Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 102/шш2021/01640

 

 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

.........ийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .........ард улсын иргэн В.В /ПД: .........../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ......., 18 дугаар хороо, ......, ...... гудамж, 50 дугаар байр, 000 тоот хаягт оршин суух, Б овогт М.С /РД: ....../-д холбогдох,

 

Төлбөр тооцоо барагдуулах гэрээний төлбөрт 472,500,000 төгрөг, зээлийн гэрээний төлбөр 126,624,000 төгрөг, нийт 599,124,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: .........Ард улсын иргэн В.В нь Монгол Улсын иргэн М.Стай 2010 онд танилцаж найз нөхдийн холбоотой болсон. Олон удаагийн уулзалтын үр дүнд М.С нь хамтран бизнес эрхэлье, та бид итгэлтэй найз нөхөд, бие биенээ хуурч гомдоохгүйгээр ах дүүгийн холбоотой боллоо, таны харилцаа холбоог ашиглаад .....аас бараа материал нийлүүлж борлуулъя гэдэг саналыг тавьсан. 2010 оноос 2015 оны хооронд В.В нь М.Сд хэд хэдэн удаагийн үйлдлээр бараа материал нийлүүлсэн боловч М.С нь төлбөрөө төлөхгүй байсан учир 2017 оны .........-ны өдөр талууд өнгөрсөн хугацааны В.Вгээс М.Сын авсан бараа, материалын төлбөр тооцоог нийлж Төлбөр тооцоо барагдуулах тухай гэрээ байгуулсан ба гэрээний 2.2 дахь заалтаар М.С нь В.Вд 900,000 юанийн буюу тухайн өдрийн ханшаар 315,000,000 төгрөгийн өглөгтэй болохыг баталгаажуулж, энэхүү төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцсон. Талууд гэрээгээр төлбөр тооцооны үлдэгдлийг 315,000,000 төгрөг гэж Монгол төгрөгөөр тохиролцсон болно.

 

Түүнчлэн М.С нь В.Вгээс мөнгө зээлээч, маш их хэрэг болоод байна, ганцхан сарын дараа өгнө гэж гуйсан ба тухайн үед В.Вд мөнгө байгаагүй учир энэ тухайгаа М.Саруупд хэлэхэд М.С нь би нөхөр П.Т таны араас ..... руу явуулъя, та .....ад очоод манай нөхрийн дансанд шилжүүлчих гэж тохирсон байна. Тэгэхээр нь В.В нь гэрээгээ одоо энд хийе, тэгээд би .....ад очоод мөнгөө нөхөрт чинь өгье гэж тохиролцоод 2017 оны -ны өдөр Зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Ингээд В.В нь нутаг руугаа явсан ба 2017 оны -ны өдөр гэхэд М.Сын нөхөр П.Т .....ад ирээд В.Втэй холбоо барьсны дагуу В.В нь П.Т ын дансанд 200,000 юанийг тохирсон ёсоор шилжүүлсэн болно. Хариуцагч М.С нь 2017 оны .........-ны өдрийн Төлбөр тооцоо барагдуулах тухай гэрээний төлбөрт болон 2017 оны -ний өдрийн зээлийн гэрээний төлбөрт өнөөдрийг хүртэлх хугацаанд 1 ч төгрөг төлөөгүй байна. Зээлийн гэрээгээр үндсэн зээл 200,000 юань, гэрээний 3.5-т зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлөхөөр зохигчид тохиролцсон, Иргэний хуульд нийцүүлж алдангид 100,000 юань, нийт 300,000 юанийг хариуцагчаас нэхэмжилж байгаа. Монголбанкны лавлагаагаар шүүхэд нэхэмжлэл гаргах үед 1 юань 422.08 төгрөгтэй тэнцэж байсан тул 300,000 юанийг х 422.08 төгрөг = 126,624,000 төгрөгөөр тооцсон болно.

 

Хариуцагчийн төлөөлөгч Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.5-д ярьж байна. Энэ зүйл заалтанд хүү тооцож болно, алдангийг тооцож болохгүй гэж заасан зүйл байдаггүй. Алданги нь өрөө үүргийн гүйцэтгэлийн хангах нэг хэрэгсэл болдог учраас алданги дээр маргаан байхгүй гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацаа ярьж байна. Хөөн хэлэлцэх нь 2017 оны -ны өдөр байгуулсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болохоос өмнө шүүхэд шаардлага гаргаж, хариуцагч маань олдохгүй байсан нь нотлох баримтаар тогтоогдож учраас хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй. Зээлийн гэрээн дээр дурдсан мөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулсанд тооцдог. Харин мөнгийг шилжүүлсэн зохицуулалт нь заавал тухайн зээлдүүлэгчид шилжүүлснээр гэрээ байгуулагдсан гэж ярихгүй. Өрөөр хэлбэл М.С П.Т хоёр нь гэр бүлийн харилцаатай эхнэр нөхөр хоёр тухайн үед П.Т М.С хоёр нь гэр бүлийн зохион байгуулалттай байсан, эхнэр М.С нь гэрээ байгуулаад нөхөр П.Т нь ..... руу очиж мөнгөө авсан байдаг. Энэ нь юугаар нотлогдож байгаа бэ? гэхээр зээлийн гэрээний үнэ 200,000 юань зээлүүлнэ гэж тохиролцсоны дагуу /шилжүүлэгийн баримт нь хавтаст хэргийн 45 дугаар хуудсанд байгаа/ 2017 оны -ны өдөр зээлийн гэрээгээр П.Т 2017 оны -ны өдөр .....ын Тариаланчдын банкаас В.В нь П.Т т 199,388 юанийг шилжүүлж, шилжүүлэгийн шимтгэл нь хасагдаж П.Т т уг юань орсон байдаг. 2017 оны -ны өдрийн зээлийн гэрээн дээр эхнэр болох М.С нь гарын үсэг зураад, нөхөр болох П.Т нь .....ад очиж 200,000 юань авсан нь нотлогдож байдаг. Итгэмжлэлтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Итгэмжлэл, орчуулгыг хууль ёсны дагуу хийсэн. Тухайн үед би ..... хэлний орчуулга нь байсан учраас дараа нь нотариатаар оруулж хавтаст хэрэгт өгсөн.

 

Иймд хариуцагч М.С нь 2017 оны .........-ны өдрийн Төлбөр тооцоо барагдуулах тухай гэрээний үүрэгт буюу үндсэн төлбөрт 315,000,000 төгрөг, алдангид 157,500,000 төгрөг, бүгд 472,500,000 төгрөгийг, мөн 2017 оны -ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт буюу 84,416,000 төгрөг, алдангид 42,208,000 төгрөг, бүгд 126,624,000 төгрөгийг, дээрх 2 гэрээний үүрэгт нийт 599,124,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: В.Вгээс Н.Бт 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр олгосон итгэмжпэл нь хуулийн шаардлага хангахгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл буюу мэддэг хэл, бичгээр, хэрэв хараагүй, хэлгүй, дүлий зэрэг шалтгааны улмаас төрийн албан ёсны хэл, бичгээр харилцаж чадахгүй бол дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан шүүхэд тайлбар, мэдүүлэг өгөх, үг хэлэх, нотлох баримт гаргаж өгөх эрхтэй гэж заасан байна. Итгэмжпэл нь Монгол хэл дээр хийгдсэн, итгэмжпэлийн агуулга, үр дагаварыг ойлгож, уншиж танилцсан гэх бичвэр хэрхэн хэрэгжсэн нь ойлгомжгүй байна. Хэдийгээр орчуулгыг хавсаргасан боловч итгэмжпэл дээр орчуулагчийн гарын үсэг байхгүй байна. Итгэмжпэлд төлөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн 0000 дугаартай үнэмлэхийг хавсаргажээ. Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлд үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо түүний иргэний баримт бичгийг үндэслэх талаар зохицуулсан байх ба 41 дүгээр зүйлийн 41.1-д итгэмжпэлд төлөөлүүлэгч болон төлөөлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, итгэмжпэл олгосон он, сар, өдөр, төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгож байгаа бүрэн эрх болон хугацааг бичнэ гэжээ. Шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхэд эдгээр мэдээлэл агуулагддаггүй.

 

Иргэний хуулийн 281 зүйлийн 281.1-т заасны дагуу зээлийн гэрээ хэлбэрийн хувьд хийгдсэн байх боломжтой боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчдэд шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэж үздэг. М.С нь В.Вгээс мөнгө аваагүй, харин П.Т т 199,388 юань өгсөн гэсэн нотлох баримтууд хэрэгт авагдсан байдаг. Төлбөр тооцоо барагдуулах гэрээг Иргэний хуулийн 466 дугаар зүйлийг үндэслэж нэхэмжлэгчийн төлөөлөгч ярьж байна. Хариуцагч М.С нь нэхэмжлэгч В.Втэй ийм гэрээ байгуулаагүй, 315,000,000 төгрөгийн өглөг байхгүй, гэрээн дээрх гарын үсэг М.Сынх биш. Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.5-д тооцоо нийлэх гэрээний дагуу төлбөрт хүү тооцож болно гэж заасан байдаг. Энэ зүйл заалтанд алданги тооцох зохицуулалт байдаггүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байна. Төлбөр тооцоо барагдуулах гэрээг үндэслэсэн нэхэмжлэгчийн шаардлага тодорхойгүй байна. Ямар бараа бүтээгдэхүүн хэзээ, хаанаас өгч авалцсан бараа материалыг сольж байгаа юм уу үгүй нь мэдэгдэхгүй тодорхойгүй байна. М.Сын нөхөр нь П.Т мөн эсэхийг би мэдэхгүй, тийм баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Эсхүл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжпэл гаргасан тохиолдолд нэхэмжпэлийг хүлээн авахаас татгалзах, 117 дугаар зүйлийн 117.1Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана. гэж зааснаар иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч .........Ард улсын иргэн В.В нь хариуцагч М.Сд холбогдуулан төлбөр тооцоо барагдуулах гэрээний төлбөрт 472,500,000 төгрөг, зээлийн гэрээний төлбөр 126,624,000 төгрөг, нийт 599,124,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь ... Төлбөр тооцоо барагдуулах тухай гэрээн дээрх гарын үсэг М.Сынх биш, 315,000,000 төгрөгийн өглөг байхгүй. М.С нь нэхэмжлэгч В.Втэй зээлийн гэрээ байгуулж, огт мөнгө аваагүй. М.Сын нөхөр нь П.Т гэх баримт хэрэгт авагдаагүй. В.Вгээс Н.Бт 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр олгосон итгэмжпэл нь хуулийн шаардлага хангахгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл буюу мэддэг хэл, бичгээр, хэрэв хараагүй, хэлгүй, дүлий зэрэг шалтгааны улмаас төрийн албан ёсны хэл, бичгээр харилцаж чадахгүй бол дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан шүүхэд тайлбар, мэдүүлэг өгөх, үг хэлэх, нотлох баримт гаргаж өгөх эрхтэй гэж заасан байна. Мөн итгэмжлэл дээр төлөөлөгчийн хувийн байдлыг тогтоохдоо иргэний үнэмлэхийг үндэслээгүй, шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийг үндэслэсэн нь Нотариатын тухай хуулийг зөрчсөн гэж маргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

а/ Төлбөр тооцоо барагдуулах гэрээний үүрэгт 472,500,000 төгрөг гаргуулах шаардлагын талаар:

 

Нэхэмжлэгч .........Ард улсын иргэн В.В нь хариуцагч М.Стай 2017 оны .........-ны өдөр төлбөр тооцоо барагдуулах гэрээ байгуулсан ба энэхүү гэрээгээр хариуцагч М.С нь нэхэмжлэгч В.Вд 315,000,000 төгрөг /900,000 юань/-ийн бараа материалын өглөгтэй болохыг баталгаажуулж, уг төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д Тооцоо нийлэх гэрээгээр талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцох бөгөөд тооцоо нийлэх хүртэл шаардлага гаргахгүй байх үүрэг хүлээнэ. гэж заасан тооцоо нийлэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан тооцоо барагдуулах гэрээний 2.2-т Талуудын хоорондын тооцоогоор Б тал нь А талд нийт 315,000,000 төгрөг буюу 900,000 юанийн бараа материалын төлбөрийн өглөгтэй байгаа болохыг талууд энэхүү гэрээгээр баталгаажуулав гэж тохиролцсон бөгөөд хариуцагч М.С нь дээрх гэрээг байгуулаагүй, миний гарын үсэг биш гэж маргасан боловч гэрээг баримтаар үгүйсгэж чадаагүй, өөрөөр хэлбэл тухайн гэрээн дээрх М.С гэх нэрний ард зурагдсан гарын үсгийг шинжээч томилуулан түүний гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохыг хариуцагч тал хүссэн боловч гэрээний эх хувийг гаргаж өгөөгүй, эсхүл гэрээний эх хувийг хадгалагдаж байгаа газраас нь гаргуулах хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаагүй. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Криминалистикийн шинжилгээнд шинжилгээний обьект, бусад шаардлагатай баримт материалыг эх хувиар нь ирүүлнэ гэж заасантай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гарын үсгийн шинжээч томилуулах хүсэлт нийцээгүй тул шүүгчийн захирамжаар хангахаас татгалзсан болно.

 

Хариуцагч М.С нь гэрээний үүргээ биелүүлээгүй буюу 315,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагч нь нэхэмжлэгчид 315,000,000 төгрөгийн өглөг байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбараар тогтоогдсон. Гэрээний 2.6-т А тал нь энэхүү гэрээний 2.3 дахь хэсэгт заагдсан хугацаанаас өмнөх хугацаанд Б талаас аливаа алданги, хүү, торгууль тооцохгүй хохирол, зардал нэхэмжлэхгүй ба Б тал нь энэхүү гэрээний 3.2-т дахь хэсэгт заасан хугацаанд төлбөрийг барагдуулалгүй хугацаа хожимдуулсан тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги төлнө гэж зааснаар хариуцагч хугацаа хэтрүүлсний алданги төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч алданги нэхэмжлэх эрхтэй. Гэрээний 2.3 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөх хугацаа 2018 оны 12 дугаар 31-ний өдөр дуусгавар болсон ба үүнээс хойш нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх 622 хоногийн алданги /315,000,000 төгрөг : 0.3 хувь = 945,000 төгрөг, х 622 хоног = 587,790,000 төгрөг/ болж байх боловч нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж заасантай нийцүүлж, хэтрүүлсэн хугацааны алдангид 157,500,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэл бүхий байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

б/ Зээлийн гэрээний үүрэгт 300,000 юань буюу 126,624,000 төгрөг гаргуулах шаардлагын талаар:

 

Нэхэмжлэгч В.В, хариуцагч М.С нар нь 2017 оны -ний өдөр зээлийн гэрээ байгуулж 200,000 юанийг 1 сарын хугацаатай 2 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр харилцан тохиролцсон гэх зээлийн гэрээ хавтаст хэргийн 6, 63 дугаар талд авагджээ. Гэвч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж зааснаар нэхэмжлэгч В.В, хариуцагч М.С нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй. Учир нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн .....ын Т банкны 2017 оны -ны өдрийн Интернет банкны гуйвуулгын баримт /0, 00 дугаар хуудас/-наас үзэхэд нэхэмжлэгч В.В нь 199,388 юанийг П.Т гэх иргэний .......... тоот данс руу шилжүүлсэн нь тогтоогдсон ба зээлийн гэрээний зүйлийг нэхэмжлэгч, хариуцачид хүлээлгэж өгсөн нь тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нь нэхэмжлэлийн энэ шаардлагын үндэслэлээ ... В.В нь хариуцагч М.Стай 200,000 юань зээлдүүлэх гэрээг байгуулж, мөнгийг түүний нөхөр П.Т т хүлээлгэж өгсөн гэж тайлбарласан боловч дээрх тайлбараа баримтаар нотлож чадаагүй, өөрөөр хэлбэл 199,388 юань хүлээж авсан П.Т нь энэ иргэний хэргийн хариуцагч М.Сын нөхөр мөн эсэх, В.В, М.С нарын хооронд байгуулсан 200,000 юань зээлдүүлэх зээлийн гэрээний үүргээ М.Сд хүлээлгэж өгсөн болох нь баримтаар нотлоогүй болно.

 

Иймд хариуцагч М.Саас тооцоо нийлэх гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 315,000,000 төгрөг, алдангид 157,500,000 төгрөг, нийт 472,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч В.Вд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 200,000 юань, алдангид 100,000 юань, нийт 300,000 юань буюу 126,624,000 төгрөг гаргуулах шаардлагыг зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бын ... итгэмжлэл хуульд заасан шаардлагыг хангаагүй, Монгол хэл мэдэхгүй төлөөлүүлэгчийн эх хэл дээр нь итгэмжлэлийг үйлдэж, Монгол хэл рүү орчуулах ёстой, мөн төлөөлөгчийн хувийн байдлыг иргэний үнэмлэхээр биш шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхээр тогтоосон нь Нотариатын тухай хуулийг зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй байна. Учир нь итгэмжлэлийг ..... болон Монгол хэл дээр үйлдэж, орчуулга хэрэгт авагдсан, мөн итгэмжлэл олгосон нотариатчийн үйлдлийг хүчингүй болгосон эрх бүхий байгууллагын шийдвэр хэрэгт авагдаагүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг баримтлан хариуцагч М.Саас тооцоо нийлэх гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 315,000,000 төгрөг, алдангид 157,500,000 төгрөг, нийт 472,500,000 гаргуулж нэхэмжлэгч В.Вд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 84,419,000 төгрөг, алданги 42,208,000 төгрөг, нийт 126,624,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 3,153,570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2,520,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР