Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00820

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00820

 

 

 

 

Н.Мийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2021/00513 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Мийн хариуцагч НШгазарт холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Булгантамир, нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Мийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Анхан шатны шүүхийн шийдвэрээр зээлийн гэрээний үүрэгт 131 290 350 төгрөг гаргуулж Бат-Ундрам Мандах ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна. Зээлийн гэрээний барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо 33 дугаар байрны 20 тоот хаягт байрлах, 58,67 м.кв талбайтай, орон сууцны одоогийн зах зээлийн үнэлгээ нь 120 000 000 төгрөг болно. Гэтэл уг хөрөнгийг 2019 оны 07 сарын 19-ний өдөр 91 400 000 төгрөгөөр үнэлсэн. Хариуцагч нь уг үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгчийн оролцоогүйгээр дуудлага худалдаанд оруулан худалдахаар үнэлгээ тогтоохдоо 58 500 000 төгрөгөөр үнэлсэн. Тухайн орон сууцыг 2009 онд 81 000 000 төгрөгөөр худалдан авч байсан. Зах зээлийн үнэлгээ нь бодит байдалтай нийцэхгүй байгаа учир үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч НШгазар шүүхэд гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 80 дугаар шийдвэрээр Н.Мээс 131 290 350 төгрөгийг гаргуулж Бат-Ундрам Мандах ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Н.Мийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 33 дугаар байрны 20 тоотод байрлах орон сууцыг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 17/390-1 тоот тогтоолоор битүүмжилж 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 17250414/4 тоот тогтоолоор хурааж, төлбөр төлөгч Н.Мээс үнийн санал авах тухай 2019 оны 4/10951 дугаартай мэдэгдлийг хүргүүлэхэд үнийн санал ирүүлээгүй. Иймд 2019 оны 05 дугаар сарын 14- ний өдөр Мөнх-Оргил Трейд ХХК-ийн шинжээч Б.Эрдэнэбаатарыг шинжээчээр томилоход үнэлгээг 91 400 000 төгрөгөөр тогтоосон. Хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч Н.Мт 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 4/12051 дугаартай мэдэгдэх хуудсаар мэдэгдэж анхны албадан дуудлага худалдаанд 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр оруулсан боловч худалдан борлогдоогүй тул хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр оруулахад 52 500 000 төгрөгөөр худалдан борлогдсон. Нэхэмжлэгч Н.Мийн зүгээс хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 102/Ш32019/09140 дугаартай захирамжаар буцааж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Н.М нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар мэдэгдлийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргаагүй, тус газраас явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын Ү-2205033222 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 6 дугаар хороо 33 дугаар байрны 20 тоот хаягт байрлах, 58.67 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай Н.Мийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шинжээч нь хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн, орлогын, өртгийн хандлагын аргуудаар үнэлгээ хийж, зах зээлийн үнийн 91 400 000 төгрөг гэж тогтоосон байгаа нь тухайн хөрөнгийн өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнийг жишиж харьцуулсан нь үнэлгээний тайланд тусгагдсан байна гэж дүгнэсэн. Шинжээч нь харьцуулалтын үнэлгээгээр 91 400 000 төгрөг гэж тодорхойлсон ба хуулийн зохицуулалтаар харьцуулсан хөрөнгийг шинж чанар, байршил, орчны хувьд ижил байршилтай нөхцлүүдийг харгалзан үнэлж, харьцуулалтын үнэлгээ бодитой болох талаар анхан шатны шүүх дурдсан. Гэвч хавтаст хэрэгт дурдсан үнэлгээтэй тайланд харьцуулсан 2 орон сууц нь хаана, ямар байршилтай, хуучин, шинэ зэрэг мэдээлэл тусгагдаагүй. Шүүх уг мэдээлэл тусгагдаагүй үнэлгээний тайланг үнэлж, хэргийг буруу шийдвэрлэсэн. Түүнчлэн, анхан шатны шүүхэд үнэлгээний талаар мэдэгдсэн эсэх талаар нэхэмжлэгч маргах эрхтэй бөгөөд хавтас хэрэгт зөвхөн 2019 оны 05 сарын 17-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн тухай хэргийн 55 дугаар талд дурдах бөгөөд мэдэгдлийг зөвхөн шуудангаар явуулсан гэх баримт байх бөгөөд хэн, хэзээ хүлээн авсан, буцаагдсан эсэх нотлох баримт байхгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс хөрөнгийн үнэлгээний шинжээч томилуулах хүсэлт удаа дараа гаргасан боловч шүүх дахин үнэлүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Н.М нь хариуцагч НШгазарт холбогдуулан Баянгол дүүргийн 6 дугаар хороо 33 дугаар байрны 20 тоот хаягт байрлах, 58,67 м.кв талбайтай, орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Н.Мээс зээлийн гэрээний үүрэгт 130 480 000 төгрөг гаргуулах, төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд Баянгол дүүргийн 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 33 дугаар байрны 20 тоот хаягт байршилтай 58.67 м.кв орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/00080 дугаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд биелэгдээгүй байна. /хх 28-29/ Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай.

Төлбөрт хураагдсан эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон хариуцагч байгууллагын ажиллагаа хуульд нийцсэн, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцааны зүйл болох 2 өрөө орон сууцыг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох, үнийн санал авах зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан журмын дагуу явуулсан болох нь хэрэгт авагдсан эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоол, эд хөрөнгийн үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэл зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх 30-36/

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч, төлбөр төлөгч нараас барьцаа хөрөнгийг худалдан борлуулах үнийн саналаа ирүүлээгүй тул хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2019 оны 5 дүгээр сарын 14-ний өдөр Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч уг эд хөрөнгийг 91 400 000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх 37, 41/

 

Хариуцагч нь шинжээчийн дээрх үнэлгээг төлбөр төлөгчид 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 4/12051 дугаар мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч төлбөр төлөгч эс зөвшөөрч 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргажээ. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 4/386 дугаар хариу мэдэгдэх хуудсаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан байхад тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасан хугацаанд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд гаргаагүй байна. /хх 53-54, 56/

 

Нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгийг зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн гэх гомдол үндэслэлгүй.

 

Хэргийн 41-50 дугаар тал дах Мөнх-Оргил трейд ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч орон сууцны үнийг өртгийн болон зах зээлийн хандлагын аргаар тус тус тооцоолохдоо www.unegui.mn /үнэгүй.мн/, www.zarmedee.mn /зармэдээ.мн/ зарын сайт дээр худалдахаар зарлагдсан тухайн үнэлэгдэх хөрөнгөтэй аль болох ойр байршилтай, шинж чанарын хувьд ижил төстэй, зах зээлд худалдан борлуулагдахаар санал болгосон хөрөнгүүдийг харьцуулах замаар хөрөнгийн үнэ цэнийг тогтоожээ. Тухайлбал, 2010 онд ашиглалтад орсон Баянгол дүүрэг, 10 дугаар хороолол, МТ колонкийн ард байрлах Авзага трейдийн 9 давхар байрны 6 дугаар давхарын 57 м.кв 2 өрөө орон сууц, 2008 онд ашиглалтад орсон Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 10 давхар байрны 5 дугаар давхарт байрлах 42 м.кв 2 өрөө орон сууц, 2011 онд ашиглалтад орсон Баянгол дүүрэг 10 дугаар хороолол, 3-р эмнэлгийн зүүн талд байрлах 9 давхар Сайхан булаг хотхоны 8 дугаар давхарт байрлах 64 м.кв орон сууцуудтай харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг 91 400 000 төгрөг гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна. /хх48-49/

 

Дээрх үнэлгээний тайлан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасантай нийцсэн. Нэхэмжлэгч нь үнэлгээ хийсэн өдрөөс хойш орон сууцны үнэ нэмэгдсэн учраас үнийн хувьд өөрчлөлт орсон гэх тайлбараа баримтаар нотлоогүй бөгөөд үнэлгээг буруу тогтоосон гэж үзэх үндэслэл болохгүй.

Тэрээр нэхэмжлэгч нь 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 4/12051 тоот мэдэгдэх хуудсыг хүлээн авсан, барьцаа хөрөнгийг 91 400 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрсөн агуулгатай гомдол гаргасан /хх54/ байх бөгөөд үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гэхэд хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг хүлээн авч, үнэлгээтэй танилцсан байх тул хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг хэн, хэзээ, хэрхэн хүлээн авсан эсэх нь тодорхойгүй гэх гомдол үндэслэлгүй.

Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дах хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ гэж заасны дагуу барьцаа хөрөнгийн үнэлгээний талаар 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн мэдэгдэх хуудсыг төлбөр төлөгчид шуудангаар хүргүүлсэн нь Монгол шуудангийн дардастай баримтаар тогтоогдож байна. /хх53/

Мөн шинжээч томилуулах хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан гэх гомдлыг хангах боломжгүй. Нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээний талаар гомдлоо хуульд заасан хугацаанд шүүхэд гаргаагүй, шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ хийлгэх нь шинжээчийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай хэрэгт хамааралгүй гэх үндэслэлээр хангахаас татгалзсан нь зөв.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2021/00513 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ