Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2022/00190

 

2022 оны 01 сарын 19 өдөр                            Дугаар 183/ШШ2022/00190                            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

              УДИРТГАЛ ХЭСЭГ

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ............... тоот хаягт байрлах Х ХХК /0000000/

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ................ тоот хаягт оршин суух Б овогт Д.Б /00000000/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 111 153 287,47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д

Хариуцагчийн өмгөөлөгч У.Т

Гэрч Э.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК нь Д.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үндсэн төлбөрт 54 279 306,75 төгрөг, зээлийн хүү 49 716 870,77 төгрөг, торгуулийн хүү 7 157 109,95 төгрөг, нийт 111 153 287,47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Д.Б нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Х ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 100 000 000 төгрөгийн зээлийг сарын 3.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлсэн. Хариуцагч 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгөө гэрч гэх Э.С-т худалдахаар болж Д.Б дээр байсан барьцааг Э.С 52 000 000 төгрөгийн урьдчилгаа төлж, үлдэгдэл 52 000 000 төгрөгт нь зээлийн гэрээ байгуулж, орон сууцыг худалдан авсан. Э.С тус байрыг худалдаж авсан тул өмчлөх эрхээ хэрэгжүүлэх үүднээс барьцаа хөрөнгөөс сулласан бөгөөд хариуцагч зээлийн үлдэгдэл дүн 54 279 306 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дотор яаралтай төлж барагдуулан дуусгахаар тохирсон. Ингээд зээлийн үндсэн төлбөрөөс 44 904 026,25 төгрөгийг, зээлийн хүүгээс 49 700 006 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгээс 9 395 967,75 төгрөгийг суутган тооцсон. Зээл төлөх дарааллыг гэрээний 3.3.7-д заасны дагуу эхлээд нэмэгдүүлсэн хүү, дараа нь үндсэн хүү, тэгээд үндсэн зээл гэх байдлаар авсан. Х ХХК болон хариуцагч нарын хооронд үүссэн зээлийн харилцааг тусгайлсан хуулиар зохицуулсан буюу Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлд зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор зээлийг ашигласан хугацааг тооцож эхэлнэ, мөн буцаан төлснөөр дуусгавар болно гэж заасан. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т заасан зээлийн гэрээг байгуулж, үүрэг хүлээсэн гэж үзэж байна. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан байдаг. Тус хуулийн 21.1-т зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно гэж заасан. Зээлийг бүрэн төлж барагдуулаагүй байгаа тул нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл тооцсон. Гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэл хугацаанд нэмэгдүүлсэн хүү, хүү тооцно гэж заасны дагуу 111 153 287,47 төгрөгийн тооцооллыг хийсэн. Иймд зээлдэгч нь зээлийн гэрээнийхээ үүргийг бүрэн биелүүлээгүй байх тул гэрээнд заасны дагуу 111 153 287,47 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд татгалзлаа дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

Д.Б 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр дугаар 01032800104 тоот зээлийн гэрээг байгуулж, 100 000 000 төгрөгийг зээлсэн. Зээлийн гэрээг 36 сарын хугацаатайгаар байгуулж хуваарийн дагуу 10 гаруй сая төгрөгийг төлж байсан. 2019 оны 8 дугаар сард Х ХХК тохиролцож 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 104 000 000 төгрөгийг төлж, зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон. Х ХХК-иас зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан талаар баримтыг хийж өгсөн. Зээлийн гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэж дуусгавар болгосон. Иймээс зээлийн гэрээний үүрэгт их хэмжээний төлбөр шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс: 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01032800104 дугаартай Зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, Д.Б-ийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар, хаягийн шилжин ирсэн тухай тодорхойлолт, зээлийн тооцоолол, Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 03/68 дугаартай итгэмжлэл, 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01032800104 дугаартай баталгаат ипотекийн гэрээ, 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 01090400202 дугаартай зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 01090400202 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ, Хан-Уул дүүргийн .............. байрлах 52 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн Ү-000000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, Э.С-ын иргэний цахим үнэмлэхийн хуулбар, Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 4-11 ху, 36-43 ху, 45-47 ху, 58 ху/

Хариуцагчаас: 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 03/20 дугаартай Барьцааны гэрээ цуцлах тухай албан бичиг, 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 01090400202 дугаартай зээлийн гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн гараар бичсэн хүсэлт, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 23-27 ху/

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч Х ХХК хариуцагч Д.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 111 153 287,47 төгрөг гаргуулахаар шаардсаны зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч, зээлдэгчийн хүсэлтийн дагуу барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдэд худалдаж зээл, зээлийн хүүд 114 640 000 төгрөг төлсөн, иймд үлдэгдэл үндсэн зээл 54 279 306,75 төгрөг, хүү 49 716 870,77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 157 109,95 төгрөг нийт 111 153 287,47 төгрөгийг шаардах эрхтэй гэж шаардах эрхээ тодорхойлсон.

 

3. Хариуцагч, зээлийн барьцаа хөрөнгийг бусдад худалдан борлуулах замаар зээлийн гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж татгалзлаа тайлбарласан.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: 2018.03.28-ны өдөр Х БББС ХХК, Д.Б нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 100 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, нэг сарын 3.5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцож, зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн ........... тоот хаягт байрлалтай, 52 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бариулжээ.

 

Хариуцагч Х.Б үндсэн зээл, зээлийн хүүд 2018.04.20-ны өдөр 3 500 000 төгрөг, 2018.05.20-ны өдөр 3 500 000 төгрөг, 2018.06.20-ны өдөр 3 640 000 төгрөг, 2019.08.30-ны өдөр зээлийн барьцаа хөрөнгийг бусдад худалдаад 104 000 000 төгрөг тус тус төлсөн байна.

 

Зохигч зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан эсэх, зээлийн төлбөрт төлөгдсөн үнийн дүн зэрэг үйл баримтын талаар маргаангүй.

 

5. Талуудын маргааны зүйл нь зээлийн барьцаа хөрөнгийг бусдад худалдаж 2018.08.30-ны өдөр 104 000 000 төгрөгийн үндсэн зээл, зээлийн хүү төлснөөр үүрэг дуусгавар болсон эсэх үйл баримтын талаар маргаж байна.

 

6. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүсэл зоригоо гарын үсэг тамга, тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдсан ба, эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох тухай гэрээнд хамаарахаар байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Хариуцагч дээр дурдсанаар зээлийн барьцаанд бариулсан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалагчийн зөвшөөрлөөр 2018.08.30-ны өдөр бусдад худалдаж зээлийн төлбөрт 104 000 000 төгрөг төлснөөр үүрэг дуусгавар болсон гэж тайлбарлах боловч түүний татгалзал хэрэгт авагдсан 2019.12.12-ны өдрийн 2018.03.28-ны өдрийн зээлийн хүү алдангийн үлдэгдэл дүн болох 54 279 306 төгрөгийг 2020.12.12-ны дотор барагдуулж дуусах болно гэх агуулга бүхий гараар бичсэн баримтаар үгүйсгэгдэж байх тул зээлдэгчийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна гэж үзнэ.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зээлдүүлэгчээс олгох зээл хүүтэй байж болохоор, 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байхаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж гэж тус тус зааснаас үзэхэд зээлдэгч хэтэрсэн хугацааны хүүг төлөх үүрэг хуулиар бий болох тул хариуцагч үндсэн зээлийн үлдэгдэл, түүнийг хүүг төлөх үүрэгтэй боловч зээлийн гэрээний хугацаа дуусаагүй тохиолдолд зээлдэгч нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй.

 

Тодруулбал, хариуцагч 2018.03.28-ны өдрөөс 2019.08.30-ны өдөр хүртэл 17 сар 2 хоногийн хугацаанд үндсэн зээл 100 000 000 төгрөг, зээлийн хүү 59 733 333 нийт 159 733 333 төгрөг төлөх үүрэгтэй байснаас 114 640 000 төгрөг төлөхөд зээлдэгч нэмэгдүүлсэн хүүд 9 395 967 төгрөг суутгасан байх ба зохигч 2018.03.28-ны өдөр 36 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан тул зээлдүүлэгч нэмэгдүүлсэн хүү тооцсон нь хуульд нийцэхгүй.

 

Иймд, гүйцэтгэвэл зохих үндсэн үүрэг болох 159 733 333 төгрөгөөс гүйцэтгэсэн 114 640 000 төгрөгийг хасвал үндсэн зээлийн хэмжээ 45 093 333 төгрөг, 2019.09.30-ны өдрөөс 2021.11.03-ны өдөр хүртэл 25 сар 4 хоногт ногдох 3.5 хувийн хүү тооцож 39 707 101 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Дээрхийг нэгтгэвэл, хариуцагч Д.Б-ээс зээлийн гэрээний үүрэгт 84 800 434 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26 352 853 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул хангасан үнийн дүнгийг хэмжээнд ногдох хэмжээгээр зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Д.Б-ээс зээлийн гэрээний үүрэгт 84 800 434 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 26 352 853 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 713 716,44 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-ээс 581 952 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

                                         

 

 

 

ШҮҮГЧ                    Д.ЭНХЦЭЦЭГ