Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2017/0705

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “Ш ХХК” ХХК

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Н.Х , Ж.Я

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Н.Х, Ж.Я нарын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 210022552 тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Д.Л, хариуцагч Н.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ш ХХК” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч нь Татварын улсын байцаагч нарын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тогтоосон 210022552 тоот актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.3 дах хэсэгт зааснаар харъяаллын дагуу Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандсан.

Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл татвар төлөгчийн гомдлыг хүлээн аваад 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хэлэлцэн актыг хэвээр баталж 28 тоот тогтоол гаргасан.

Улмаар Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42,8 дах хэсэгт “Маргаан таслах зөвлөлийн тогтоолыг тухайн шатны татварын албаны дарга тушаал гарган баталгаажуулна...”  гэж заасны дагуу уг тогтоолыг Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 05- ны өдрийн А/100 тоот тушаалаар баталгаажуулжээ.

Дээр дурьдсан захиргааны актууд нь “ Ш ХХК” ХХК-ийн, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн тул эс зөвшөөрч харъяаллын дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэгч компанийн 2014 оны 01 дүгээр сарын 01-нээс 2015 оны 12 дугаар сарын 31-нийг дуустлах хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг Татварын улсын байцаагч нар шалгаад акт үйлдсэн. Актын тогтоох хэсэгт дурдснаар Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дах заалтыг үндэслэн 535,776 төгрөгийн нөхөн татвар, 189,359,057 төгрөгийн торгууль, 97,666,628 төгрөгийн алданги, Нийт 287,561,461 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Харин нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр улсын байцаагчийн актын 2014-2015 онд ногдуулсан торгууль, алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

Татварын улсын байцаагч нар нь 2014 оны 269,969,861 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зөрчилд 123,084,127 төгрөгийн торгууль, алданги, 2015 оны 359,757,038 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зөрчилд 91,907,633 төгрөгийн торгууль, алданги ногдуулжээ.

Гэтэл Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн Шийтгэлээс өршөөн хэлтрүүлэх гэсэн 4 дүгээр зүйлийн 4.3 “хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, мөн хуулийн Хууль хэрэглэх гэсэн 10 дугаар зүйлийн 10.1-д “2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цагаас өмнө ...,захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хамаарна.” гэж зохицуулсан.

Тодруулбал Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2015 оны 07 дугаар сарьш 02-ны өдрөөс өмнөх зөрчил буюу гаргасан захиргааны зөрчил хууль батлагдснаас хойш хэзээ илэрснээс үл шалтгаалан дээрх хуулийн заалт хэрэгжиж захиргааны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр тусгасан.

Өөрөөр хэлбэл 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс хойш үйлдэгдсэн актад 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнөх зөрчил илэрвэл нөхөн татварыг төлүүлж, торгууль, алдангаас чөлөөлөгдөхөөр зохицуулсан гэж ойлгож байна.

Иймд Татварын ерөнхий газрын Улсын төсөв орлого хяналтын газрьн Татварьш улсын байцаагч Н.Х, Ж.*******ын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тогтоосон 210022552 тоот татварын улсын байцаагчийн актын тогтоох хэсгийн 1, 2-д заасан 014 онд хамаарах 123 084 127 төгрөгийн торгууль, алданги 2015 онд хамаарах 91,907,633 төгрөгийн торгууль, алданги Нийт 214,991,760 төгрөгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: “Нэхэмжлэгчид хариуцагчийн гардуулсан эх хувь маргаан бүхий 210022552 тоот актыг Татварын хяналт шалгалтын хэлтсийн дарга Д.Э хянан баталгаажуулаагүй байна. Энэ нь Татварын ерөнхий хуулийн Татварын улсын байцаагчид хориглох зүйл гэсэн 30 дугаар зүйлийн 30.1.3-д “гарын үсэг зурж эцэслэн ёсчлоогүй татварын улсын байцаагчийн актыг татвар төлөгчид урьдчилан танилцуулах, зөвшөөрүүлэхээр албадах”, мөн хуулийн Акт, дүгнэлт бичих үндэслэл гэсэн 34 дүгээр зүйлийн 34.2-д “Татварын улсын байцаагчийн акт татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч, татварын албаны хяналт шалгалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга хянан баталгаажуулж, гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно”, мөн зүйлийн 34.5-д “Татварын улсын байцаагч акт 3 хувь үйлдэж, 1 дэх хувийг хяналт шалгалтын баримтад хавсаргаж, 2 дахь хувийг татвар төлөгчид өгч, 3 дахь хувийг татвар төлөгчийн хувийн хэрэгт хадгална” гэжээ.

Гэтэл хариуцагч нь маргаан бүхий актыг татварын хяналт шалгалт хариуцсан хэлтсийн даргаараа баталгаажуулах хуулийн шаардлагыг хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчид маргаан бүхий актыг гардууж зөвшөөрүүлэхийг албадсан хууль бус үйлдэл болжээ.

Татварын  ерөнхий газрын даргын 2008 оны 09 дүгээр сарын  30-ны өдрийн 192 дугаар тушаалаар батлагдсан “Үндэсний татварын албаны татварын хяналт шалгалтын ажлын дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.2.5-д “хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагчийн акт, ...-г татвар төлөгчид танилцуулахын өмнө хяналт шалгалтын асуудал эрхэлсэн нэгжийн даргад эсхүл түүний ажил, үүргийг албан ёсоор орлон гүйцэтгэж буй албан тушаалтанд танилцуулсан гарын үсэг зуруулж баталгаажуулна”, мөн зүйлийн 3.2.7-д “Акт нь хяналт шалгалт хийсэн Татварын улсын байцаагч, татвар төлөгч гарын үсэг зурж, Хяналт шалгалтын асуудал эрхэлсэн нэгжийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр ... болно” гэж зохицуулжээ.

Мөн Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/101 дүгээр тушаалаар баталсан “Татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-н 7 дугаар зүйлийн 7.4.3-д “Акт, -ын тэмдэглэх тогтоох хэсгийн төгсгөлд, ... хянан баталгаажуулсан хяналт шалгалтын асуудал эрхэлсэн нэгжийн даргын нэрийг бичиж гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан байна”, мөн зүйлийн 7.9-д “татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагчийн акт, ... ыг татварын хяналт шалгалт эрхэлсэн нэгжийн даргад, эсхүл түүнийг орлон гүйцэтгэж буй албан тушаалтанд танилцуулан гарын үсэг зуруулж хянан баталгаажуулна”, мөн зүйлийн 7.13-д “Акт, ... нь татварын хяналт шалгалтын асуудал эрхэлсэн нэгжийн дарга хянан баталгаажуулж, гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж тус тус заажээ.

Тодруулбал, татварын улсын байцаагчийн акт үйлдэх журмыг Татварын ерөнхий хууль болон холбогдох дүрэм, журмуудаар зохицуулахдаа татварын хяналт шалгалтын нэгжийн дарга нь баталгаажуулснаар хүчин төгөлдөр болохыг тодорхой заасан байна.

Иймд дээрх хуулийн зохицуулалтуудыг хариуцагч нь хэрэгжүүлээгүй хууль бус байх тул маргаан бүхий 210022552 тоот актыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Н.Х, Ж.Я нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Х, Ж.Я бид Хяналт шалгалтын хэлтсийн даргын олгосон 2016 оны 22 дүгээр сарын 28-ны өдрийн 21161100591 тоот томилолтын дагуу 2072947 регистрийн дугаартай “Ш ХХК” ХХК-ний 2014 оноос 2015 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын шалгалт хийж, 210022552 дугаартай актаар 2014 онп 269,969,861.70 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй зөрчилд 189,198,325.00 төгрөгийн торгууль, 97,568,002.30 төгрөгийн алданги ногдуулсанаас “Ш ХХК” ХХК нь 2014-2015 оны 629,726,900.10 төгрөгийн зөрчлийн 123,084,127.40 төгрөгийн торгууль, 91,907,633.10 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөөгүй байна.

“Ш ХХК” ХХК нь татварын улсын байцаагчийн 210022552 тоот актыг эс зөвшөөрч Татварын Ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гомдол гаргасныг 2017 оны 14 дүгээр сарын 28-ны өдөр Татварын маргаан таслах зөвлөлөөс шийдвэрлэхдээ “...210022552 дугаар актаар ногдуулсан төлбөрийг өршөөлийн хуульд хамруулах үндэслэлгүй бөгөөд гомдол гаргагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж зөвлөлийн бүрэлдэхүүн хянан хэлэлцэж, татварын улсын байцаагчийн актыг хэвээр баталсан.

Монгол улсын анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цагаас өмнө ... захиргааны зөрчил гаргасан ... хүн хамаарна”, 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө ... төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэрээр тогтоогдсон байна гэж заасан байна.

“Ш ХХК” ХХК-ний 210022552 дугаартай акт нь 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр үйлдэгдэж хүчин төгөлдөр акт болсон нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс хойш гарсан байх тул анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль үйлчлэхгүй” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн өөрчилсан шаардлагад холбогдуулж гаргасан тайлбартаа: “...Ш ХХК ХХК нь Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 Татварын алба болон татварын улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэхээс бусад асуудлаар гаргасан шийдвэрийн талаар татвар төлөгч нь захиргааны журмаар дараах харъяаллаар гомдол гаргах эрхтэй.

Татварын ерөнхий хуулийн 72.1.3.”татварын улсын байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг тухайн байцаагчийн шууд харьяалах татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлд”, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54-р зүйлийн 54.1.”Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.3 “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж зохицуулсан байна.

Харин “Ш ХХК” ХХК нь Маргаан таслах зөвлөлд гаргасан гомдолдоо энэ талаар дурдаагүй бөгөөд урьдчилан шийдвэрлэх шаардлагыг биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,  тэдгээрийн хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч “Ш ХХК” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Ш ХХК” ХХК нь “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Н.Х, Ж.Я нарын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 210022552 тоот актын тогтоох хэсгийн 1, 2-д заасан 2014 онд хамаарах 123 084 127 төгрөгийн торгууль, алданги, 2015 онд хамаарах 91 907 633 төгрөгийн торгууль, алданги нийт 214 991 760 төгрөгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаа “...Татварын улсын байцаагч нарын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 210022552 тоот актыг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгох”-оор өөрчилсөн, шүүх энэхүү өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...маргаан бүхий актын эх хувьд эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулаагүй...татварын улсын байцаагчийн акт үйлдэх журмыг зөрчсөн...” гэж тодорхойлсон, хариуцагч уг шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “...актыг илт хууль бус гэсэн асуудлаар гомдол гаргаж урьдчилан шийдвэрлүүлээгүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй...” гэж дурдан маргаж байна.

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Н.Х, Ж.Я нар нэхэмжлэгч компанийн 2014-2015 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд бүрэн төлөвлөгөөт шалгалт хийж, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 210022552 тоот актаар “...2014 онд 269,969,861.70 төгрөгийн, 2015 онд 359,757,038.40 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй....2014 онд 11,630,400.00 төгрөг, 2015 онд 5,357,760.00 төгрөгийг “М*******” ХХК-ийн өмнөөс газрын төлбөрийг төлж, татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлого бууруулсан” зөрчил гаргасан гэх үндэслэлээр Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь заалтыг үндэслэн 2014 онд 11,630,400.00 төгрөгөөр алдагдлыг бууруулж 2015 онд 535,776.00 төгрөгийн нөхөн татвар, 160,732.80 төгрөгийн торгууль, 97,625.70 төгрөгийн алданги ногдуулах, 2014 онд 269,969,861.70 төгрөгийн, 2015 онд 359,757,038.40 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй зөрчилд 189,198,325.00 төгрөгийн торгууль, 97,568,002.30 төгрөгийн алданги ногдуулах, шалгалтаар илэрсэн 646,715,066.100 төгрөгийн зөрчилд ногдуулсан 535,776.00 төгрөгийн нөхөн татвар, 189,359,057.80 төгрөгийн торгууль, 97,666,628.00 төгрөгийн алданги, нийт 287,561,461.8 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоосон байна.

Нэхэмжлэгч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд хандаж гомдол гаргасныг тус зөвлөлөөс хянаад 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “актыг үндэслэлтэй” гэж үзэж хэвээр үлдээжээ.

Уг акт болон актын хавсралтууд, 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Актыг танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэлд Татварын улсын байцаагч Ж.Я Н.Х нарнар гарын үсэг зурсан, харин нэхэмжлэгчийн төлөөлөгч болон Татварын хяналт шалгалтын хэлтсийн дарга Д.Энхбаяр нар гарын үсэг зураагүй нь тогтоогдож байна.

Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтэд татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч, татвар төлөгч нар гарын үсэг зурж, татварын албаны хяналт шалгалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга хянан баталгаажуулж, гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж, мөн Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/101 дүгээр тушаалаар баталсан “Татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 7.4.3-д “тэмдэглэх тогтоох хэсгийн төгсгөлд акт тогтоосон дүгнэлт бичсэн татвар ын алба, татварын улсын байцаагчийн нэр, актыг зөвшөөрсөн эсэх, дүгнэлттэй танилцсан татвар төлөгч, түүнийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтны нэр, хянан баталгаажуулсан татварын хяналт шалгалтын ажил эрхэлсэн нэгжийн даргын нэр, огноо, акт, дүгнэлтийг гардуулсан огноо, гардан авсан албан тушаалтны нэрийг бичиж, гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан байна”  7.9-д “татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийг татварын хяналт шалгалт эрхэлсэн нэгжийн даргад, эсхүл түүний ажил үүргийг албан ёсоор орлон гүйцэтгэж буй албан тушаалтанд танилцуулан гарын үсэг зуруулан хянан баталгаажуулна”, 7.13-д “Акт, дүгнэлт нь татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч, татвар төлөгч гарын үсэг зурж, татварын хяналт шалгалтын асуудал эрхэлсэн нэгжийн дарга хянан баталгаажуулж, гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох боловч татвар төлөгч зөвшөөрөхгүй, гарын үсэг зурах, тамга, тэмдэг дарахаас татгалзвал акт дүгнэлтийн талаар хаана ямар хугацаанд гомдол гаргаж болохыг тайлбарлан, татвар төлөгчийг тайлбар өгсөн эсэхээс үл хамааран тэдгээрийг гардуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно” гэж тус тус заажээ.  

Дээр дурдсан хуулийн заалтаас үзвэл Tатварын улсын байцаагчийн актад тухайн хяналт шалгалт явуулсан Татварын улсын байцаагч нар гарын үсэг зурахаас гадна уг актын үндэслэлтэй эсэхийг хяналт шалгалтын хэлтсийн дарга хянаж гарын үсэг зурж баталгаажуулах ёстой атал хянаж баталгаажуулаагүй, гарын үсэг зураагүйгээс үзвэл тухайн акт илт хууль бус буюу эрхзүйн үйлчлэл үүсгээгүй байна гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн Татварын ерөнхий газрын даргын 2014 оны А/101 дүгээр тушаалаар баталсан “Татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д зааснаар “Татварын ерөнхий газрын  Татварын хяналт шалгалтын ажил эрхэлсэн нэгж нь татварын албаны хэмжээнд татварын хяналт шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулах...мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах хяналт тавих” чиг үүрэгтэй байх ба мөн журмын 7.9-д “Татварын хяналт шалгалт хийсэн Татварын улсын байцаагч нь акт, дүгнэлтийг Татварын хяналт шалгалт хариуцсан нэгжийн даргад...танилцуулан гарын үсэг зуруулж хянан баталгаажуулна” гэж зааснаас үзвэл Хяналт шалгалтын албаны дарга нь тухайн актын үндэслэлтэй эсэхийг хянах үүднээс гарын үсэг зурж тамга дарах, харин хариуцагч нар нь өөрсдийн бичсэн актын хүчин төгөлдөр байдлыг хангуулах үүрэгтэй нь тогтоогдож байна.

Нэгэнт эрх бүхий албан тушаалтан хянаж баталгаажуулаагүй, гарын үсэг зураагүй, үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрч байгаагаас үзвэл эрх зүйн үйлчлэлгүй, хүчин төгөлдөр бус актыг биелүүлэхийг шаардсан хариуцагчийн үйлдэл нь нэхэмжлэгч “Ш ХХК” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл болохгүй юм.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “дараахь тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”...47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж зааснаар Татварын байцаагч нарын гаргасан акт нь илт хууль бус актад хамаарч байна гэж шүүх дүгнэв.

Иймд татварын улсын байцаагч нарын 2017 оны 02 дугаар сарын 02-ны 210022522 тоот акт илт хууль бус болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч “Ш ХХК” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь тухайн захиргааны актын талаар Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн байх тул “урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ш ХХК” ХХК-иас Татварын ерөнхий газрын Улсын төсвийн, орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Н.Х, Ж.Я нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, татварын улсын байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 210022552 тоот актыг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ш ХХК” ХХК-иас төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ш ХХК” ХХК-д буцаан олгосугай.

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

ШҮҮГЧ                                   Н.Д