Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 102/шш2021/00513

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

... шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ... нэхэмжлэлтэй

Хариуцагч: холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч... өмгөөлөгч ... хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Надад холбогдох ... ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр шийдвэрлэж, шүүхийн шийдвэрээр зээлийн гэрээний үүрэгт 131 290 350 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгч ... ХХК-ийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэх хүсэлтийн дагуу шүүгчийн захирамж гарч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна.Зээлийн гэрээний барьцааны зүйл болох... тоот хаягт байрлах, 58,67 м.кв талбайтай, орон сууцыг миний оролцоогүйгээр дуудлага худалдаанд оруулан худалдахаар үнэлгээ тогтоохдоо 58 500 000 төгрөгөөр үнэлсэн байна.Тухайн орон сууцыг би 2009 онд 81 000 000 төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд одоогийн зах зээлийн үнэлгээ нь 120 000 000 төгрөг гэж үнэлүүлсэн.Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар миний орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна.Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үндэслэлгүй үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би анх ББСБ-аас 60.000.000 гаруй төгрөгийг авсан, 130.000.000 гаруй төгрөг болж ирсэн байсан.Тэр үедээ би маргалдаагүй, нөгөө талтайгаа тохиролцсон байсан. Байраа зарах гэтэл цаана нь 70.000.000 төгрөг үлдээсэн.Би мөнгийг өгөхгүй гэж хэлээгүй, байрыг сайн үнэлүүлбэл хоёр талдаа хэрэгтэй гэж үзсэн. 90.000.000 гаруй төгрөгөөр зарах боломжтой байгаа.Тэгвэл шүүхийн шийдвэрээр төлөх ёстой мөнгөнийхөө зарим хэсгийг төлөх гээд байгаа, байрыг арай бага үнэлээд байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:... ... тоотод байрлах 58.67 м.кв үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 07 сарын 19-ний өдөр 91.400.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнээс доогуур байна гэж үзэж байгаа.Одоогийн байдлаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 58.67 м.кв байр 120.000.000 төгрөгийн үнэлгээтэй байгаа.Нэхэмжлэгчээс 131.290.350 төгрөг гаргуулах асуудал Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хянагдаж байгаа.Нэгдүгээр дуудлага худалдаанд худалдан борлогдоогүй, хоёрдох дуудлага худалдаанд 52.500.000 төгрөгөөр худалдан борлогдох болсон талаар ярьдаг.Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.5-т заасны дагуу 30 хувиар өөрчлөгдсөн гэж үзэж байгаа.Зах зээлийн үнэлгээ нь бодит байдалтайгаа нийцэхгүй байгаа учир үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ... дугаар шийдвэрээр ... 131.290.350 төгрөгийг гаргуулж ... ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.Дээрх шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч ...ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ...тоотод байрлах орон сууцыг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ... тоот тогтоолоор битүүмжилж 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ...тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч ...ээс үнийн санал авах тухай 2019 оны... дугаартай мэдэгдлийг хүргүүлэхэд үнийн санал ирүүлээгүй эс үйлдэхүйгээр үнийн санал өгөхөөс татгалзсан тул 2019 оны 05 дугаар сарын 14- ний өдрийн 154 дүгээр Шинжээч томилох тухай тогтоол-оор ...-ний шинжээч...томилж эрх үүргийг тайлбарлан үнэлгээг тогтоолгоход 91.400.000 төгрөгөөр тогтоосон байна.Хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч ...т 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ...дугаартай мэдэгдэх хуудсаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар баталгаат шуудангаар/ мэдэгдэж Анхны албадан дуудлага худалдаанд 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр оруулсан боловч худалдан борлогдоогүй тул хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр оруулахад 52.500.000 төгрөгөөр худалдан борлогдсон байна. Нэхэмжлэгч ...ийн зүгээс хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай захирамжаар буцааж шийдвэрлэсэн.Нэхэмжлэгч ... нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар мэдэгдлийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргаагүй, тус газраас явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ... нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан ... тоот хаягт байрлах, 58,67 м.кв талбайтай, орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэнд гомдолтой гэж тайлбарлаж байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн ... дугаар шийдвэртэй ...ХХК-ийн нэхэмжлэлтэй ...т холбогдох хэргийн хариуцагч ...ээс 130 480 000 төгрөгийг гаргуулан шийдвэртэй ...ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын ... дугаарт бүртгэлтэй, ... тоот хаягт байрлах, 58,67 м.кв талбайтай, орон сууцыг албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч ... дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн дагуу ... дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн байна.

Хариуцагч байгууллага нь барьцааны зүйл болох ... тоот хаягт байрлах, 58,67 м.кв талбайтай, орон сууцыг 2017 оны 4 дүгээр сарын 4-ны өдрийн ... дүгээр тогтоолоор битүүмжлэн тэмдэглэл үйлдэж, 2017 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн... дүгээр тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно.Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг харилцан тохиролцоогүй тул хариуцагч байгууллага нь 2019 оны 5 дугаар сарын 14-ны өдөр Шинжээч томилж барьцаа хөрөнгө болох орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан үндэслэлд нийцэж байна./хх-37/

... ХХК нь ... тоот хаягт байрлах, 58,67 м.кв талбайтай, орон сууцыг 91 400 000 төгрөгөөр үнэлж, хөрөнгийн үнэлгээний тайланг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлсэн байна./хх 41-52/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь 2019 оны 5 дугаар сарын 17-ний өдөр ...т мэдэгдэл хүргүүлсэн байна./хх-55/

... нь 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан, уг гомдлын хариу мэдэгдэх хуудсыг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ...т өгсөн байна./хх-54, 56/

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг, ...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан байна.

...ХХК нь хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн, орлогын, өртгийн хандлагын аргуудаар үнэлгээ хийж, зах зээлийн үнийг 91 400 000 төгрөг гэж тогтоосон байгаа нь тухайн хөрөнгийн өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнийг жишиж харьцуулсан нь үнэлгээний тайланд тусгагдсан байна.

Шинжээч нь барьцаа хөрөнгө болох ... тоот хаягт байрлах, 58,67 м.кв талбайтай, орон сууцыг 91 400 000 төгрөгөөр үнэлснийг зах зээлийн үнээс хямд байна гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байна.

Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох ... тоот хаягт байрлах, 58,67 м.кв талбайтай, орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай ...ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан эрхийн улсын ... дугаарт бүртгэлтэй, ... тоот хаягт байрлах, 58,67 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай ...ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН