Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00737

 

ХНФ ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/00190 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ХНФ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Б-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 111,153,287.47 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч У.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлага:

Нэхэмжлэгч ХНФ ББСБ ХХК нь Д.Б-т холбогдуулан 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №01032800104 тоот зээлийн гэрээгээр

1.1. Зээл 54,279,306.75 төгрөг,

1.2. Хүү 49,716,870.77 төгрөг,

1.3. торгуулийн хүү гэх нэршлээр 7,157,109.95 төгрөг, нийт 111,153,287.47 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Д.Б- нь “Хөх нутаг финанс” ББСБ ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр №01032800104 тоот зээлийн гэрээ байгуулж 100,000,000 төгрөгийг, сарын 3.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл зээлсэн. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 01032800104 дугаартай баталгаат ипотекийн гэрээг байгуулсан. Зээлийн гэрээний эргэн төлөлтийг шаардахад ипотекийн гэрээний зүйл болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан, Дүнжингарав, гудамж, 205 дугаар байрны 1 давхар тоот хаягт байрлах 52 м.кв талбайтай үйлчилгээ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Э.Сундар гэгчид 104,000,000 төгрөгөөр үнэлэн худалдсан. Э.Сундар нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахдаа 52,000,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 52,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан авч, хариуцагч Д.Б-ийн зээлийн гэрээний үүрэгт 104,000,000 төгрөгийг төлсөн. Д.Б-ийн төлсөн төлбөрийг зээлийн гэрээний 3.3.7-д заасны дагуу нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар зээлийн төлбөр тооцоог суутган тооцсон бөгөөд 54,279,306.75 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэлтэй. Д.Б- нь зээлийн гэрээний үүрэг бүрэн төлөгдөж дуусаагүй болохыг баталж өөрийн гараар үлдэгдлээ баталгаажуулж, төлөхөө илэрхийлсэн нь хэрэгт эх хувиараа авагдсан. Зээлийг төлбөрийн хуваарийн дагуу төлөхгүй 806 хоног болсон. Төлбөр төлөхийг шаардсан мэдэгдлийг удаа дараа амаар болон бичгээр гаргасан боловч өдийг хүртэл төлбөр тооцоогоо хийгээгүй.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Д.Б- 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр дугаар 01032800104 тоот зээлийн гэрээг нэхэмжлэгчтэй байгуулж, 100,000,000 төгрөгийг зээлсэн. Зээлийн гэрээ 36 сарын хугацаатай, хуваарийн дагуу 10 гаруй сая төгрөгийг төлсөн байсан. Улмаар ХНФ ББСБ ХХК-тай тохиролцож 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 104,000,000 төгрөгийг төлсөн.

Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. ХНФ ББСБ ХХК-аас зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан талаар баримтыг хийж өгсөн.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Д.Б-ээс зээлийн гэрээний үүрэгт 84,800,434 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХНФ ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 26,352,853 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ХНФ ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 713,716.44 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-ээс 581,952 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХНФ ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Хэрэгт авагдсан баримтаас харвал ХНФ ББСБ ХХК, иргэн Д.Б- нар нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээг байгуулсан байдаг. Тус зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 100,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан нөхцлөөр буцаан төлөхөөр харилцан тохиролцсон. Улмаар уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан дүнжингарв гудамж, 205 байр 1 давхар тоот хаягт байрлах 52 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Гэтэл зээлийн гэрээний үүргийг гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөх боломжгүй болсон тул талууд барьцааны зүйлийг гуравдагч этгээдэд зарж борлуулж гэрээний үүргийг дуусгавар болгохоор тохиролцож, гэрээний үүргийг дуусгавар болгосон.

Гэтэл анхан шатны шүүх нь зээлийн гэрээний барьцааны зүйлийг 104,000,000 төгрөг байсан мэт дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь уг барьцааны зүйл нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн барьцааны гэрээнд заасан агуулгаараа 156,000,000 төгрөгийн үнэтэй эд хөрөнгө юм. Нөгөөтэйгүүр барьцааны зүйлийн мөнгөн төлбөрийг гуравдагч этгээдээс авсны дараагаар нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг дуусгавар болсон талаарх албан бичгийг бичсэн бөгөөд энэ баримт нь улсын бүртгэлд байдаг.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... хариуцагчийн тайлбар нь гар бичмэлээр няцаагдсан...” дүгнэлтийг хийсэн боловч бодит нөхцөл байдал дээр уг гар бичмэлийг бичүүлж авахдаа Э.Сундараас төлбөр төлөгдөөгүй тохиолдолд төлүүлнэ гэх агуулгаар бичүүлж авч байсан. Гар бичмэлийг зээлийн гэрээг үргэлжилсэн гэж нотлохгүй бөгөөд зөвхөн хариуцагч нь 52,279,306 төгрөгийн асуудлаар гараар бичсэн байдаг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал тайлбар гаргаагүй.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ХНФ ББСБ ХХК нь Д.Б-т холбогдуулан 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №01032800104 тоот зээлийн гэрээгээр

1.1. Зээл 54,279,306.75 төгрөг,

1.2. Хүү 49,716,870.77 төгрөг,

1.3. торгуулийн хүү гэх нэршлээр 7,157,109.95 төгрөг, нийт 111,153,287.47 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч “үүргээ бүрэн биелүүлсэн” гэж маргажээ. /хх1, 18/

 

1.Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

1.а. Хариуцагч Д.Б- нь ХНФ ББСБ ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр №01032800104 тоот зээлийн гэрээ байгуулж 100,000,000 төгрөгийг, сарын 3,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл зээлж авсан талаар талууд маргаангүй. /хх4-6/

 

1.б. Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 01032800104 дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ”-г байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 205 дугаар байрны 1 давхар тоот хаягт байрлалтай, 52 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2206048061 дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулсан гэрээ хэрэгт бичгээр авагдсан./хх36-37/

 

1.в. Талуудын тайлбар, бичгийн баримтаар зээлийн гэрээний эргэн төлөлтөд ипотекийн зүйл болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Дүнжингарав, гудамж, 205 дугаар байрны 1 давхар тоот хаягт байрлах 52 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Э.Сундар гэгчид 104,000,000 төгрөгөөр үнэлэн худалдсан. Э.Сундар нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахдаа 52,000,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 52,000,000 төгрөгийг “Зээлийн гэрээ” байгуулан авч, хариуцагч Д.Б-ийн зээлийн гэрээний үүрэгт нийт 104,000,000 төгрөгийг төлсөн талаар талууд маргахгүй тайлбарласан. /хх38-40/

 

Хариуцагч Д.Б-ийн нийт төлсөн төлбөрийн хэмжээний талаар талууд маргаангүй. Үүнд зээл, хүүд 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 3,500,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 3,500,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 3,640,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр зээлийн барьцаа хөрөнгийг бусдад худалдаж 104,000,000 төгрөг тус тус төлсөн. /хх9/

 

1.г. Хэрэгт ХНФ ББСБ ХХК-аас Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул барьцааны бүртгэлээс хасахыг хүссэн албан бичиг илгээжээ. /хх23/

 

2. Анхан шатны шүүхээс зээлийн гэрээний үүрэгт 84,800,434 төгрөг гаргуулж, үлдэх 26,352,853 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн талаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргаагүй.

 

3. Зохигч зээлийн гэрээний үүргийг бүрэн төлж биелүүлсэн эсэхэд маргаж байна. Үүнд:

3.а. Нэхэмжлэгчийн “Д.Б-ийн төлсөн төлбөрийг зээлийн гэрээний 3.3.7-д заасны дагуу нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар суутган тооцож, зээл 54,279,306.75 төгрөг, хүү 49,716,870.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,157,109.95 төгрөг нийт 111,153,287.47 төгрөгийн үлдэгдэлтэй” гэх тайлбарыг хариуцагч эс зөвшөөрч “2019 оны 8 дугаар сард ХНФ ББСБ ХХК-тай тохиролцож барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг бүрэн хаасан” гэж маргаж байна.

 

3.б. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын зээлийн гэрээ 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 28 хүртэл 36 сарын хугацаатай байсан. /хх4/ Талууд 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр барьцааны хөрөнгийг худалдаж 104,000,000 төгрөгийг төлсөн. /хх9/ 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр үлдэгдэл дүнг төлөх агуулгатай бичгийг хариуцагч гараар бичиж өгсөн. /хх27/ 2020 оны 05 дугаар сарын 15-нд нэхэмжлэгч үүрэг дуусгавар болсон талаарх бичгийг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст ХНФ ББСБ ХХК-аас хүргүүлсэн. /хх23/

 

3.в. Талуудын гэрээний 8.2.3-т “зээлдэгч гэрээний аливаа нөхцөл, үүргээ эс биелүүлсэн, зөрчсөн тохиолдолд ББСБ гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 8.3-т зааснаар барьцаа хөрөнгөөр барагдуулах ажиллагааг эхлүүлэх”-ээр заажээ. /хх5/

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлд зааснаар барьцаа нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.4 дэх хэсэгт зааснаар барьцааны эрх нь үндсэн шаардлага, түүнтэй холбоотой бусад дагалдах эрх болон энэ хуулийн 88 дугаар зүйлд заасан үр шимд нэгэн адил хамаарна. Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.6 дахь хэсэгт зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан үнээс үндсэн үүргээс гадна хүү, анз, хохирол болон шүүхийн зардлыг гаргуулна.

 

3.г. Талуудын гэрээний заалт, дээр дурьдсан барьцааны хөрөнгө худалдсантай холбоотой нотлох баримтаас үзэхэд гэрээ хугацаанаас өмнө цуцлагдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Хэргийн 7 дугаар талд авагдсан зээл буцаан төлөх хуваариас үзэхэд хариуцагчийн 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хүлээх нийт үүрэг 184,622,089 төгрөг байна. Үүнээс гэрээ цуцлагдсан гэж үзэх 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш тасалбар болгон гэрээний хугацаа дуусгавар болгосон байна. Иймд үүнээс хойш 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны зээл, хүүгийн төлбөр 60,170,000 төгрөгийг гэрээ цуцлагдсан тул нэхэмжлэгч шаардах эрхгүй.

 

Дээрх үндэслэлээр нийт гэрээний үүрэг 184,622,089 төгрөгөөс гэрээ цуцлагдсанаас хойш тооцсон 60,170,000 төгрөгийг хасч тооцож, үлдэх нь 124,452,089 төгрөгийн гэрээний үндсэн үүрэг үлдэж байна. Уг хуваарьт зээл, хүүгийн төлбөр 124,452,089 төгрөгөөс төлсөн 104,000,000 төгрөгийг хасч тооцоход хариуцагч Д.Б-ийн хүлээх үүргийн хэмжээг 20,452,089 төгрөгөөр тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 90,701,198 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хариуцагч нь тодорхой хэмжээнд төлбөрийн графикт хугацааг зөрчиж байсан тул түүний өмнө төлсөн 10,640,000 төгрөгийг үндсэн үүрэгт суутган тооцох үндэслэлгүй гэж үзлээ. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/00190 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “84,800,434” гэснийг “20,452,089” гэж, “26,352,853” гэснийг “90,701,198” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “581,952” гэснийг “260,210” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 581,952 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД