Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2299

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2018/01742 дугаар шийдвэртэй, Д.Б-ы нэхэмжлэлтэй, хариуцагч ОСНААУГ-т холбогдох, гэм хорын хохиролд 355 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 15 цагийн орчимд ОСНААУГ-ын Зүүн түгээх төвийн ажилчид Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Ээрмэл 12 дугаар байр, 40 тоот айлд усны тоолуур шинээр тавих гэж халуун, хүйтэн ус түр хаасан. Гэвч ажлаа бүрэн дуусгалгүй усаа нээснээс болж тухайн айлд их хэмжээний ус алдагдаж, доод айл болох 37 тоотод ус алдаж хана, тааз, гэрлийн бүрхүүл дагаж ус орсноос эд материалын хохирол учруусан. Иймд хариуцлага алдсан сантехникч болон ОСНААУГ-аас манай гэрт учирсан хохирол 322 400 төгрөг, үнэлгээ хийлгэсэн 33 000 төгрөг, нийт 355 400 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 15 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Ээрмэл 12 дугаар байр, 37 тоот айлын дээд давхрын айл болох 40 тоотоос ус алдсан нь тус газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 2-ийн засварчинтай хамааралгүй юм. Засварчин 40 тоот айлд дуудлагаар очиж усны тоолуур суурилуулах явцад материал байхгүйн улмаас засварын ажлыг дуусгах боломжгүй болж, 12 цагийн орчимд ажлаа дуусган тухайн айлын цэвэр усны халуун, хүйтэн усны шугам дээр суурилагдсан хаалт буюу аваарын вентелээр усыг хааж, тус байрны 40 тоотоос бусад айлын цэвэр усыг нээсэн. Гэтэл тус айлын оршин суугч нар усны хаалтыг 15 цаг орчимд нээснээр ус алдах шалтгаан үүссэн байна. Засварчины хаасан усны хаалтыг нээсэн гэдгийг нэхэмжлэгч өөрөө нотлон хэлдэг. Иймд хариуцагчаар татагдсан ОСНААУГ-т холбогдох хэргийг шүүх хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ОСНААУГ-аас 355 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Б-аас төлсөн 11 312 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ОСНААУГ-аас 11 312 төгрөг гаргуулж Д.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо, Ээрмэлийн 12 дугаар байрны 40 тоотоос 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 16 цагийн орчимд ус алдан доод давхрын 37 тоотод хохирол учирсан боловч ус алдуулсан буруутай этгээд болон ус алдах болсон шалтгаан нөхцөл нь шүүх хуралдаанаар бүрэн тогтоогдоогүй байхад тус айлд 3 цагийн өмнө засвар хийгээд гарсан засварчинг буруутган дүгнэлт гаргаж хохирлыг хариуцуулан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Хариуцагчаас 40 тоотын эзэн болох н.Ягшааболдын хүү Я.Золбоо нарыг хамтран хариуцагч, мөн нэхэмжлэгч хамтран хариуцагчаар оролцуулахаас татгалзаж байгаа бол гэрчээр оролцуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч шүүх хариуцагчийн хүсэлтийг хангаагүй, хэрэгсэхгүй болгосон. 40 тоот айлд ус алдах үед насанд хүрсэн 4 хүн байсан гэж нэхэмжлэгч өөрөө ярьдаг боловч хэн нь усны хаалтыг нээж усыг доод давхар луу алдуулсан талаар тодорхой бус бөгөөд эдгээр хүмүүсийг хариуцагч болон гэрчээр оролцуулах, татуулахаас татгалзаж байгаа нь дээд айлаасаа хохиролд мөнгө авсан байж болзошгүй юм. Засварчин айлд засвар хийгээд гарсны дараа оршин суугч усны хаалт, тохируулгыг дур мэдэн нээж ус алдуулсан нь тодорхой байхад тус газраас хохирол гаргуулсныг эс зөвшөөрч байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байдлаар үнэлсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч ОСНААУГ-т холбогдуулан гэм хор учруулсны хохиролд 355 400 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг  хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн баримтаар 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Ээрмэл 12 дугаар байрны 40 тоот айлд хариуцагч байгууллагаас засвар үйлчилгээ хийх ажлын явцад засварчин Б.Мөнхбат нь ослын босоо шугамын усыг бүхэлд нь бус тухайн айлд байрлах хэсгээр хааснаас шалтгаалж доод давхрын буюу нэхэмжлэгч Д.Б-ы эзэмшлийн 37 тоотод ус алдаж тааз, хана, хаалга зэрэгт гэмтэл үүсч, нийт 355 400 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.

 

Хариуцагч тал засварын ажил хийлгэсэн 40 тоот айлын оршин суугчдын буруутай үйлдэл буюу өөрийн гэрт байрлах босоо шугамыг дур мэдэн нээсний улмаас ус алдсан, нэхэмжлэгч өөрөө энэ тухай нотлон хэлдэг гэх үндэслэл зааж, нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбараар нотлогдохгүй байна. Нэхэмжлэгчид гэм хор учирсан үйлдэл нь хариуцагч өөрийн буруугаас болоогүйг нотлоогүй тул хуулийн этгээдийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй юм. Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцүүлэн дүгнэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Хэргийн 134 дэх талд авагдсан Техникийн комиссын акт, талуудын тайлбар, гэрч Б.Мөнхбатын мэдүүлэг зэргийг харьцуулан үзвэл хариуцагч байгууллагын засварчин нь хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэх стандарт шаардлагыг хангаж ажиллаагүйн улмаас 40 тоот айлд ус алдаж улмаар нэхэмжлэгчид хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүх талуудын хооронд үүссэн дээрх маргаанд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэж, бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорын хохирлыг хариуцан арилгах, гэмтсэн эд хөрөнгийг өмнөх байдалд сэргээх буюу мөнгөөр нөхөн төлөх үүрэг хүлээх зохицуулалтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Мөн нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрх нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 384 дүгээр тогтоол /хх8-9/, Д.Б-ы оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх5/ зэргээр тогтоогдсон тул тухайн орон сууцны шударга эзэмшигчийн хувьд өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс шаардах эрхтэй юм.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын гаргасан Я.Золбоотыг гэрчээр оролцуулж, мэдүүлэг авах тухай хүсэлтийг /хх47/ шүүх 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШТ2018/00216 дугаартай шүүгчийн захирамжаар /хх48/ түүний оршин суух хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй гэж үзэхгүй.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь н.Ягшаабодь, Я.Золбоо нарыг хамтран хариуцагчаар татах тухай хүсэлт /хх138/ гаргасныг шүүх 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШТ2018/00059 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч тухайн хүсэлтээсээ /хх145/ татгалзжээ. Энэ тохиолдолд хариуцагч тухайн этгээдийг гэрчийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай гэж үзсэн бол түүний оршин суух хаягийг тодорхойлж, энэ талаар дахин хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлсэн гэх байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2018/01742 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 11 320 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                           

                        ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

 

                                                                                    Т.ТУЯА