Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00686

 

 

 

 

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00686

 

 

 

 

                                     Б.Нын нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2022/00196 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Нын хариуцагч Б.Бд холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 10,176,477 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч Б.Бэс 10,176,477 төгрөг гаргуулна.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Инэхэмжлэгчийн машиныг хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөхөөр түр хэрэглэж байсан. Х.Индра, Б.Б нар гэр бүлийн таарамжгүй асуудалтай байсан. Х.И тусалсан гэдэг үүднээс хариуцагч машиныг мөргөчихлөө гэж хэлээд зугтсан. Автомашиныг “Дельта сервис” ХХК-д оношилгоо хийлгэхэд 38,000 төгрөг, “Виннэр Вэй” ХХК-аар үзлэг хийлгэж, үнэлгээ гаргуулахад 423,000 төгрөг, “Мөнххада” ХХК-аар засвар үйлчилгээ хийлгэхэд 9,715,477 төгрөг, нийт 10,176,477 төгрөг болсон гэжээ.  

2.Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад: 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ...дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, гэмтэл учруулсан нь үнэн. Хохирлын нийт хэмжээн хүлээн зөвшөөрөхгүй. 10,700,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Х.И Хаан банкны ........ тоот дансанд шилжүүлсэн гэжээ.

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Гэм хор учруулсан гэм буруутай этгээд хохирлыг хариуцан арилгах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргажээ. 

4. Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ......... 10 176 477 төгрөгийг гаргуулан ........ олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178 000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Бэс 178 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Нт олгож шийдвэрлэжээ.

 5. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн заалтыг зөрчсөн.

5.1. Хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн тухайд,

5.1.а. Хариуцагч Б.Б нь Б.Нын өмчлөлийн тээврийн хэрэгсэлд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрсөн, 10,700,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.И данс руу шилжүүлсэн гэдгээ шүүхэд тайлбарлан, шүүх хуралдаанд оролцуулахгүй шийдвэрлэж өгөхийг хүссэн байхад шүүх тодруулалгүйгээр хэргийн оролцогчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Нэхэмжлэгч энэ талаар өөр тайлбар гаргаж байгаа боловч хүүхдийн сургалтын төлбөрт хариуцагчаас ийм хэмжээний мөнгө орж ирэх байсныг нотлоогүй. Шүүх нэхэмжлэгчийн 10,700,000 төгрөг хариуцагчаас шилжүүлсэн нь өөр зориулалттай байсныг тодруулах зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлд зааснаар хуралдааныг хойшлуулж болно. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагчийг байлцуулж шийдвэрлүүлэхийг хүссэн байхад шүүх “хариуцагч шүүх хуралдаанд оролцох боломжгүй өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн” гэх үндэслэлгүй, оролцогчийн эрхийг бүрэн эдлүүлээгүй, дордуулсан шүүхийн тогтоол гаргасанд гомдолтой байна.

5.1.б. Шүүх хуралдаанаас өмнө тайбар, нотлох баримтын хувьд өөр нөхцөл байдал бий болсон байхад хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, эдлэх боломжоор хангаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй. Шүүх хэргийн оролцогчид хуулиар олгогдсон эсрэг талын тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тайлбар өгөх эрхийг эдлэх бүх боломжоор хангасан байх нь шүүхийн үүрэг байх ёстой. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул шүүх хуралдаанд оролцохгүй гэдэг хүсэлт гаргасныг шүүх дураараа өөрчлөн тайлбарласныг хүлээн зөвшөөрөхгүй.

5.2. Үйл баримтын талаар,

5.2.а. Хариуцагч нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.И гэр бүл бөгөөд эхнэр нь гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл гаргаснаа тайлбарласан ба хариуцагчаас хүүхдүүдийн сургалтын төлбөрийн талаар маргаан байгаагүй, 10,000,000 гаруй төгрөг төлөх шаардлага хэрэгцээний төлөөр огт ярилцаж байгаагүй, энэ хэмжээний мөнгийг Х.И шилжүүлэх өр төлбөр Б.Бд байгаагүй.

5.2.б. Б.Б нь нэхэмжлэгчийн машины засварын үнийг төлөхийн тулд өөрийн ээж Л.М 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн 10,000,000 төгрөг дээр тэмдэгтийн хураамж бусад зардлын мөнгийг нэмж 10,700,000 төгрөг шилжүүлсэн нь гэр бүлийн маргаантай байсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.И завших боломж болох ёсгүй. Иймд шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хэргийн оролцогчийн эрхийг дордуулсан, шүүхийн шийдвэр шударга бус байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нотлох баримт гаргах, хэргийн оролцогчид тэгш мэтгэлцэх боломж олгоно уу гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: ... Анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Б.Бд холбогдуулан гэм хорын хохиролд 10,176,477 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна. 

4. Хариуцагч Б.Б 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 05-35 УНП улсын дугаартай Ниссан патрол маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 10.14-т заасныг зөрчин  Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Бридж-18 байрны гадна зогсоолд байсан нэхэмжлэгч Б.Нын өмчлөлийн ...УБЛ ландкрузер-200 маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан буруутай болох нь хэрэгт авагдсан зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн эрх бүхий албан тушаалтын тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны магадлагаа, талуудын тайлбар зэргээр тогтоогджээ. Хариуцагчийн уг зөрчилд 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр торгох шийтгэл ногдуулсан байна. /хх5-8, 10/

5. Хариуцагчийн дээрх гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн автомашины эд анги эвдэрсэн нь тогтоогдсон. Уг эвдрэлийг засварлахад нийт 10,176,477 төгрөг шаардлагатай болох нь “Виннер Вэй” ХХК-ийн автомашин, техникийн үнэлгээний тайлан, “Мөнххада” ХХК-ийн сэлбэг бараа материалын тооцооны хуудас, кассын орлогын ордер, “Делта сервис” ХХК-ийн автомашинд оношилгоо хийсэн дүгнэлт, засвар үйлчилгээний төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байна. Хариуцагч тал нэхэмжлэгчээс ирүүлсэн хохирлын үнэлгээтэй холбоотой эдгээр нотлох баримтыг баримтаар няцаагаагүй. /хх13-18/

 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг арилгах үүрэгтэй.

6.а Хариуцагчийн “2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.И дансанд 10,700,000 төгрөг шилжүүлж төлбөрийг бүрэн төлж барагдуулсан” гэх тайлбар, уг мөнгөн шилжүүлэгийн талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

 6.б Хэргийн 38 дугаар талд хариуцагчаас 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.И ..... дугаартай дансанд 10,700,000 төгрөг, “Бат-Эрдэнээс” гэсэн гүйлгээний утгатай Хаан банкны шилжүүлгийн баримт авагдсан байна.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Инь “хариуцагч Б.Бтэй гэр бүл байсан, 3 хүүхдийн эцэг, эх, 10,700,000 төгрөгийг хүүхдийнхээ сургалтын төлбөрт шилжүүлсэн, энэ хэрэгт хамааралгүй” гэх тайлбарыг хариуцагч баримтаар няцааж чадаагүй. Мөнгөн шилжүүлэгийн данс эзэмшигч нь нэхэмжлэгч Б.Н биш, гүйлгээний баримтад зориулалт бичигдээгүй, төлбөрийн дүн зөрүүтэй зэрэг нөхцөл байдлуудыг харьцуулан үзэхэд хариуцагчийн гэм хорын төлбөрт шилжүүлсэн гэх тайлбар эргэлзээтэй байна.

7. Иргэдийн төлөөлөгч “... аливаа иргэний эд хөрөнгөнд их, бага ямар нэг хохирол учруулсан тохиолдолд тухайн гэм буруутай этгээд хуулийн дагуу төлж барагдуулах нь зүйтэй гэж үзэж байна” гэсэн дүгнэлт гаргажээ. /хх48/

8. Хариуцагч Б.Б хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухайгаа мэдэгдэж, өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан байх ба шүүх зохигчдын тайлбар, бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгтэй нийцсэн байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд хариуцагчийг биечлэн оролцуулах хүсэлтийг шүүх хангахгүй орхисон үндэслэл нь зөв байна. Энэ талаарх гомдлыг хангахгүй орхив. /хх37/

 Дээрх үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2022/00196 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177,774 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                        ШҮҮГЧИД                                  Н.БАТЗОРИГ

                                                                                           А.МӨНХЗУЛ