Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/01453

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/01453

 

 

В.В-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 25ы өдрийн 102/ШШ2021/01640 дугаар шийдвэртэй, В.В-ийн нэхэмжлэлтэй М.Сд холбогдуулан төлбөр тооцоо барагдуулах гэрээний үүрэгт 472 500 000 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 126 624 000 төгрөг, нийт 599 124 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаатарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: БНХАУ-ын иргэн В.В нь Монгол Улсын иргэн М.Сд 2010-2015 оны хооронд хэд хэдэн удаагийн үйлдлээр бараа материал нийлүүлсэн боловч М.С нь төлбөрөө төлөөөгүй тул 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр талууд өнгөрсөн хугацааны төлбөр тооцоог нийлж төлбөр тооцоо барагдуулах тухай гэрээ байгуулсан. Гэрээний 2.2-т зааснаар М.С нь В.Вд 900,000 юанийн буюу тухайн өдрийн ханшаар 315 000 000 төгрөгийн өглөгтэй болохыг баталгаажуулж, энэхүү төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцсон. Түүнчлэн М.С нь В.Вгээс мөнгө зээлэхээр,өөрийн нөхөр П.Түмэнбаярын дансаар зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авахаар тохирсон. Улмаар В.В нь М.Стай 2017 оны 5 дугаар сарын 19-ны өдөр зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулж, 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр М.Сын нөхөр П.Түмэнбаярын дансанд 200,000 юанийг тохирсон ёсоор шилжүүлсэн.

М.С нь 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Төлбөр тооцоо барагдуулах тухай гэрээний төлбөрт болон 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний төлбөрт өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй.

Иймд М.Саас 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Төлбөр тооцоо барагдуулах тухай гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 315 000 000 төгрөг, алдангид 157 500 000 төгрөг бүгд 472 500 000 төгрөгийг, мөн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт буюу 84 416 000 төгрөг, алдангид 42 208 000 төгрөг, бүгд 126 624 000 буюу дээрх 2 гэрээний үүрэгт нийт 599 124 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргалын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: В.Вгээс Н.Батбаатарт 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр олгосон итгэмжпэл нь хуулийн шаардлага хангахгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл буюу мэддэг хэл, бичгээр ашиглан шүүхэд тайлбар, мэдүүлэг өгөх, үг хэлэх, нотлох баримт гаргаж өгөх эрхтэй. Итгэмжпэл нь Монгол хэл дээр хийгдсэн, итгэмжпэлийн агуулга, үр дагаврыг ойлгож, уншиж танилцсан гэх бичвэр хэрхэн хэрэгжсэн нь ойлгомжгүй байна. Хэдийгээр орчуулгыг хавсаргасан боловч итгэмжпэл дээр орчуулагчийн гарын үсэг байхгүй байна. Итгэмжпэлд төлөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн 1842 дугаартай үнэмлэхийг хавсаргажээ. Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлд үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо түүний иргэний баримт бичгийг үндэслэх талаар зохицуулсан байх ба 41 дүгээр зүйлийн 41.1-д итгэмжпэлд төлөөлүүлэгч болон төлөөлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, итгэмжпэл олгосон он, сар, өдөр, төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгож байгаа бүрэн эрх болон хугацааг бичнэ гэжээ. Шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхэд эдгээр мэдээлэл агуулагддаггүй. М.С нь В.Вгээс мөнгө аваагүй, харин П.Түмэнбаярт 199,388 юань өгсөн гэсэн нотлох баримтууд хэрэгт авагдсан байдаг. Төлбөр тооцоо барагдуулах гэрээг В.Втэй байгуулаагүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг баримтлан хариуцагч М.Саас тооцоо нийлэх гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 315 000 000 төгрөг, алдангид 157 500 000 төгрөг, нийт 472 500 000 гаргуулж нэхэмжлэгч В.Вд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 84 419 000 төгрөг, алданги 42 208 000 төгрөг, нийт 126 624 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 3 153 570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2 520 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэргийн оролцогчийн итгэмжлэл хуульд заасан шаардлагыг хангаагүй. Итгэмжлэл нь Монгол хэл дээр хийгдсэн, итгэмжлэлийн агуулга, үр дагаврыг ойлгож, уншиж танилцсан гэх бичвэр хэрхэн хэрэгжсэн нь ойлгомжгүй байна. Хэдийгээр орчуулгыг хавсаргасан боловч итгэмжлэл дээр орчуулагчийн гарын үсэг байхгүй. Төлбөр тооцооны гэрээ гэх баримтыг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндсэн баримт болгон үнэлсэн. Нэхэмжлэгч нь хариуцагчид ямар хугацаанд ямар нэр төрлийн, ямар үнэ бүхий, хичнээн хэмжээний бараа материалыг худалдсан, эдгээрээс хичнээн төгрөгийн ямар барааны үнийг төлсөн, үнийг нь төлөөгүй гэх гэдгийг шүүхэд баримтаар нотлоогүй, уг гэрээ нь хэзээний ямар үүргийг хэрхэн сольсон, талуудын хооронд өмнө үүрэг үүссэн байсан эсэхийг тодорхойлж чадахгүй баримт бөгөөд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж үзэж байна. М.С нь төлбөр тооцооны үлдэгдэл байхгүй, аливааа өр төлбөргүй гэж маргадаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбилэг нь төлбөр тооцоо барагдуулах гэрээнд гарын үсэг нь М.Сынх мөн эсэхэд шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж гэрээний эх хувийг гаргаж өгөөгүй, эсхүл эх хувийг хадгалагдаж байгаа газраас нь гаргуулах хүсэлт гаргаагүй учир хангаагүй гэжээ. Хэрэгт авагдсан итгэмжлэл, зээлийн болон төлбөр тооцоо барагдуулах гэрээнд зурагдсан В.Вгиийн гарын үсгүүд нь харилцан өөр байх тул эдгээр гарын үсгийг В.Вгийн гарын үсэг мөн эсэхэд шинжээч томилуулахаар нэмж хүсэлт гаргасан. Гарын үсгийн талаар эргэлзэх илүү ноцтой нэгэн шалтгаан байгаа нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Н.Батбаатарт олгосон монгол хэл дээрх итгэмжлэлийн В.Вгийн гарын үсэг хятад хэл дээрх итгэмжлэлийн В.Вгийн гарын үсэг, хятад хэл дээрх итгэмжлэлийн гарын үсэг хоёр илт зөрүүтэй байгаа нь энгийн нүдээр харахад ч илэрхий байдаг. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан ажиллагааг үндэслэлгүйгээр хийсэнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн В.В нь хариуцагч М.Сд холбогдуулан 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Төлбөр тооцоо барагдуулах тухай гэрээний үндсэн төлбөрт 315 000 000 төгрөг, алдангид 157 500 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 84 416 000 төгрөг, алдангид 42 208 000 төгрөг, дээрх хоёр гэрээний үүрэгт нийт 599 124 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1-2, 21, 78-79/

Хэрэгт 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр В.В болон М.С нарын хооронд бичгээр байгуулагдсан Зээлийн гэрээ авагдсан бөгөөд хариуцагч нь уг гэрээгээр мөнгө шилжүүлж аваагүй, П.Түмэнбаярт ямар нэгэн мөнгөн хөрөнгө шилжүүлэх талаар нэхэмжлэгчид зааварчилгаа өгөөгүй гэж маргажээ. /хх64/ Хариуцагч М.Саас дээрх гэрээгээр нийт 126 624 000 төгрөг гаргуулах шаардлагыг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн талаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна.

Мөн хэрэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр В.В болон М.С нарын хооронд бичгээр байгуулагдсан Төлбөр тооцоо барагдуулах тухай нэртэй гэрээ бичгийн баримтаар авагдсан боловч хариуцагч дээрх гэрээг байгуулаагүй, гэрээнд гарын үсэг зураагүй гэж маргажээ.

Хариуцагчаас гэрээнд зурагдсан гарын үсэг М.Сынх мөн эсэх талаар шинжээч томилуулах хүсэлт гаргахад анхан шатны шүүх хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай шинжилгээ хийлгэх тохиолдолд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх нотлох баримт бүрдүүлэх заалтыг зөрчжээ.

Гэрээнд зурагдсан гарын үсэг хариуцагч М.Сынх мөн эсэх асуудал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу тусгай мэдлэг бүхий шинжээчийг томилох шаардлагатай, хэргийн оролцогч хүсэлт гаргаж, гэрээний эх хувь бусад баримт 236 дугаартай нотариатч баталсан, тэнд байж болзошгүй гэх агуулгатай тайлбар гаргасан байхад анхан шатны шүүхээс тодруулаагүй атлаа гэрээний эх хувь байхгүй гэх шалтгаанаар шинжээч томилуулах хүсэлтийг хангаагүй нь буруу болжээ. /хх103/

Талууд гэрээнд гарын үсэг зурсан эсэх талаар маргаантай байхад анхан шатны шүүхээс тухайн үйл баримтыг тодруулахгүйгээр гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр. Нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй юм.

Мөн анхан шатны шүүхээс М.С нь дээрх гэрээг байгуулаагүй, миний гарын үсэг биш гэж маргасан боловч гэрээг баримтаар үгүйсгэж чадаагүй, гэрээний эх хувийг гаргаж өгөөгүй гэх дүгнэлт хийхдээ хэргийн оролцогчид нотлох үүргийг буруу хуваарилжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт бичмэл нотлох баримтын нотариатаар гэрчлүүлсэн хувь, мөн эх хувийг шүүх шаардан авах талаар тодорхойлсон. Гэтэл хуулбар хувийг гарган өгсөн талаас бус, уг хувьд зурагдсан гарын үсгийг өөрийнх нь биш гэж маргаж буй талаас гэрээний эх хувийг шаардахдаа дээрх хуулийн заалтыг буруу хэрэглэжээ.

Зохигч тухайн хэрэгт БНХАУ-ын иргэн В.Вгээс Н.Батбаатарт олгосон гэх итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдал, хуульд нийцэж байгаа эсэх талаар маргасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно.

Мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт зааснаар төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно. Итгэмжлэл нь бичмэл нотлох баримт болохын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйл, 44 дүгээр зүйлд заасан шаардлагуудыг хангасан байх ёстой юм.

Хэргийн 4 дүгээр талд итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгсөн байна. Итгэмжлэл нь хүсэл зоригийн илэрхийлэл болохын хувьд төлөөлүүлэгч орчуулагчтай байсан эсэх, агуулгыг ойлгосон эсэх нь ач холбогдолтой юм. Нотариатын тухай хуулийн 25, 27, 32 дугаар зүйлүүдэд зааснаар итгэмжлэл гэрчлэхдээ үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоох, монгол хэл мэдэхгүй бол нотариатын үйлдэл хийх, баримт бичиг үйлдэхдээ тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч /асран хамгаалагч, харгалзан дэмжигч/ болон орчуулагч /хэлмэрч/-ийг оролцуулах талаар заажээ.

Хариуцагч өөрийнх нь эсрэг нэхэмжлэл гаргасан этгээдийн төлөөлөгчөөр дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох тухай итгэмжлэлийн хүчин төгөлдөр эсэхэд маргасан байхад итгэмжлэлтэй холбоотой үйл баримтыг тодруулаагүй, хэргийн 4 дүгээр хуудаст авагдсан итгэмжлэлд гарын үсэг зурахдаа нэхэмжлэгч болох гадаадын иргэн утга агуулгыг ойлгосон эсэхийг тодруулах шаардлагатай.

Хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой эрх зөрчигдсөн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.58 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 25ы өдрийн 102/ШШ2021/01640 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 520 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ш.ОЮУНХАНД