Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2022/00196

 

2022 оны 01 сарын 20 өдөр                      Дугаар 183/ШШ2022/00196                                  Улаанбаатар хот

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

            УДИРТГАЛ ХЭСЭГ

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, шүүгч Д.Мөнгөнтуул, Ж.Сэмжид нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ........... тоот хаягт оршин суух Х овогт Б.Н /0000000000/

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ............. тоот хаягт оршин суух С овогт Б.Б /0000000000/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 10 176 477 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.И

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б

Иргэдийн төлөөлөгч Б.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун

 

/хариуцагч шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн/

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Н нь Б.Б-д холбогдуулан гэм хорын хохиролд 10 176 477 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.Б нь Б.Н луу залгаж машиныг чинь мөргөлөө гэж хэлж байгаад мөргөсөн. Би машингүй хүүхдүүдээ сургуульд зөөх шаардлагатай байсан учир хөрш болох Б.Н надад машинаа түр хэрэглүүлж байсан юм. Б.Б бид хоёр гэр бүлийн таарамжгүй асуудалтай байсан бөгөөд надад тусалсан гэдэг үүднээс машиныг нь мөргөчихлөө гэж хэлээд зугтсан. Би цагдаад дуудлага өгөөд Б.Н хэлсэн газар засварын газарт машиныг засварлуулсан. Н надад мөнгийг бэлнээр өгч, өөрийн данснаас шилжүүлсэн байдаг. Дельта сервис ХХК-иар оношилгоо хийлгэхэд 38 000 төгрөг, В ХХК-иар үзлэг хийлгэж, үнэлгээ гаргуулахад 423 000 төгрөг, М ХХК-иар засвар үйлчилгээ хийлгэхэд 9 715 477 төгрөг, нийт 10 176 477 төгрөг болсон. Иймд хариуцагч Б.Б-эс 10 176 477 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагад дараах хариу тайлбарыг ирүүлсэн байна. Үүнд: 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 7099 дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, гэмтэл гаргасан үнэн болно. Хохирлын нийт хэмжээтэй би эвлэрэхгүй байна. 10 700 000 төгрөгийг 2021.12.02-ны өдөр Х.И-гийн Хаан банкин дахь 0000000000 тоот дансанд шилжүүлсэн гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Б.С: Гэм хор учруулсан гэм буруутай этгээд хохирлыг хариуцан арилгах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргажээ.

 

Нэхэмжлэгчээс: 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 506 дугаартай итгэмжлэл, 0000 ААА улсын дугаартай Тоёота ланд круйзер маркийн автомашины техникийн тодорхойлолт, 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2 хуудас фото зураг, 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Магадлагаа гаргасан тухай эрх бүхий албан тушаалтны магадлагаа, Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн тасагт гаргасан хүсэлт, 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 0121476 дугаартай Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас, Б.Б-ийн жолоочийн лавлагаа, мэдээлэл, 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудас, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Д ХХК-ийн дүгнэлт, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Д ХХК-ийн ажлын хуудас, 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн В ХХК-ийн кассын орлогын ордер, 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн В ХХК-ийн кассын орлогын ордер, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн В ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн М ХХК-ийн тооцооны хуудас, 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн маягт, 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 2-18, 27 ху/

Хариуцагчаас: 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 37 ху/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Н-ын хариуцагч Б.Б-эс гэм хорын хохиролд 10 176 477 төгрөг гаргуулахаар шаардсаныг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

2. Нэхэмжлэгч 2021.08.24-ний өдөр түүний өмчлөлийн 0000 ААА улсын дугаартай Тоёота ланд круйзер маркийн автомашиныг гадаа зогсоолд зогсож байхад нь Б.Б Ниссан патрол маркийн 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож байх үедээ мөргөж 10 176 477 төгрөгийг хохирол учруулсан тул гэм хорын хохирол шаардаж байна гэж шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд гэм хор учруулсан гэм буруугийн тухайд маргахгүй, харин хохиролд шаардсан мөнгөн төлбөрийг төлж барагдуулсан гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар, хариуцагч Б.Б 2021.08.24-ний өдөр Ниссан патрол маркийн 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож байх үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-н а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 10.14-т Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэж заасныг тус тус зөрчиж, Сүхбаатар дүүргийн ............ зогсож байсан Б.Нын өмчлөлийн 0000 ААА улсын дугаартай Тоёота ланд круйзер маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас гэмтэл учруулсан болох нь Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, 2021.08.30-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны магадлагаа, Б.Бэс Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн тасагт гаргаж байсан хүсэлт, 2021.08.30-ны өдрийн 0121476 дугаар шийтгэлийн хуудас, 2021.08.30-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудас зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

5. Хариуцагч зам тээврийн осол гаргасан гэм буруугийн тухайд маргаангүй, харин гэм хорын хохиролд 10 700 000 төгрөгийг төлсөн гэж маргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.И, хариуцагч Б.Б нар гэр бүл бөгөөд тухайн төлбөрийг хүүхдүүдийн сургалтын төлбөрт зарцуулах зорилгоор шилжүүлсэн гэж тайлбарласан.

 

6 . Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж заасан ба энэ нь зөрчлийн улмаас үүсэх үүрэгт хамаарах бөгөөд гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирол учруулсан шалтгаант холбоотой байхыг ойлгоно.

 

Иймд хариуцагч гэм хор учруулсан гэм буруугийн тухайд маргаангүй, түүнчлэн зам тээврийн осол гаргаж нэхэмжлэгч Б.Н-ын өмчлөлийн тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч гэм хорын хохирлыг нөхөн төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Тодруулбал, хариуцагч хохирлыг нөхөн төлсөн гэж тайлбарлах боловч хариуцагчийн ирүүлсэн баримтад гүйлгээний зориулалтыг дурдаагүй, төлбөр шилжүүлсэн данс эзэмшигч нэхэмжлэгч Б.Н биш, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.И-гийн данс байх ба төлсөн төлбөрийн үнийн дүн нэхэмжлэлийн үнийн дүнгээс илүү байгаа зэрэг үйл баримтыг харьцуулан дүгнэвэл хариуцагчийн тайлбар нотлогдохгүй байна.

 

Иймд 0000 ААА улсын дугаартай Тоёота ланд круйзер маркийн автомашинд учирсан хохирлыг засварлахад М ХХК-иар засвар үйлчилгээ хийлгэсэн 9 715 477 төгрөг, В ХХК-ний үнэлгээний үнэ 423 000 төгрөг, Д ХХК-ний оношилгооны үнэ 38 000 төгрөг нийт 10 176 477 төгрөгийн зардал тус тус гарсан болох нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтуудаар нотлогдож байх тул уг төлбөрийг хариуцагч Б.Б-эс гаргуулж нэхэмжлэгч Б.Н-т олгохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.

 

7. Иргэдийн төлөөлөгч Б.С Аливаа иргэний эд хөрөнгөнд их бага ямар нэг хохирол учруулсан тохиолдолд тухайн гэм буруутай этгээд хуулийн дагуу төлж барагдуулах нь зүйтэй байна гэсэн дүгнэлт гаргасан болно.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С овогт Б.Б /0000000000/-ээс 10 176 477 төгрөгийг гаргуулан Х овогт Б.Н /0000000000/-т олгосугай.

 

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-эс 178 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

                                         

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЭНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.МӨНГӨНТУУЛ

 

Ж.СЭМЖИД