Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2016/0265/з |
Дугаар | 221/МА2017/0201 |
Огноо | 2017-03-15 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2017/0201
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Ариунболд, хариуцагч О.Бат Ирээдүй нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 68 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Туул, Л.Жаргалсайхан нарын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 68 дугаар шийдвэрээр:” Сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.5, 86 дугаар зүйлийн 86.5, 87 дугаар зүйлийн 87.5, 87.10, 92 дугаар зүйлийн 9 2.2.6-д заасныг тус тус баримтлан Сонгино-Хайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 17 дугаар тойрог буюу 1903, 1904 дүгээр хэсэгт санал хураалтыг зохион байгуулсан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох нэхэмжлэгч Б.Туул, Л.Жаргалсайхан нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Ариунболд давж заалдах гомдолдоо: “Сонгуулийн тухай хуулийн 34.1.1, 34.1.2, 34.1.3-д тус тус заасанчлан дүүргийн хэмжээнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулах, сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтийг хянах, биелүүлэх эрх хэмжээтэй байгууллага юм. Энэхүү эрх хэмжээний асуудлаа дүүргийн Сонгуулийн хороо Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалтыг 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр сонгуулийн санал авах үйл ажиллагааг зохион байгуулахдаа иргэний сонгох эрх нууц байх зарчмыг зөрчин зохион байгуулсан.
Үүний улмаас иргэн Б.Туул, Л.Жаргалсайхан нар нь Сонгуулийн тухай хууль, олон улсын гэрээнд заасан үндсэн зарчмын дагуу сонгогчийн саналыг нууцлах зохион байгуулаагүй үйл ажиллагааг иргэний сонгох эрхэд нийцээгүй, зөрчсөн гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэлийнхээ нотолгоо болгон Сонгуулийн тухай хуульд заасны дагуу хийгдсэн ажиглагчийн хийсэн видео бичлэгийг нотолгоо болгон шүүхэд гаргасан боловч уг нотлох баримтыг шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5-д заасныг баримтлан үнэлэх боломжгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, ойлгомжгүй шийдвэр болжээ.
Уг нотлох баримтыг хариуцагч эсэргүүцээгүй, хууль бусаар олсон тухай тайлбар гаргаагүй болно. Түүнчлэн уг нотлох баримтыг нэхэмжлэгч талаас хууль бусаар цуглуулсан эсэхийг шүүх нотлоогүй атлаа нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримт нь хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй шийдвэр боллоо гэж үзэх үндэслэл болж байна.
Сонгуулийн санал хураалт хэрхэн явагдаж байгаа талаар ажиглагчийн хийсэн видео бичлэгийг Сонгуулийн тухай хуульд заасан эрхийнхээ дагуу хийсэн ажиглагчаас авсан гэдгээ шүүхэд тайлбарласан байхад өөрийн үзэмжээр, нотолгоогүйгээр нэхэмжлэгчийг нотлох баримт хууль бусаар олж авсан гэж үзэн дүгнэхээс татгалзсанд гомдолтой байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл...-ийн үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй” гэж заасан болно. Хэрэв нотлох баримт нь хууль бус бол мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах ...” гэж заасны дагуу хэргээс хасах бөгөөд энэ тохиолдолд шүүгч захирамж, шүүх тогтоол гаргадаг. Харин уг захирамж, тогтоолд давж заалдах гомдол гаргах эрхтэй байдаг.
Гэтэл шүүх “өөрөө” нотлох баримтыг хууль бусаар олж авсан гэдгийг тогтоогоогүй, цаашлаад хэргээс хасаагүй атлаа “шууд дүгнэх боломжгүй” гэж үзсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг дордуулсан шийдвэр болсон гэж үзнэ.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 68 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатанд буцаах эсхүл нэхэмжлэлийг хангах асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Б.Туул, Л.Жаргалсайхан нараас Сонгинохайрхан дүүргийн Сонгуулийн хороонд холбогдуулж “Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 17 дугаар тойрог, 1903, 1904 дүгээр хэсэгт санал хураалтыг зохион байгуулсан үйл ажиллагаа сонгогчийн саналаа нууцаар гаргах эрхийг зөрчсөн хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар дүүргийн Сонгуулийн хороо нь тухайн дүүргийн хурал, түүний төлөөлөгчийн сонгуулийг шууд удирдан зохион байгуулах үүрэгтэй бөгөөд энэхүү хүрээнд Сонгуулийн тухай хууль, түүний дотор 87 дугаар зүйлийн 87.10, 89 дүгээр зүйлд заасны дагуу Сонгуулийн төв байгууллагаас баталсан санал авах байрыг бэлтгэх заавар, саналын хайрцаг, санал өгөх бүхээгийн хэмжээ, загварын дагуу бэлтгэл ажлыг хангаж, санал авах ажиллагааг зохион байгуулах ёстой.
Сонгуулийн ерөнхий хорооноос 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “Санал авах байрыг бэлтгэх заавар, саналыг хайрцаг, санал өгөх бүхээгийн хэмжээ, загварыг батлах тухай” 14 дүгээр тогтоол, мөн өдрийн “Саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам батлах тухай” 17 дугаар тогтоолыг баталсан, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Сонгинохайрхан дүүргийн Сонгуулийн хороо дээрх журмын дагуу дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн сонгогчдоос санал авах ажиллагааг зохион байгуулсан нь тогтоогдсон, хууль болоод дээрх журмуудыг зөрчсөн гэх байдал үгүйсгэгджээ.
Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.1.3-д зааснаар захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэлийг хангаж, маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжтой бөгөөд дээрх байдлаар нэхэмжлэгч нарын саналаа нууцаар гаргах эрх зөрчигдсөн гэх байдал тогтоогдоогүй байна.
Өөрөөр хэлбэл, сонгогч тэмдэглэгээ хийсэн саналын хуудсын нууцлалаа өөрөө хамгаалах үүрэгтэй талаар Сонгуулийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2.6 /саналын хуудаст хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах/-д тодорхой заасан, хариуцагч байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалж “санал өгөх бүхээгнээс саналын автоматжуулсан төхөөрөмж хүртэлх зайд саналын нууцлал алдагдсан”, мөн “саналын нууцлалыг хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулаагүй”-гээс нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Тиймээс хариуцагч байгууллагын Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 17 дугаар тойрог буюу 1903, 1904 дүгээр хэсэгт санал хураалтыг зохион байгуулсан үйл ажиллагааг хууль бус гэж үзэх боломжгүй.
Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Сонгуулийн хорооны үйл ажиллагаа дээрх байдлаар нэгэнт хууль бус гэдэг нь тогтоогдоогүй, тухайн үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нарын тодорхой эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, сонгогчийн саналаа нууцаар өгөх эрх зөрчигдөөгүй тохиолдолд дүүргийн Сонгуулийн хорооноос Сонгуулийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.12 /Санал авах байр нь сонгогчийн саналаа нууцаар өгөх эрхэд нөлөөлөхгүйгээр санал авах ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж, зөрчил гарвал таслан зогсоох арга хэмжээ авна/-т заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх нөхцөл, шаардлага үүсээгүй байна.
Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.
Харин анхан шатны шүүх хэрэгт авагдсан дүрс бичлэгийг үнэлэх талаар “хууль бусаар олж авсан” гэж буруу дүгнэсэн боловч нэхэмжлэгч нарын өөрсдийнх нь тайлбараар тэдгээрийн санал өгсөн үйл явц тухайн дүрс бичлэгт бичигдээгүй нь тодорхой тул уг дүрс бичлэг нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах, тодруулбал, сонгуулийн байгууллагын үйл ажиллагааны улмаас тэдгээрийн эрх зөрчигдсөн гэдгийг нотлох баримт болж чадахааргүй байна.
Гэхдээ энэ нь нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг өөрчлөх буюу хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Сонгуулийн хорооны үйл ажиллагаа Сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 /Сонгуулийн үндсэн зарчим нь сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох зарчмын үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгох эрхийг хангахад үндэслэнэ/, 4.5 /Сонгогч хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж, саналаа нууцаар гаргах боломжоор хангагдсан байна/-д заасан зарчмыг алдагдуулаагүй байна.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.БАТБААТАР