “С г” ХХК нь 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 3 500 000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 790 500 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 3 500 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 4 120 000 төгрөгийг даатгагчид төлснөөр даатгалын хураамж бүрэн төлөгджээ. Үүнийг хариуцагч тал тайлбарлахдаа даатгуулагч нь даатгалын хураамжийг даатгалын тохиолдол бий болсноос хойш нөхөн төлсөн гэх боловч эхний төлбөр даатгалын эрсдэл болохоос өмнө төлөгдсөн, бусад хураамжийг даатгагч талын нэхэмжлэхийн дагуу төлсөн байгааг дурдах нь зүйтэй. Иймд хариуцагч “Б д” ХХК-иас нэхэмжлэгчид галын эрсдлийн улмаас учирсан хохиролд нийт 179 762 624 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсэг Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасантай нийцэх тул хэвээр үлдээх үндэслэлтэй байна.  

 

Харин нэхэмжлэгч нь даатгалын гэрээний дагуу хариуцагч компанийг нөхөн төлбөр төлөх үүргээ хугацаа хэтрүүлэн гүйцэтгэсэн гэж алдангид 60 400 144 төгрөг гаргуулахаар шаардах боловч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн эсэхийг шүүх анхаарч үзээгүй байна. Иймд Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар нэхэмжлэгч нь хөрөнгийн даатгалын гэрээ ёсоор даатгагч талаас алданги шаардах эрхгүй гэж дүгнэв.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч “Б д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж алдангид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/01801 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 224 дүгээр зүйлийн 224.2.3, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б д” ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт нийт 179 762 624 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “С г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алдангийн 60 401 144 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “1 358 764 төгрөг” гэснийг “1 056 763 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3. дахь хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 358 764 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Г.ДАВААДОРЖ

 

                                                                                    Т.ТУЯА