Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2017/0829

 

 

 

“Ш-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Ж.Я, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Б.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 705 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Ш-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Н.Хандхүү, Ж.Янжмаа нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 705 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ш-А” ХХК-иас Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Н.Хандхүү, Ж.Янжмаа нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, татварын улсын байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 210022552 тоот актыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ. 

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд “Ш-А” ХХК нь гомдол гаргахдаа татварын улсын байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 210022552 дугаар актыг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж өгнө үү” гэсэн гомдол гаргасан байх бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа дээрх актыг “илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэж гаргасан нь Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.2, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 705 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ:

Татварын Ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Н.Хандхүү, Ж.Янжмаа нар нь “Ш-А” ХХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 210022552 тоот актаар 646.715.060 төгрөгийн зөрчил илрүүлж 535.776 төгрөгийн нөхөн татвар, 189.359.057 төгрөгийн торгууль, 97.666.628 төгрөгийн алданги төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч дээрх актын зарим хэсгийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан байх ба үндэслэлээ “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар маргаан бүхий актын тогтоох хэсгийн 1, 2-т заасан 2014 онд хамаарах 123.084.127 төгрөгийн торгууль, алданги, 2015 онд хамаарах 91.907.633 төгрөгийн торгууль, алданги, нийт 214.991.760 төгрөг төлөхөөс чөлөөлөгдөнө” гэж  маргасан.

 Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Татварын улсын байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 210022552 тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүсч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байх ба үндэслэлээ “маргаан бүхий актын эх хувьд эрх бүхий этгээд болох Татварын хяналт шалгалтын хэлтсийн дарга гарын үсэг зурж баталгаажуулаагүй” гэж тайлбарласан.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэхдээ “нэхэмжлэгч нь захиргааны актын талаар Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн байх тул урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь буруу байна. 

Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гаргасан  “Ш-А” ХХК-ийн гомдолд нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын үндэслэлийн талаар огт дурьдаагүй бөгөөд уг үндэслэлийг захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлсэн гэж үзэх боломжгүй.

          Захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх журам нь захиргааны байгууллагад өөрийн гаргасан шийдвэрээ нягтлан хянах боломжийг олгоход чиглэгддэг бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэсэн үндэслэл маргаан бүхий энэ тохиолдолд тохирсон, нэхэмжлэгч “Ш-А” ХХК-ийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хүрээнд урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хэрэглэх боломжтой байна. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “Ш-А” ХХК-ийн нэхэмжлэлээр үүссэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/705 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Н.Хандхүү, Ж.Янжмаа нарт холбогдох, “Татварын улсын байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 210022552 тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн “Ш-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                      

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Д.БАТБААТАР 

                                         ШҮҮГЧ                                                  Г.БИЛГҮҮН

                                         ШҮҮГЧ                                                  О.НОМУУЛИН