Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 0746

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран, улсын яллагч М.Сүхчулуун, гэрч С.А, хохирогч П.Э, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос О овгийн Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 03075 1538 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

О овгийн Б.М, Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл зургаа, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, ** гудамж, *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.М нь бодит байдлыг нуух замаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч П.Э-д “үйлчилгээний төвтэй байр Баянхошуунд барьж байгаа, 2017 оны 10 дугаар сард барьж дуусгаад буцаагаад төлнө” гэж итгүүлэн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар байрны ** тоотод байрлах 2 өрөө орон сууцыг 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “Хаан” банкны Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол, “Престиж” төвд орших “Зүүн дөрвөн зам” бизнес зээлийн төвд зээлийн барьцаанд тавиулж, 64,377,000 /жаран дөрвөн сая гурван зуун далан долоон мянга/ төгрөг, 2015 оны 6 дугаар сарын орчим “Баян-Өлгий аймагт 38,000,000 /гучин найман сая/ төгрөгт машин борлуулж өгнө” гэж итгүүлэн Тоёота Ланд круйзер 100 загварын *** улсын дугаартай 2001 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгслийг өмчлөгчөөс итгэмжлэлээр шилжүүлэн авч М.Х гэгчид худалдан борлуулж төлбөрийг авсан боловч хохирогчид өгөлгүй хувьдаа хэрэглэж 29,000,000 /хорин есөн сая/ төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл бэлэн мөнгө 40,610,000 /дөчин сая зургаан зуун арван мянга/ төгрөг, нийт 133,987,000 /нэг зуун гучин гурван сая есөн зун наян долоон мянга/ төгрөгийн эд хөрөнгийг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1. Шүүгдэгч Б.М-ы шүүх хуралдаанд өгсөн: “...2014 онд Говь-Алтай аймгаас анх ирсэн. Тэгээд Э ахтай хамт ажиллаж ах дүүгийн барилдлагатай болж олсон ашгаа хуваадаг болсон. Би 2011 онд үйлчилгээний төв барьж ашиглалтад оруулсан. Тэгээд 2015 онд дахиад үйлчилгээний төв барьж эхлэх гээд Э ахаар 50,000,000 төгрөгийн зээл авхуулсан. Барилгын ажил 1 жил явагдсан. 2016 оны зун надад мөнгөний хэрэгцээ гараад Э ахыг машинаа зарах юм уу гэхэд зарна гэхээр Баян-Өлгий аймагт аваачиж зараад мөнгийг нь барилга руу оруулсан. Бид хоёр анх тохиролцохоо 50,000,000 төгрөг аваад өгчих би танд 10,000,000 төгрөг өгье гэсэн. Тиймээс 50,000,000 төгрөгийн зээл нь хүүтэйгээ нийлээд 60,000,000 гаруй болсон. Үүн дээр машины 30,000,000 гаруй төгрөгийг нэмээд 1,000,000 гаруй төгрөг болсон. Э ах 2016 онд надаас мөнгөө нэхсэн боловч би мөнгийг нь гаргаж өгөх боломжгүй байсан. Тэгээд нэг жил өнжчих би танд 10,000,000 төгрөг өгье гэж хэлээд нийт мөнгө нь 120,000,000 төгрөг болсон. Тухайн ондоо төлж чадалгүй дахиад нэг жил болсон. 2017 онд Э ах намайг дуудаад за хоёулаа зээлийн гэрээ байгуулна. 120,000,000 төгрөг болсон одоо хэзээ өгөх вэ гэхэд нь би 2017 оны 7 дугаар сар өгье нийт өгөх мөнгийг 140,000,000 төгрөгөөр тохиръё гээд зээлийн гэрээ хийсэн. Миний яг авсан мөнгө бол 50,000,000 төгрөгөөр банкны зээл авхуулсан, мөн машины мөнгө байсан боловч төлөх нь 140,000,000 төгрөг болсон. Иймд учир би хохирлын хэмжээ дээр маргаад байна. Би үндсэн мөнгөө төлнө, хүүг төлөхгүй. 2017 оны намар нь Э ах бид хоёр самрын наймаа хийсэн. Түрүүчийн шүүх хуралд самар авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ самрын 40,000,000 төгрөг дээр маргаж байгаа... “ гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч П.Э-ын шүүх хуралдаанд өгсөн: “...М нь 2015 оны 05 сарын 10 орчим манайхаас ирж бэлэн 8,000,000 төгрөгийг А-ээс авсан. 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ирж байраа барьцаанд тавиад 50,000,000 төгрөгийг банкнаас зээлээд өгөөч би танд 10 сард өгнө гээд барьцаанд тавиулсан. Тэгээд зээл гарахад нь би 8,000,000 төгрөгөө хасаад зээлийн гүйлгээний утга дээр 50,000,000 боллоо гэж бичсэн. 8,000,000 төгрөгийг буцааж авахдаа хүү бодоогүй. 6 дугаар сар дөнгөж гарсны дараа ахаа машиныг чинь Баян-Өлгий аймагт зарчхаад ирье гэж хэлээд “Ланд 100” маркийн  машиныг 34,000,000 төгрөгөөр тохироод аваад явсан. Зарчхаад миний зөвшөөрөлгүйгээр барилгадаа оруулсан байсан. Ирэхээр нь хэлээд тохиролцоход М миний машиныг худалдаж авсан үнэ болох 38,000,000 төгрөгөөр тохирсон. Гэхдээ автомашиныг үнэлгээний газар нь 29,000,000 төгрөг гэж үнэлсэн байсан. Би энэ дүнг хүлээн зөвшөөрч байгаа. Түүнээс хойш М надаас 1 жил гарангын хугацаанд 40,000,000 орчимд төгрөг авсан. Би бушуухан байр, машинаа авахын тул нэхсэн мөнгийг нь өгсөн...” гэсэн мэдүүлэг;

3. Гэрч С.А-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нөхөр бид хоёр М болон эхнэр Б-тэй нь мөнгөө 6 дугаар сард өгнө гэсэн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Би гэрээнд гарын үсэг зурсан, М, Э хоёр тооцоо нийлж 141 сая гэдэг тоог гаргасан. М банканд манай байрыг 50,000,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Дараа нь манай машиныг зарж өгнө гэж авсан. Түүнээс хойш мөн барилгаа барьж дуусгахын тулд мөнгө хэрэгтэй байна гэж цувуулж авсаар байгаад бидний өгсөн мөнгө 141,000,000 төгрөгт хүрсэн. М 40,000,000 төгрөгийг “хүү”-нд өгье гэж ярьсан зүйл байхгүй. Гэрээнд хүүгүй гэж тохирсон байгаа. М машин авна гээд байр барьцаалахаас 20-д хоногийн өмнө 8,000,000 төгрөгийг миний данснаас шилжүүлж авсан байсан тул 50,000,000 төгрөгөөс 8,000,000 төгрөгийг суутгаад үлдсэнийг нь М-д өгсөн. 8,000,000 төгрөгийг Э нэхэмжлэх эрхтэй, манай гэр бүлийн дундын мөнгө. 40,610,000 төгрөг нь Эын данснаас гарсан. 141,000,000 төгрөгөөс 2018 онд 1,000,000 төгрөг л авсан. Үүнийг Э мэдэхгүй байх. М банкны зээлээс 1 сарын төлбөрийг л төлсөн...” гэсэн мэдүүлэг;

4. Хохирогч П.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2006 онд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Эмээлтэд түүхий эдийн зах дээр хувиараа түүхий эд худалдан авч, наймаа эрхэлдэг байж байгаад Б.М гэх залуутай танилцаж доороо туслах ажилчнаар ажилд авсан. Тухайн үедээ бид 2 хэн хэндээ тус дэмтэй сайхан ах дүү шиг явж байсан. 2015 оны 04 дүгээр сард М манай гэрт удаа дараалан ирж надтай уулзаж “ахаа та дүүдээ байраа банканд 50,000,000 төгрөгт барьцаанд тавиад өгөөч дүү нь Баянхошуунд дахиад 4 давхар үйлчилгээний төв барих гэсэн юм, 2015 оны 10 дугаар сард багтаагаад банкны хүүг нь төлөөд байрыг чинь буцаагаад аваад өгчихье” гэж гуйгаад байхаар нь 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “Хаан” банканд байраа тэнцүү төлөлт хэлбэрээр 24 сарын хугацаатай барьцаанд тавьж М-д 50,000,000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо “Содон” хорооллын “Хаан” банкнаас 5017****** дугаарын данс руу шилжүүлж өгсөн. 2015 оны 06 дугаар сарын эхээр (өдрийг нь сайн санахгүй байна) М манай гэрт эхнэр Б-ийн хамт ирээд “ахаа Баян-Өлгий аймагт дизель “Ланд-100” маркийн автомашин авах хүн байна, та машинаа зарах уу гэж асуухаар нь “машинаа 38,000,000 төгрөгөөр авсан, яг авах хүнд нь авсан үнээрээ зарна” гэсэн чинь “за тэгвэл дүү нь машиныг чинь зараад өгье” гэж хэлээд итгэмжлэх хийлгээд миний өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай ногоон өнгийн “Ланд круйзер-100” загварын машиныг аваад явсан. Удалгүй М надтай ирж уулзаад “дүү нь таны машиныг Баян-Өлгий аймагт ноолуураар сольчихлоо. Одоо ноолуур өссөн дүү ноолуураа зараад таны мөнгийг гялс гаргаад өгнө” гэж хэлээд явсан. Тэр өдрөөс хойш 10 хоногийн дараа би М луу залгаад “ахын дүү ноолуураа зарсан биз дээ машиныхаа мөнгийг авъя” гэж хэлтэл, дүү нь “барилга руу таны мөнгийг оруулчихсан. Та 2015 оны 10 дугаар cap хүртэл банкныхаа хүүг төлөөд л байж бай, дүү нь танд нэг мөсөн автомашины мөнгийг бас байрны ордерыг чинь банкнаас чөлөөлж өгье” гэж хэлэхээр нь би итгээд 2015 оны 10 дугаар cap дуустал өөрөө банкны хүүгээ төлж явж байгаад М-д “10 дугаар cap дуусчихлаа, мөнгөө авъя” гэж хэлтэл “барилгын ажил арай дуусаагүй байна, та түр банкны хүүгээ төлөөд аргалаад явж бай, дүү нь удахгүй мөнгийг чинь өгнө” гэж хэлээд хугацаа зааж худлаа ярьж явсаар өнөөдрийг хүрлээ. Энэ хугацаанд барилгын ажлаа дуусгах гэсэн чинь мөнгө хэрэг болоод байна гэж хэлээд М надаас *** дугаартай дансаар  2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 100,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 100,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөг, мөн өдрөө 2,000,000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 50,000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 50,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 800,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 1,000,000 төгрөг, тухайн өдрөө мөн 3,000,000 төгрөг, дахиад 3,000,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 510,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 3,000,000 төгрөг, тухайн өдрөө дахин 3,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 1,500,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 2,000,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөгийг, нийт 39,260,000 төгрөгийг шилжүүлж авсан. Одоо би Маас энэ мөнгөн дээр нэмээд автомашины 38,000,000 төгрөг, байрны 50,000,000 төгрөг, түүний хүү болох 14,377,000 төгрөг, нийт 141,637,000 төгрөгийг авах ёстой...Би шүүх хуралд өөрийн биеэр оролцоно...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 11-12, 2хх-ийн 100 дугаар хуудас);

- Хохирогч П.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Би Б.М-д 141,000,000 төгрөг өгөхдөө дансаар, байр барьцаалсан 50,000,000 төгрөгийг оролцуулаад 90,510,000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 26-аас 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл цувуулж шилжүүлж өгсөн. Мөн миний өөрийн эзэмшилд байсан *** улсын дугаартай “Тоёота ланд-100” загварын ногоон өнгийн машиныг 38,000,000 төгрөгөөр зарж өгнө гэж хэлж авч яваад мөнгө болон машиныг маань буцааж өгөөгүй. 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан 19 дүгээр хороо, 79б байрны 6 тоотод байрлах 2 өрөө байраа 50,000,000 төгрөгөөр “Хаан” банканд барьцаалж тухайн мөнгийг Б.М-д өгсөн ба банкны хүүд би өөрөөсөө 14,377,000 төгрөг өгсөн. Нийт өгсөн мөнгө 142,877,000 төгрөг. М-аас мөнгөө нэхэхээр зээлийн гэрээ байгуулчихъя, гэрээнд заасан хугацаанд мөнгөө найдвартай өгнө гэж хэлэхээр нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нотариат эхнэр А-тэй хамт орж зээлийн гэрээ хийсэн. Гэрээ хийхдээ 141,000,000 төгрөг авахаар болж гэрээ хийсэн. М 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 2 өрөө байраа “Хаан” банканд 50,000,000 төгрөгөөр барьцаалж зээл авч өгөх үед тухайн мөнгийг барилга барьж байгаа тэрэндээ зарцуулна гэж хэлсэн. 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөгийг шилжүүлж авахдаа мөн барилгын ажилд зарцуулна гэж хэлж авсан. 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг авахдаа хөдөө явж байна бензиний мөнгөгүй болчихлоо гэж хэлж авсан. 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 100,000 төгрөг шилжүүлж авахдаа мөнгө хэрэг болчихлоо түр явуулчих гэж хэлж авсан. 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөгийг шилжүүлж авахдаа барилгын материалд мөнгө дутчихлаа гэж хэлж авсан. 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлж авахдаа мөн барилгын материал авах гэсэн юм гэж шилжүүлж авсан. 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 50,000 төгрөгийг авахдаа түр өгчих буцаагаад өгье гэж хэлж авсан. 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийг шилжүүлж авахдаа барилгын материалд мөнгө дутчихлаа гэж хэлж авсан. 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 50,000 төгрөг авахдаа түр мөнгө хэрэг болоод байна гэж хэлж авсан. 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 7,000,000 төгрөгийг барилгын материал авах гэсэн юм мөнгө хэрэг болоод байна гэж хэлж авсан. 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 800,000 төгрөгийг авахдаа ойр зуур нааш, цааш явах гэсэн юм хэрэглээний мөнгө хэрэг болоод байна гэж хэлж авсан. 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөгийг барилгын материал авах гэсэн юм гэж хэлж авсан. 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 7,000,000 төгрөгийг авахдаа барилгын материал авах гэсэн юм гэж хэлж авсан. 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 510,000 төгрөг авахдаа автомашинд шатахууны мөнгө хэрэг болоод байна гэж хэлж авсан. 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 7,000,000 төгрөг авахдаа бас л барилгын материал авах гэсэн юм мөнгө дутчихлаа гэж хэлж авсан. 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 2,000,000 төгрөгийг мөн л барилгын материал авах гэсэн юм гэж хэлж авсан. Тухайн үед би “Эмээлт” зах дээр хувиараа түүхий эдийн наймаа эрхэлж байсан болохоор бэлэн мөнгөтэй байсан юм. Яагаад энэ мөнгөнүүдийг М-д өгсөн бэ гэвэл барилгын ажлаа хурдан дуусгачихвал таны мөнгийг хурдаг өгөх гээд байна, яаралтай мөнгө шилжүүлчих гэж хэлэхээр нь итгээд өгдөг байсан. Түүнээс хойш мөнгийг чинь өгнө гэж хэлж явсаар одоо хүртэл өгөөгүй. Ланд-100 загварын автомашиныг үнэлгээний байгууллага 29,000,000 төгрөгөөр үнэлсэн. Энэ мөнгөн дээр дансаар шилжүүлсэн 90,510,000 төгрөг, байраа барьцаанд тавьсан 50,000,000 төгрөг, хүүд өөрөөсөө төлсөн 14,377,000 төгрөг гээд надад учирсан нийт хохирол 133,887,000 төгрөг болсон. М 13,400,000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сараас 2017 оны хооронд цувуулж өгсөн. Одоо үлдэгдэл 120,487,000 төгрөгийг авах ёстой. Би “Хаан” банкнаас үл хөдлөх хөрөнгө барьцаалж авсан 50,000,000 төгрөгөөс М-д 41,290,000 төгрөг шилжүүлж 8,210,000 төгрөгийг нь өөрөө авсан нь үнэн. Үүнээс 500,000 төгрөгийг нь банкны шимтгэлд авч үлдэгдэл 8,210,000 төгрөгийг өмнө надаас “ковш” нэртэй техник авах гэсэн юм мөнгө дутаад байна гэж хэлээд зээлж авсан 8,210,000 төгрөгт суутгаж аваад гүйлгээний утган дээр 50,000,000 төгрөг шилжүүлж өгч байгаагаар бичүүлсэн. Нэг ёсондоо 50,000,000 төгрөгийг бүгдийг нь М-д өгсөн. Миний банканд барьцаанд тавьсан байр 2014 оны 01 дүгээр сард ашиглалтад орсон, ямар компани барьсан эсэх талаар сайн санахгүй байна. Үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэхэд 66,821,400 төгрөг болсон. Тухайн үнэлгээтэй санал нийлж байна. Би зээлийн барьцаанд тавьсан төлбөрийг бүгдийг нь өөрөө төлсөн. М орон сууцны зээлийн төлбөр төлөөгүй. Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 79б байрны 6 тоотод байрлах 45.41 м.кв 2 өрөө байр байгаа юм. Манай эхнэр С.А-ийн нэр дээр байж байгаад зээлээ төлж дуусгаад ээж С.Я-д бэлэглэлийн гэрээгээр өгчихсөн...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 111 дүгээр хуудас);

5. Гэрч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2007 онд М-ыг анх таньдаг болсон. 2015 онд байсан, би cap өдрийг нь сайн санахгүй байна. М манай нөхөр Э-оос гуйсаар байгаад манай 21 дүгээр хороололд байдаг байрыг 50,000,000 төгрөгийн барьцаанд тавиулж мөнгийг нь авч өөрийнхөө барьж байсан барилгын ажилд оруулж удахгүй хүүтэй нь өгнө гэж худлаа хэлж явсаар байгаад өгөөгүй, манай нөхөр бид 2 өөрсдөө мөнгөө төлж байраа авсан. Мөн тус ондоо манай нөхөрт дүү нь машиныг чинь зараад өгье мөнгийг нь барилгын ажилдаа хэрэглэж байгаад удахгүй өгнө гэж хэлээд “Ланд-100” загварын автомашиныг нь авч явж зараад мөнгийг нь өгөөгүй. Маас мөнгөө авъя гэхээр дүү нь барьж байгаа барилгын ажлаа дуусгачихвал барилгаа банканд барьцаалж удахгүй мөнгийг чинь гаргаад өгнө гэж худлаа ярьж хуурч явсаар байгаад нэмж увуулж цувуулж зөндөө мөнгө авсан. Яг хэдэн төгрөг цувуулж авсан талаар сайн мэдэхгүй байна. 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мөнгө өгөхгүй болохоор нь аргаа бараад би М-тай зээлийн гэрээ хийсэн юм. Гэрээ хийхдээ М-д өгсөн мөнгөө бодож үзтэл 141,000,000 төгрөг болж байсан болохоор энэ мөнгөн дүнгийн дагуу гэрээ хийсэн. Би нөхөр Э руу уурлаж М-д өгсөн байр, машины мөнгөө авъя гэж хэлтэл манай нөхөр чи тэгвэл М-тай ярьчих гэхээр нь ярьтал барилгын ажил 2017 оны 06 дугаар cap гэхэд дуусчихна тэгэхээр нь өгье гэхээр нь би чамайг 2015 оноос хойш харлаа, тэгвэл чи надтай гэрээ хий гэж хэлсэн чинь М тэгье гээд уг гэрээг хийсэн. М Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Баянхошууны 112-ын автобусны буудлын ойролцоо замын хажууд 4 давхар барилга барьсан. Одоо үйлчилгээний төв нэртэй ажиллаж байгаа. М барилгаа барьж дуусчихсан мөртөө манай нөхрийн мөнгийг өгөхгүй байгаа. Мөнгөө нэхэхээр барилгаа зарчхаад өгнө, эсхүл барьцаанд тавьчхаад өгнө гэж худлаа яриад байгаа...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 19-20 дугаар хуудас);

6. Гэрч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.М Д.Э ахын “Ланд круйзер” машиныг авч явж зарсан талаар мэднэ. Харин байрыг нь барьцаалж мөнгө авсан талаар сайн мэдэхгүй байна. Тэгэхдээ М-ы данс руу 50,000,000 төгрөг орж ирж байсан. Надад хаанаас энэ мөнгийг авсан талаараа хэлээгүй...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 21 дүгээр хуудас),...

- Гэрч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...*** дугаартай Хаан банкны данс миний өөрийн данс байгаа юм. Хохирогч П.Э-ын данснаас миний дугаартай *** данс руу 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг шилжиж ирсэн. Тухайн мөнгийг би аваагүй, манай нөхөр Б.М авч хэрэглэсэн. Би юунд зарцуулсан талаар сайн мэдэхгүй. М-д Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын ** тоотод байрлах газар, 692.4 м.кв үйлчилгээний төвийг ашиглах эзэмших эрх байхгүй. О гэдэг хүний эд хөрөнгө байгаа юм. 2018 оны эхээр зарсан гэдгээ хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 21 дүгээр хуудас);

7. Гэрч С.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын ** тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 692.4 м.кв үл хөдлөх хөрөнгө миний эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө байгаа юм. Би энэ үйлчилгээний зориулалттай дутуу баригдсан объектыг Б.М-аас тухайн үед 270,000,000 орчим төгрөгөөр 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр худалдаж авч байсан. Худалдах, худалдан авах гэрээ байгуулж байсан. Одоо энэ объект миний эзэмшлийнх, хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 89 дүгээр хуудас);

- Гэрч С.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Би Б.М-аас Сонгинохайрхан дүүрэг 28 дугаар хороо, Сансарын ** тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө, газрыг 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 270,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үл хөдлөх хөрөнгө, газрыг худалдаж авахдаа Б.М-д өмнө зээлсэн байсан 60,000,000 төгрөгөө суутгаж аваад үлдэгдэл 210,000,000 төгрөгийг өгөхдөө бэлнээр 100,000,000 төгрөг өгсөн, үлдэгдэл 110,000,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сараас эхлэн цувуулж өгч бүрэн  дуусгасан. Тухайн үед Б.М-аас худалдаж авсан объектын дотор заслын ажил хийгдээгүй дутуу байсан учраас дотор заслын ажлаа хийж дуусгаад үлдэгдэл 110,000,000 төгрөгийг цувуулж өгсөн. М-д ямар нэгэн бараа материал оролцуулж уг үл хөдлөх хөрөнгө, газрыг худалдаж аваагүй. Дандаа бэлэн мөнгө өгсөн, надаас авсан мөнгөөрөө өрөө дарсан гэж хэлж байсан. Би Б.М-аас үл хөдлөх хөрөнгө, газрыг худалдан авахаас өмнө 60,000,000 төгрөгийн авлагатай байсан. 2012 онд Б.М надаас Баянхошуунд барилга барьж байгаа 60,000,000 төгрөг зээлчих барилгын ажлаа дуусгаад өгье гэж хэлэхээр нь очиж хартал надад худалдсан үл хөдлөх хөрөнгө, газрын зүүн талын хашаанд 3 давхар барилга барьж байхаар нь итгээд өгсөн. Тэгээд тэр барилгаа барьж дуусаад миний мөнгийг өгөөгүй, хэлэхээр удаахгүй өгнө, энэ барилгын ажлыг дуусгаад өгнө гэж хэлээд надад зарсан үл хөдлөх хөрөнгө газрыг үзүүлэхээр нь мөнгөө нэхэхгүй явж байтал 2017 оны 05 дугаар сард намайг дуудаад энэ барилгын ажлыг дуусгаж барахгүй юм шиг байна. Чи надад зээлсэн өрөө суутгаад энэ барилгыг худалдаж ав гэж хэлэхээр нь би зээлсэн 60,000,000 төгрөгөө суутгаад 210,000,000 төгрөгийг өгч, 270,000,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 119 дүгээр хуудас);

8. Гэрч М.Х-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр *** улсын дугаартай тоёота “Ланд-100” загварын ногоон өнгийн автомашиныг нэрийг нь мэдэхгүй, Улаанбаатар хотоос ирж ноолуурын ченж хийж байсан нэг хүнээс худалдаж авсан. Би “Ланд прадо-95” загварын машиныг 14,000,000 төгрөгөөр үнэлж өгсөн. Мөн 400 кг ноолуурыг 22,000,000 төгрөгөөр 1 килограммыг нь 55,000 төгрөгөөр үнэлж өгсөн. Нийт 36,000,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 114 дүгээр хуудас);

9. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол (1хх-ийн 174-176 дугаар хуудас), Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоол (2хх-ийн 123-127 дугаар хуудас);

10. Шүүгдэгч Б.М-ы иргэний үнэмлэхийн лавлагаа (1хх-ийн 142 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 166 дугаар хуудас), хохирогчийн өмгөөлөгчийн шинжлэн судалсан Хаан банкны тодорхойлолт, дансны хуулганууд;

11. Шүүгдэгч Б.М-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2015 оны 03 дугаар сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Сансарын 1 дүгээр гудамж 6 тоотод байрлах өөрийн хашаандаа 4 давхар үйлчилгээний төв барихаар болж мөнгө дутаад байхаар нь танил П.Э ахын гэрт очиж “дүү нь 4 давхар үйлчилгээний төв хашаандаа барих гэсэн чинь мөнгө дутаад байна. Та дүүдээ 21 дүгээр хорооллынхоо байрыг барьцаанд тавиад 50,000,000 төгрөгийн зээл аваад 2015 оны 10 дугаар сардаа багтааж хүүтэй нь төлөөд дуусгаад өгчихье танд 10,000,000 төгрөг нэмж өгье” гэж хэлээд 2015 оны 05 дугаар сарын сүүлээр Э 21 дүгээр хорооллын 2 өрөө байраа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 13 дугаар хороололд байрлах “Хаан" банкны салбарт 50,000,000 төгрөгт барьцаанд тавьж зээл авчхаад Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Содон” хорооллын “Хаан” банкин дээр ирж өөрийн эхнэр Б-ийн *** дугаарын данс руу 41,290,000 төгрөгийг шилжүүлж авсан. Тэгээд би өмнөх авсан мөнгөтэйгөө нийлээд П.Э ахад 50,000,000 төгрөгийн өртэй болсон. 2015 оны 06 дугаар сард өдрийг нь санахгүй байна намайг гэртээ байж байхад найз Б Баян-Өлгий аймгаас залгаж зарах “Ланд-100” юм уу “Лексус-470” загварын автомашин байна уу гэж асуухаар нь байгаа гэж хэлээд П.Э ах руу залгаж та “Ланд-100” маркийн машинаа зарахгүй юу гэж асуухад Э ах зарна гэж хэлэхээр нь “34,000,000 төгрөгөөр зараад өгье барилгын ажил дуусахаар дүү нь танд мөнгийг чинь буцаагаад өгье” гэж хэлээд өөрийнхөө нэр дээр итгэмжлэх хийлгээд ногоон өнгийн “Ланд-100” загварын автомашиныг Баян-Өлгий аймаг руу авч яваад 34,000,000 төгрөгөөр зарчхаад тухайн мөнгөөр нь барилгын ажилдаа бараа материал авч дуусгасан. Дараа нь П.Э ахаас барилгын ажлаа дуусгах гэсэн чинь мөнгө хэрэг болоод байна гэж хэлээд 2016 онд (cap өдрийг нь санахгүй байна) 4,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг зээлж авсан. Түүн дээр байр барьцаанд тавьсан банкны хүү болох 13,000,000 төгрөгийг би өгөх ёстой. 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр П.Э ах мөнгөө нэхээд байхаар нь өгнө гэж ярилцаад түүний эхнэр А-тэй гэрээ хийсэн. Гэрээгээ хийхдээ та надад өгсөн мөнгөө 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгачих би танд 20,000,000 төгрөг нэмж өгнө гэж хэлсэн. Э ахаас мөнгө авсан 141,000,000 төгрөг өгөх ёстой. Би П.Э-д учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байгаа. Э ахад би “4 давхар үйлчилгээний төвөө 270,000,000 төгрөгийн барьцаанд тавьчихсан байгаа. Та энэ зээлийг өөртөө шилжүүлж авч төлж дуусгаад үйлчилгээний төвийг өөрийнхөө нэр дээр авчих тэгээд надаас авах мөнгөө барагдуулчих” гэж хэлсэн. Тэгсэн чинь Э зөвшөөрөөгүй. Үйлчилгээний төвөө зарах гэсэн боловч зарагдахгүй байгаа юм...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 178-180 дугаар хуудас);

- Шүүгдэгч Б.М-ы мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 100,000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 100,000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөг, мөн өдрөө 2,000,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 50,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 50,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 800,000 төгрөг, 2016 он 09 дүгээр сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөг, тухайн өдрөө мөн 3,000,000 төгрөг, дахин 3,000,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 510,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 3,000,000 төгрөг, тухайн өдрөө дахин 3,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг нийт 7,000,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 1,500,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 2,000,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөгийг авсан нь үнэн. 14,000,000 төгрөгийг барилгын ажилд хэрэглэсэн. Үлдсэн мөнгийг самрын наймаа хийж байхдаа Э ахад самар өгсөн. Харин Э ах аваагүй гэж хэлж байна лээ. Надад өгсөн гээд гаргаад өгчих баримт байхгүй. Э-оос авсан 14,000,000 төгрөгийг 2 хувааж барилгын ажилд хэрэглэсэн. Би Э ахад 141,000,000 төгрөг төлөх ёстойгоос 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 1,000,000 төгрөгийг хувааж өгсөн. 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 900,000 төгрөг өгсөн. Мөн 2017 оны 04 дүгээр сард 8,500,000 төгрөг шилжүүлж өгсөн, нийт 13,400,000 төгрөг өгчихсөн байна. Одоо би Э ахаас авсан байрны 50,000,000 төгрөг, Ланд-100 маркийн автомашины 34,000,000 төгрөг, дансаар хувааж авсан 14,000,000 төгрөгийг өгөх ёстой. Бусад мөнгө нь наймааны мөнгө, самар өгчихсөн юм. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын ** тоотод байрлах 692.4 м.кв талбайтай газар, үйлчилгээний төвийг банкны барьцаанд 270,000,000 төгрөгөөр тавьчихсан Э ахыг зээлийг дараад ав гэж худлаа мэдүүлсэн юм. Хүнд зарчихсан байсан юм...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 96-97 дугаар хуудас);

- Шүүгдэгч Б.М-ы мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Эын байрыг Хаан банканд барьцаалж 50,000,000 төгрөгийн зээл авхуулахаас 7 хоногийн өмнөхөн санагдаж байна 8,000,000 төгрөгийг хашаа барих гэж авсан юм. Тухайн хашааг Толгойтод барих гэж байгаад чадаагүй. 3,000,000 төгрөгийг тухайн хашааг тэгшлэх гэж шороо асгуулсан том тэрэгний жолоочид өгсөн. 5,000,000 төгрөгийг өөрийнхөө хувийн хэрэгцээнд дуусгасан. Би Эоос авч явсан Ланд-100 загварын *** улсын дугаартай ногоон өнгийн автомашиныг Баян- Өлгий аймгийн Ногоон нуур суманд 2015 оны 07 дугаар сарын эхээр Х гэх эрэгтэй хүнд 36,000,000 төгрөгөөр бодож зарсан. Ингэхдээ 14,000,000 төгрөгт нь түүний унаж байсан саарал өнгийн “Ланд Прадо-95” загварын автомашиныг авч газар дээр нь танихгүй хүнд 10,000,000 төгрөгөөр зарсан. Хуанганаас 22,000,000 төгрөгт 400 кг ноолуурыг 1 кг нь 55,000 төгрөгт бодож аваад гар дээрээ 32,000,000 төгрөгтэй болоод ирсэн...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 130-132 дугаар хуудас) зэрэг нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болно.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын тэгш мэтгэлцээний үндсэн дээр, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч О овгийн Б.М нь хохирогч П.Э-од “үйлчилгээний төвтэй байр Баянхошуунд барьж байгаа, 2017 оны 10 дугаар сард барьж дуусгаад буцаагаад төлнө” гэж итгүүлэн Сонгинохайрхан дүүргийн 79б дугаар байрны ** тоотод байрлах 2 өрөө орон сууцыг нь 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “Хаан” банкны Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол, “Престиж” төвд орших “Зүүн дөрвөн зам” бизнес зээлийн төвд зээлийн барьцаанд тавиулж, 49,790,500 /дөчин есөн сая долоон зуун ерэн мянга таван зуу/ төгрөгийн хохирол, 11,673,288 төгрөгийн хор уршиг учруулсан, мөн 2015 оны 6 дугаар сарын орчим “Баян-Өлгий аймагт 38,000,000 /гучин найман сая/ төгрөгт машин борлуулж өгнө” гэж итгүүлэн Тоёота Ланд круйзер 100 загварын *** улсын дугаартай 2001 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгслийг өмчлөгчөөс итгэмжлэлээр шилжүүлэн авч М.Х гэгчид худалдан борлуулж төлбөрийг авсан боловч хохирогчид өгөлгүй хувьдаа хэрэглэж 29,000,000 /хорин есөн сая/ төгрөгийн хохирол учруулсан, мөн 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд “барилгаа бариад дуусгачихвал таны мөнгийг өгөх байна, барилгаа дуусгахад мөнгө хэрэг болоод байна” хэмээн бэлнээр нийт 40,610,000 /дөчин сая зургаан зуун арван мянга/ төгрөгийн хохирол учруулсан буюу үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг “барьж буй байшингаа өөр хүнд зарж, улмаар мөнгийг нь үрэн таран хийсэн” бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон хохирогчийн итгэлийг урвуулан ашиглаж үйлдэн бусдад бүгд 131,073,788 /нэг зуун гучин нэгэн сая далан гурван мянга долоон зуун наян найм/ төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан болох нь хангалттай, эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Гэм буруу дээр маргахгүй байна. Энэ хүний буруутай үйл ажиллагааны улмаас хохирогч нь эд хөрөнгөөрөө хохирсон гэдэг нь хавтаст хэргээс харагдаж байна. Харин улсын яллагчийн зүгээс сая танилцуулсан 143.980.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол, шууд хохирол учруулсан гэдэг дээр маргаж байна. Хохирогчийн би хохирсон гээд гаргаж өгсөн бүхий л баримтыг хүлээн авч шүүгдэгчээс гаргуулах гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Үүнд зээлийн гэрээ гэгчид тусгасан 141,000,000 төгрөгийг шүүгдэгч бодитоор авсан гэдэг нь тогтоогдоогүй, мөн гэрээнд өөр хүн гарын үсэг зурсан. Иргэний харилцаа юм уу, эсхүл эрүүгийн харилцаа юм уу гэдэг дээр эргэлзээтэй асуудал байна. Хүлээн зөвшөөрч байгаа хохирол нь 2015 өдрийн 5 дугаар сарын 30-ны өдрийн 3,000,000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн 500,000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 41,290,000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 100,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1,500,000 төгрөг нийт 46,396,000 төгрөг байна. Мөн машины 29,000,000 төгрөгийг нэмж тооцоод нийт 75,490,000 төгрөгийн хүлээн зөвшөөрч байна. Үүнээс М-ы зүгээс 16,104,000 төгрөгийн бодит хохирлыг нөхөн төлсөн тул үүнийг хасаж 59,386,000 төгрөгийн бодит хохирлыг хохирогчид учруулсан гэж үзэж байна. 64,377,000 төгрөгийн банкны зээлээс 50,000,000 төгрөгийг нь бодитой авсан нь үнэн харин хүүгийн 14,377,000 төгрөгийг бодитой учирсан хохирол гэж үзэхгүй байх тул энэ хуралдаанаар хэлэлцэх боломжгүй гэж үзэж байна. 8,000,000 төгрөгийг хохирогч миний мөнгө гэж байсан боловч өнөөдөр шүүх хуралдаанд эхнэр болох гэрч А-ийн мөнгө гэж хэлж байна. Мөн тухайн мөнгийг өгсөн гэх баримт байхгүй. Тиймээс уг мөнгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хохирогчийн зүгээс 1 жил 6 сарын хугацаанд 46,010,000 төгрөгийг шүүгдэгчид зээлсэн гэх боловч тухайн гүйлгээний утга байхгүй. Иймд эргэлзээтэй асуудлыг яллагдагчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Хууль зүйн хувьд гэм буруугийн талаар маргаангүй гэдэг нь болж өнгөрсөн хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл төдийгүй гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээний талаар талууд маргахгүй байхыг ойлгоно. Иймд шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо нарыг шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаантай байсан гэж үзнэ.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг 119,400,500 төгрөгөөр, харин хор уршгийн хэмжээг 11,673,288 төгрөгөөр тус тус тогтоолоо. Хохирлын задаргаа нь орон сууц барьцаалуулан зээл авхуулж шилжүүлэн авсан мөнгө нь бодитоор 49,790,500 төгрөг, шилжүүлэн авсан тээврийн хэрэгслийн үнэлгээ 29,000,000 төгрөг, бэлнээр цувуулан авсан 40,610,000 төгрөг байна.

Хаан банкнаас зээлж авсан 50,000,000 төгрөгийн 500,000 төгрөгийг Хаан банк зээлийн үйлчилгээний шимтгэл хэлбэрээр татаж авсан байх тул үүнийг шүүгдэгч Б.М-д өгсөн гэж үзэх, мөн шүүгдэгч Б.М-ы хохирогч П.Э-ын эхнэр С.А-ээс түр зээлсэн байсан 8,000,000 төгрөгийг суутгаж авч үлдсэн байгааг шүүгдэгч Б.М авсан гэж үзэх, хохирогчоос шүүгдэгч рүү дансаар шилжүүлсэн 41,290,000 төгрөгийг шүүгдэгч Б.М авсан гэж үзэх бүрэн үндэстэй тул банкнаас зээл авч өгсөн мөнгөний тухайд шүүгдэгч Б.М нийт 49,790,500 төгрөгийг шилжүүлэн авсан гэж шүүх үзсэн юм.

Бэлнээр цувуулан авсан 40,610,000 төгрөгийн тухайд 2015 оны 05 дугаар сарын 30-аас 2016 оны 09 дүгээр сарын 20-ны хооронд дансаар шилжүүлэн авсан болох нь баримтаар нотлогдсон бөгөөд энэ мөнгө нь тэдний хооронд самрын наймаа хийсэн мөнгө болох нь тогтоогдохгүй байна. Түүнчлэн, улсын уллагчаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн эрх бүхий байгууллагуудын лавлагаа, тодорхойлолтоор няцаан үгүйсгэгдэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан бөгөөд хохирогч П.Э нь эхний нэг сарын төлбөрөөс бусад зээлийн төлбөрийг бүхэлд нь өөрөө төлж дуусгасан байх тул түүний зээлийн хүүд төлсөн 14,377,288 төгрөгөөс шүүгдэгч Б.М-ы төлсөн нэг сарын төлбөр болох 2,704,000 төгрөгийг хасаж, 11,673,288 төгрөгийн хор уршиг учирсан гэж үзэв.   

Иймд энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нийлбэр төлбөрийг 131,073,788 төгрөгөөр тогтоож, үүнээс шүүгдэгч Б.М16,104,000 төгрөгийг төлсөн болох нь шүүх хуралдаанаар тогтоогдсон тул шүүгдэгч Б.М-аас нийт 114,969,788 төгрөгийг гаргуулан хохирогч П.Э-д олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.М-ы үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр бусдад зориуд хор уршиг учруулсан байх тул түүнийг залилах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Ялангуяа, шүүгдэгч Б.М нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь ашиглан хохирогчид барьж байсан барилгаа харуулан үнэмшил төрүүлж, улмаар тухайн байшинг бусдад сэм борлуулан бодит байдлыг нуух замаар хохирогчийг удаан хугацаанд төөрөгдөлд оруулж, үргэлжлүүлэн мөнгө авсаар байсан нь түүний гэмт санаа зорилгын ноцтой илрэл.

Шүүгдэгч Б.М-ы үргэлжилсэн залилах үйлдэл 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр эхэлж, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төгссөн байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ.” гэж зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэхээр байна.

Гэмт хэрэг үйлдэгдэж төгсөх үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 192,000 төгрөгөөр тогтоогдсон байсан бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 38,400,000 төгрөгөөс дээш хэмжээг онц их гэж тооцон хохирлын хэмжээг тодорхойлжээ.

Шүүгдэгч Б.М-ы үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх зүйл, хэсэгт хамаарах боловч 2015 оны Эрүүгийн хуулийн хохирлын хэмжээгээр 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан торгох болон хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх зүйл, заалттай гэмт хэргийн шинж нь тохирч байна.

Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтаар прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.М-ыг залилах” гэмт хэргийг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэнд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:                        

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.М-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн хэдий ч түүний үйлдэл шунахайн сэдэлтэй бөгөөд тохиолдлын шинжтэй нэг удаагийн үйлдэл биш тул хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцоогүйг дурдах нь зүйтэй.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр нэвтрэхэд хязгаарлалт тавих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож цагдан хорих саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...” гэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Уг хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг. Хэрэв хорих ял авбал хохирогчийн эрх сэргээгдэхгүй мөн тэр хугацаагаар хойшлох болно. Иймд хохирол төлбөрийг барагдуулахын тул шүүгдэгч ажил эрхлэх боломж олгож, торгож өгнө үү. Албадлагын арга хэмжээг давхар хэрэглэхэд татгалзах зүйлгүй. Шүүгдэгч 1-13 насны дөрвөн хүүхэдтэй, мөн өндөр настай эхийн хамт байдаг. Эхнэр нь хүүхэд асрах чөлөөтэй, ажилгүй байгаа тул ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзнэ үү...” гэв.

Шүүгдэгчийн мэдүүлгээс үзвэл түүнийг гэм буруугаа хүлээсэн гэж үзэх боломжгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар маргаж байгаа нь гэм буруугийн талаар маргаантай гэж үзэх үндэслэл болно. Түүнчлэн, бусдад учруулсан хохирол, хор уршгаа төлж барагдуулаагүй байхад гэмт этгээдэд торгох ял оногдуулах нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод үл нийцэх тул өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй.

Шүүгдэгч Б.М нь хохирогч П.Э-ыг бүтэн 4-5 жилийн хугацаанд эд хөрөнгөөр нь, сэтгэл санаагаар нь, цаг хугацаа, амьдралын бусад боломжоор нь хохироож, улмаар шүүх хуралдаанд “эрүүгийн хэрэг үүсгүүлээгүй байсан бол би хохирлыг нь бүрэн төлчих байсан, одоо бол чадахгүй” хэмээн хохирогчийн илтэд басамжилсан мэдүүлэг өгсөн, тэрээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан 10-15 жилийн хорих ялтай гэмт хэрэгт шийтгүүлэх байсан боловч хууль буцаан хэрэглэж хөнгөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан улсын яллагчийн санал болгосон 4 жилийн хугацаагаар хорих ялын хэмжээг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар долоон жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлөгдөөгүй нөхцөл байдал, гэмт этгээдийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд үр нөлөөтэй гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.М-д авсан “хувийн баталгаа гаргах”, “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.О овгийн Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар залилах” гэмт хэргийг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.М-д долоон жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан долоон жилийн хугацаагаар хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-аас нийт 114,969,788 (нэг зуун арван дөрвөн сая есөн зуун жаран есөн мянга долоон зуун наян найм) төгрөгийг гаргуулан хохирогч П.Э-д олгосугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.М-д урьд авсан “хувийн баталгаа гаргах”, “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.М-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА