Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/00767

 

 

“Ш” ХХК-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2022/00335 дугаар шийдвэртэй

“Ш” ХХК-ийн  нэхэмжлэлтэй хариуцагч “М” ХХК-д холбогдох

Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 81,120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: “М” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 81,120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. “Ш” ХХК нь “М” ХХК-тай 2017 онд “Ургамал хамгааллын бодис худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан. Уг гэрээний төлбөр болох 243,360,000 төгрөгийг 2019 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж нэхэмжилсэн. Шүүхийн шийдвэр гарч 243,360,000 төгрөгийг “М” ХХК нь “Ш” ХХК-д төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн журмаар хэргийг шийдвэрлэсэн. “М” ХХК нь тухайн 243,360,000 төгрөгөөс 162,000,000 төгрөгийг 2020 оны 10 сард төлсөн. Үлдэгдэл 81,120,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлнө гэж тохиролцоод шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Дээрх тохиролцооны дагуу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 81,120,000 төгрөгийн 50 хувь буюу 40,560,000 төгрөгийг төлсөн тохиолдолд үлдэгдэл 50 хувь буюу 40,560,000 төгрөгийг “М” ХХК-аас авахгүй байхаар тохиролцсон. Тухайн гэрээний үүрэг биелүүлэх хугацаа дууссан. Энэ хугацаанд “М” ХХК нь төлбөрөө ямар нэгэн байдлаар төлж барагдуулаагүй. Тиймээс шүүхэд хандаж тухайн төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 81,120,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мын шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжилж байгаа 81,120,000 төгрөгийн тухайд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Талуудын хооронд 2017 онд “Ургамал хамгааллын бодис худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан. Үүний дагуу зохих төлбөрийг, алдангийн хамт “Ш” ХХК-ийн зүгээс нэхэмжилсэн. Ингээд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн шүүгчийн захирамжаар талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг гэрээний үндсэн төлбөр 162,240,000 төгрөг байсан. Энэхүү үүргийн хугацаа хэтрүүлсэн алданги 81,120,000 төгрөгийг хариуцагчийн зүгээс тодорхой хугацааг нэхэмжлэгч талтай тохиролцоод “Эвлэрлийн гэрээ” байгуулж, уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсэн. Үүний дагуу нэхэмжлэгчид үндсэн төлбөр 162,210,000 төгрөгийг хариуцагч “М” ХХК төлсөн. Үлдэгдэл алданги болох 81,120,000 төгрөгийг төлөх үүрэг хэвээр байгаа. Гэхдээ өмнөх шүүгчийн захирамжийн “Эвлэрлийн гэрээ”-ний дагуу үүссэн үүрэг гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийн дагуу төлнө гэдгээ илэрхийлж байна. Харин нэгэнт шүүхээр шийдвэрлүүлсэн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах байдлаар шүүхэд хандаад, уг асуудлаар хоёр дахин шүүхийн шийдвэр гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж байгаа гэдэг үндэслэлээр, мөн тус хуулийн 117 дугаар зүйлд заасан журмыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүгчийн захирамжид тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй талаар дурдсан. Тиймээс нэгэнт шүүх уг асуудлыг шийдвэрлэсэн, дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.5 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-иас төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 81,120,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ш” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 563,550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 563,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 сарын 29-ний өдрийн 102/ШЗ2021/15478 дугаар Шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамжийн Захирамжлах хэсгийн 2 дах заалт хүчингүй болохыг дурьдаж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мын давж заалдах гомдлын агуулга: ... Талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар төлөгдөх төлбөрийн талаар шинээр тохиролцож, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулсан, хариуцагч гэрээний үүргээ тохирсон хугацаанд зохих ёсоор бүрэн биелүүлээгүй нь талуудын хооронд байгуулсан гэрээ, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлтүүд, нэхэмжлэгчийн тайлбар, баримтуудаар тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 189.5 дахь хэсэгт зааснаар “Мэнэн-а” ХХК-аас 81,120,000 төгрөг гаргуулан “Ш” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй” гэж үзсэн. Энэхүү шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шийдвэр хууль ёсны ... байна” гэх шаардлагыг зөрчсөн байна. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2019/00248 дугаар “Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар эвлэрлээ батлуулж, энэхүү шүүгчийн захирамжийн дагуу “Мэнэн-а” ХХК нь нэхэмжлэгч “Ш” ХХК-д 243,360,000 төгрөгийн төлбөр төлөх үүрэг хүлээсэн. Энэхүү үүргийг манай компанаас шүүхэд шинээр нэхэмжлэл гаргах байдлаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгож, эвлэрлийг баталсан хүчин төгөлдөр шүүгчийн захирамж байна. 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн төлбөр барагдуулах гэрээгээр “Мэнэн-а” ХХК-д шинээр үүрэг үүсээгүй, харин зөвхөн шүүхийн шийдвэрээр төлбөл зохих төлбөрийг төлөх арга, журмыг тодорхойлсон. Гэтэл нэхэмжлэгч нь нэгэнт шүүхээр шийдвэрлүүлсэн асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэг асуудлаар хоёр шүүхийн шийдвэр гаргуулсан буюу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь шийдвэрээ гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.4, 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.6 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчжээ. Гэтэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь үндсэн үүргийн гүйцэтгэлтэй холбоотой үүсэж буй үүргийн шаардах эрхийг “шүүхийн журмаар төлөгдөх төлбөрийн талаар шинээр тохиролцож, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан” гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь иргэний процессын хуулийг зөрчсөн төдийгүй, онолын хувьд ч алдаатай дүгнэлт болсон байна. Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2019/00248 дугаар “Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж хүчин төгөлдөр хэвээр байгаа, энэхүү шүүгчийн захирамжийн дагуу үлдэгдэл 81,120,000 төгрөг төлөх “Мэнэн-а” ХХК-ийн үүрэг хэвээрээ. Энэхүү хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг ямар нэгэн байдлаар хүчингүй болгоогүй, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн төлбөр барагдуулах гэрээ нь энэхүү шүүгчийн захирамжийн хүчин төгөлдөр байдал, заавал биелэгдэх шинжийг үгүйсгэж чадахгүй. Иймд манай компани 2019 оны 182/ШШ2019/00248 дугаар шүүгчийн захирамжаар 81,120,000 төлбөр төлөх, 2022 оны 102/ШШ2022/00335 дугаар шүүхийн шийдвэрээр 81,120,000 төлбөр төлөх үүрэг тус тус хүлээж, нийт 2 шүүхийн шийдвэрээр 162,240,000 төгрөгийн төлбөрт уначхаад байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хгийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ... Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. 81,120,000 төгрөг шаардсан. Ямар учраас 162,000,000 төгрөг төлөхөөр болсон гэж ойлгож байгааг мэдэхгүй байна. Хуульд заасны дагуу шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой. 2019 оны шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан гүйцэтгээд, 2 тал харилцан тохиролцоод шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Үүний дараа төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. 2019 оны шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Шинээр байгуулсан төлбөр барагдуулах гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй учраас 81,200,000 төгрөг шаардсан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянасан болно.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй байна.

3. Нэхэмжлэгч “Ш” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 81,120,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч “...нэгэнт шүүхээр шийдвэрлүүлсэн асуудлаар дахин нэхэмжлэл гаргаж, уг асуудлаар хоёр дахин шүүхийн шийдвэр гаргуулах шаардлагагүй” гэсэн үндэслэл заан маргажээ.

4. Хэрэгт Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 сарын 01-ны өдрийн дугаар 182/ШШ2019/ 00248 дугаар хүчин төгөлдөр захирамж авагдсан, уг захирамжаар “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Д Ш а” ХХК болон “М” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч “М” ХХК нэхэмжлэлийн шаардлага 243,360,000 төгрөгийг 2019 оны 05 сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар, нэхэмжлэгч хариуцагч “Д Ш а” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хх.9-11/

5. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 182/ГХ2019/00454 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу 00248 дугаартай шүүгчийн захирамжаар албадан гүйцэтгэх ажиллагааг явуулахаар гүйцэтгэх хуудас бичиж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна. /хх.8/

6. Зохигчид 2020 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулж, уг гэрээгээр  “...”М” ХХК 2020 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр “Ш” ХХК-д шүүхийн шийдвэрийн дагуу төлбөл зохих 243,360,000 төгрөгөөс 162,240,000 төгрөгийг төлнө, үлдэгдэл 81,120,000 төгрөгийн 50 хувь буюу 40,560,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлнө. Хэрэв 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 40,560,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд 81,120,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулна, “Ш” ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “М” ХХК-аас 162,240,000 төгрөгийг хүлээн авснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа материалаа буцаан татна” гэж тус тус тохиролцжээ. /хх.5/

Талуудын дээрх тохиролцоог үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2-9/386 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол” үйлдэж, ...төлбөр төлөгч “М” ХХК-д холбогдох 19281012 бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсон байна. /хх.6/

7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 189.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “М” ХХК-аас төлбөр 81,120,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ш” ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасан зохицуулалтаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн ...шүүгч захирамж, шүүх тогтоолыг мөн энэ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус заасан байна.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт “Шүүгч дараахь тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж, 65.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” гэж, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв. Энэ талаар давж заалдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжтой.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

              1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2022/00335 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-аас төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 81,120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 563,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ш.ОЮУНХАНД

 

                                   ШҮҮГЧИД                                Д.НЯМБАЗАР

 

                                                                                                Ц.ИЧИНХОРЛОО