Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2022/00335

 

 

 

 

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2022/00335

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Ш ХХК нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: М О ХХК холбогдох,

 

төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 81 120 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Анхжаргал хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан төлбөр барагдуулах гэрээний үүрэг 81 120 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... ******* Агро ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 81,120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. ******* ХХК нь ******* Агро ХХК-тай 2017 онд Ургамал хамгааллын бодис худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний төлбөр болох 243,360,000 төгрөгийг 2019 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж нэхэмжилсэн. Шүүхийн шийдвэр гарч 243,360,000 төгрөгийг ******* Агро ХХК нь ******* ХХК-д төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн журмаар хэргийг шийдвэрлэсэн. ******* Агро ХХК нь тухайн 243,360,000 төгрөгөөс 162,000,000 төгрөгийг 2020 оны 10 сард төлсөн. Үлдэгдэл 81,120,000 төгрөгийг 2020 оны 12 сарын 31-ний өдрийн дотор төлнө гэж тохиролцоод шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Тохиролцсоны дагуу 2020 оны 12 сарын 31-ний өдөр 81,120,000 төгрөгийн 50 хувь буюу 40,560,000 төгрөгийг төлсөн тохиолдолд үлдэгдэл 50 хувь буюу 40,560,000 төгрөгийг ******* Агро ХХК-иас авахгүй байхаар тохиролцсон. Тухайн гэрээний үүрэг биелүүлэх хугацаа дууссан. Энэ хугацаанд ******* Агро ХХК нь төлбөрөө ямар нэгэн байдлаар төлж барагдуулаагүй. Тиймээс шүүхэд хандаж тухайн төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 81,120,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан... гэв.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжилж байгаа 81,120,000 төгрөгийн тухайд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Талуудын хооронд 2017 онд Ургамал хамгааллын бодис худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Үүний дагуу зохих төлбөрийг, алдангийн хамт ******* ХХК-ийн зүгээс нэхэмжилсэн. Ингээд ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 01-ний өдрийн шүүгчийн захирамжаар талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг гэрээний үндсэн төлбөр 162,240,000 төгрөг байсан. Энэхүү үүргийн хугацаа хэтрүүлсэн алданги 81,120,000 төгрөгийг хариуцагчийн зүгээс тодорхой хугацааг нэхэмжлэгч талтай тохиролцоод Эвлэрлийн гэрээ байгуулж, уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсэн. Үүний дагуу нэхэмжлэгчид үндсэн төлбөр 162,210,000 төгрөгийг хариуцагч ******* Агро ХХК төлсөн. Үлдэгдэл алданги болох 81,120,000 төгрөгийг төлөх үүрэг хэвээр байгаа. Гэхдээ өмнөх шүүгчийн захирамжийн Эвлэрлийн гэрээний дагуу үүссэн үүрэг гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийн дагуу төлнө гэдгээ илэрхийлж байна. Харин нэгэнт шүүхээр шийдвэрлүүлсэн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах байдлаар шүүхэд хандаад, уг асуудлаар хоёр дахин шүүхийн шийдвэр гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж байгаа гэдэг үндэслэлээр, мөн тус хуулийн 117 дугаар зүйлд заасан журмыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна. Шүүгчийн захирамжид тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй талаар дурдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т хуулийн зохицуулалт байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 81,120,000 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болоод байгаа 2020 оны 9 сарын 4-ний өдрийн төлбөр барагдуулах гэрээний 1 дүгээр заалтад ******* Агро ХХК-ийн 2020 оны 9 сарын 4-ний өдөр ******* ХХК-д шүүхийн шийдвэрийн дагуу төлбөл зохих 243,360,000 төгрөгөөс гэж байгаа юм. Уг 243,360,000 төгрөгийн үүрэг нь шүүхийн шийдвэрийн дагуу үүссэн үүрэг юм гэж үзэж байна. Тиймээс нэгэнт шүүх уг асуудлыг шийдвэрлэсэн, дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзаж өгнө үү... гэв.

 

4. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1 дүгээр тал/

улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р тал/

******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 3-р тал/

итгэмжлэл /хэргийн 4-р тал/

2020.09.04-ний өдрийн төлбөр барагдуулах гэрээ /хэргийн 5-р тал/

2020.09.07-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар тухай тогтоол /хэргийн 6-р тал/

2020.09.04-ний өдрийн ******* ******* ХХК-ийн хүсэлт /хэргийн 7-р тал/

2019.07.03-ны өдрийн Шүүхийн гүйцэтгэх хуудас /хэргийн 8-р тал/

2019.02.01-ний өдрийн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хэргийн 9-11-р тал/

2020.09.04-ний өдрийн ******* ХХК-ийн хүсэлт /хэргийн 12-р тал/ зэрэг нотлох баримтуудыг,

 

5. Хариуцагч ******* ******* ХХК-иас шүүхэд ирүүлсэн

итгэмжлэл /хэргийн 15-р тал/

******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хэргийн 16-18-р тал/

хариу тайлбар /хэргийн 56-р тал/ зэрэг нотлох баримтуудыг, зохигч талуудын хуралдаанд гаргасан тайлбар баримтуудын хамт шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Өмнө нь шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөр гэдэг нь үнэн. Хариуцагчийн гаргасан саналын дагуу 2020 онд Төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар талууд харилцан тохиролцоод хүсэл зоригоо илэрхийлээд гэрээ байгуулсан. Тухайн гэрээний үүрэг биелүүлэх хугацаа дууссан. Энэ хугацаанд ******* Агро ХХК нь төлбөрөө ямар нэгэн байдлаар төлж барагдуулаагүй. Тиймээс шүүхэд хандаж тухайн төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 81,120,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан... гэв.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...талуудын хооронд 2017 онд Ургамал хамгааллын бодис худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний үндсэн төлбөр 162,240,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 81,120,000 төгрөгийг хариуцагчийн зүгээс тодорхой хугацааг нэхэмжлэгч талтай тохиролцоод Эвлэрлийн гэрээ байгуулж, уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсэн. Үүний дагуу нэхэмжлэгчид үндсэн төлбөр 162,210,000 төгрөгийг хариуцагч ******* Агро ХХК төлсөн. Үлдэгдэл алданги болох 81,120,000 төгрөгийг төлөх үүрэг хэвээр байгаа. Өмнөх шүүгчийн захирамжийн Эвлэрлийн гэрээний дагуу үүссэн үүрэг гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийн дагуу төлнө гэдгээ илэрхийлж байна. Харин нэгэнт шүүхээр шийдвэрлүүлсэн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах байдлаар шүүхэд хандаад, уг асуудлаар хоёр дахин шүүхийн шийдвэр гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна... гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2019 оны 02 сарын 01-ны өдрийн дугаар 182/ШШ2019/ 00248 ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Дорнод шим ******* ХХК болон ******* ******* ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч ******* ******* ХХК нэхэмжлэлийн шаардлага 243 360 000 төгрөгийг 2019 оны 05 сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар, нэхэмжлэгч хариуцагч Дорнод шим ******* ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хэргийн 9-11 дүгээр тал/

 

2019 оны 07 сарын 03-ны өдөр дугаар 182/ГХ2019/00454 ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн дээрхи захирамжийг албадан биелүүлэх гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. /хэргийн 8 дугаар тал/

 

2020 оны 09 сарын 04-ны өдөр ******* ХХК, ******* ******* ХХК-ны хооронд Төлбөр барагдуулах гэрээ бичгээр байгуулан, ******* ******* ХХК 2020 оны 09 сарын 04-ны өдөр ******* ХХК-д шүүхийн шийдвэрийн дагуу төлбөл зохих 243 360 000 төгрөгөөс 162 240 000 төгрөгийг төлнө, үлдэгдэл 81 120 000 төгрөгийн 50 хувь буюу 40 560 000 төгрөгийг 2020 оны 12 сарын 15-ны өдөр төлнө. Хэрэв 2020 оны 12 сарын 31-ны өдөр 40 560 000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд 81 120 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар, мөн ******* ХХК нь 2020 оны 09 сарын 04-ний өдөр ******* ******* ХХК-аас 162 240 000 төгрөгийг хүлээн авснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа материалаа буцаан татахаар тохиролцжээ. /хэргийн 5 дугаар тал/

 

2020 оны 09 сарын 04-ны өдөр ******* ХХК, ******* ******* ХХК шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ...төлбөрийн асуудлыг харилцан тохиролцож шийдвэрлэж байгаа тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай... хүсэлтийг тус тус бичгээр гаргаж, 2020 оны 09 сарын 07-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарсан байна. /хэргийн 7, 12, 6 дугаар тал/

 

Эдгээр үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

5. 2020 оны 09 сарын 04-ний өдөр зохигч талуудын хооронд байгуулагдсан төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

 

6. Дээрх гэрээг талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон, хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл тул талуудын хооронд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 189.5-д заасан шаардлагыг хангасан нэрлэгдээгүй буюу төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

7. Гэрээний дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэхь хэсэгт заасан үүрэг үүссэн, хариуцагч ******* ******* ХХК гэрээгээр хүлээсэн төлбөрийн үлдэгдэл 81 120 000 төгрөгийн 50 хувь буюу 40 560 000 төгрөгийг 2020 оны 12 сарын 15-ны өдөр төлөх үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй тул нэхэмжлэгч ******* ХХК төлбөр 81 120 000 төгрөгийг шаардах эрх үүссэн.

 

8. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээний хүрээнд хариуцагчид үүрэг үүсээгүй, шүүхээр нэгэнт батлуулсан эвлэрлийн гэрээний үндсэн үүрэг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

 

9. Учир нь талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар төлөгдөх төлбөрийн талаар шинээр тохиролцож 2020 оны 09 сарын 04-ний өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулсан, хариуцагч гэрээний үүргээ тохирсон хугацаанд зохих ёсоор бүрэн биелүүлээгүй нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлтүүд, нэхэмжлэгчийн тайлбар баримтуудаар тогтоогдож байгаа ба хариуцагчийн татгалзал үгүйсгэгдэж байна.

 

10. Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 189.5-д зааснаар хариуцагч ******* ******* ХХК-аас төлбөр 81 120 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 563 550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 563 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

12. 2021 оны 09 сарын 08-ны өдөр нэхэмжлэгчээс Э.*******д, 2021 оны 10 сарын 13-ны өдөр хариуцагчаас Б.*******од олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 4, 15-р тал/

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.5 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 81 120 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 563 550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 563 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 сарын 29-ний өдрийн 102/ШЗ2021/15478 дугаар Шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамжийн Захирамжлах хэсгийн 2 дах заалт хүчингүй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ