Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/110

 

 

 

 

 

 

 

    2021         02           05                          2021/ШЦТ/110

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга, 

улсын яллагч Г.Намжил,

хохирогч Э.Э-,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

шүүгдэгч У.У, түүний өмгөөлөгч О.Санчирбал,

гэрч Н.С, О.А, Э.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Б-гийн Б, Б- овогт У-ын У нарт холбогдох эрүүгийн ___ дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгэл судлаач, техникийн мэргэжлийн орчуулагч мэргэжилтэй, “___/, Б- овогт У-ын У,

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ____/, Чулуут овогт Б-гийн Б.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч У.У, Б.Б нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ц” зочид буудлын 202 тоот өрөөнд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, иргэн Э.Э-ийн эзэмшлийн Samsung А-70 /Самсунг А-70/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, бусдад 700.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад                                            

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ:

“...Бид хоёр өглөө буудалд ороод архи ууж байгаад унтсан. Унтаад сэрсэн чинь У.Уын найзууд бас нэг ах нь ирсэн байсан. Тэгээд удалгүй найзууд нь явахдаа гал аваад явчихсан байсан учраас хажуу өрөөнөөс гал асуухад нэг залуу гарч ирээд гал өгсөн. Дараа нь би дахин өөр өрөөнөөс гал асуухад тэр өрөөнд байсан ах нартай маргалдсан. Тэгтэл У.У би гал олоод ирье гээд гарч яваад удалгүй орж ирэхдээ гар утас аваад ирэхэд нь энэ юун утас вэ, хэрэгт орох гэж байгаа юм гэж хэлсэн. Өглөө гарахад тухайн утас буудлын ширээн дээр байхаар авч гараад маргааш нь ломбарданд тавьсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.У мэдүүлэхдээ:

“...2019 оны 2 дугаар сард болсон. Б бид хоёр тухайн буудлын өрөөнд хамт байсан. Бид хоёр дээр манай нэг найз ирээд явахдаа бид хоёрын галыг аваад явсан байсан. Миний зүгээс хажуу өрөөний хүнээсээ гал асуусан. Мөн булангийн өрөөнд байсан хэдэн залуучуудаас гал асууж байгаад тэдэнтэй маргалдсан. Маргалдаж байхад буудлын хамгаалагч нар ирээд салгасан. Дараа нь хохирогчийн өрөөнд дахин ороод амьсгаагаа дараад сууж байхад Б.Б нөгөө хүмүүсийг явуулсан гээд орж ирсэн. Маргааш нь миний хаан банкны карт байхгүй байсан. Би тухайн буудал руу очоод миний карт байхгүй байгаа талаар асууж үзэхэд ээлж солигдсон тул өмнө гарсан хүний дугаарыг надад өгсөн. Би тухайн хүн рүү залгаж картаа асуухад урдаас танай хажуу өрөөний охин утсаа алдсан байна, тэр утсыг нь харсан уу гэж асуухаар нь би Б.Б аваад явсан гэж хэлсэн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Э- мэдүүлэхдээ:

 “...Би хоёр найзтайгаа уулзаж караокед орж байгаад буудал руу орсон. Эхлээд Б.Б ирээд гал асуусан, дараад нь У.У ирээд гал асуусан... Миний хувьд өөрийнхөө гар утсыг дэрэн доор хийгээд унтсан боловч өглөө сэрэхэд байгаагүй. Тэгээд цагдаа дуудаад цагдаагийн газар луу очиход ардаас тухайн буудлын хүн залгаад чиний утсыг У.У аваад явсан байна гэж хэлсэн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч О.А мэдүүлэхдээ:

“...Буудлын өрөөнд Энхболд, А-, Э- бид дөрөв орсон. Өрөөнд ороод нэг ширхэг том пиво уусан... Гар дээрээ шивээстэй хүн манай хаалгыг цохиод гал асуухаар нь тэр хүнд А- асаагуур өгсөн. Тухайн хүн цээж нүцгэн байсан ба шүүх хуралдааны танхимд сууж байгаа 2 хүний наад талд нь сууж байгаа эрэгтэй нь /У.Уыг заав/ байсан. Тэгээд Э-, А- хоёр хамт унтсан. С гараад явсан ба түүнийг гарч явснаас хойш хаалгаа цоожлоогүй. Тэгээд намайг унтаж байхад хоёр хүн орж ирсэн. Энэ хэрэг гараад 1 жилийн хугацаа өнгөрсөн тул би болсон асуудлыг сайн санахгүй байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.С мэдүүлэхдээ:

 “...Буудал орохоос өмнө би согтууруулах ундаа хэрэглээгүй. Учир нь би маргааш өглөө нь эрт ажилтай байсан. Намайг буудлын өрөөнд байхад хэн нэгэн хаалга цохиогүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Э.Н мэдүүлэхдээ:

“...Тухайн үед юу болсон талаар асуухад У.У Б.Б бид хоёр хулгай хийгээгүй гэж хэлээд ломбарднаас гар утас авсан ба би мөнгийг нь төлсөн. Б.Б “миний буруу гэж байхгүй. У.У намайг дуудахаар нь яваад очтол гар утас андуураад аваад гараад ирсэн” гэж хэлсэн... мөн Б.Б надад ломбарданд гар утас тавьсан талаар хэлсэн. У.У бид хоёр тухайн гар утасыг ломбарднаас очиж авсан. Тэгээд надад “бид хоёр буудалд архи ууж байгаад хүний утас андуураад авсан” гэж хэлсэн. Би хүүтэйгээ энэ асуудал болсноос хойш 3-4 хоногийн дараа уулзсан...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

хохирогч Э.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...Би 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 23 цагийн үед “Ц” зочид буудалд орсон. Тэгээд  уг буудалд А-ын хамт 202 тоот өрөөнд хамт унтахдаа хэдэн цаг болж байгааг мэдэх гээд гар утасныхаа цагийг харахад 01 цаг 15 минут болж байхаар нь утсаа түгжиж хаагаад дэрнийхээ доор хийж унтсан юм, намайг дэрэн доороо утсаа хийж байхыг А- харсан уу, үгүй юу гэдгийг мэдэхгүй байна, ямар ч байсан миний гар утас 202 тоот өрөөнөөс алдагдсан. Өглөө 7 цагт сэрээд харахад миний гар утас байгаагүй. Намайг унтаж байхдаа хөдлөхөд утас дэрэн доороос ил гарч ирсэн байж болно. Намайг Самсунг А70 загварын утастай гэдгийг надтай хамт нэг өрөөнд байсан А, А-, С нар мэдэж байсан. Миний бодлоор Б гэх залуу миний утсыг ломбардад тавьж зарсан, харин тэр Уыг сайн мэдэхгүй, ямар ч  байсан  У, Б нар хамт 204 тоот өрөөнд байсан. Хэн нэг нь гар утсыг авсан байхад нэгнийгээ мэдэхгүй байна гэж байхгүй. Энэ хоёр миний утас алга болсон асуудалд хоёулаа холбоотой гэж бодож байна... А-, А, С бид нар У, Б нартай хамт архи уугаагүй ба тэд манай өрөөнд орж ирээгүй. Мөн бид нар 204 тоот өрөө рүү ороогүй. Бид нарыг 202 тоот өрөөнд орчихоод байж байтал 00 цаг өнгөрч байх үед У  өрөөний хаалга тогшоод байхаар нь А- хаалга нээж өгөхөд У тамхи татах гэж байгаа бололтой гал байна уу гэж асууж байхыг нь бид нар сонссон. А- хаалганы хажууд зогсож байгаад асаагуураа хэрэглүүлчихээд буцаагаад авч байсан. Бид нар бүгд унтсан, Н.С 02 цагийн үед гарч явсан байсан. Тэр үед А унтаагүй байсан болохоор С-ийг гарч явсан гэдгийг мэдэж байсан... Унтаж амрах гэж байх үед С Атай маргалдаад байсан. Тэгээд С гэр рүүгээ явсан байх А нь А- бид хоёртой хамт нэг орон дээр унтсан, А А- бид хоёрын хажуугаар орон дээр хаалга талд унтаж байхад нь Аыг шөнө дунд нэг хүн сэрээгээд орноосоо уналаа, цааш хэвтээч гэхээр нь юун хүмүүс вэ, гарцгаа гээд хаалгаа цоожилсон юм байна лээ. Тэгтэл нэг залуу нь бидний унтаж байсан орны хажууд зогсож байсан гэсэн. Нөгөө залуу нь ариун цэврийн өрөөний хажууд буюу хаалганы үүдэнд зогсож байсан гэсэн. Тухайн үед А нойрмог байсан болоод сайн анзаараагүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46-рт/, 

 

гэрч О.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 21 цаг өнгөрч байж байтал Э- залгаад хүрээд ир, А С гэх хүмүүстэй байна, ирээд танилц гэж хэлэхээр нь хэсэг байж байгаад 00 цагийн үед уг буудлын 202 тоот өрөөнд очтол Э-, А нар байсан. Мөн Аын найз залуу болох нэг танихгүй залуу байсан. Тэгээд Стай танилцаад нэг том пиво уунгаа юм ярьж байгаад 00 цаг өнгөрч байх үед унтацгаахаар болоод би Э-тай хаалга талын орон дээр хамт хэвтсэн. Тэгсэн А, С хоёр цонхон талын нөгөө орон дээр хамт юм яриад сууж байсан. Тэгээд би удалгүй унтсан. Э- хэзээ унтсан талаар мэдээгүй. Маргааш өглөө нь бид нар 7 цагийн үед сэртэл Э-ын “Самсунг А70” загварын гар утас алга болоод цагдаа дуудсан. Тэгж байтал гаднаас С орж ирсэн. Саас Э-ын гар утас алга болсон байна чи харсан уу гэж асуухад “би аваагүй 3 цаг өнгөрч байх үед гэр рүүгээ яваад 6 цаг өнгөрөөж сэрээд хүрээд ирлээ” гэж хэлсэн. Тухайн шөнө Э-тай хамт унтах үед Э- өөрийнхөө “Самсунг А70” загварын гар утсыг дэрэн доороо хийж байгааг харсан. Тэгсэн сүүлд нь Э-ын утсыг Б гэх нэртэй залуу ломбарданд тавьсан сураг гарсан. Миний бодлоор биднийг 202 тоот өрөөнд суугаад юм ярьж байх үед хаалга тогшоод байхаар нь би хаалга онгойлгоод хартал цээж нүцгэн цээжэн дээрээ шивээстэй бор залуу гал байна уу гэж асуухаар нь би хаалганы наана, цаана зогсож байгаад галаа хэрэглүүлчихээд эргүүлээд хаалгаа түгжсэн. Тэгээд хэдэн минутын дараа дахиад хаалга тогшихоор нь хаалгаа онгойлготол мөн л нөгөө залуу цээж нүцгэн зогсож байхаар нь галаа хэрэглүүлчихээд эргээд хаалгаа хаасан. Тэгээд бид унтаж амарсан. Шөнө хүн орж ирсэн үү гэдгийг мэдэхгүй унтаж байсан. Миний бодлоор тэр буудалд 204 тоот өрөөнд У, Б гэсэн залуучууд байж байгаад гарсан гэсэн. Гэтэл Б гэх залуу яагаад ч юм Э-ын гар утсыг ломбарданд тавьж ээж нь гэх Н гэдэг хүн тухайн гар утсыг ломбарднаас аваад мөрдөгчид өгсөн гэсэн. Өнөөдөр Э- утсаа цагдаагаас авсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-рт/,

 

гэрч О.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 02 дугаар сарын 15-ны орой 22 цаг өнгөрч байх үед найзууд болох С, Э- нарын хамтаар “Ц” зочид буудалд Сийн бичиг баримтаар 202 тоот өрөөнд төлбөрөө төлж орсон. Тэгээд удалгүй Э- найз залуу болох А-ыг буудалд хүрээд ир гэж дуудсан. А- 23 цаг өнгөрч байхад буудлын өрөөнд орж ирсэн санагдаж байна. Бид нар нэг 2.5 граммын пиво хувааж уугаад байж байтал хаалга тогшихоор нь А- хаалга нээтэл хаалганы цаана нэг эрэгтэй хүн гал байна уу гэж асуухаар нь А- галаа хэрэглүүлж байсан. Тэр залуу өрөөнд орж ирээгүй ба тамхиа асаачихаад эргээд явчихсан. А- тухайн гал асуусан залууг цээж нүцгэн байна гэж хэлж байсан. Тэгээд бид нар үргэлжлүүлэн юм яриад сууж байтал ахиад 00 цагийн үед дахиад хаалга тогшихоор нь би хаалга нээтэл нэг намхандуу бор царайтай залуу гал байна уу гэж асуухаар нь байхгүй гэж хэлтэл түрүүн байсан шүү дээ гэж хэлэхээр нь одоо гал байхгүй байна гэж хэлээд явуулсан. Тэр залуу хувцастай байсан... Тэгээд бид нар 00 цаг өнгөрч байхад унтаж амрахаар болоод Э-, А- хоёр хаалган талын орон дээр хамт хэвтсэн. Би хаалган талын орон дээр Стай хамт сууж байсан. С бид хоёр юм ярьж сууж байгаад маргалдаж эхлээд би Э-ын орон дээр ирээд хаалган талын захад хэвтсэн. С нөгөө талын орон дээр сууж үлдсэн ба удалгүй өрөөнөөс гараад явсан. Тухайн үед 02 цаг өнгөрсөн байсан санагдаж байна. Би Сийг явсны дараа удалгүй унтсан. А-, Э- хоёр унтчихсан байсан. Тэгээд нэг хүн гараас татаад орноосоо уналаа гэж хэлэхээр нь би сэрээд ямар учиртай хүмүүс вэ гэж хэлээд тэр хүн рүү харахад цээж нүцгэн эрэгтэй хүн орны дэргэд зогсож байсан. Цаана нь нэг залуу манай ариун цэврийн өрөөнөөс гарч ирж байх шиг харагдсан. Тэгээд тэр залуу өрөөнөөс гараад явчихсан. Харин цээж нүцгэн залууг би өрөөнөөс түлхэж гаргахад тэр залуу юм дуугараагүй өрөөнөөс гараад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-рт/,

 

гэрч Н.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 02 дугаар сарын 15-ны орой 22 цаг 43 минутад Э-, А бид гурав буудалд ороод хоёр давхрын 202 тоот өрөөнд орсон, өрөөнд орохоос өмнө нэг ширхэг 2.5 граммын пиво авсан. Бид гурав тухайн пивыг хувааж ууж байгаад Э- найз залуугаа дуудсан. А- 00 цаг өнгөрч байх үед ирсэн. Тэгээд бид нартай пиво ууж байгаад А-, Э- нар хамт унтсан. А бид хоёр юм яриад сууж байтал А А-, Э- хоёрын орон дээр очиж хэвтсэн. Тэгэхээр нь би ганцаараа хэвтэж байгаад 3 цаг болж байх үед гэнэт гэр рүүгээ харимаар санагдаад гэр рүүгээ явсан. Би тухайн буудлын ресепшинд бичиг баримтаа үлдээсэн байсан тул 7 цагийн үед тухайн буудал руу очсон. Гэтэл Э- гар утас алга болчихсон гээд цагдаад дуудлага өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50-рт/,

 

гэрч Н.Гэрэлтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 02 дугаар сарын 21-ний өглөө “ Ц” зочид буудал дээр ажилдаа гарах гээд 08 цаг 30 минутын үед ирээд ажлаа хийж байгаад О- эгч бид хоёр буудлын үйлчлэгчийн камертай өрөөнд юм ярьж байтал О- эгч 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө 202 тоот өрөөнд орсон хүмүүсийн утас нь алга болчихсон байсан... Гар утас алга болсны дараагаар 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гаднаас Уыг орж ирэхээр нь О- эгч урьд шөнө орсон хүмүүсийн гар утас алга болсон гээд цагдаа дуудсан гэж Уад хэлээд “чи гар утсыг нь авчихсан юм уу гэж асуусан гэсэн. Гэтэл У мэдэхгүй, харин тийм юм шиг байна, надтай хамт явсан хүүхэд нэг утас авсан юм шиг байна лээ гэж хэлсэн гэсэн. Мөн тухайн шөнө камерын бичлэг шүүх гэтэл бичлэг хадгалагдаагүй байсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54-рт/,

 

гэрч Х.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 12 цагийн үед “Ц” зочид буудалд ажлаа хүлээн авсан. 2 давхрын 204 тоот өрөөнд У нэг танихгүй залуутай орчихсон байсан, би У гэх залууг мэддэг, манайхаар байнга орж ирдэг. Тэгээд би бүртгэл харахад 9 өнгөрч байхад орж ирсэн байсан ба 2 давхарт өөр өрөөнд хүн ороогүй байсан. Нэг давхарт хүнгүй байсан санагдаж байна. Тэгээд би үүргээ гүйцэтгэж байтал 22 цаг өнгөрч байтал С гэх хүний бичиг баримтаар хүмүүс 2 давхрын 202 тоот өрөөнд орсон. Тэгээд 00 цаг өнгөрч байсан санагдаж байна, намайг нэг давхрын камерын өрөөнд сууж байхад 2 давхрын коридор хэсэгт У 202 өрөөний хүмүүстэй маргалдаж байгаа нь камерт харагдахаар нь дээшээ хамгаалагч Б-ийн хамтаар очтол У 202 тоот өрөөний 3 хүний нэгэнтэй нь маргалдаад зогсож байсан, хажууд нь өрөөнийх нь хүмүүс байсан. Мөн Утай хамт өрөөнд орсон залуу хажууд нь болиулах гээд зогсож байхаар нь хамгаалагч Б-, мөн Утай хамт байсан залуу бид хэд нийлж байгаад маргааныг болиулсан. У хамт явж байсан залуутайгаа өөрсдийн өрөө рүүгээ орж байгааг харсан. Хамгаалагч Б- бид хоёр маргалдсан гэх хүмүүсийг бүгдийг нь өрөө өрөө рүү нь оруулаад доош буусан...” гэх мэдүүлэг/ хх-ийн 54-рт/,

 

гэрч Ш.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “Ц” зочид буудалд орой 20 цагаас эхэлж жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн. Би буудлын ресепшинтэй хамт байдаг юм. Тэгээд 20 цагт ирээд буудалд байх хугацаандаа камерын хяналтыг хардаг. Тэгтэл нэлээн орой болсон үед 2 давхрын коридор хэсэгт 204 тоот өрөөний хоёр залуу 202 тоот өрөөний хүмүүстэй бөөгнөрөөд байхаар нь үйлчлэгч бид 2 хамт дээшээ гарч тэд нарын маргааныг болиулсан. 204 тоот өрөөний 2 залуу өрөө рүүгээ орсон. Нөгөө өрөөний хүмүүс ч өрөө рүүгээ орсон. Тэгээд 204 тоот өрөөний хүмүүс нилээн орой өрөөнөөсөө гараад явж байсан. 202 тоот өрөөний хүмүүс гар утас алга болсон гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-рт/,

 

гэрч Б.У-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 16 цагаас 17 цагийн хооронд намайг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны газар нутагт байрлах 19-р байрны Өргөтгөлд байрлах L24 нэртэй ломбардаа ажиллуулж байхад гаднаас өндөр нам хоёр залуу орж ирээд гар утас авч байгаа юу? гэж асуухаар нь авч байгаа гэтэл хар өнгийн Самсунг А70 загварын гар утас үзүүлэн, би уг утсыг үзтэл асаалттай мөн уг утсанд дугаар байсан угаасаа ломбарданд утас авахдаа утсыг хэвийн ажиллагаатай байна уу? гэдгийг мэдэх гэж хэн нэгэн рүү залгаж үзэж ярьдаг юм. Тухайн үед уг утсаар би өөрийнхөө 80081313 гэсэн тоот дугаар луу залгаж үзэж байсан санагдаж байна тухайн утсанд Мобикомын дугаар байх шиг байсан санагдаж байна. Яг ямар дугаар байсныг одоо санахгүй байна. Тэгээд уг утсыг авахаар болоход намхан биетэй залуу нь хэдээр авах юм бэ гэхээр нь би 300.000-аас 350.000 төгрөгийн хооронд авч болно гэтэл тэр намхан биетэй туранхайдуу залуу за за та 350.000 төгрөгөөр авчих гэхээр нь би бичиг баримтаа өг гэтэл Б-гийн Б гэсэн нэртэй иргэний үнэмлэх гаргаж өгөхөөр нь царайг нь тулгаж хартал мөн байх шиг байхаар нь би барьцаат зээлийн гэрээн дээр бүртгэж аваад бичиг баримтыг нь буцааж өгөөд 350.000 төгрөгийг өөрийн 5059230442 тоот данснаас Б.Бын 5174026230 тоот данс руу шилжүүлэн өгсөн юм. Б өөрийнх нь ойролцоо насны нэг өндөр залуутай хамт явж байсан, нэрийг нь мэдэхгүй, тэр залуу тухайн үед янз бүрийн юм яриагүй зогсоод байсан санагдаж байна тэгээд тэр өдрөөс хойш дөрөв хоногийн дараа санагдаж байна, орой хаах гэж байхад 21 цагийн үед Б гэж залуу гаднаас орж ирээд гар утсаа авах гэсэн юм гээд одоо мөнгө шилжээд ороод ирнэ гээд зогсоод байсан, хаалганы цаана машинтай хүмүүстэй хамт явж байгаа юм шиг байсан. Б утсаар ээжтэйгээ яриад байх шиг байсан, та мөнгөө одоо шилжүүлчих, би одоо аваад очно гэсэн үг хэллэг хэрэглэж байснаа та итгэхгүй бол ломбардны хүнтэй ярь гээд надад утсаа өгөхөөр нь утсаар нь ярьтал ээж бололтой нэг эгч ярихаар нь би ломбардны хүн байна, та мөнгөө шилжүүлчих үү гэсэн чинь наад хүүхэд чинь өдөр надаас ломбарднаас авна гээд мөнгө авсан шүү дээ тэр мөнгийг наад хүүхэд чинь үрчихсэн байна гэж хэлээд, одоо мөнгө өгч чадахгүй ээ, би өглөө хүнээс мөнгө зээлээд наад утсыг чинь очиж авна. Наад хүүдээ битгий утсыг нь өгөөрэй гэхээр нь за гэж хэлээд утсыг нь өгөөгүй тэгсэн Б юм яриагүй за за гэж хэлээд гараад явсан юм. Нэмж хэлэхэд тухайн гар утас асаалттай байсан юм, мөн дугаар байршуулсан байсан, би ямар ч байсан утсыг нь залгаж үзэж байж авсан юм харин галлерей дотор элдэв янзын зураг байгаагүй мэдээлэл байхгүй байсан юм, мөн хоёр гурван дугаар луу дуудлага гадагшаа хийсэн байсан юм, мессеж байгаагүй юм, тухайн үед Б уг утсыг лизингээр авсан шинэ утас гэж надад хэлсэн  юм...” гэх мэдүүлэг /хх 56-рт/,

 

гэрч Э.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр цагдаагаас утсаар залгаад Бын ээж үү гэж асуугаад танай хүү Б буудлаас утас алга болсон хэрэгт шалгагдаж байна, цагдаа дээр ирэхгүй байна, алдагдсан утас нь танай хүүд байгаа юм шиг байна гэж хэлэхэд Баас юун цагдаагаас утасны асуудал яриад байгаа юм гэж асуухад Б тиймээ надад тэр гар утас нь байгаа, одоо би гар утсыг нь өгчихнөө гэж хэлэхээр нь өгчих  юм байх гэж бодоод байж байтал маргааш нь цагдаагаас залгаад мөн утасны талаар яриад өгөөгүй гээд мөн Быг сураад байхаар нь Б руу удаа дараа ярьж утсыг нь өг гэж хэлсэн юм. Тэгсэн сүүлдээ гэртээ хоёр хоног ирээгүй алга болсон би араас нь утсаар холбоо барьж байгаад гар утасных нь сургийг гаргахад Улаанбаатар их дэлгүүрийн хойд хэсэгт байх L24 нэртэй ломбарданд тавьсан гэж Быг хэлэхээр нь Бтай хамт буудалд орсон гэх Утай хамт 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр уг ломбардан дээр ирэн уг утсыг ломбардны хүнээс асуухад Б өөрийнхөө нэрээр 350.000 төгрөгөнд уг Самсунг А70 загварын гар утсыг тавьсан байсныг би өөрийнхөө эд зүйлийг оронд нь тавьж байгаад уг утсыг аваад цагдаа дээр ирээд мөрдөгчид хураалгасан юм, утас хураалгасны хоёр хоногийн дараа байх Б гэртээ ирэхээр нь цагдаа дээр дагуулж ирсэн. Мөрдөгч Баас гэрчийн мэдүүлэг авсан, би мэдүүлэг өгсний дараа юу болсон талаар Баас гэртээ очоод асуухад би Утай хамт Ц зочид буудалд ороод байж байтал анх У уг утсыг өөр өрөөнөөс аваад гараад ирсэн юм тэгээд би ломбарданд тавьсан гэж хэлэхээр нь би Бад чи тэр дор нь цагдаагаас ярихаар нь шууд очоод үнэнээ хэлээд асуудлаа шийдүүлэхгүй яасан юм бэ? гэж хэлэхэд У намайг битгий цагдаа дээр ирээрэй би энд цагдаа дээр бүгдийг нь зохицуулна гэж хэлээд байхаар нь би итгээд очоогүй юм гэж надад хэлсэн юм. Миний хувьд бол У үнэхээрийн буруугүй бол миний хүү Быг битгий ир гэж хэлдэг нь яаж байгаа юм, өөрөө буруутай болоод л Быг ирээд үнэнийг хэлчих байх гэж бодоод битгий ирээрэй гэж байгаа юм биш үү...” гэх мэдүүлэг /хх 57-рт/,

 

шүүгдэгч У.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр би өглөө 9 цагийн үед ерөнхийдөө зүс мэдэх Бтай архи уух зорилгоор уулзсан юм. Тэгээд бид хоёр Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Ц зочид буудалд орж хоёр шил архи уусан. Тухайн буудалд байхдаа тамхи татах гэхэд галгүй болчихсон байсан. Тэгээд би хажуу талын өрөөнд орж гал асуухад нүүр царайгаа харуулаагүй хүн надад гал гаргаж өгөөд хаалгаа хаасан. Би буцаад өрөөндөө Бтай хамт пиво уугаад сууж байсан бөгөөд цаг хоёр өнгөрөөд гурван цаг болсон байсан. Би дахиад тамхи татах гээд нөгөө өрөөнөөсөө гал асуух гээд хаалгыг нь тогшсон. Тэгтэл хаалгаа онгойлгож өгөхгүй байхаар нь цаашаа хамгийн булангийн өрөөнд гурван залуу хаалга нь онгорхой архи ууцгааж байхаар нь би тэд нар дээр очиж гал асуусан. Үүнээс болж тухайн залуучуудтай маргалдсан. Буудлын ажилтан Б хоёр намайг тэд нараас салгаад Б намайг өрөөнд оруулсан. 2 минутын дараа нөгөө гурван залуу эргэж манай өрөөнд орж ирээд маргалдсан. Би тэд нартай зөрж маргаад коридорт гарахаар нь араас нь дагаж коридорт гарсан. Маргааны үеэр би өмссөн байсан цамц фудволк зэргээ тайлчихсан юм. Тэгэхэд Б намайг битгий боль гэж хэлсэн, би тухайн үед нилээн согтсон байсан бөгөөд андуураад өөр өрөөнд орчихсон юм. Тэгэхэд үл таних гурван хүн унтаж байх шиг харагдсан. Би цаад талын орон дээр нь очиж суугаад амьсгаагаа дарсан. Нэг их удаагүй байхад гаднаас Б орж ирээд намайг аваад өөрсдийнхөө өрөөнд орж эд зүйлсээ аваад тухайн буудлаас гараад явсан. Андуурч орсон өрөөнөөс гарах үедээ би Бад миний эд зүйлийг авчих гэж хэлсэн юм. Буудлаас гараад би Бтай хамт гэртээ харьсан. Харих замд таксин дотор байхад Б надад миний эд зүйлийг өгөх үедээ миний танихгүй нэг гар утсыг гаргаж ирсэн. Би Бад наад утас чинь минийх биш гэж хэлэхэд Б өө андуураад хүний утас авчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би Бад наад утсаа аваачаад өгөөрэй гэж хэлсэн. Б намайг гэрт буулгачихаад өөрөө яваад өгсөн. Тэрнээс хойш цагдаагаас над руу холбогдоод утас хулгайлагдсан хэргээр дуудсан бөгөөд мөн Бын ээж над руу залгаад Б хүний утас ломбарданд тавьсан байна гээд би Бын ээжтэй нь хамт  ломбарданд нь очиж Бын ээж өөрөө төлбөрийг нь төлөөд гар утсыг авсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 84-рт/,

 

Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 1-р хорооны газар нутагт байрлах Ц гэх нэртэй зочид буудалд У ахтай хамт өглөө 09 цагийн үед орсон. ...У ах асаагуур олж ирнэ гээд өрөөнөөс гарч яваад удалгүй орж ирэхдээ хар өнгийн Самсунг загварын гар утсыг барьчихсан орж ирсэн юм. Тэгснээ уг өрөөнд хоёр охин нэг залуу орон дээр тасарсан унтаж байна энэ утсыг надад нэг залуу нь өглөө гэж хэлэхээр нь би наадах чинь хулгай шүү буцаагаад та оруулж өг гэтэл за жаахан байж байгаад оруулж өгнө гэж хэлээд уг утсыг өрөөний ширээн дээр тавьж байгаа харагдсан. ...бид хоёр 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр болчихсон байсан өглөө үүрээр 04 цаг өнгөрч байх үед буудлын өрөөнөөс гарч явахдаа У ахын өөр өрөөнөөс авчирсан гэх гар утсыг би ширээн дээрээс аваад куртикны халаасандаа хийгээд гарсан. 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 15 цаг хүртэл унтаж байгаад сэрээд боссон юм, би өөр хүмүүст мөнгөний өртэй байсан, хүмүүсээс өр нэхэгдээд байхаар нь уг утсыг үзтэл Самсунг А 70 загварын гар утас байхаар нь гэрээсээ 15 цаг өнгөрч байх үед уг утсыг авч гараад Мөнх-Оргил найзтайгаа уулзаад хамт Чингисийн талбайн баруун талд байрлалтай Монтел гар утасны төв дээр очоод нэг танихгүй хүнээр уг утасны дэлгэцний кодыг нь тайлуулсан. Мөнх-Оргил бид хоёр хамт Улаанбаатар их дэлгүүрийн замын хойд хэсэгт байх Голомттой байрны зүүн талд явган хүний зам дагуу байрлах нэрийг нь санахгүй байна нэг ломбард руу ороод өөрийн бичиг баримтаараа уг гар утсыг 350,000 төгрөг тавьсан. У ах чи ирэхгүй байж бай, би бүх зүйлийг зохицуулна гээд намайг цагдаа дээр ирж болохгүй гээд байхаар нь өдийг хүртэл ирээгүй юм. Миний хувьд “Самсунг А 7” загварын гар утсыг У ахын утас биш гэдгийг мэдэж байсан. Мөн өөр хэн нэгний утас гэдгийг мэдсээр байж ломбарданд тавьсан юм. Мөнх-Оргил гэх найз учрыг нь мэдээгүй хамаагүй юм, өөрийнхөө утсыг тавьж байна гэж л бодсон байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-65-рт/, 

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68-рт, хх-ийн 72-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 69-рт, хх-ийн 73-рт/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

            Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч У.У, Б.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

 

Шүүх шүүгдэгч У.Уыг 2020 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ц” зочид буудлын 202 тоот өрөө буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, Э.Э-ийн эзэмшлийн Samsung A70 гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 700.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Быг шүүгдэгч У.Уыг Э.Э-ийн эзэмшлийн Samsung A70 гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн болон хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д “…Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ… гэж заасан байх бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь “...хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байх шинжийг шаарддаг.

Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч У.У “ Б бид 2 буудлаас гараад харих гээд таксинд явж байхад Б миний танихгүй утсыг гаргаж ирсэн, би Бад миний утас биш гэхэд андуураад хүний утас авчихаж гэж хэлсэн” гэж, харин шүүгдэгч Б.Б “У ах асаагуур олж ирнэ гээд өрөөнөөс гарч яваад удалгүй орж ирэхдээ хар өнгийн Самсунг загварын гар утсыг барьчихсан орж ирсэн. Тэгснээ уг өрөөнд хоёр охин нэг залуу орон дээр тасарсан унтаж байна, энэ утсыг надад нэг залуу нь өглөө гэж хэлэхээр нь би наадах чинь хулгай шүү буцаагаад та оруулж өг гэтэл за жаахан байж байгаад оруулж өгнө гэж хэлээд уг утсыг өрөөний ширээн дээр тавьж байгаа харагдсан. ...бид хоёр 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр болчихсон байсан өглөө үүрээр 04 цаг өнгөрч байх үед буудлын өрөөнөөс гарч явахдаа У ахын өөр өрөөнөөс авчирсан гэх гар утсыг би ширээн дээрээс аваад куртикны халаасандаа хийгээд гарсан... гэж тус тус мэдүүлдэг ба шүүгдэгч нар гар утсыг авах зорилгоор буудлын өөр өрөөнд санаатай нэгдэж орон гар утсыг аваагүй өөрөөр хэлбэл тухайн гэмт хэргийг үйлдэхээр санаатай нэгдээгүй байна.

Мөн хэргийн хохирогч Э.Э- болон тухайн цаг хугацаанд байсан гэрч Н.С, О.А, О.А- нар шүүгдэгч нарын хэн нь гар утсыг авсныг гэрчилж мэдүүлдэггүй бөгөөд эрүүгийн хуульд заасан хулгайлах гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байдаг.

 

Иймд шүүгдэгч У.У нь 2020 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ц” зочид буудлын 202 тоот өрөө буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, иргэн Э.Э-ийн эзэмшлийн Samsung A70 гэр утсыг хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 700.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдлоо.

 

Мөн хохирогч болон гэрчүүдийн хэрэг үйлдэгдсэн орон зай, цаг хугацаа, үйлдлийн талаар өгсөн мэдүүлэг нь өөр хоорондоо уялдаа холбоотой, хэрэгт байгаа бусад баримтуудаар тогтоогдсон, хэрэгт хамааралтай бүхий л байдлыг мэдүүлсэн эх сурвалж нь тодорхой байна.

 

Иймд шүүгдэгч У.Уын өмгөөлөгчийн гаргасан “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий  л нотлох баримтыг шалгасан боловч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хуулийн заалттай тул миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү...” гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч У.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхээ эдэлснийг буруутгах үндэслэлгүй юм.

Харин хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч У.Уын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан Samsung А-70 /Самсунг А-70/ загварын гар утсыг шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгосон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

Хавтаст хэрэгт /хх-ийн 20-рт/ эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлээр хохирогч Э.Э-д Самсунг А70 загварын гар утсыг хүлээлгэн өгсөн нь тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч У.Уад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хорих ял, шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ял оногдуулах санал гаргасныг харгалзан шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хохирол төлсөн болон хувийн байдлыг харгалзан шүүгдэгч У.Уад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял, шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч У.У болон Б.Б нарт ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг журамлан Ч овогт Б-гийн Бад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллагдагчаар татсан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Ч овогт Б-гийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Б- овогт У-ын Уыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

Шүүгдэгч У.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч У.Уад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял оногдуулахыг тайлбарласугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У.Уад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У.Уад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ