Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 1150

 

2020          09            08                                         2020/ДШМ/1150

Б.Мд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сүхчулуун,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо, Л.Данзанноров,

хохирогч П.Энхтогтох, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/746 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо, Л.Данзанноров нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Мд холбогдох эрүүгийн 1908030751538 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.

....................., 19.......... оны ......... дугаар сарын ..............-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 4 дүгээр гудамжны 67 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....................../;

Б.М нь бодит байдлыг нуух замаар, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч П.Энхтогтоход “үйлчилгээний төвтэй байр Баянхошуунд барьж байгаа, 2017 оны 10 дугаар сард барьж дуусгаад буцаагаад төлнө” гэж итгүүлэн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 79б дугаар байрны 6 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Хаан” банкны Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол, “Престиж” төвд орших “Зүүн дөрвөн зам” бизнес зээлийн төвд зээлийн барьцаанд тавиулж, 64.377.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын орчим “Баян-Өлгий аймагт 38.000.000 төгрөгт машин борлуулж өгнө” гэж итгүүлэн “Тоёота Ланд круйзер 100” загварын 0903 УНУ улсын дугаартай 2001 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгслийг өмчлөгчөөс итгэмжлэлээр шилжүүлэн авч, М.Хуанган гэгчид худалдан борлуулж, төлбөрийг авсан боловч хохирогчид өгөлгүй хувьдаа хэрэглэж 29.000.000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл бэлэн мөнгө 40.610.000 төгрөг, нийт 133.987.000 төгрөгийн эд хөрөнгийг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Мы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Мд холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, .............................ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар залилах гэмт хэргийг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б.Мд 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Мд оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Маас нийт 114.969.788 төгрөгийг гаргуулан хохирогч П.Энхтогтоход олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд хүн залилах огтхон ч атгаг муу санаа байгаагүй. Энхтогтох ахаас мөнгө зээлж, удааж хохироосон үйлдэлдээ гэмшиж байна. Шүүхийн тогтоол дээр намайг буруутгахдаа “эрүүгийн хэрэг үүсгээгүй байсан бол хохирлыг бүрэн төлчих байсан, одоо бол чадахгүй” гэж бичсэн байна. Харин би шүүгчид буруу ойлгуулсан юм шиг байна. Эрүүгийн хэрэг үүсгээгүй байсан бол хүүг төлөх байсан, одоо бол эргэлзээтэй гэж банкны мөнгөний хүүг ярьсан юм. Миний зөвшөөрөхгүй байгаа зүйл бол 2016 оны 7 дугаар сарын 22-ноос 9 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд цувуулж өгсөн гээд байгаа 40.600.000 төгрөг дээр эсэргүүцэж байна. Энэ мөнгө бол самарын наймааны мөнгө байсан юм. Зээлийн хүү болох 14.377.000 төгрөгийг шууд зардал уу, шууд бус зардал уу гэдэг нь эргэлзээтэй байна. 2016 онд намайг зээлээ төл гэж байсан болохоос биш мөнгө нэмж зээлээгүй юм. Энхтогтох ах анх байцаалт өгөхдөө “самар авч байгаагүй. Мөнххаантай самарын наймаа хийж байгаагүй” гэдэг. Харин шүүх хурал дээр Мөнххаанаас самар авч байсан гэдгээ зөвшөөрсөн. Харин мөнгийг нь дансаар биш бэлнээр өгдөг байсан гэж худал хэлж байна. Гэрчүүд болох Төмөрбаатар, Мөнхжаргал гэх хоёр залуу Мөнххаан Энхтогтоход самар аваачиж өгдөг байсан гэж мэдүүлэг өгсөн байдаг. Дахиад над дээр ачигч хийдэг байсан хэд хэдэн хүмүүс дахин гэрчийн мэдүүлэг өгөхөд бэлэн байгаа. Энхтогтох ах бид 2 анхнаасаа зээлсэн мөнгөө миний эхнэр Бадамцэцэгийн данс руу хийе, гүйлгээний утга дээр нь зээл, харин наймааны мөнгийг миний данс руу ямарваа нэг үсэг дарж явуулдаг байсан. Зээлсэн мөнгө бүгд эхнэрийн данс руу тус тус орсон. Наймаа хийсэн мөнгө бол миний данс руу орсон. Миний зөвшөөрч байгаа зүйл бол 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 50.000.000 төгрөг, 30-ны өдөр 3.000.000 төгрөг, 6 дугаар сарын 1-ний өдөр 500.000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 100.000 төгрөг, 6 дугаар сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг, 7 дугаар сард “Ланд круйзер 100” загварын автомашин 29.000.000 төгрөг, нийт 84.100.000 төгрөгийг зөвшөөрч байна. Иймд хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцааж, хэргийг эхнээс нь нягтлан шалгуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Мы өмгөөлөгч Э.Мөнхзолбоо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас миний үйлчлүүлэгч Б.Мд холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Залилах” гэмт хэргийг хохирогч П.Энхтогтоход 133.987.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхээр хянан хэлэлцүүлсэн. Шүүгдэгч Б.М болон бид дараах асуудлыг нягтлан тогтоолгохоор удаа дараа шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд мөн өдрийн хуралдаанд ч энэ асуудлыг хэлэлцүүлсэн. Б.Мы хувьд П.Энхтогтоход учруулсан гэх 133.987.000 төгрөгөөс 40.610.000 төгрөгийг зээлж аваагүй, энэ мөнгөнд П.Энхтогтох нь 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Мөнххаанаар уулнаас самар түүлгэж, өдөр бүр мөнгөө дансруу шилжүүлж, самраа орой бүр худалдаж авдаг байсан. Гэтэл би байрыг нь банкинд барьцаалуулаад, зээл авхуулснаас хойш мөнгийг нь өгч чадахгүй байсан учир 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр түүнд банкнаас авхуулсан зээлэн дээрээ нэмж, урамшуулалд нь нэмж мөнгө өгье гэж гуйж, хий 40.000.000 төгрөг нэмсэн дүнгээр гэрээ байгуулсан. Гэтэл П.Энхтогтох нь энэ гэрээг хуулийн байгууллагад гаргаж өгөөд, 141.000.000 төгрөгийн үнийн дүнд хүргэхийн тулд зохиомлоор 40.610.000 төгрөгийн самар авсан мөнгөний хуулга баримтыг бүрдүүлж хэрэгт өгснийг шүүх үнэн зөвөөр дүгнэсэнгүй. П.Энхтогтох нь надаас орой бүр уулнаас ирж самар авдаг байсныг надаас цалин авч туслахаар ажилладаг байсан 2 хүний гэрчийн мэдүүлгийг үнэлсэнгүй. Гэтэл П.Энхтогтох надаас самар авдаг байснаа зөвшөөрсөн мэдүүлэг өгчихөөд, мөнгөө бүгдийг бэлнээр нь төлдөг байсан гэж худал мэдүүлсэн. Самар авч байсан мөнгөө барилгын ажилд маань зориулж, засварын ажилд зээлүүлсэн гэж мэдүүлсэн нь худал. Нэгэнтээ ял авах хүнийг нэг мөсөн байж болох бүх дээд хэмжээнийх нь хохирлыг гаргуулж яллуулах зорилгоор хуулийн байгууллагын өмнө надад зээлүүлээгүй мөнгөө зээлүүлсэн гэж гөрдөж мэдүүлснийг шүүх үнэн зөв дүгнэж чадсангүй, хэт нэг талыг барьж шийдсэнд гомдолтой байна. Мөнххааны дансанд орсон 40.610.000 төгрөгийг залилуулсан мөнгө биш худалдах худалдан авах харилцааны үндсэн дээр төлсөн мөнгө гэдгийг үнэн зөвөөр тогтоолгож, хохирлын хэмжээг багасгуулах хүсэлтэй байна. Хохирогч П.Энхтогтох нь намайг шүүхээр оруулж яллагдах нь тодорхой хэмээн тооцож, хохирлын хэмжээг илтэд худал зохион нэмж мэдүүлснийг үнэнээр нь тогтоож өгнө үү.

2. Шүүгдэгч Б.Мд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хэт хүндэдсэн хэмээн үзэж байна. Шүүхээс Мөнххааныг гэм буруугийн хувьд маргаагүй гэх боловч хууль зүйн хувьд гэм буруугийн талаар маргаангүй гэдэг нь “...болж өнгөрсөн хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл төдийгүй гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээний талаар талууд маргахгүй байхыг ойлгоно.” гэж тайлбарлажээ. Мөнххаан нь залилан мэхлэх гэмт хэргийн үйлдэлдээ маргадаггүй, гэм буруугаа зөвшөөрсөн байр суурьтай оролцсон. Гэвч П.Энхтогтох нь цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа хэрэгт хамааралгүй мөнгөний баримтууд гаргаж өгч, худал мэдүүлэг өгснийг эс зөвшөөрч, хэдий яллагдах нь ойлгомжтой ч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг үнэн зөвөөр нь тогтоолгохыг хүссэн байр суурийг гэм буруудаа маргасан хэмээн үзэж, түүнийг хүндрүүлэн ялласан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Б.М нь П.Энхтогтохыг залилаагүй гэж маргаагүй, энэ хэрэгт өөрийгөө хамааралгүй, үйлдээгүй гэж маргаагүй, хохирогчид учруулсан хохирлыг учруулаагүй, төлөхгүй гэж маргаагүй. Гагцхүү хохирлын хэмжээг үнэн зөв тогтоож өгөөч гэж байр сууриа илэрхийлсний төлөө түүнийг хүндрүүлэн ялласанд гомдолтой байна. Шүүх Б.Мыг залилах гэмт хэргийг удаан цаг хугацаанд үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн, гэмт санаа зорилгын хувьд ноцтой илрэл гэж буруутган дүгнэж, түүнийг 7 жилийн хорих ялаар ялласан нь хэт нэг талыг барьсан. Б.М нь өөрийгөө гэм буруутайг нотлох үүрэггүй хэдий ч шүүхийн өмнө худал мэдүүлээгүйгээ нотлохын тулд илэрхийлж буй байр сууриа дэмжиж оролцох эрхтэй. Түүний шүүхийн өмнө мэдүүлэх, байр сууриа илэрхийлэх эрхээ эдэлснийх нь төлөө хувийн байдал нь ноцтой илрэл хэмээн үзэж, хүндрүүлэн ялласан нь анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийднэ.” гэх үндсэн зарчим ноцтой зөрчигдсөн. Тиймээс шүүгдэгч Б.Мы хохирлын хэмжээг үнэн зөвөөр тогтоолгох гэж маргасан байр суурийг гэм буруугийн хувьд маргасан гэж дүгнэн, 7 жилийн хугацаагаар хорих ял оноосон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дахин хянан үзэж, түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Мы өмгөөлөгч Л.Данзанноров давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1. Миний үйлчлүүлэгч Б.Мы холбогдон шийтгэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хэрэгт “...арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн төрөл хэмжээтэй ял шийтгэхээр заасан. Анхан шатны шүүхээс Б.Мыг залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан хүнд төрлийн ялын хамгийн дээд хэмжээтэй ойролцоо ял буюу 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг зөрчиж, хуульд заагаагүй хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан ял оногдуулсан. Улсын яллагч шүүх хуралдааны үед Б.Мыг 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд шүүхээс уг ял дээр 3 жилийн хорих ялыг нэмж, ялыг хүндрүүлэн оногдуулахдаа Эрүүгийн хуульд байхгүй үндэслэлээр ялыг хүндрүүлэн оногдуулсан нь хууль хэрэглээний ноцтой алдаа юм. Тодруулбал, шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Б.Мд оногдуулсан Эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний үндэслэлийг тусгахдаа “...тэрээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт 10-15 жилийн хорих ялтай гэмт хэрэгт шийтгүүлэх байсан боловч хууль буцаан хэрэглэж хөнгөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан ...улсын яллагчийн санал болгосон 4 жилийн хугацаагаар хорих ялын хэмжээг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв” гэж хуульд байхгүй үндэслэлээр ял хүндрүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх гарцаагүй үндэслэл юм. Ялын хэмжээг нэмэгдүүлнэ гэдэг нь тухайн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй. Монгол Улсын Их хурлаас 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” гэж заасан. Гэтэл 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйл, 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйл, дэлхий нийтээр Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд нийтлэг хэрэглэдэг “хууль буцаан хэрэглэх зарчим”-ын дагуу Б.Мы үйлдэл шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн дагуу зүйлчлэгдсэн явдлыг шүүгч түүнд оногдуулах ялыг хүндрүүлэх шалтгаан, үндэслэл болгосон нь Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг шууд зөрчсөн байна. Энэ зарчим нь 1966 онд НҮБ-аас баталж, Монгол Улс хожим нь нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын 15 дугаар зүйлдийн 1-д “...Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тийм хэргийн ялыг хуулиар хөнгөлсөн бол уг хэрэгтэнд тэрхүү хөнгөлсөн ялыг хэрэглэнэ” гэж манай Эрүүгийн хуульд туссан агуулгаар тусгагдсаныг дурдахад ч илүүдэхгүй. Шүүгч нь аливаа гэмт хэрэгт гэм буруутай хүнд ял оногдуулах бүрэн эрхтэй боловч өөрийн хянан шийдвэрлэж байгаа хэргийн хүрээнд хүндрүүлэх нөхцөл байдал байвал түүнийг хуульд заасан агуулгаар нь л хэрэглэх, ялыг Эрүүгийн хуулиар тодорхойлогдсон үндэслэл журмын дагуу л оногдуулах үүрэгтэй. Гэтэл Б.Мд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ шүүгч хуульд тусгагдаагүй хүндрүүлэх нөхцөл байдал болох “...4-5 жилийн хугацаанд хохироосон гэх агуулгатай хэргийн үргэлжилсэн хугацаатай холбоотой нөхцөл байдал”, “шүүх хуралдаанд хохирогчийг басамжилсан гэх шүүгдэгчийн өгсөн мэдүүлгийн агуулгатай холбоотой нөхцөл байдал” зэргийг онцлон, Б.Мд оногдуулсан хорих ялын хэмжээг нэмэгдүүлэх үндэслэл болгосон нь хууль бус юм. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”-ын агуулгыг “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж тодорхойлсон. Гэтэл шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн агуулгаас харахад Б.Мы тухайд үйлдсэн гэмт хэргээс нь гадна түүний зан байдалд нь мөн төрийн хууль түүнд ашигтай тусч байгаад нь тусдаа ял оногдуулж, тухайн зүйл хэсгийн хамгийн хүнд төрлийн ялын бараг дээд хэмжээгээр оногдуулсан мэт ойлгогдохоор байна. Хэдэн арав, зуугаар яригдах тооны хохирогчтой, олон зуун сая, тэрбумын хохиролтой гэмт хэрэг үйлдсэн, энэ зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдэд ч ийм хэмжээний хорих ял оногдуулж байгаа бил үү.

2. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг огт харгалзан үзээгүй Шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулийн үзэл баримтлалын шинэлэг бөгөөд дэвшилттэй талуудын нэг нь яллагдагч, шүүгдэгч гэм буруугаа өөрийн сайн дураар хүлээх явдал. Үүнийг хуульд онцгойлон авч үзэн, хохирол нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн тохиолдолд гэм буруугаа хүлээсэн шүүгдэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх, зарим тохиолдолд түүнийг ялаас чөлөөлөх хүртэл шийдвэр гаргахаар болсон. Б.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн гэм буруугаа ухамсарлан ойлгож, өөрийн сайн дураар хэргээ хүлээн мэдүүлсэн байдлыг огт харгалзан үзээгүй. Гэм буруутай үйлдэлдээ маргах, хохирол хор уршгийн талаар маргах нь агуулгын хувьд эрс ялгаатай бөгөөд Б.М хохирлыг бүрэн төлөөгүй явдал нь түүний хувьд хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах боломжийг нь л үгүйсгэж байгаагаас бус хатуу чанга ял шийтгэх үндэслэл болохгүй. Харин Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3-т “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасан тул Б.М гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж байгааг нь түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болгон хэрэглэх үүрэггүй ч ийнхүү хэрэглэх эрх боломж нь шүүхэд хуулиар нээлттэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалт туйлын ойлгомжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан. Гэтэл шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зуйлийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Мд холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зуйлийн 2.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй” гэжээ. Энэ нь хууль хэрэглээний ноцтой алдаа мөн. Нэгэнт прокурорын яллах дүгнэлтээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсээр байтал, огт зүйлчлэлийг хөнгөрүүлээгүй атлаа тогтоох хэсэгт шаардлагагүй заалт оруулж, хөнгөрүүлэн өөрчилсөн мэт тусгасан нь буруу юм. Энд хууль буцаан хэрэглэх талаарх Эрүүгийн хуулийн 1.9-д заасан зохицуулалтыг журамласан байна. Хууль буцаан хэрэглэх нь 2 хуулийн аль хөнгөн ялтайг, мөн хүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн заалтыг авч хэрэглэх талаарх зохицуулалт байтал энд яг нэг онд батлагдсан Эрүүгийн хуулийн яг ижил заалтуудыг өөр хооронд нь буцаан хэрэглэсэн талаар тусгагдсан нь туйлын ойлгомжгүй байна. Гэхдээ энэ үндэслэлээр тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгохгүйгээр давж заалдах шатны шүүх  зөвхөн зөрчилтэй бичигдсэн хэсгийг хүчингүй болгох, өөрчлөх замаар зөвтгөн шийдвэрлэх боломжтой юм.

4. Хохиролтой холбоотой зарим асуудлын талаар, Б.Мы тухайд хохирол огт төлөөгүй хүн биш бөгөөд хохирлоос 16.104.000 төгрөгийг нөхөн төлсөн талаар шүүх дүгнэснийг хохирлыг тооцохдоо гэмт үйлдлээр аваагүй мөнгө нэмэгдэн тооцогдсон, хохирлын тооцоо, зарим хор уршгийн хэмжээ эргэлзээтэй байгааг ч харгалзан үзнэ үү. Тухайлбал, шийтгэх тогтоолын 12 дугаар талд “...хохирогч П.Энхтогтохын эхнэр С.Алтанцэцэг /хохирогч биш/-ээс түр зээлсэн байсан 8.000.000 төгрөгийг суутган авч үлдсэн байгааг шүүгдэгч Б.М авсан гэж үзэх...” гэсэн дүгнэлт ойлгомжгүй байна. Хохирогч П.Энхтогтохоос Б.М аваагүй гэдгийг, мөн зээл байсан гэдгийг, тэр ч байтугай хохирогч өөрөө суутган авч үлдсэн гэдгийг ч дүгнэсээр атлаа үүнийг Б.М авсан гэж үзэх нь зүйтэй гэж тооцох, улмаар нийт хохирол дээр нэмж гаргуулахаар шүүх шийдвэрлэж байгаа нь буруу. Эцэст нь дүгнэхэд Б.Мд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлуудаас нэг нь ч тогтоогдоогүйг сайтар харгалзан, мөн шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хуульд заагдаагүй нөхцөл байдлуудыг харгалзан хорих ялын хэмжээг нэмэгдүүлсэн алдааг залруулан, Б.М нь өөрийн гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн мэдүүлсэн, мөн хохирлоос зарим хэсгийг төлсөн, цаашид нөхөн төлөх эрмэлзэлтэй байгааг анхааран үзэж, удаан хугацаагаар хорьж шийтгэх нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээж байгаа хэрэг биш тул миний үйлчлүүлэгч Б.Мд оногдуулсан 7 жилийн хорих ялын хэмжээг хөнгөрүүлэн, өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Хохирогч П.Энхтогтохын өмгөөлөгч А.Буяндэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “141.000.000 төгрөг Мөнххааны данс руу 2015 оны 5 дугаар сарын 23-наас 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл нийт 29 удаагийн үйлдлээр орсон. 40.160.000 төгрөгийг самрын мөнгө гэж хэлдэг. Гэтэл энэ самрын мөнгө юм аа гэх нотлох баримт хэрэгт байхгүй. Автомашиныг 38.000.000 төгрөгөөр зарсан хэдий ч үнэлгээгээр 29.000.000 төгрөг гэж үнэлэхэд хохирогч за яахав дээ гэж юм болгон дээр бууж өгдөг. Анх өөрийн байраа энэ хүнд итгээд өгсөн боловч эцэсд нь хүүгийнхээ байрыг алдсан. Мөрдөн байцаалтын шатанд болон одоог хүртэл ямар ч мөнгө өгөөгүй. П.Энхтогтохын буруу гэх байдлаар ханддаг. Энэ хэргийг хүндрүүлж ял шийтгэл оногдуулсан зүйл байхгүй. Шүүхээс шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж байгаа байдал, хохирол төлбөр төлөгдсөн эсэхийг харгалзан үзэж Эрүүгийн хуульд заасан ялыг оногдуулсан. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь эрх зүйн байдлыг хөнгөрүүлсэн гэж үзэж байна. Ял шийтгэл тохирсон гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Хохирогч П.Энхтогтох тус шүүх хуралдаанд “...хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Прокурор М.Сүхчулуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 746 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хохирол төлбөр төлсөн байдал зэргийг харгалзан үзэж ял шийтгэлийг оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Б.М нь бодит байдлыг нуух замаар, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч П.Энхтогтоход “үйлчилгээний төвтэй байр Баянхошуунд барьж байгаа, 2017 оны 10 дугаар сард барьж дуусгаад буцаагаад төлнө” гэж итгүүлэн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 79б дугаар байрны 6 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Хаан” банкны Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол, “Престиж” төвд орших “Зүүн дөрвөн зам” бизнес зээлийн төвд зээлийн барьцаанд тавиулж, 64.377.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын орчим “Баян-Өлгий аймагт 38.000.000 төгрөгт машин борлуулж өгнө” гэж итгүүлэн “Тоёота Ланд круйзер 100” загварын 0903 УНУ улсын дугаартай 2001 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгслийг өмчлөгчөөс итгэмжлэлээр шилжүүлэн авч, М.Хуанган гэгчид худалдан борлуулж, төлбөрийг авсан боловч хохирогчид өгөлгүй хувьдаа хэрэглэж 29.000.000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл бэлэн мөнгө 40.610.000 төгрөг, нийт 133.987.000 төгрөгийн эд хөрөнгийг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч П.Энхтогтохын “...2015 оны 4 дүгээр сард Мөнххаан манай гэрт удаа дараалан ирж надтай уулзаж “ахаа та дүүдээ байраа банканд 50,000,000 төгрөгт барьцаанд тавиад өгөөч дүү нь Баянхошуунд дахиад 4 давхар үйлчилгээний төв барих гэсэн юм, 2015 оны 10 дугаар сард багтаагаад банкны хүүг нь төлөөд байрыг чинь буцаагаад аваад өгчихье” гэж гуйгаад байхаар нь 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр “Хаан” банканд байраа тэнцүү төлөлт хэлбэрээр 24 сарын хугацаатай барьцаанд тавьж Мөнххаанд 50,000,000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо “Содон” хорооллын “Хаан” банкнаас данс руу нь шилжүүлж өгсөн. 2015 оны 6 дугаар сарын эхээр (өдрийг нь сайн санахгүй байна) Мөнххаан манай гэрт эхнэр Бадамцэцэгийн хамт ирээд “ахаа Баян-Өлгий аймагт дизель “Ланд-100” маркийн автомашин авах хүн байна, та машинаа зарах уу” гэж асуухаар нь “машинаа 38,000,000 төгрөгөөр авсан, яг авах хүнд нь авсан үнээрээ зарна” гэсэн чинь “за тэгвэл дүү нь машиныг чинь зараад өгье” гэж хэлээд итгэмжлэх хийлгээд миний өөрийн эзэмшлийн 0903 УНУ улсын дугаартай ногоон өнгийн “Ланд круйзер-100” загварын машиныг аваад явсан. Удалгүй Мөнххаан надтай ирж уулзаад “дүү нь таны машиныг Баян-Өлгий аймагт ноолуураар сольчихлоо. Одоо ноолуур өссөн дүү нь ноолуураа зараад таны мөнгийг гялс гаргаад өгнө” гэж хэлээд явсан. Тэр өдрөөс хойш 10 хоногийн дараа би Мөнххаан руу залгаад “ахын дүү ноолуураа зарсан биз дээ машиныхаа мөнгийг авъя” гэж хэлтэл, дүү нь “барилга руу таны мөнгийг оруулчихсан. Та 2015 оны 10 дугаар cap хүртэл банкныхаа хүүг төлөөд л байж бай, дүү нь танд нэг мөсөн автомашины мөнгийг бас байрны ордерыг чинь банкнаас чөлөөлж өгье” гэж хэлэхээр нь би итгээд 2015 оны 10 дугаар cap дуустал өөрөө банкны хүүгээ төлж явж байгаад Мөнххаанд “10 дугаар cap дуусчихлаа, мөнгөө авъя” гэж хэлтэл “барилгын ажил арай дуусаагүй байна, та түр банкны хүүгээ төлөөд аргалаад явж бай, дүү нь удахгүй мөнгийг чинь өгнө” гэж хэлээд хугацаа зааж худлаа ярьж явсаар өнөөдрийг хүрлээ. Энэ хугацаанд барилгын ажлаа дуусгах гэсэн чинь мөнгө хэрэг болоод байна гэж хэлээд Мөнххаан надаас дансаар 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 100,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 100,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөг, мөн өдрөө 2,000,000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 50,000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 50,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 800,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 1,000,000 төгрөг, тухайн өдрөө мөн 3,000,000 төгрөг, дахиад 3,000,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 510,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 3,000,000 төгрөг, тухайн өдрөө дахин 3,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 1,500,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 2,000,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөгийг, нийт 39,260,000 төгрөгийг шилжүүлж авсан. Одоо би Мөнххаанаас энэ мөнгөн дээр нэмээд автомашины 38,000,000 төгрөг, байрны 50,000,000 төгрөг, түүний хүү болох 14,377,000 төгрөг, нийт 141,637,000 төгрөгийг авах ёстой. ...” /1хх 11-12, 2хх 100/,

гэрч С.Алтанцэцэгийг “...2015 онд байсан, би cap өдрийг нь сайн санахгүй байна. Мөнххаан манай нөхөр Энхтогтохоос гуйсаар байгаад манай 21 дүгээр хороололд байдаг байрыг 50,000,000 төгрөгийн барьцаанд тавиулж мөнгийг нь авч өөрийнхөө барьж байсан барилгын ажилд оруулж удахгүй хүүтэй нь өгнө гэж худлаа хэлж явсаар байгаад өгөөгүй, манай нөхөр бид 2 өөрсдөө мөнгөө төлж байраа авсан. Мөн тус ондоо манай нөхөрт дүү нь машиныг чинь зараад өгье мөнгийг нь барилгын ажилдаа хэрэглэж байгаад удахгүй өгнө гэж хэлээд “Ланд-100” загварын автомашиныг нь авч явж зараад мөнгийг нь өгөөгүй. Маас мөнгөө авъя гэхээр дүү нь барьж байгаа барилгын ажлаа дуусгачихвал барилгаа банканд барьцаалж удахгүй мөнгийг чинь гаргаад өгнө гэж худлаа ярьж хуурч явсаар байгаад нэмж увуулж цувуулж зөндөө мөнгө авсан. Яг хэдэн төгрөг цувуулж авсан талаар сайн мэдэхгүй байна. 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр мөнгө өгөхгүй болохоор нь аргаа бараад би Мөнххаантай зээлийн гэрээ хийсэн юм. Гэрээ хийхдээ Мөнххаанд өгсөн мөнгөө бодож үзтэл 141,000,000 төгрөг болж байсан болохоор энэ мөнгөн дүнгийн дагуу гэрээ хийсэн. Би нөхөр Энхтогтох руу уурлаж Мөнххаанд өгсөн байр, машины мөнгөө авъя гэж хэлтэл манай нөхөр чи тэгвэл Мөнххаантай ярьчих гэхээр нь ярьтал барилгын ажил 2017 оны 6 дугаар cap гэхэд дуусчихна, тэгэхээр нь өгье гэхээр нь би чамайг 2015 оноос хойш харлаа, тэгвэл чи надтай гэрээ хий гэж хэлсэн чинь Мөнххаан тэгье гээд уг гэрээг хийсэн. ...” /1хх 19-20/,

гэрч Т.Бадамцэцэгийн “...Б.М Д.Энхтогтох ахын “Ланд круйзер” машиныг авч явж зарсан талаар мэднэ. Харин байрыг нь барьцаалж мөнгө авсан талаар сайн мэдэхгүй байна. Тэгэхдээ Мөнххааны данс руу 50,000,000 төгрөг орж ирж байсан. Надад хаанаас энэ мөнгийг авсан талаараа хэлээгүй. ...Хохирогч П.Энхтогтохын данснаас миний данс руу 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг шилжиж ирсэн. Тухайн мөнгийг би аваагүй, манай нөхөр Б.М авч хэрэглэсэн. Би юунд зарцуулсан талаар сайн мэдэхгүй. ...” /1хх 21/ гэх мэдүүлгүүд,

хохирогч П.Энхтогтохын “Хаан” банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 27-45/, шүүгдэгч Б.Мы “Хаан” банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 71-135/, зээлийн гэрээний хуулбар /1хх 243, 3хх 26-28/, автомашины үнэлгээ /2хх 83-84/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч Б.Мыг залилах гэмт хэргийг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч Б.Мы хохирогч П.Энхтогтоход “үйлчилгээний төвтэй байр Баянхошуунд барьж байгаа, 2017 оны 10 дугаар сард барьж дуусгаад буцаагаад төлнө” гэж итгүүлэн түүний 2 өрөө орон сууцыг “Хаан” банкны зээлийн төвд зээлийн барьцаанд тавиулж, 64.377.000 төгрөг, “Тоёота Ланд круйзер 100” загварын 0903 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг итгэмжлэлээр шилжүүлэн авч, худалдан борлуулж, төлбөрийг хувьдаа хэрэглэж 29.000.000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл бэлэн мөнгө 40.610.000 төгрөг, нийт 133.987.000 төгрөгийн эд хөрөнгийг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо нар нь “...П.Энхтогтоход учруулсан гэх 133.987.000 төгрөгөөс 40.610.000 төгрөгийг зээлж аваагүй, энэ мөнгөнд П.Энхтогтох нь 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Мөнххаанаар уулнаас самар түүлгэж, өдөр бүр мөнгөө дансруу шилжүүлж, самраа орой бүр худалдаж авдаг байсан. ...2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр түүнд банкнаас авхуулсан зээлэн дээрээ нэмж, урамшуулалд нь нэмж мөнгө өгье гэж гуйж, хий 40.000.000 төгрөг нэмсэн дүнгээр гэрээ байгуулсан. ...зохиомлоор 40.610.000 төгрөгийн самар авсан мөнгөний хуулга баримтыг бүрдүүлж хэрэгт өгснийг шүүх үнэн зөвөөр дүгнэсэнгүй. ...Мөнххааны дансанд орсон 40.610.000 төгрөгийг залилуулсан мөнгө биш худалдах худалдан авах харилцааны үндсэн дээр төлсөн мөнгө гэдгийг үнэн зөвөөр тогтоолгож, хохирлын хэмжээг багасгуулах хүсэлтэй байна. ...Шүүгдэгч Б.Мы хохирлын хэмжээг үнэн зөвөөр тогтоолгох гэж маргасан байр суурийг гэм буруугийн хувьд маргасан гэж дүгнэн, 7 жилийн хугацаагаар хорих ял оноосон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дахин хянан үзэж, мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, хохирогч П.Энхтогтохын “Хаан” банкны данснаас шүүгдэгч Б.Мы данс руу 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл нийт 18 удаагийн гүйлгээгээр нийт 40.610.000 төгрөг шилжүүлсэн баримт /1хх 29-45/ байх ба харин Б.Маар уулнаас самар түүлгэж, өдөр бүр мөнгөө данс руу шилжүүлж, самраа орой бүр худалдаж авдаг байсан гэх баримт хавтас хэрэгт байхгүй, энэ талаар нотлох ямар нэгэн нотлох баримт авагдаагүй байх тул дээрх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заажээ.

Харин шүүгдэгч Б.Мы анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдал зэргийг харгалзан түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан 7 жилийн хорих ялыг 5 жил болгон өөрчилж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноровын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл буюу Хууль буцаан хэрэглэх зохицуулалтыг хэрэглэхдээ “...хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.” гэж алдаатай бичжээ.

Иймд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноровын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/746 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтын “Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Мд холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.” гэснийг “Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Мд холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар өөрчилсүгэй.” гэж,

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б.Мд 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б.Мд 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,

4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Мд оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Мд оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мы өмгөөлөгч Л.Данзанноровын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.           

 

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                         О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                                     Б.АРИУНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                         Д.МЯГМАРЖАВ