Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 1148

 

2020          09            08                                         2020/ДШМ/1148

Б.Б, У.У нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Анхбаяр,

яллагдагч У.Уын өмгөөлөгч О.Санчирбал,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 2020/ШЗ/1402 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагч У.Уын өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан давж заалдах гомдлоор Б.Б, У.У нарт холбогдох эрүүгийн 2005008280370 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.

1. .................., 19....... оны ........ дугаар сарын ........... ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч нарын хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ревер стон 24а-2-314 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....................../;

2. ................ , 19........... оны ........... дугаар сарын ..........................-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгэл судлаач, техникийн мэргэжлийн орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, охины хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 49-42 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.........................../,

Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар албадлагын арга хэмжээ хэрэглэж, эцэг эхийн хяналтанд өгсөн,

Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 408 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

Б.Б, У.У нар нь бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Централ” зочид буудлын 202 тоот өрөөнд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, иргэн Э.Энхтуулын эзэмшлийн “Самсунг А70” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Б, У.У нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэрэгт мөрдөгчийн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолоор мөн өдөр шинжээчийн дүгнэлт гарсан байна. /хх 21-27/ Тус шинжээчийн дүгнэлтийг 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр гэрч У.У, Б.Б нарт танилцуулсан /хх 25, 27/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, хуульд хэрэглэсэн нэр томъёоны тодорхойлолтыг тодруулбал гэрч, шүүгдэгчийг хэрхэн ямар утгаар ойлгох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлд тодорхой зааж зохицуулсан байна. Мөн хуулийн 27.7 дугаар зүйлд оролцогч буюу шүүгдэгчид шинжээчийн дүгнэлтийг хэрхэн танилцуулах, дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах эрхийг тус тус зохицуулжээ. Гэтэл хэрэгт хууль зөрчиж гэрч У.У, Б.Б нарт шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан нь тэдний энэхүү эрхийг эдлүүлээгүй, эдлэх боломжоор хангаагүй байна. Мөн яллагдагч У.У Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 408 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байх бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг яллагдагч хэрхэн биелүүлсэн эсэх талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Энэ нь яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тогтоох хууль зүйн боломжгүй нөхцөл байдал үүсэх юм. Иймд У.У, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж, хэрэг прокурорт очтол яллагдагч У.У, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Яллагдагч У.Уын өмгөөлөгч О.Санчирбал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15 дахь хэсэгт зааснаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгахаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэсэн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт нийт 7 асуудлыг тавьсан. Үүнээс 2 асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Миний зүгээс үлдсэн 5 асуудлыг заавал шалгах ёстой гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурор хэргийг тал бүрээс нь шалгах үүрэгтэй учир дээрх ажиллагааг хийх ёстой гэх үндэслэлийг тавьсан. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд Наранцэцэг гэх хүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоох шаардлагатай гэж үзэж байна.  Наранцэцэг гэх хүн гэрчээр мэдүүлэг өгөхдөө “би тухайн гар утсыг ломбарднаас 350.000 төгрөгөөр авсан” гэж мэдүүлсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний нэхэмжлэгчээр тогтоох шаардлагатай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар “Шинжээч томилох шийдвэрт шинжилгээ хийлгэх үндэслэл, шинжилгээний байгууллагын болон шинжээчийн нэр, шинжээчид тавих асуулт, шинжилгээ хийж дүгнэлт гаргах хугацаа, шинжээчийн мэдэлд шилжүүлэн өгсөн эд мөрийн баримтын талаарх мэдээллийг тусгана” гэж хуульд заасан. Шинжээч томилсон тогтоолтой зөвхөн нэг шинжээч эрх үүрэгтэйгээ танилцаж тогтоолыг гардаж авсан. Гэтэл 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр дүгнэлт гаргахдаа Амар, Цэнгэл 3 дахь шинжээч нь хэн гэдэг нь тодорхойгүй байна. Хэн нь эрх үүрэгтэйгээ танилцсан, ямар үндэслэлээр шинжээчийн дүгнэлт гарсан нь тодорхойгүй. Хавтаст хэргийн 30-31 дүгээр талд авагдсан “Самсунг” загварын гар утсыг Энхтөр гэх хүн “Мобиком” ХХК-аас зээлээр худалдан авсан. Прокурор яллах дүгнэлтдээ иргэн Э.Энхтуулын эзэмшлийн “Самсунг А70” загварын гар утас хулгайд алдагдсан гэж дурдсан. Энхтуул гар утасны эзэмшигч юм уу эсвэл Энхтөр эзэмшигч үү гэх асуудал үүсэж байна. Иргэний хуулийн 89.2 дугаар зүйлд зааснаар “Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна.” гэсэн хуулийн заалт байна. Тухайн эд хөрөнгийн хохирогч нь хэн юм бэ. Энхтөрийн эрх ашиг хөндөгдөнө. Энэ хүнийг яагаад иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй юм бэ. Тухайн хүнийг шударга эзэмшигч, хууль ёсны эзэмшигч мөн эсэхийг тогтоох ёстой. Гэтэл үүнийг огт шалгалгүйгээр гар утсыг барьж байсан хүнийг хохирогчоор тогтоосон нь хуулийг ноцтой зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “нотолбол зохих байдал” гэж байгаа. Баясах нь тухайн гар утсыг ломбарданд тавихдаа Унаганхүүтэй хамт ломбарданд тавьсан байсан. Энэ нь мөнгө угаах гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгуулах хүсэлт гаргасан. Энэ талаар Унаганхүү мэдүүлэхдээ “би тэр утсыг ломбарданд тавьсаныг мэдсэн, мөнгийг хамт үрэлцсэн” гэж тодорхой яриагүй ч гэсэн мөрдөн байцаалтын явцад шалгаж тогтоох нь шударга ёсны зарчимд нийцнэ. 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр прокурор эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоолдоо нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг тогтоолыг яллагдагч нар хэргийн материал танилцсаны дараа танилцуулсан. Энэ нь өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг ноцтой зөрчсөн. Дээрх ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд хийсний дараа гэм буруугийн асуудлыг хэлэлцэх боломжтой гэж давж заалдах гомдол гаргасан. Иймд анхан шатны шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Б.Б, У.У нарт холбогдох хэргийг 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг прокурорт буцаах захирамж гарсан. Өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн талаар анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцсэн. Энэ хэрэгт прокурорын эсэргүүцэл бичсэн хэдий ч манай ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас хугацаандаа хүргэгдэж очоогүй. Би урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлд шийтгэх тогтоолын хуулбар гаргаж өгөх хүсэлт гаргасан хэдий ч хүлээж аваагүй. Захирамжид дурдсан асуудлыг заавал мөрдөн шалгах ажиллагаагаар хийх шаардлагагүй гэж үзэж байна. Б.Б, У.У нарт шинжээчийн дүгнэлтийг танилцуулж, эрхээр нь хангаж байсан. Прокурор хэргийг шүүхэд шилжүүлж яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах шатанд гар утасны хохирлын үнэлгээг нэг бүрчлэн танилцуулсан баримт хэрэгт авагдсан. Энэхүү хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Баясахын эх Наранцэцэг хүүгийнхээ өр төлбөрийг төлсөн. Энхтуулын эзэмшлийн гар утсыг ломбарднаас хураан авч хохирогчид гардуулан өгсөн. Иймд гуравдагч этгээдийг хохирогчоор тогтоон хууль ёсны эзэмшигч мөн эсэх гэж маргах нь учир дутагдалтай гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд гэм буруугийн асуудлыг хэлэлцэх бүрэн боломжтой гэж үзэж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Б.Б, У.У нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 2020/ШЗ/1402 дугаартай шүүгчийн захирамж нь үндэслэл муутай болжээ.

            Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хэмжээнд яллагдагч Б.Б, У.У нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна гэж үзэв.

            Учир нь, яллагдагч У.Уын Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 408 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн шийдвэр биелэгдсэн эсэх талаар шүүх хуралдааны явцад прокуророос асууж тодруулах байдлаар шийдвэрлэх боломжтой байна.

            Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтийг 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр гэрч У.У, Б.Б нарт танилцуулсан байх боловч яллагдагч нар өмнө нь гэрчээр мэдүүлэг өгч байсан ба яллагдагч У.У, Б.Б нар нь ямар хэрэгт сэжиглэгдэж байгаагаа мэдэж, энэ талаараа тайлбар, мэдүүлэг өгч байжээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасны дагуу хэрэгт холбоотой гэрч, хохирогч, шинжээч, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гарган тэднийг шүүх хуралдаанд оролцуулж, хэргийн бодит байдлыг нотлох ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой байна.

            Түүнчлэн яллагдагч, түүний өмгөөлөгч нараас шүүхэд дээрх хүсэлтийг гарган шийдвэрлүүлэх, хэргийн нөхцөл байдлыг мэтгэлзээн явуулж үндэслэлтэй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн тус тус зохицуулалтад нийцнэ гэж үзлээ.

            Иймд анхан шатны шүүх хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэмжээнд яллагдагч нарын гэм буруутай эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж, яллагдагч У.Уын өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Б.Б, У.У нарт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 2020/ШЗ/1402 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Б.Б, У.У нарт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Яллагдагч Б.Б, У.У нарыг шүүхэд шилжүүлэх хүртэл тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                                        Б.АРИУНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ