Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 182/ШШ2018/01801

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарангэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: дүүрэг, дугаар хороо дугаар хороолол, гудамж тоот хаягт  байрлах, /улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар /, С ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: дүүрэг дүгээр хороо, тоотод байрлах, /улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар /, Б ХХК-д холбогдох

 

Даатгалын нөхөн төлбөр 240,162,768 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.З, Т.Ц, Ч.М, хариуцагчийн төлөөлөгч Ж.Д, Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ нар оролцов.

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С ХХК шүүхэд болон төлөөлөгч А.З, Т.Ц, Ч.М нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр PIA202170201088 тоот Хөрөнгийн даатгалын гэрээг байгуулж, Дүүргийн дугаар хороо,  дугаар хороолол,  гудамж,тоот хаягт байрлах С ХХК-ийн С маркет 2 обьектыг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд даатгуулсан. 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр шилжих шөнийн 02 цаг 30 минутын орчимд даатгалын зүйл болох Дүүргийн дугаар хороо,  дугаар хороолол,  гудамж,тоот хаягт байрлах С маркет худалдааны төвд гал гарсан.  дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан бөгөөд Нийслэлийн  дүүргийн Прокурорын газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 05 тоот прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Б ХХК-тай байгуулсан 2017 оны PIA202170201088 тоот Хөрөнгийн даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар Даатгалын үнэлгээ, хураамжийн хэмжээг талууд тохиролцсон даатгалын төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан. Хөрөнгийн даатгалын гэрээний 13 дугаар зүйлийн 13.4-т “Даатгуулагч хураамжаа гэрээгээр тохирсон хугацаанд төлөөгүй бол хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,3 хувийн алданги даатгагчид төлөх...” гэж заасан ба уг гэрээний заалтаар даатгуулагчийн хүлээх хариуцлагыг талууд гэрээнд ийнхүү тохиролцсон. Хөрөнгийн үнэлгээ, санхүүгийн зөвлөх үйлчилгээний Үнэлгээ консалтинг ХХК-иас хохирлын үнэлгээ гаргаж 179,762,624 төгрөгөөр тогтоосон байна. 2017 оны Хөдөлмөрийн даатгалын гэрээний үндсэн нөхцөл болон уг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д гал, цахилгааны гэмтэл нь даатгалын үндсэн эрсдэл байхаар харилцан тохиролцсон. Мөн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т “Даатгагч нь даатгалын тохиолдол бий болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох” үүрэгтэй, мөн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-д “Даатгуулагч нь даатгалын тохиолдол болсон үед хууль болон гэрээний нөхцлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах эрхтэй” байна. 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 17/48 тоот албан бичгээр даатгалын нөхөн төлбөр авах хүсэлтийг холбогдох баримтуудын хамт Б ХХК-д хүргүүлсэн боловч Б ХХК нь тус гэрээний 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэгт заасан хугацаанд даатгалын нөхөн төлбөрийг төлөөгүй. Улмаар манай байгууллагын зүгээс 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 17/62 тоот албан бичгээр Б ХХК-д дахин хандсан боловч Б ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 04/159 тоот албан бичгээр нэмэлт тодруулга, мэдээлэл авахыг хүссэн ба бидний зүгээс тус албан бичгийн хариуг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 17/79 тоот албан бичгээр хүргүүлсэн. 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 04/188 тоот албан бичгээр даатгалын нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан хариуг ирүүлсэн юм. Санхүүгийн зохицуулах хороо 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 9/3471 тоот албан бичигт ...даатгуулагчид нөхөн төлбөрийг олгож, тус хороонд 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дотор мэдэгдэнэ үү хэмээн шийдвэрлэсэн байна. Иймд Б ХХК-тай байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн PIA202170201088 тоот Хөрөнгийн даатгалын гэрээнд заасны дагуу даатгалын нөхөн төлбөрт 179,762,624 төгрөгийг, гэрээнд заасан алданги 60,400,144 төгрөг нийт 240,162,768 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б ХХК-ийн төлөөлөгч Ж.Д, Д.О нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Даатгуулагч нь гэрээгээр 2017 оны 01 дүгээр сарын 30-ны дотор 7,500,000 төгрөг,  2017 оны 04 дүгээр сарын 30-ны дотор 7,500,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Гэрээнд талуудын эрх бүхий этгээд гарын үсэг зурж, даатгалын төлбөрийг хуваарийн дагуу төлж эхэлсэн тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр хэрэгжинэ гэж заасан. Эхний ээлжийн төлбөрөөс 4,000,000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн. Даатгалын тохиолдол 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ны өдрийг шилжих шөнө гарсан байдаг. Энэ нь гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхээс өмнө даатгалын тохиолдол гарсан гэж үзэж байна. Даатгалын гэрээнд талууд төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулах, даатгагчийн хувьд гэрээнд заасан даатгалын тохиолдол гарсан тохиолдолд нөхөн төлбөрийг барагдуулах үүргийг хүлээсэн байдаг. Гэвч даатгуулагч нь өөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлээгүй байж даатгагчаас 100 хувийн үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа нь шударга бус байна. Өөрөөр хэлбэл хуваарийн дагуу төлөгдөж байж даатгалын гэрээ хүчин төгөлдөр болно гэдгийг гэрээндээ тодорхой заасан. Мөн Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.2 дахь хэсэгт даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй байхад даатгалын тохиолдол бий болсон бол даатгагч гэрээнд заасан үүрэг хүлээхгүй гэж заасан байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу тогтоосон хугацаанд үүргийг биелүүлээгүй. Иймд даатгагч компаниас даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан байдаг. Мөн алданги болох 60,400,144 төгрөгийг даатгуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзсэн учраас алдангийг төлөх үндэслэлгүй байна. Мөн даатгагч нь хуульд заасны дагуу даатгуулагчаас ирсэн төлбөрийг тодорхой хэмжээний төлбөрийн нөөц санд төвлөрүүлээд, түүнээсээ даатгалын эрсдэл гарсан даатгуулагч нарт нөхөн төлбөр олгодог онцлогтой. Гэтэл даатгуулагч нь хураамжаа гүйцэд төлөөгүй байхад даатгалын тохиолдол гарч, түүнийхээ дараа нөхөн төлбөрөө нэхэмжилж байгаа нь бусад даатгуулагч нарын эрх ашигт хохирол учруулж байна. Нөгөө талаар даатгалын хураамжийг 100 хувь буюу 7,500,000 төгрөгийг төлсөн байх юм бол мэдээж даатгалын компани тухайн үед нь үүргээ 100 хувь гүйцэтгэх ёстой. Гэхдээ даатгуулагч нь 4,000,000 төгрөгийг төлсөн. Эндээс бас 4,000,000 төгрөгт нь үүргийн гүйцэтгэлийг хувь тэнцүүлэн төлж болох уу гэдэг санаа гарч ирж байна. Үүнийг үгүйсгэх аргагүй. Нэхэмжлэгч нь 174,000,000 төгрөгийн хохирол шаардаж байгаа ба үүнээс 7,500,000 төгрөгийн төлбөрөөс 4,000,000 төгрөг буюу 50 орчим хувь гэж үзээд, даатгалын компаниас хувь тэнцүүлэн гаргах нь талуудын хувьд аль алинд нь шударга байж магадгүй гэдэг үндэслэл байгааг үгүйсгэхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Б ХХК-нд холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 179,762,624 төгрөг, алданги 60,400,144 төгрөг нийт 240,162,768 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

 Хариуцагч Б ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч даатгуулагч даатгалын хураамжийг хуваарийн дагуу төлөөгүй тул нөхөн төлбөр олгохгүй гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1.Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.  

 

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Б ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай,  дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Тээвэрчдийн гудамж Нарны зам 53/2, 53/3 тоот хаягт  байршилтай С маркет /2 обьект/-ыг гал, тэсрэлт, дэлбэрэлт, байгалийн эрсдэл, сантехникийн  шугам хоолойн гэмтлээс шалтгаалж учирсан хохирол, цахилгааны гэмтэл зэрэг эрсдлээс даатгаж Хөрөнгийн даатгалын гэрээ байгуулжээ.

 

Даатгуулагч С ХХК  нь  дүүрэг, дугаар хороо, дугаар гудамж тоот хаягт байршилтай 2700,35 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээгээр тогтоогдож /хх-ийн 9 тал/ байна.

 

Даатгалын зүйл болох  дүүрэг, дугаар хороо, дугаар, гудамж тоот хаягт  байршилтай С маркет /2 обьект/-д  2017 оны 03 дугаар сарын 11-нээс 03 дугаар сарын 12-ны шилжих шөнийн 02 цаг 28 минутад тус худалдааны төвийн 2 давхарт гал гарч шатсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 199/562 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 80-82 тал/, Онцгой байдлын ерөнхий газар Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн ш-05 дугаар “С худалдааны төвд гарсан гал түймэр нь 23 дугаар лангууны цахилгааны утсанд богино холболт үүсэж гал гарсан нь хэргийн материал дахь хэргийн газрын үзлэг, гэрчүүдээс авсан байцаалтын тэмдэглэл, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын хүрээлэнгийн гамшигийн туршилт шинжилгээний төвийн шинжээчийн дүгнэлт, Геологийн төв лабораторийн шинжилгээний дүн, хэргийн газрын гэрэл зураг зэргээр нотлогдож байна” гэх бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 

Хөрөнгийн үнэлгээ, санхүүгийн зөвлөх үйлчилгээний Үнэлгээ консалтинг ХХК-иас хохирлын үнэлгээний тайлангаар даатгуулагч  С ХХК-д гал түймрийн улмаас 179,762,624 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгч С ХХК, Б ХХК-ийн хооронд байгуулсан Хөрөнгийн даатгалын PIA202170201088 тоот гэрээний 5.1.Даатгуулагч даатгалын хураамжийг даатгагчийн Худалдаа хөгжлийн банкин дахь төгрөгийн 499171653 тоот дансанд дараах хуваарийн дагуу төлнө. 2017 оны 01 дүгээр сарын 30-ны дотор 50 хувь 7,500,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 30-ны дотор 50 хувь 7,500,000 төгрөг нийт 15,000,000 төгрөг, 5.2.Гэрээнд талуудын эрх бүхий этгээд гарын үсэг зурж, даатгалын хураамж хуваарийн дагуу төлөгдөж эхэлсэн тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ гэж харилцан тохиролцсон байна.  

 

Даатгуулагч С ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр даатгалын хураамжид 4,000,000 төгрөг төлсөн ба даатгагч Б ХХК нь 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр эд хөрөнгийн даатгалын хураамж урьдчилгааны үлдэгдэл 3,500,000 төгрөг, хугацаа хэтэрүүлсний алданги 790,500 төгрөг,  2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр эд хөрөнгийн үлдэгдэл төлбөр 4,000,000 төгрөг, хугацаа хэтэрүүлсний алданги 120,000 төгрөг шаардсан нэхэмжлэх хүргүүлсэн бөгөөд даатгуулагч С ХХК нь даатгалын хураамж алданги төлсөн болох нь орлогын баримтаар /хх-ийн 91-94 тал/ нотлогдож байна. 

 

С ХХК, Б ХХК-ийн хооронд байгуулсан Хөрөнгийн даатгалын PIA202170201088 тоот гэрээний 5.2-т гэрээнд талуудын эрх бүхий этгээд гарын үсэг зурж, даатгалын хураамж хуваарийн дагуу төлөгдөж эхэлсэн тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ гэж заасны дагуу талууд гарын үсэг зурж даатгалын хураамж 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлөгдөж эхэлсэн тул гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байна. Мөн тус гэрээний 13.4.Даатгуулагч хураамжаа гэрээгээр тохирсон хугацаанд төлөөгүй бол хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгээс 0,3 хувийн алданги даатгагчид төлөх, даатгалын тохиолдол болсон үед даатгагч гэрээгээр тохирсон хугацаанд нөхөн төлбөр олгох бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгээс 0,3 хувийн алданги даатгуулагчид төлнө” гэж харилцан тохиролцсоны дагуу С ХХК нь хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн алданги төлсөн байх тул даатгагч нь хураамжаа төлөх үүргээ биелүүлээгүй гэх шалтгаанаар нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч Б ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 179,762,624 төгрөг, алданги 60,400,144 төгрөг нийт 240,162,768 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-нд олгох үндэстэй.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас 240,162,768 /хоёр зуун дөчин сая нэг зуун жаран хоёр мянга долоон зуун жаран найм/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-нд олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,506,170 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос илүү төлөгдсөн 147,406 төгрөг, Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,358,764 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн182/ШЗ2018/01020 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж энэ хуулийн 120 дугаар зүйлийн 120.2  дахь хэсэгт заасан хугацаа буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

 

4.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Н.НАРАНГЭРЭЛ