Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 01215

 

 

 

 

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2019/01215

Улаанбаатар хот

 

                       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                             

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Т.Энхтуяа, Х.Дашдэчмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д. А-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А. В-д холбогдох 

 

Гэм хорын хохиролд 804.609 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.А, хариуцагчийн төлөөлөгч Б.Н, түүний өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Номин нар  оролцов. 

                        

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Д.А би 2019.04.25-ны өдөр 10 цагийн үед Аксент маркийн 0 УБГ дугаартай суудлын автомашинаар зорчин Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Агтан дэлгүүрийн төв зам дээр зорчин явж байхад Тоёота Алмон маркийн 6947 УБВ дугаартай суудлын автомашины жолооч А.В нь туслах замаас орох үедээ мөргөж зам тээврийн осол гаргасан. Тухайн үед би арын суудалд төрсөн дүүгийн охин болох 12 сартай Э.Энх-Уянгийг тэвэрч явсан. Түүний буруутай үйлдлийн улмаас миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Миний бие одоо болтол гэмтлээс болж өвдөж зовиурлаж байгаа. Томографик болон цус шээсний шинжилгээ хийлгэх, эм тарианы эмчилгээ хийлгэж байгаа. А.Вийн буруутай үйлдэл нь Замын цагдаагийн газрын хэргийн газрын үзлэг хийсэн актаар тогтоогдсон. Түүний буруутай үйлдлээс учирсан хохирол болох тархины томографикийн шилжилгээний төлбөр 240,000 төгрөг, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоолгох шинжилгээний төлбөр 8,000 төгрөг, цус шээсний шилжилгээний төлбөр 140,200 төгрөг, миний болон дүүгийн хүүхдийн эм тарианы төлбөр 416,409 төгрөг, нийт 804.609 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Агаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие 2019.04.25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Агийн дотор нь сууж явсан автомашинтай мөргөлдөж зам тээврийн зөрчил гаргасан. Гэхдээ уг зөрчил нь Д.Агийн биед гэмтэл үүсэх хэмжээний зөрчил байгаагүй. Учир нь миний машин 5-10 км/цаг хурдтай тус тус явж байсан. Миний машинд миний 1-4 нас хүртэлх 2 хүүхэд маань сууж явсан бөгөөд уг зам тээврийн ослын зөрчлийн улмаас хэрвээ хүн бэртэх боломжтой байсан бол манай 2 хүүхэд мөн бэртэх байсан. Нэхэмжлэгч зэм тээврийн зөрчил гаргасан үйл явдлыг далимдуулан их хэмжээний мөнгө авах зорилготой байсан нь анхнаасаа илэрхий байсан. Тэрээр хөнгөн гэмтэл авсан гэх боловч уг гэмтэл нь зөрчил гаргахаас өмнө үүссэн эсэх, зөрчлийн улмаас үүссэн эсэх нь тодорхойгүй. Илтэд их мөнгө нэхэж байсан ба би жолооны эрхээ хасуулахгүйн тулд түүнтэй тохиролцохыг хүссэн боловч 1-2 сая төгрөг өг гэж шантаажилсан. Би тийм их хэмжээний мөнгө өгөх боломжгүй тул жолооны эрхээ хасуулсан. Уг зөрчлийн улмаас хүн бэртэх хэмжээний хурд, хүчтэй яваагүй, би болон миний хүүхдүүд, нөгөө автомашины жолооч нарын биед ямар ч бэртэл үүсээгүй, хүн бэртэх хэмжээний хүчтэй мөргөлдөөгүй, 2 автомашин хөнгөн байдлаар шүргэлцэж өнгөрөх төдий хүрсэн. Зам тээврийн зөрчлийг далимдуулан мөнгө нэхэмжилж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. 

 

            Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад

 

Үндэслэх нь:

 

            Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч А.Вид холбогдуулан  гэм хорын хохиролд 804.609 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

            Хариуцагч А.В нь 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цаг 10 минутын орчим Чингэлтэй дүүргийн нутаг 17 дугаар хороо, Ачтан дэлгүүрийн зүүн замд Тоёото Аллион маркийн 6947 УБВ маркийн автомашиныг жолоодож явахдаа  зам тээврийн осол гаргаж, Монгол Улсын ЗХД-ийн 10.3-д заасныг зөрчиж, Хюндэй аксент маркын 3843 УБГ улсын дугаартай автомашинд зорчиж явсан нэхэмжлэгч Д.Агийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь зохигчдын тайлбар, 2019.04.30-ны өдрийн №5175 дугаар Шүүхийн шилжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт, Д.Агийн биед учирсан гэмтлийн гэрэл зургууд, шинжилгээний болонх эмчилгээний баримтуудаар нотлогдлоо.

 

            Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч А.Вид холбогдох хэрэгт зам тээврийн зөрчлийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд гаргасан эмчилгээний зардлыг нэхэмжилсэн.

 

            Хариуцагч талаас нэхэмжлэгчийн биед гэмтэл учраагүй тул нэхэмжилж байгаа үнийн дүнг төлөх боломжгүй гэж маргасан.

 

            Нэхэмжлэгч Д.А нь өөрөө болон дүүгийн хүүхэд нь дээрх зам тээврийн улмаас гэмтэж эмчлүүлсэн  гэж тайлбарлаж байх тул, нэхэмжлэгчийн тархины томографийн шилжилгээний төлбөр 120,000 төгрөг, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоолгох шинжилгээний төлбөр 8.000 төгрөг, эм тариа эмчилгээний төлбөрт 46.500+2025+14.700+14.500+93.000 +5128+19.356 төгрөг бүгд 323.209 төгрөгийг гаргуулж, нотлох баримтын шаардлага хангаагүй болон дүүгийн хүүхдийн эмчилгээ, шинжилгээний төлбөр гэж нэхэмжилсэн үлдэх 481.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

            Нэхэмжлэгч Д.Ад Э.Энх-уянгын /дүүгийн хүүхэд гэх/ эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг олгосон тухай нотлох баримтгүй байх бөгөөд Э.Энх-уянгын хууль ёсны төлөөлөгч нь жичдээ нэхэмжлэлээ гаргах эрхтэйг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

             1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч А.Воос 323.209 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч Д.Ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 481.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

           

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.846 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А.Воос 10.346 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ад  олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч шийдвэрийг гардан авснаас хойш14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

                                        ШҮҮГЧИД                                       Т.ЭНХТУЯА

 

                                                                                                Х.ДАШДЭЧМАА