Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 121

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Чинзориг,                                       

Улсын яллагч Г.Цогтгэрэл,

Шүүгдэгч М.Ууганбаатар, түүний өмгөөлөгч Г.Тэнгис

Шүүгдэгч Р.Энхболд, түүний өмгөөлөгч Л.Азжаргал,

Шинжээч Г.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар Шарайд овогт Мэндхүүгийн Ууганбаатарт, 254 дүгээр зүйлийн 254.2-д зааснаар Номхоныхон овогт Рэнцэндоржийн Энхболд нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625021244 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 36-173а тоотод оршин суух, Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 343 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ХЙ 82100875 / Шарайд овогт Мэндхүүгийн Ууганбаатар, 

 

2. Монгол Улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 24-604 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ПГ 75110717 / Номхоныхон овогт Рэнцэндоржийн Энхболд нар нь:

 

 - М.Ууганбаатар нь 2016 оны 04 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах " Уянга " зочид буудлын гадна такси үйлчилгээнд явж байсан хохирогч Р.Энхболдыг "...замын хажууд явж байсан эхнэрт нь унаа авах уу? " гэж хэлсний улмаас маргалдаж зууралдах явцдаа грашийн үүд буюу налуу газар хамт унаж зүүн чамархай ясны хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн чамархай хэсэг, дээд доод уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстын няцарсан шарх, зүүн чамархай хэсгийн зулгаралт бүхий хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан, 

- Р.Энхболд нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах " Уянга " зочид буудлын гадна 2016 оны 04 дүгээр сарын 20-ны шөнө үл таних хүнд зодуулж хүнд гэмтэл авсан гэх эрүүгийн 201625021244 дугаартай хэрэгт 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хохирогчоор тогтоогдон байцаалт өгөхдөө " Тэр залуу газраас чулуу авч шидэн миний толгойны зүүн чамархай руу цохьсон. Би үсрээд унасан. Тэр үед миний толгой дүүрээд босож чадахгүй савж унаад байсан. Тэр хооронд би түр ухаан алдаад сэрэхэд нөгөө машин алга болчихсон ба хүүхэн нь унаад явчихсан. Жолооч залуу нь тал боржуурны хагархай 2 гараараа өргөчихсөн над руу шидэх гэж байсан " гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254, 255 дугаар зүйлд заасан хариуцлагыг сануулсан байхад зориуд бусдыг хүнд гэмт хэрэгт холбогдуулж, худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Р.Энхболд мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …Мөрдөн байцаагч н.Мөнхбат надад хууль сануулж байцаалт авсан. Би тухайн үед уур хүрсэн байсан. Юу болсон талаар сайн мэдэхгүй байсан учраас намайг цохиж зодсон гэсэн байцаалт өгчихсөн. Тухайн үед бид 2 барьцалдаж аваад хонхор руу уначихсан юмаа. Тэгээд босож ирэхэд толгой дүүрээд дотор балартсан байсан болохоор би толгой руу цохьсон байна гэж бодсон. Тэгээд цагдаа дээр ирээд байцаалт өгөхдөө толгой руу чулуугаар цохьсон гэж байцаалт өгсөн гэжээ. / 1 дүгээр хавтас 210 /

 

Хохирогч М.Ууганбаатар мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2016 оны 04 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө эхнэрийн хамтаар дүүгийнхээ караокед цэвэрлэгээ хийчихээд гэр рүүгээ явж байгаад би тамхигүй болчихоод Сүхбаатар дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт байрлах "Уянга" караокены хажууд зогсоод тамхи асуух гээд машинаасаа буусан. Тэгэхэд эхнэр Нармандах бие засаадхья гээд замын хажуугаар алхаж байсан чинь нэг машинтай хүн ирээд Нармандахыг явах уу гэхэд эхнэр явахгүй гэтэл явчихаач дээ гэсэн. Тэгэхээр нь би наад хүн чинь явахгүй гээд байгаа юм биш үү гээд тэр жолоочтой муудалцсан. Тэр машины жолооч Р.Энхболд машинаасаа буугаад ирэхээр нь би очоод заамдалцсан. Тэгэхэд намайг түлхээд би хойшоо унахдаа Р.Энхболдыг татаад унасан. Тэгээд би босож ирээд салаад яваад өгсөн. Надад санал хүсэлт гомдол гэх зүйл байхгүй. Хойшоо саваад унасан. Тэгэхэд л намайг чулуугаар цохьсон гэж бодсон байх. Надад Р.Энхболдоос нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ.  / 2 дугаар хавтас 2-3 /

 

Гэрч П.Нармандах мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: Би дүүгийнхээ караоке дээр оройн цагаар зарим өдөр ажилладаг. Тэгээд "Уянга" зочид буудал караокены хажууд буугаад би бие засах гээд алхаж байтал М.Ууганбаатар тамхи авах гээд машинаасаа буугаад “Уянга” караоке руу алхсан. Тэгтэл нэг машинтай хүн ирснээ намайг явах уу гэхээр нь би явахгүй гэсэн чинь явчаач гээд байсан. Тэгтэл М.Ууганбаатар сонсчихоод ирээд явахгүй гээд байгаа юм биш үү гээд тэр хүнтэй маргалдаад нөгөө хүн машинаасаа бууж ирээд барьцалдаж байгаад жалга шиг юм руу уначихсан. Тэгэхээр нь би зодоон болох гэж байна гэж бодоод доор 32-ын тойрог дээр замын цагдаа нар машинтай хүмүүсийг шалгагч багажаар үлээлгэж байсан болохоор нь дуудах гээд машинаа унаад явсан чинь тэр цагдаа нар байхгүй байсан. Тэгэхээр нь би буцаад ирж байхад М.Ууганбаатар 6 буудлаас уруудаад 5 буудлын дунд алхаж байсан. Тэгээд би М.Ууганбаатарыг машиндаа суулгаад явсан гэжээ. / 1 дүгээр хавтас 213-214 /

 

Гэрч шинжээч эмч Г.Энхбаатар мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: Дээрх гэмтлүүд нь тухайн өдөр үүссэн байх боломжтой гэмтлүүд байсан. 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн рентген зурагт зүүн чамархай яс, хамар ясны хугарал гэмтлүүд бороолж эдгэсэн байдалтай байсан. Тархины эдэд болон тархины хальсны доор, дээр цус хуралт үүсээгүй, зөвхөн чамархай ясны хугарал нь өөрийнхөө явц жамаар эдгэрэх боломжтой байдаг. Цус хурсан тохиолдолд л хагалгаа хийх эсвэл цус шимэгдүүлэх эмчилгээ хийдэг гэжээ. / 1 дүгээр хавтас 215-216 / 

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 94 тоот дүгнэлтэнд:

1. Урьд гарсан шинжээч эмч А.Амгаланболдын №5501 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2. №5501 тоот дүгнэлтэнд Р.Энхболдын биед 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр үзлэг хийж 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дүгнэлт гаргасан байна.

3. Р.Энхболдын биед зүүн чамархай ясны хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн чамархай хэсэг, дээд доод уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстын няцарсан шарх, зүүн чамархай хэсгийн зулгаралт бүхий гэмтлүүд учирсан байх ба уг гэмтлүүд нь эмнэлгийн тусламж авалгүйгээр эдгэрэх боломжтой.

4. 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ГССҮТ-н рентген зурагт зүүн чамархай, хамар ясны хугарал гэмтлүүд нь бороолж эдгэсэн байдалтай байна.

5. Дээрхи гэмтлүүд нь 2016 оны 04 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой.

6. Дээрх зүүн чамархай ясны хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / 1 дүгээр хавтас  219-221 /

 

Шүүгдэгч  М.Ууганбаатарыг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / 1 дүгээр хавтас  49-52 /, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 1 дүгээр хавтас 53-58 /

 

Шүүгдэгч Р.Энхболдыг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / 1 дүгээр хавтас 65-68 /, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 2 дугаар хавтас 53-56 /

 

Шүүгдэгч нар урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / 1 дүгээр хавтас 77, 95 / зэрэг болно.

 

Шүүгдэгч, хохирогч М.Ууганбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын явцад ярьсан зүйл үнэн. Нэмж ярих зүйл байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Шүүгдэгч, хохирогч Р.Энхболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед “Уянга” төвийн үүдэн дээр М.Ууганбаатар бид хоёр барилцаж аваад унахад би толгойндоо шарх авсан учир миний толгой эргээд манарсан байсан юм. Тэгээд би энэ гэмтлийг М.Ууганбаатар чулуугаар цохиж гэмтээсэн юм байна гэж бодсон. Тэрнээс биш ийм хэрэг үүснэ гэж бодсонгүй. Би жалга руу савж унаад босч ирэхдээ чулуугаар цохьсон юм байна гэж бодож худал мэдүүлэг өгсөн байсан. Сүүлд бодож үзэхэд намайг чулуугаар цохиогүй байсан учир би өмнөх шүүх хуралд үнэн зөв мэдүүлсэн. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн бурууг хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.

Миний биеийн байдал сайн байгаа. Эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Шинжээч эмч Г.Энхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн рентген зурагт зүүн чамархай яс, хамар ясны хугарал гэмтлүүд бороолж, эдгэсэн байдалтай байсан. Тархины эдэд болон тархины хальсны доор, дээр цус хуралт үүсээгүй, зөвхөн чамархай ясны хугарал нь өөрийнхөө явц жамаар эдгэрэх боломжтой байдаг. Цус хурсан тохиолдолд л хагалгаа хийх эсвэл цус шимэгдүүлэх эмчилгээ хийдэг. Р.Энхболдын биед үүссэн зүүн чамархай ясны хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн чамархай хэсэг, дээд доод уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстын няцарсан шарх, зүүн чамархай хэсгийн зулгаралт бүхий гэмтлүүд нь тухайн гэмт хэрэг гарах цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой бөгөөд хоёр хүн заамдалцан уруу чулуутай газар унахад үүсэх боломжтой гэв.

 

Шүүгдэгч М.Ууганбаатар нь 2016 оны 04 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах " Уянга " зочид буудлын гадна такси үйлчилгээнд явж байсан хохирогч Р.Энхболдыг "...замын хажууд явж байсан эхнэрт нь унаа авах уу? " гэж хэлсний улмаас маргалдаж зууралдах явцдаа грашийн үүд буюу налуу газар хамт унаж, зүүн чамархай ясны хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн чамархай хэсэг, дээд доод уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстын няцарсан шарх, зүүн чамархай хэсгийн зулгаралт бүхий хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан, 

Шүүгдэгч Р.Энхболд нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах " Уянга " зочид буудлын гадна 2016 оны 04 дүгээр сарын 20-ны шөнө үл таних хүнд зодуулж хүнд гэмтэл авсан гэх эрүүгийн 201625021244 дугаартай хэрэгт 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хохирогчоор тогтоогдон байцаалт өгөхдөө " Тэр залуу газраас чулуу авч шидэн миний толгойны зүүн чамархай руу цохьсон. Би үсрээд унасан. Тэр үед миний толгой дүүрээд босож чадахгүй савж унаад байсан. Тэр хооронд би түр ухаан алдаад сэрэхэд нөгөө машин алга болчихсон ба хүүхэн нь унаад явчихсан. Жолооч залуу нь тал боржуурны хагархай 2 гараараа өргөчихсөн над руу шидэх гэж байсан " гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254, 255 дугаар зүйлд заасан хариуцлагыг сануулсан байхад зориуд бусдыг хүнд гэмт хэрэгт холбогдуулж худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: …Тухайн үед уур хүрсэн байсан. Юу болсон талаар сайн мэдэхгүй байсан учраас намайг чулуугаар цохиж зодсон гэж худлаа байцаалт өгчихсөн гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч Р.Энхболд мэдүүлэг / 1 дүгээр хавтас 210 /, …Би наад хүн чинь явахгүй гээд байгаа юм биш үү гээд тэр жолоочтой муудалцсан. Машинаасаа буугаад ирэхээр нь би очоод заамдалцтал намайг түлхээд би хойшоо унахдаа Р.Энхболдыг татаад унасан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч М.Ууганбаатарын мэдүүлэг / 2 дугаар хавтас 2-3 /, М.Ууганбаатар тэр хүнтэй маргалдаад нөгөө хүн машинаасаа бууж ирээд барьцалдаж байгаад жалга шиг юм руу уначихсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч П.Нармандахын мэдүүлэг / 1 дүгээр хавтас 213-214 /, Дээрх гэмтлүүд нь тухайн өдөр үүссэн байх боломжтой гэмтлүүд байсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч шинжээч эмч Г.Энхбаатарийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас  215-216 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 94 тоот дүгнэлт / 1 дүгээр хавтас 219-221 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч М.Ууганбаатарыг бусдын бие махбодид болгоомжгүй хүнд гэмтэл учруулсан, шүүгдэгч Р.Энхболдыг бусдыг хүнд гэмт хэрэгт холбогдуулан зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.Ууганбаатар, Р.Энхболд нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан тэдгээрт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар  зүйлүүдийг удирдлага болгон 

                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Мэндхүүгийн Ууганбаатарыг бусдын бие махбодид болгоомжгүй хүнд гэмтэл учруулсан, шүүгдэгч Рэнцэндоржийн Энхболдыг бусдыг хүнд гэмт хэрэгт холбогдуулан зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, М.Ууганбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих, Р.Энхболдыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар М.Ууганбаатар, Р.Энхболд нарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч М.Ууганбаатарын 2 ширхэг рентген зургийг хэрэгт хавсаргаж, Р.Энхболдын 2 ширхэг томограф зураг, диск, дүгнэлтийг тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, М.Ууганбаатар, Р.Энхболд нар нь төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар М.Ууганбаатарын цагдан хоригдсон 60 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тоолж, Р.Энхболд нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар М.Ууганбаатарт оногдуулсан 2 жилийн хорих, Р.Энхболдод оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялуудыг тус тус тэнсэж, тус бүрийг 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж, М.Ууганбаатарын засрал хүмүүжилд хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст, Р.Энхболдын засрал хүмүүжилд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст тус тус даалгасугай.

6. М.Ууганбаатар, Р.Энхболд нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

8.  Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    С.ОЮУНЧИМЭГ